Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 146À

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

            нарийн бичгийн дарга О.Болормаа, 

            улсын яллагч Ж.Энхжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийсайхан,

            шүүгдэгч О.Ган-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн  Б  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбожав овогт Оюунтуяагийн Ган-Эрдэнэд холбогдох 201624000529 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжны 802 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Гомбожав овогт Оюунтуяагийн Ган-Эрдэнэ /РД: ТЗ86120675/,

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч О.Ган-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын хойд талын явган хүний гарцтай замд Г.Оюунтуяагийн эзэмшлийн Ниссан Тида маркийн 33-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Даваадоржийг мөргөж амь насыг нь хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.

Гэмшиж байна, уучлалт гуйж байна, өөрийн буруутай үйлдлээс болсон тул маш  их харамсаж байна гэв.

Шүүгдэгч О.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би

2016 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн орчимд Ниссан Тида маркийн 33-98 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон гэрээсээ гараад Нарантуул зах руу ажил руугаа Баянзүрх дүүргийн нутаг 13 дугаар хорооллын төв замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд 60 орчим км цагийн хурдтай явж байхад өөдөөс хурц нар гялбасан тэгээд 13 дугаар хорооллын автобусны буудал дөнгөж өнгөрөөд явган хүний гарц руу ойртон ирэхэд гэнэт нэг хүн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн алхаад ороод ирсэн тухайн үед өөдөөс нар туссан байсан болохоор тэр хүнийг сайн анзаарч хараагүй ойролцоогоор 5-6 орчим метрийн зайнаас хараад тэр даруй шууд машиныхаа тоормосыг гишгээд бага зэрэг зүүн гар тал руугаа буюу 3 дугаар эгнээ рүүгээ дарсан боловч амжилгүй машиныхаа баруун урд хэсгээр нөгөө хүнийг мөргөж газар унагаасан. Тэгээд би тэр даруй машинаасаа бууж нөгөө хүн дээр явж очиход өнгөрчихсөн байх шиг байсан. Би тэр даруй нилээн сандарч өөрийнхөө 99867668 дугаарын утснаасаа 103 дугаар луу залгаж би хүн мөргөчихлөө гээд хаягаа хэлээд өөрийнхөө нэрийг хэлэлгүй дүү Ганбилэгийн нэрийг хэлж тэмдэглүүлсэн. Тэгээд тухайн үед нилээн айж, сандарсан байсан болохоор нэг мэдсэн машиндаа суучихсан нарны замд явж байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн нутаг нисэхийн замд явж байхдаа ээж рүүгээ залгаж би хүн мөргөчихсөн гэдгээ хэлчихээд гар утсаа салгасан тэгээд Морингийн даваа руу чиглээд зугтааж явахдаа тухайн үед тэндэхийн нэг хүнсний дэлгүүрээс 2 литрийн Нийслэл пиво 2 ширхэгийг аваад хээр газар очиж зогсоод машин дотроо ганцаараа 1 том савтай нийслэл пиво болон машин дотор байсан 2 лаазтай сэнгүүрийг ганцаараа ууж дуусгаад машин дотроо сууж байхад хэдэн цагийг нь сайн санахгүй байна нэг мэдсэн энгийн хувцастай хүмүүс машинтайгаа ирээд зам асууснаа намайг барьж авсан байгаа. Тэгээд намайг Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн /хх-145-146х/гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би талийгаач Даваадоржтой нэг айлын баз хүргэнүүд. Талийгаачтай хориод жил төрөл садангийн холбоотой амьдарч байгаа. Талийгаач нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй гэх боловч жолооны үнэмлэхтэй, машин жолооддог, таксинд явдаг, хэлгүй дүлий байсан учир тэмдэглэлээ хөтөлдөг, мөнгө олсон баримтуудыг авдаг, ажлын цагаар өглөө 8 цагаас орой 16, 17 цаг хүртэл хувиартай яваад оройдоо гэртээ гар урлалын зүйл буюу модон хүүхэлдэй хийж түүнийгээ борлуулдаг байсан. Зах зээлийн хямралтай үед гэр бүлээ авч явдаг байсан эх үүсвэр нь энэ айлд байхгүй болсон нь маш том хохирол болсон. Шүүгдэгч нь хэлж байна “хүний амь” гэж. Гэтэл энэ үг чинь цаанаа маш их утга учиртай. Энэ айлын ноён нуруу болсон хүн нь байхгүй болсон нь маш их хохирол юм. Анхан шатны шүүхээр 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ороод бүх процесс шатлалаар явагдсан. Бидний зүгээс ямар нэгэн байдлаар гомдол мэдүүлсэн зүйл байхгүй. Нөлөө талаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад давж заалдахад би өөрөө оролцсон. Ямар процесс болсон гэдгийг маш сайн ойлгосон. Өнөөдрийн байдлаар бид нарын хувьд төлбөр тооцооны асуудал буюу 8.000.000 төгрөг ярьж байгаа. Энэ нь талийгаачийн амийг үнэлэж байгаа зүйл бол биш. Зүгээр мөрөөрөө явж байсан хүнийг байхгүй болгоод, нийгэмд зүгээр амьдарч байсан айлыг ямар ч орлогогүй болгочихоод оршуулгын зардлын төдийл юм нэхэж байгаа юм. Өнөөдөр оршуулгын зардал энэ хавьцаа л мөнгө гардаг. Үүнээс илүү ч гардаг. Шүүгдэгчийн байр сууринаас бид нарыг яг яах ёстой гэж бодоод байна вэ. Бид нар талийгаачийн ажил явдлыг 1.000.000 төгрөгөөр хийсэн гэж боох гээд байгаа юм уу. Битгий хүмүүсийг ингэж доромжил. Нэхэмжлэлийн шаардлага гэх юм бол анхан шатны өмнөх хурал дээр гаргасан 8 сая төгрөгийн шаардлагаа дэмжиж байгаа. Шүүгдэгчийн талаас 4.000.000 төгрөг өгсөн гэв. 

 

Гэрч Б.Аззаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын орчим ажил руугаа явах гээд Баянзүрх дүүргийн нутаг, 13 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд явж байгаад явган хүний гарцаар гарах гээд иртэл ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлийн 1 дүгээр эгнээнд нэг эрэгтэй хүн хэвтчихсэн ойр хавьд нь хүмүүс бөөгнөрсөн байсан. Тэгээд би өөрийнхөө утаснаас 102, 103 дугаар луу залгаж “цагаан өнгийн суудлын 33-98 УНВ гэсэн дугаартай машин хүн мөргөөд явлаа” гэсэн дуудлагыг өгсөн, тухайн үед ослыг харсан Дэмчигийн Пүрэвсүрэн гэх хүн хүүхдийн нэр утасны дугаарыг нь тэмдэглэж аваад замын цагдаагийн газарт хэлж өгсөн, би өөрөө ослыг хараагүй, мөн талийгаач хаанаас хаашаа явж байсныг хараагүй” гэжээ /хх-ийн 61х/

 

Гэрч Д.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 06 дугаар сарын 16-ны өглөө яг хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн нутаг, 13 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад ТҮЦ рүү ороод гараад иртэл ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр, явган хүний гарцыг жаахан өнгөрөөд 1 метрийн зайтай цайвар өнгийн, 33-98 УНВ улсын дугаартай Ниссан маркийн машин зогсчихсон машинд мөргүүлсэн хүн нь замын нэгдүгээр эгнээнд дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгсэн Ниссан маркийн машины жолооч болох 25-30 насны эрэгтэй, хар бараан өнгийн хувцастай залуу нь нөгөө мөргөсөн хүн дээрээ очоод хувцаснаас нь татаж байснаа шууд машиндаа суугаад хөдлөөд уулзварын наагуур Жаст ойл ШТС-ын зүгрүү эргээд яваад өгсөн. Тэгээд би тэнд явж байсан нэг цагдаад өөрийнхөө нэр хаягаа үлдээгээд, машины дугаарыг хэлээд яваад өгсөн, тэгээд сая хэмжилт хийх үед дуудагдаж ирлээ. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа бороотой, гэгээ орчихсон байсан. Машин баруунаас зүүн чиглэлтэй байсан би машиныг зогсчихсон байхыг л харсан” гэжээ /хх-ийн 63х/

 

Гэрч Ц.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ гүйцэтгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгдсэн шалгалтаар гарч байхад тасгийн даргаас Баянзүрх дүүргийн нутаг 13 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарц дээр Ниссан Тида маркийн 33-98 УНВ дугаартай цагаан өнгийн суудлын автомашин хүн мөргөөд зугтчихлаа. Тиймээс уг автомашиныг эрэн сурвалжилж олж тогтоо баруун зүг чиглэлтэй явсан байх гэж үүрэг өгсний дагуу цагдаагийн ахлах ахлагч Батбаатар, цагдаагийн ахмад Гансүх нарын хамтаар Хан-Уул дүүргийн нутаг морингийн даваа, Био, шувуун фабрик зэрэг газруудаар шалгалт хийчихээд буцах замд ойролцоогоор 14-15 цагийн орчимд өөдөөс урдаа буфергүй, цагаан өнгийн Ниссан Тида маркийн автомашин урсгал сөрөөд ирж явсан тэгээд тухайн үед хувийн машинтай явж байсан болохоор машиныг ахлах ахлагч Батбаатар жолоодон уг тээврийн хэрэгслийг зогсоох гэсэн боловч хурдтай яваад байхаар нь араас нь дагаж яваад Төв аймгийн Алтанбулаг орох шороон замд бид гурав дээгүүр өмссөн хувцаснуудаа тайлж хажуугаар нь машинтайгаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийж зам асуух гэсэн юм гэж байж зогсоосон. Тэгээд машиныг үзтэл арынхаа суудал дээр урд буферээ хийчихсэн жолооч болох залуу нилээн согтуу юу болж байгаагаа ч мэдэх сөхөөгүй шокийн байдалтай байсан. Тэгээд машиныг нь би жолоодон Замын цагдаагийн газар дээр ирж жолоочийн хамт Мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн” гэжээ /хх-ийн 75х/

 

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1126 тоот шинжээчийн дүгнэлтэд:

           1. Н.Даваадоржийн цогцост Баруун зулай яснаас доош чамархай яс руу чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай яснаас доош суурийн баруун дунд хонхор, турк эмээл рүү чиглэсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн орой, суурийн хэсгийн хамарсан зөөлөн бүрхүүлийн цус харвалт, шарх, дух, баруун чамархайн хуйх, хамрын нуруу, зүүн сарвуу, баруун өвдгөнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цус нь АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай байна.

5. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ.

6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ /хх-ийн 80-82х/

 

2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 4181 тоот криминалистикийн шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 33-98 УНВ улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашины: Урд каподны баруун доод булан 22х20см, баруун талын урд багана 12х3см, салхины шилны баруун дунд хэсэг 40х50см, баруун хажуугийн толь 8см, ар талын тээшний хаалга 15х20см, зүүн хойд гэрлийн баруун доод булан 10см хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гэмтлүүд байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн автомашины лого 33-98 УНВ улсын дугаартай Ниссан Тида маркийн автомашины салж унасан урд бамбайд байрлах лого байна. /хх-ийн 96-97х/

2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 388 тоот техникийн шинжээчийн дүгнэлтэд:

1. 33-98 УНВ улсын дугаартай Nissan Tida маркийн автомашины жолооч О.Ган-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө. 2 дугаар зүйлийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. үүнд: а-д тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5 в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүний үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ, 2.7 в-д зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Даваадорж нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5, 17-18/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7-8, 13-14/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/, хохиролын баримтууд /хх-45-60/, гэрч Б.Аззаяагийн /хх-61/,  Д.Пүрэвсүрэнгийн /хх-63-64/, Ц.Ганзоригийн /хх-75/, С.Батбаатарын/хх-77/, нарын мэдүүлгүүд, шинжээчийн 1126 тоот /хх-80-82/, 5428 тоот /хх-85/, 5429 тоот /хх-86/, 5359 тоот /хх-90-91/, 5368 тоот /хх-92/, 4181 тоот /хх-96-100/, 4152 тоот /хх-104-106/, техникийн шинжээчийн 16/29470 тоот /хх-112-114х/, 388 тоот /хх-121-122х/ дүгнэлтүүд, ял шалгах хуудас /хх-166х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-168/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-169-171/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай байна гэж үнэллээ.

            Шүүгдэгч О.Ган-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын хойд талын явган хүний гарцтай замд Г.Оюунтуяагийн эзэмшлийн Ниссан Тида маркийн 33-98 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Даваадоржийг мөргөж, амь насыг нь хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, шинжээчдийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Ган-Эрдэнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгч О.Ган-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохиролоос 4 сая төгрөгийг төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус авч үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийсайхан 8 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч баримтаар нотлогдож буй 6.650.365 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 4 сая төгрөгийг хасч, үлдэх 2.650.375 төгрөгийг иргэний хариуцагч Гомбожав овогт Гомбын Оюунтуяа /РД: ТЗ63051667/-аас гаргуулахаар, зан үйлийн тухайлбал 49 хоногт хэрэглэх зардал гэж нэхэмжилсэн 2.200.000 төгрөгийг хангахгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си ди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах, Ниссан гэсэн бичигтэй цагаан өнгийн дугуй хэлбэртэй эмблем  1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч О.Ган-Эрдэнийн В ангиллын 408086 дугаартай жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн лицензийн төвд хүргүүлэхээр, шүүгдэгчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 хоног хойшлуулашгүйгээр баривчлагдсан, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 64 хоног, нийт 67 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гомбожав овогт Оюунтуяагийн Ган-Эрдэнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс осол гаргаж, бусдын амь насыг хохироосон, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын  хорих ял дээр 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Ган-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си ди 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах, Ниссан гэсэн бичигтэй цагаан өнгийн дугуй хэлбэртэй эмблем  1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Гомбожав овогт Гомбын Оюунтуяа /РД: ТЗ63051667/-аас 2.650.375 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Өлзийсайханд олгосугай.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийсайхан нь зан үйлтэй холбоотой гарах зардалаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

11. О.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 408086 тоот үнэмлэхийг Замын цагдаагийн албанд хүргүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

13. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ган-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                      

 

ДАРГАЛАГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ