Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01426

 

К-Ю м” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03429 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 416 дугаар магадлалтай,

К-Ю м” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

С.Б-д  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,724,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч С.Б  нь 2018.01.15-ны өдөр манай хоршооноос 7,000,000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Энэ хугацаанд зээлээс төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хүүнээс 630,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10,724,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа 2020.01.15-ны өдөр дуусна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03429 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар С,,,,,,,,,,,,ын Б- өөс 9,213,866 (есөн сая хоёр зуун арван гурван мянга найман зуун жаран зургаан) төгрөгийг гаргуулан К-Ю м хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,510,134 (нэг сая таван зуун арван мянга нэг зуун гучин дөрвөн) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б- өөс 162,371 (нэг зуун жаран хоёр мянга гурван зуун далан нэгэн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 416 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,371 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 102/ШШ2019/03429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 416 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “К-Ю м” ХЗХ-оос 2018.01.15-ны өдөр 7,000,000  төгрөгийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн юм. Дээрх зээлсэн мөнгөө өөр хүнтэй хамтарч ажил үйлчилгээ явуулахаар тохирч, түүнд мөнгөө өгөөд одоо болтол авч чадахгүй  байгаа, энэ тухайгаа нэхэмжлэгчид хэлж зээлийг хойшлуулах хүсэлт тавьж байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчээс 9,123,866 төгрөгийг гаргуулж “К-Ю м” ХЗХ-нд олгуулах, улсын тэмдэгтийн хураамжид 162,371 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Мөн төлсөн зээлийн хүүг ч буруу тооцсон гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “К-Ю м” ХЗХ-оос хариуцагч С.Б-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,724,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 9,213,866 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,510,134 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Учир нь, нэхэмжлэгч К-Ю м” ХЗХ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, уг хуулийн 3.1.1.-д зааснаар  “хадгаламж, зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд” юм. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь “...зөвхөн гишүүддээ зээл олгож болно”, 18 дугаар зүйлийн 18.1.2.-т зааснаар “гишүүн бус этгээдэд зээл олгох...”-ыг хориглоно.

Түүнчлэн, дээрх хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу хоршооны гишүүнээр элсүүлэх ба тухайн этгээд нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамжийг төлөх, хоршооны үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь шаардах эрхийнхээ үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий зээлийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд олгосон эсэх (гишүүддээ үйлчлэх буюу ашиг олох зорилгогүйгээр), хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын гишүүн эсэх нь тодорхойгүй, анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөг зээлсэн гэдгээ, мөн 630,000 төгрөг төлснөө үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаан дээр “зээл олгох зорилгоор хариуцагчийг гишүүнээр элсүүлсэн” гэсэн тайлбар өгсөн болно.

Иймд, талуудын хооронд байгуулагдсан 2018.01.15-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсний дагуу хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу авсан 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс 9,123,866 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид 162,371 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 416 дугаар магадлалын  тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч С-ын Б- өөс 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулжК-Ю м хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,724,000 (гурван сая долоон зуун хорин дөрвөн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... 162,371 (нэг зуун жаран хоёр мянга гурван зуун далан нэгэн) ...” гэснийг “... 126,950 (нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь) ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 162,371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД