Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Дугармаа,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                    

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн Б-ийн О-ад холбогдох 2228003600180 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:   

И овгийн Б-ийн О ......................     

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 07 цагаас 08 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар сургуулийн урд талын хатуу хучилттай 4 замын уулзвар хэсэгт улсын дугааргүй “UB мото” нэртэй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Жолоочийн үүрэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж, иргэн Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.О-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А, Ө нар манайд хоносон. 09 дүгээр сарын 28-ны өглөө дүү хичээлээс хоцрох гээд байхаар нь хүргэж өгөхөөр явж байгаад 5 дугаар сургуулийн урд талын засмал замд мөргөлдсөн. Машин ирж байгааг хараад мотоциклийн гарыг мушгисан. Ө гэмтсэн. Тэр хавиар байсан хүмүүс түргэн болон цагдаа дуудсан. А-ын портер машиныг мөргөж гэмтсэн гэв.    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 12 дугаар сарын сүүлээр хичээлдээ явсан. 12 дугаар сарын 20-нд үзүүлэхэд эмнэлгийн тоног төхөөрөмж эвдэрсэн байгаа учир хот руу явж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Манай хүү ажил явдалтай гээд 14 хоногийн чөлөө аваад явсан байгаа. Эрт унтвал өвдөх нь гайгүй байдаг. Оройтож унтахад өвддөг. Өвдөхдөө эм уудаг. Байнгын “Цитромакс” гэх толгойны эмийг ууж байгаа. Их хэмжээгээр өвдөлт өгч болохгүй гэж хэлсэн. Хохирлын төлбөрт 4,160,200 төгрөгийг авсан. Мөн амралт эхлэхэд хот руу явж үзүүлнэ. Түүнээс гарах хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.    

Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн 07 цагийн үед Б-ын гэрээс Ө бид хоёр, хамт гараад хичээлдээ явж байсан. Тэгсэн араас О, Б-ыг мотоциклтой сундлаад хүрээд ирсэн. Бид хоёрын хажууд ирж зогсоод сургууль дээр чинь хүргээд өгье суучих гэхээр нь Ө, бид хоёр сундалсан. Бид дөрөв 5 дугаар сургуулийн зүүн талын засмал замаар хойноос урагшаа чиглээд явж байсан. Би тухайн үед О-ад наад мотоцикл чинь тоормос байхгүй зөөлхөн яв гэхэд хүчтэй давхиад байсан. Тэгээд уулзвар дөхөөд ирж байхад баруун гар талаас зүүн тийш чиглэлтэй цэнхэр өнгийн жижиг ачааны машин замын хурд сааруулагч даваад гарч ирж байгаа харагдсан. Би О-ад хөөе зөөлхөн гэсэн чинь О яасан гээд эргээд харсан тэгээд би машин ирж байна араагаа хүндрүүлээд наад талаар нь эргэчих гэсэн чинь О эргэж чадаагүй чигтээ хаазлаад машинтай мөргөлдсөн. Тэгээд би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн. Миний тархи толгойд гэмтэл учирсан. Би тухайн осол болох үед цэнхэр өнгийн ачааны машины урд талын салхины шилийг мөргөчихсөн. Тэрнээс болоод толгойдоо гэмтэл авсан... ” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би А-ын төрсөн ээж нь байгаа юм. А-ын биед дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн цусан хураа, хуйхан доорх цус хуралт, аалзан халсны доор цус харвалт гэсэн гэмтэл үүссэн, мөн баруун чамархай болон зүүн хөлийн шагай нь тухайн зам тээврийн ослын улмаас үүдэн зулгарсан байсан. А эм, тариа авсан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, мөн Улаанбаатар хот явж гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд гарсан шатахууны зардал, эмчилгээний зориулалт бүхий тос, толгой амраагч аппарат гэх мэт зардалд нийт 3,140,220 төгрөг зарцуулагдаад байна. Б.О эмчилгээнд зориулж 595,000 төгрөг өгсөн. Тэрнээс өөр мөнгө төгрөг өгсөн зүйл одоогоор байхгүй. О болон түүний аав, ээжтэй уулзаж ярилцахад цаашдаа гарах мөнгө төгрөг зардлыг нь бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн. Одоо үлдэгдэл мөнгө болох 2,815,220 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг О болон түүний ар гэрийн хүмүүс төлж барагдуулна гэдгээ хэлсэн. Удахгүй төлж барагдуулах байх. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... Нэмэлтээр гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Өмнө нь бүх баримтаа гаргаж өгсөн. Миний хүү А-ыг эмнэлгийн байгууллагаас жил бүр эмнэлэгт үзүүлээд эмчилгээ заалгаж явна гэж хэлсэн. Тэгэхээр жил бүр А-ыг эмнэлэгт үзүүлж томограф зураг авхуулах шаардлагатай бол эмчилгээ хийлгэх зардал гарна. Тухайн үед хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. А-ын биеийн байдлаас болно. Тэгэхээр хохирогчийн талаас Б.О-аас тухайн жилд гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна. Яг одоогийн байдлаар нэмж нэхэмжлэх зүйл байхгүй байна.” /хавтаст хэргийн 49-50, 179 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Мэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдрийн өглөөний 07 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 31-69 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 5 дугаар сургуулийн урд талын засмалаар баруунаас зүүн тийшээ чиглээд төв замаар явж байсан. Тэгээд би уулзвар хэсэгт орсон чинь миний зүүн гар талаас буюу туслах замаас дөрвүүл сундалсан мотоциклтой хүүхдүүд уулзварт орж ирж байгаа харагдсан. Би хаазаа хассан чинь уг мотоциклтой хүүхдүүд баруун гар тийш эргэх дохио өгсөн байсан. Тэгээд би уг мотоциклтой хүүхдүүд эргэх юм байна гэж бодоод чигээрээ явж байсан чинь уг мотоциклтой хүүхэд эргээгүй чигтээ яваад миний урдуур ороод ирсэн. Би шууд тоормос гишгээд машин зогсоход мотоцикл нь түлхэгдээд цаашаа ойчсон. Тэгээд би шууд цагдаа түргэн дуудсан. Уг газраас машинаа хөдөлгөөгүй байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед барагцаагаар уг мотоциклтой хүүхэд 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. Би 30 орчим километр цагийн хурдтай явж байгаад машины хаазыг хасаж хурдаа сааруулах үед 20 орчим километр цагийн хурдтай явж байсан. Тухайн мотоциклтой хүүхэд уулзварт орж ирэхдээ хурдаа хасаагүй шууд давхиад ороод ирсэн. Миний машины шил хагарсан. Тухайн зам тээврийн осол болох үед уг мотоциклын ард сундалж явсан хүүхдийн нэг нь миний машины урд талын салхины шилийг толгой хэсгээрээ мөргөөд тэгээд шил нь хагарчихсан. Миний унаж явсан машин Болд гэдэг хүний нэр дээр байгаа. Би Болдоос худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байгаа. Миний машины урд талын салхины шил хагарсан өөр эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн осол болсон дараа замын байцаагч нь тээврийн хэрэгслийн шилийг үнэлүүлчих гэхээр нь би өөрөө хувиараа үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд салхины шил 210,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Надад 210,000 төгрөгийн хохирол учирсан. Би О-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Машины салхины шилийг би өөрөө солиод хэвийн болгочихсон. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/  

Насанд хүрээгүй гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн өглөө би найз А-ын хамт хичээлдээ явж байтал Б ах О-ын хамт мотоциклтой таарсан. Сундалчих хүргээд өгнө гэхээр нь бид хоёр сундлаад хамт явсан. Тэгээд 5 дугаар сургуулийн зүүн талын засмал замаар хойноос урагшаа чиглээд явж байсан. Тухайн үед О мотоцикл унаад явж байсан. Замын уулзвар хэсэгт орох үед бид нарын баруун талаас төв замаар цэнхэр өнгийн Портер загварын машин ойртон ирж байгаа харагдаж байсан. О хурдаа хасалгүй шууд яваад уулзварт орчихсон. Тэгээд уулзвар ороод чигээрээ яваад уулзвар гатлах гэж байтал уг машин бид нарыг ирээд мөргөсөн. Тэгээд бид хэд мотоциклтойгоо савж унасан, уг машин тэр дороо зогссон. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. А харин толгой хэсгээрээ машины урд талын салхины шилийг мөргөж унаад тэгээд толгойдоо хүнд гэмтэл авсан.” /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн өглөө 07 цаг 30 минутад сэрсэн. Тэгээд сургууль хол болохоор амжихгүй байх гэж бодоод ах О-ыг хүргээд өгчих гээд би гуйсан. О ах хүргэж өгөхөөр болоод аав Б-ийн эзэмшлийн улаан өнгийн UB мото гэсэн нэртэй улсын дугааргүй мотоциклыг О ах унаад би араар сундлаад хашаанаас гарсан. Тухайн үед аав гэрт байсан ээж ажилтай эзгүй байсан. Гэрт байсан аав бид хоёрыг мотоцикл аваад гарч явсан гэдгийг мэдээгүй. Тэгээд бид хоёр явж байгаад замдаа манай ангийн хоёр найз болох А, Ө нар таарсан. Тэр хоёрыг аваад бид гурав мотоцикл дээр сундлаад О ах мотоцикл унаад явж байсан. Тэгээд 5 сургуулийн зүүн талд байх засмалаар урагшаа чиглээд явж байсан. Тухайн үед бид хэд туслах замаас гол замын уулзварт ороод уг уулзвараар чигээрээ урагшаа гарах гэж байсан чинь гэнэт баруун талаас буюу гол замаар явж байсан машин ирээд бид нарыг мөргөсөн. Тэгээд бид хэд онхолдоод цагдаа болон эмнэлгийн хүмүүс ирсэн. Мотоциклын тоормос муу барьдаг. Тухайн үед дөрвүүлээ суусан байсан болохоор замын уулзварт орох үед мотоциклын тоормос нь бариагүй явж байсан хурдаараа уулзварт орсон. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

Гэрч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.О-ын унаж яваад зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгсэлд бичиг баримт байхгүй. Би уг мотоциклыг 2019 онд өөрийн хуучин мотоцикл болон дэлгүүрээс мөн хүнээс сэлбэг хэрэгсэл аваад босгож унасан. Тийм болохоор ямар нэгэн бичиг баримт гэх юм байхгүй. Уг мотоциклыг усанд явах үедээ ойр зуурхан унадаг. Тэрнээс хол замд унаад байдаггүй. Би О-ыг хашаанаас унаж гарч явсныг мэдээгүй. Унаж явж байгаад зам тээврийн осол гаргасан дараа нь мотоцикл унаад явсныг мэдсэн. Би уг нь О-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй болохоор нь мотоциклоо өгдөггүй байсан. Тухайн өдөр О надад хэлээгүй мотоцикл унаад гарсан байсан. Эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Одоо миний мотоцикл хэвийн явж байгаа. Би уг хэрэгтэй холбоотой хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Санал, хүсэлт, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Манлай суманд айлын дунд хүү болж 2004 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Би бага насандаа Манлай сумын цэцэрлэгт суугаад 2010 онд Манлай сумын ерөнхий боловсролын сургууль элсэн орж сураад 9 дүгээр ангиа төгсөөд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гэр бүлийн хамт ирж амьдрах болсон. Би Политехникийн коллежид 2018 онд сантехникийн ангид орж 2 жил хагас сураад 2020 оны 12 сард төгсөөд ажил эрхлээгүй. Гэртээ аав ээждээ туслаад дөрвөн дүүгээ хараад гэртээ байдаг. Аав ээжээс зургуулаа би доороо 2 дүүтэй мөн зээ хоёр дүү нийлээд 4 дүүгээ гэртээ хардаг юм. Аав ээж ах эгч нар ээлжийн ажилтай бүгдээрээ ээлжлээд ажилдаа явдаг зөрж амраад гэртээ ирдэг. Миний яг дээд талын эгч сэтгэцийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй гэрт хамт байдаг мөн нэг хүүхэдтэй мөн эгчийнхээ хүүхдийг бас цуг харж хандаж байдаг юм. Би энэ намар цэрэг татлагт ороод тэнцээд цэргийн албанд явах гэж байсан боловч энэ зам тээврийн ослын улмаас энэ жил хойшлуулсан. Энэ хэргийг шийдэгдэхээр уурхайд ажиллахаар төлөвлөж байгаа... Би А-тай байнгын холбоотой байгаа. Одоогоор хохирол төлбөрт 600,000 төгрөг шилжүүлнэ. Цаашдаа эмчилгээнд гарсан зардлын үлдэгдэл 2,815,220 бүрэн төлж барагдуулна.” /хавтаст хэргийн 98-99 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.А-ын биед дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн зулгаралт, зүүн шагайн зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 75-76 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О-ын биед зүүн тохой, бугуй, ташаа, шагайн үе дэх зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 78-79 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-ын биед зүүн мөр, тохой дахь жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 81-82 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ө-ын биед баруун хацар, өвдөг дэх жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 85-86 дахь тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Эвдэрсэн эд ангиуд урд салхины шил, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /солих/, шууд зардлын дүн: 180,000 төгрөг, будах зардал /ажлын хөлс/, эд анги солих 30,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг шалгуулах /ажлын хөлс/, 100 гр будаг, тус-мат, лак /материалын үнэ/, нийт дүн: 210,000 төгрөг.” /хавтаст хэргийн 32-34 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтэд: “Хариулт №1 а/. 31-69 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Мэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Хариулт №2 б/. Улсын дугааргүй UB мото тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б. О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх II. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн Гурав. Жолоочийн үүрэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хариулт №3 в/. Тухайн зам тээврийн осол нь Б.Оын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дахь заалтыг сахин биелүүлээгүйгээс болж гарсан зам тээврийн осол.” /хавтаст хэргийн 89-90 дэх тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13, 16-18 дахь тал/

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Жолоочийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/

Драгер үлээлгэсэн фото зураг /хавтаст хэргийн 30, 31 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/

Мэргэжлийн боловсролын болон суурь боловсролын гэрчилгээ /хавтаст хэргийн 105-106 дахь тал/

Суралцагчийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 137-140 дэх тал/

Хохирол төлбөр барагдуулсан баримт /хавтаст хэргийн 152 дахь тал/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 157-159 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.О-ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн хүсэлтийн дагуу хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх, шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргахгүй байна гэх тайлбарыг гаргаж шүүх хуралдаанд оролцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.О нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 07 цагаас 08 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар сургуулийн урд талын хатуу хучилттай 4 замын уулзвар хэсэгт улсын дугааргүй “UB мото” нэртэй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Жолоочийн үүрэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж, иргэн Б.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47/, иргэний нэхэмжлэгч Б.Мийн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 179 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Б.Мэ-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,  насанд хүрээгүй гэрч Б.Ө-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/, гэрч С.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 75-76 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13, 16-18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Өмнөговь аймаг дахь Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтэд: “31-69 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Мэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Улсын дугааргүй UB мото тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх II. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн Гурав. Жолоочийн үүрэг 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол нь Б.О-ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дахь заалтыг сахин биелүүлээгүйгээс болж гарсан зам тээврийн осол.” /хавтаст хэргийн 89-90 дэх тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.О-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ын биед дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн зулгаралт, зүүн шагайн зулгаралт бүхий хүнд гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/-ээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.     

Шүүгдэгч Б.О нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Б.О нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.  

Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.О-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Аын биед дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, аалзан хальс- доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн зулгаралт, зүүн шагайн зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэхүү гэмтэлтэй холбоотойгоор шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд нийт 4,160,200 төгрөгийн хохирол, төлбөрийг төлсөн нь мөнгөн шилжүүлэг /хавтаст хэргийн 152 дахь тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 157, 158 дахь тал/ болон шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мийн гаргасан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг жич нэхэмжлэх эрхээр хангаж өгөхийг хүссэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх хүнд гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарахаар заасан нөхцөл байдал, шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын тайлбарыг тус тус үндэслэн хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Б.О-ын үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мэ-ын тээврийн хэрэгсэлд 210,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 32-34 дэх тал/-ээр тогтоогдож байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мэ мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би О-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Машины салхины шилийг би өөрөө солиод хэвийн болгочихсон. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын зорчих бүсийг Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч 19 настай, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж хохиролгүй болгосон байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хамгийн хөнгөн ял оногдуулах тухай, шүүгдэгч өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.    

Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгч Б.О-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.

Шүүгдэгч Б.О-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 4,160,200 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нь дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Мөн хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх эрхээр хангуулах  зэргийг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мэ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.М нарт 4,160,200 /дөрвөн сая нэг зуун жаран мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О-ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.      

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

7. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мэ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.М нарт 4,160,200 /дөрвөн сая нэг зуун жаран мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ