Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

     2023          01           24                                          2023/ШЦТ/125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Г.Б,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 2208 00000 1990 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй,

/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лорд” бааранд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн О.Аийн өмчлөлийн Айфоне-11 про маркийн, мөн иргэн Г.Бийн өмчлөлийн Айфоне-13 про маркийн гар утаснуудыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 4.050.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон тухайд:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О нь хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ эд зүйлийг нь дээрэмдэж авах зорилго байгаагүй, тухайн үед согтуудаа гар утасгүй амьд харилцаа үүсгэе гэж ярьж байгаад тийм зүйл болсон байна гэжээ.

2. Улсын яллагчаас шүүгдэгчийн хохирогч нарын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь тогтоогдсон тул хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэжээ.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэтгэлцээн, оролцогч нарын мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд шүүгдэгч Д.Огийн үйлдэлд нийгэмд аюултай гэмт санаа зорилго байгаагүй буюу гэмт хэргийн субъектив талын шинжгүй үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.

4. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл: Шүүгдэгч Д.О нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лорд” бааранд үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн бүжиглэж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан хохирогч О.А, Г.Б нарыг гар утсаа хэрэглэсэн байдалтай ширээн дээрээ сууж байхад тэдгээрийн гар утсыг авч явсан, улмаар өөртэй нь бүжиглэвэл буцааж өгнө гэж хэлэн Г.Бт гар утсыг буцааж өгсөн, харин О.Аийн гар утсыг алга болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

 4.1. Энэ нь хохирогч О.Аийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 03:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг “Лорд” нэртэй бааранд үеэл дүү Б түүний найз Золзаяа нарын хамтаар үйлчлүүлж байх хугацаанд 30 орчим насны хагас тайрмал үстэй, ягаан өнгийн тамирын хослол өмссөн эмэгтэй бид нарын сууж байсан ширээн дээр ирээд миний болон манай дүүгийн гар утсыг гараас булааж аваад өөрийнхөө ширээн дээр очоод суучихсан. Тэгээд би гар утсаа авах гэж бостол үл таних эрэгтэй хүнтэй мөргөлдөөд маргалдсан юм. Тэр хооронд манай үеэл дүү Б ширээнээс босож очоод өөрийнх нь гар утсыг авсан эмэгтэйгээс өөрийнхөө гар утсыг буцаагаад авчихсан байсан. Тэгээд би миний гар утсыг авсан эмэгтэйгээс гар утсаа авахаар очиход тухайн эмэгтэй “ямар учиртай гар утас вэ” гэж хэлээд гайхаад байсан. Тэгээд миний гар утсыг гаргаж өгөхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. Надад Солонгос улсаас төрсөн эгч маань явуулж байсан. Ямар үнээр ирсэн талаар мэдэхгүй байна. Би гар утсаа 1.300.000 мянган төгрөгөөр үнэлнэ...” гэсэн /хх26-27/,

Г.Бийн хохирогчоор мэдүүлсэн “...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 03:00 цагийн орчим үеэл ах О.А, найз ***нарын хамтаар Сонгинохайрхан дүүрэг Депо нэртэй автобусны буудлын орчимд байрлалтай “Лорд” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн юм. Тухайн бааранд ороод үйлчлүүлж байх хугацаанд манай үеэл ах А бид хоёр тус, тусдаа өөрсдийнхөө гар утсаар юм үзэж байх үед үл таних 30 орчим насны эмэгтэй хүн А ах бид хоёрын гар утсыг гараас булааж аваад цаашаагаа явчихсан. Тэгээд А ах бид хоёр гар утсаа очиж авахаар сууж байсан ширээнээс босоод гар утаснуудыг маань авсан эмэгтэй дээр очсон юм. Би тухайн эмэгтэй дээр очоод өөрийн гар утсыг авах гэтэл хамт бүжиглэвэл өгье гэж хэлэхээр нь би бүжиглэе гэж худлаа ярьж байгаад гар утсаа авсан юм. Харин манай үеэл ах А нь гар утсаа авах гэж явах замдаа үл таних эрэгтэй хүмүүстэй маргалдаж байгаад сүүлд нь тухайн эмэгтэй дээр очоод гар утсаа авъя гэж хэлэхэд нөгөө эмэгтэй нь надад байхгүй. Би аваагүй гэж хэлээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад манай үеэл ах А хандсан. Би А ахын гар утсыг тус эмэгтэйгээс аваагүй. Бааранд маш их чимээтэй байсан болохоор өөрийн гар утсаа аваад цааш явсан. Бид хоёрыг зэрэгцээд сууж байхад А ах бид хоёрын гар утсыг гараас булаагаад аваад явсан. Би тухайн эмэгтэйг харвал танина...” гэсэн /хх28-33/, Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ адил утгатай мэдүүлсэн буюу “... ах бид хоёрыг сууж байхад гар утсыг гараас татаад аваад явсан, надтай бүжиглэвэл өгнө гэсэн, би бүжиглэе гэж худлаа хэлээд гар утсаа авсан, харин ах бүжгийн талбай дээр өөр хүнтэй муудалцаад ард үлдсэн тул түүний утсыг авч чадаагүй, бид нар тухайн газрын бүжгийн талбайд бүжиглэж байсан...одоо бодоход миний утсыг дээрэмдэж авах санаа зорилготой байгаагүй, бүжиглэх зорилготой авсан гэж үзэж байна...” гэсэн,

- гэрч Б.Бийн /Д.Отай хамт явсан найз/ “...Огийн хамтаар “Лорд” нэртэй бааранд орсон, бид хоёр бид хоёр бааранд орохоос өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сүүлдээ юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд миний найз О согтуу уйлаад текний дэргэж зогсож байсан. Тухайн бааранд байхад Ог хоёр хүн танай найз миний утсыг авчихлаа гэсэн тун удалгүй тэр хүн эгчээ таны найз утас өгсөн болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Отай утсаар ярихад би согтуугаар хүний гар утас тухайн баарнаас аваад гарчихсан юм шиг байна. Би санахгүй байна одоо найз нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэж хэлсэн...” гэсэн /хх63-64/, мэдүүлгүүд болон,

4.2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.А, Г.Б нараар гэмт хэрэг үйлдсэн хүнийг таньж олуулах ажиллагаа явуулахад Д.Ог зургаар таньсан /хх5-11/ тухай тусгасан тэмдэглэл,

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Лорд” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...02 цаг 52 минут 46 секундэд хохирогч О.А болон түүний баруун гарт сууж байсан эрэгтэй мэт хүний гар утас мэт зүйлийг үл таних хүн гараас нь авч байгааг харуулав, 02 цаг 52 минут 53 секундэд хохирогч О.А нь сууж байсан сандлаасаа хамт сууж байсан хүний хамтаар босох үйлдэл гаргаж байгааг харуулав, 02 цаг 53 минут 20 секундэд О.Аийн баруун гар талд суу байсан эрэгтэй мэт хүн гар утсаа авч байгааг харуулав, 02 цаг 53 минут 25 секундэд гар утсыг авсан эмэгтэй мэт хүн газар унах мэт хөдөлгөөн хийж байгааг харуулав. Тухайн эмэгтэйн баруун гарт гар утас мэт зүйл байгааг харуулав...” гэж /хх18-22/ тусгасан зэргээр тус тус нотлогдож байна.

 

5.1. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

5.2. Гэтэл улсын яллагчаас шүүгдэгч Д.Огийн хохирогч нарын гар утсыг авсан үйлдлийн зөвхөн гадаад шинжийг /харагдах байдал/ үндэслэн түүнийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй буюу гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар сайтар дүгнэлт хийгээгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгч этгээд үйлдэл хийхдээ оюун санаа, дотоод сэтгэхүйдээ хэрхэн хандсан буюу субъектив санаа зорилгын хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тохиолдолд санаатай гэмт хэрэг гэж үздэг.

5.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар хэлбэрээр үйлдэгддэг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах шунахайн сэдэлтээр, гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож, хохирол, хор уршгийг зориуд хүсэж бий болгосон шинжтэй байдаг. Түүнчлэн гэмт этгээд аливаа хүч хэрэглэхгүйгээр, зөвхөн ил аргаар хохирогчоос эд хөрөнгийг салган авч, эд зүйлийг өөртөө үлдээх зорилгоор тэр дариудаа зугтан зайлсхийх нийтлэг аргаар үйлдэгддэг.  

5.4. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан “Лорд” баарны хяналтын камерын бичлэгт “шүүгдэгч Д.О нь хохирогч нарын гар утсыг авах үйлдэл хийгээд, тэдэн руу харсан байдалтайгаар хойшоо ухарч алхаж буй байдал дүрслэгдсэн” байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч нь тухайн нөхцөл байдалд хохирогч нарыг бүжгийн талбай хэсэг рүү дуудах, уриалах, бүжиглэх, сээтэн хаях санаа зорилготойгоор гар утсыг нь авсан гэж үзэхээр байна.

5.5. Энэ нь хохирогч Г.Бийн “бүжиглэвэл гар утсыг нь буцааж өгье гэсэн, худлаагаасаа бүжиглэе гэж хэлж байгаад гар утсаа буцааж авсан, цагдаа ирэхэд Д.О тэнд байсан, утсыг хайсан боловч олоогүй, хамгаалагч нар нь хүртэл утсыг хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэгт улсын яллагч дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч хуралдаанд мэдүүлэхдээ “үйл явдлыг сайн санахгүй байна, гар утасгүй амьд харилцаа бий болгоё гэж найзтайгаа ярьж байсан, тэгээд ийм зүйл хийсэн байж магадгүй” гэснийг үгүйсгэн няцаах боломжгүй, эсрэгээрээ хохирогч нарын утсыг шунахайн сэдэлтээр аваагүй нь холбогдох бусад байдлаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн дээр дурдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч Д.Ог газарт унаж буй байдал дүрслэгдсэн тухай тэмдэглэсэн нь түүнийг их хэмжээний согтолттой байсныг харуулж байгаа төдийгүй гар утас алга болсон дуудлага өгсөн даруйд цагдаагийн эрх бүхий албан хаагч нар очиж шалгахад хохирогч, шүүгдэгч нар нь мэдүүлэг авах боломжгүй согтуу байсан талаар илтгэх хуудас бичигджээ. /хх04/ 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдэлд хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар авах, мөн хохирогч О.Аийн эд хөрөнгөд санаатайгаар хохирол учруулах гэмт санаа анхнаасаа агуулагдаагүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч нарыг бүжгийн талбай руу гаргах, бүжиглэх зорилготойгоор гар утсыг нь авсан, улмаар согтуурсантай холбоотойгоор хохирогч О.Аийн гар утсыг тухайн үедээ алга болгосон гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Д.Огийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж буюу гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдоогүй гэж дүгнэв.    

7. Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ төрвөл “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг шүүх удирдлага болгож шийдвэрлэх нь зөв байна.

Мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Огийн үйлдэл дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгчийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зөв байна.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино” гэж заасны дагуу хохирогч О.Аийн хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

10. Шүүгдэгч Д.Од холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

11. Шүүгдэгч нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсантай холбоотой хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ог цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Од холбогдох эрүүгийн 2208 00000 1990 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч О.Аийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь өөрт учирсан хохирлыг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР