Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/377

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,  

улсын яллагч: Н.Ундрах,  

шүүгдэгч: Г.Б , Ц.Б /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Б , Ц.Б нарт холбогдох эрүүгийн ******************** тоот хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. О овогт Г-гийн Б /РД:***********9/,

Монгол улсын иргэн, ************ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, 79%-ийн группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүрэг **дүгээр хороо, оухнт *** дугаар байр *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

2. З овогт Ц-гийн Б /РД:**************/,

Монгол улсын иргэн, ***********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүрэг ** дүгээр хороо, оухнт ***** дугаар байр 18 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо***********тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Б-г “гэрээс гаргасангүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн суга таягаар зүүн гар болон өвдөг хэсэгт 1 удаа цохиж, үснээс татан зулгаан зодож, эрүүл мэндэд зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, дагзны хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий тархины цус харвалт бүхий хөдөлмөрийн чадвар алдалтын 79 хувийн группт байдаг биеэ хамгаалах чадваргүй нөхөр Г.Б-ыг “архи ууссан” гэх шалтгааны улмаас хутгалж, эрүүл мэндэд зүүн далны дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б  нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *********** ******** тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ц.Б-г “гэрээс гаргасангүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн суга таягаар зүүн гар болон өвдөг хэсэгт 1 удаа цохиж, үснээс татан зулгаан зодож, эрүүл мэндэд зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, дагзны хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ц.Б нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий тархины цус харвалт бүхий хөдөлмөрийн чадвар алдалтын 79 хувийн группт байдаг биеэ хамгаалах чадваргүй нөхөр Г.Б-г “архи ууссан” гэх шалтгааны улмаас хутгалж, эрүүл мэндэд зүүн далны дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

           -Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн *******ны нутаг дэвсгэрт ******** тоотод эхнэр Ц.Б-ийн хамтаар амьдардаг, би эхнэртэйгээ 25 жил хамтдаа амьдарч байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай эхнэр Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв бусаар доромжилж хэрүүл өдөн агсам тавьж байгаад гал тогооны шургуулганаас бор иштэй хутга авч миний зүүн талын дал орчим нэг удаа хутгалчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би 2015 оноос зүүн талын гар, хөл саажилтанд орж харавчихсан. Одоо группт байдаг бөгөөд тухайн маргаанаас болж эхнэр маань архи уусан, уугаагүй үедээ ч зодож, цохиод байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

               -Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд миний бие гэртээ ирэхэд манай нөхөр Г.Б  нь архи уучихсан гал тогооныхоо ширээ дээр сууж байсан ба би "чи ямар даварсан юм бэ, ягаад архи уугаад байгаа юм” гэж загнасан. Тэгтэл Б нь "чамд хамаагүй" гэхээр нь "хаанаас мөнгө олоод уучихдаг юм бэ” гэхэд чамд хамаагүй гээд намайг гэрээс маань хөөсөн. Тэгэхээр нь чамд хөөгдөхгүй гээд маргалдсан ба Б таягаа тулаад гэрээсээ гарна гээд үүд рүү явсан ба би гаргахгүй гээд хойноос татаж чангаасан юм. Тэгсэн чинь Б гарна гэж зүтгээд өөрийнхөө суга таягаар миний зүүн гар болон өвдөг рүү 1 удаа цохисон ба мөн үснээс баруун гараараа татсан. ..надад гомдол санал байхгүй” /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-гийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай:

               “1. ...Ц.Б-гийн биед зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, дагзны хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. 2023.01.06-ны өдөр үүссэн байх боломжгүй.

               4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Э-ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай:

               “....1. Г.Б-ын биед зүүн далны дээд хэсэгт шарх зүүн доод хэсэг, зүүн бугалга, зүүн далны дээд хэсэгт зулгаралт, цээжний зүүн урд хэсэгт цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

               3. Дээрх гэмтлүүдээс зүүн далны дээд хэсэг дэх шарх нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

               4. Дээрх гэмтлүүдээс өөр эсэргүүцэн тэмцэлдсэнээс үүссэн гэхээр гэмтэлгүй.

               5. Зүүн далны дээд хэсэг дэх шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36-р хуудас/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

               Түүнчлэн шинжээч 1465 дугаартай дүгнэлттэй холбогдуулан шинжээч С.Э мэдүүлэхдээ: “зүүн сарвуу, баруун өвдөгт цус хуралт, дагзны хуйх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. ...цохих, цохигдох үед үүсэх боломжтой, гэмтлээс зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус бүр нэг удаагийн цохих үйлчлэлээс үүсгэгдэнэ гэж,

               Шинжээчийн ******* дугаартай дүгнэлттэй холбогдуулан шинжээч Ч.Э мэдүүлэхдээ: “зүүн далны дээд хэсэгт шарх зүүн доод хэсэг, зүүн бугалга, зүүн далны дээд хэсэгт зулгаралт, цээжний зүүн урд хэсэгт цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эсэргүүцсэн, тэмцэлдсэн үед үүсэх боломжгүй. Мөн унах үед үүсэх боломжгүй, олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ” гэж тус тус мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл хохирогч нарын мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Б , Ц.Б нар нь мөрдөн шалгах ажиллааны шатанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63, 64-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 67, 79-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 68, 80-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 69-р хуудас/, гэрэлсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийнн 70, 81-р хуудас/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 76-р хуудас/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 71-73, 84-99-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Э, Ч.Э нарын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай дүгнэлтүүдээр хохирогч нарын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.        

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч нар нь харилцан зодолдож, Г.Б  нь хохирогч Ц.Б-г таягаараа удаа дараа цохиж байгаа, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Б-ыг хутгалж байгаа үйлдлүүд нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...асрамж, хамгаалалтад байгаа этгээд...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

Шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлийн эхнэр, нөхрийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б  нь группэд байдаг нь түүнийг идэвхитэй үйлдэл хийж, эсэргүүцэх боломжгүй гэж үзэхгүй, түүнчлэн Г.Б  нь Ц.Б-тай харилцан зодолдож, түүний биед хөнгөн хохирол учруулж байгаагаар нотлогдсон байх тул шүүгдэгч Ш.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэлээ. Энэ нь хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй юм.

Харин шүүгдэгч Ц.Б-ийн хувьд дээрх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь хохирогч шүүгдэгч Г.Б  хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувиар тогтоосон /хавтаст хэргийн 76-р хуудас/ баримтаар тогтоосон тул зөв дүгнэсэн гэж үзсэн.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Б, Г.Б  нар нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой эмчилгээ хийлгэсэн баримт гаргаж нэхэмжлээгүй, хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлжээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600, 000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулах, шүүгдэгч Ц.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800, 000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулах уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч нар мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.    

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Б, Г.Б  нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Харин гэмт хэргийн шинж, хор уршигийн хувьд хутга хэрэглэж хохирогчийн биед халдсан нөхцөл байдал, хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөртөө дүгнэлт хийхгүй байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгч Ц.Б-г 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэж гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солохыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч  О овогт Г-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

               Шүүгдэгч З овгийн Ц-гийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

              шүүгдэгч Ц.Б-г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай. 

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА