Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00019

 

   Т.А-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 790 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Т.А-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгож, тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие анх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тушаалаар сахиулын ажилд томилогдсон. Түүнээс хойш уг байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байна. 2013 онд тус байгууллагын зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдсөн үед аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сахиулын ажилд ажиллаж байсан. Т.А би тус байгууллагад ажиллаж байхдаа хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч буюу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 49 дүгээр тушаалаар намайг орон тоо нь хасагдсан гэсэн үндэслэлээр сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Т.А би сахиулын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн асуудалд маргаж Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр гомдол гаргагч Т.А миний гомдлыг ханган шийдвэрлэсэн. Ингээд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн "Т.А-ыг ажилд томилох тухай" 65 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон. Гэтэл ажил олгогч Т.А намайг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 79 тоот тушаал гарган сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Ажил олгогчийн Т.А намайг сахиулын ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тоо, бүтцийг баталсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 тоот тушаалд өөрчлөлт ороогүй бөгөөд тухайн тушаалд үйлчилгээний ажилтан 4 байхаар зохицуулсан. Урьд гарч байсан шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол ёсоор тус байгууллагад үйлчилгээний 4 орон тооны нэгэнд сахиул Т.А ажиллах ёстой гэдгийг нотолсон. Иймээс тус байгууллагын, бүтэц, орон тоог тогтоосон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны Б/21 тоот тогтоол хүчинтэй байгаа учраас миний орон тоо албан ёсоор хасагдаагүй гэж үзэж байна.

2. Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан маргаан бүхий тушаалд надад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тэтгэмж олгох тухай асуудал тусгаагүй. Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 73 дугаар тушаалыг хүчингүй болгон тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “Тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Т.А-ы гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь:

1. Т.А-ыг шүүхийн шийдвэрийг үндэслээд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 65 дугаар тушаалаар сахиул гэх ажилд томилж цалинг нь олгосон. Гэхдээ ажиллуулах ажлын байр байхгүй болохоор ажилласан гэж тооцож сул цалин олгосон.

2. Манай газар "А" ХХК-тай байр түрээслэх гэрээ байгуулсан болохоор тэр компани манай байгууллагын харуул хамгаалалтыг бас хариуцаж байгаа. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д тодорхой байна.

3. Манай байгууллагад 4 үйлчилгээний орон тоотойгоор ажилладаг ба манаач сахиулын орон тоо байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилд авсан боловч цаашид ажиллуулах боломжгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохих мэдэгдлээ өгч чөлөөлсөн. Урьд нь 3 сарын тэтгэмжээ авсан болно.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 790 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Тохырын Амирханыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С би тус аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 790 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Т.А-ыг ажилд дахин томилоогүй тухай шалтгаанаа шүүхэд тодорхой тайлбарласан. Т.А-ыг би анх ажилд аваагүй. Нийгмийн халамж үйлчилгээний сахиул байхад түүнийг тэр үеийн дарга байсан Т.Цэрэндорж чөлөөлсөн тухай нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Түүнийг Б.Цэрэндорж дарга ажлаас чөлөөлсний дараа би тушаал гаргаж ажилд аваагүй. Харин би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би өөрөө тушаал гаргаж аваагүй, Т.А нь сахиул манаачаар манай байгууллагад огт ажиллаагүй байхад Т.А-ыг ажлаас чөлөөлсөн миний 49 дүгээр тушаал бичиг хэргийн ажилтны буруугаас болж гарсан байдаг. Энэ тушаалыг далимдуулан Т.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлээ хангуулсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж Т.А-ыг ажилд авч төсвөөс мөнгө хүрэхгүй байсан ч нэг сарын цалин олгосон.

Манай байгууллага бусдын байрыг түрээслэн суухдаа тэр байгууллагын хамгаалалтын албаар эд хөрөнгөө давхар хамгаалуулахаар тэр байгууллагын шаардсанаар бид гэрээнд нь шаардлагыг зөвшөөрч гарын үсэг зурсан.

Халамж болон Хөдөлмөрийн хэлтэс хоёр нэгдэхэд тэдгээр байгууллагад урьд ажиллаж байсан 65 хүнийг одоогийн төсвийн 45 хүнд багтаах боломжгүй байдлыг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Т.А нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгож, тус байгууллагын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Т.А-ыг шүүхийн шийдвэрийг үндэслэн 65 дугаар тушаалаар сахиул гэх ажилд томилсон цалинг олгосон, гэхдээ ажиллуулах ажлын байр байхгүй болохоор ажилласан гэж тооцож сул цалин олгосон, орон тоо байхгүй ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилд авсан цаашид ажиллуулах боломжгүй учир мэдэгдлээ өгч ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  сахиулын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.  

           

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Т.А нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2006 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай тушаалаар тус байгууллагын сахиулын ажилд анх томилогдсон ба Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр тушаалаар сахиулын ажлаас чөлөөлөгджээ. Улмаар Т.А нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 800 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тушаалаар түүнийг манаачийн ажилд эгүүлэн томилж, мөн өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5/21 дугаартай тушаалыг үндэслэн ажлаас дахин чөлөөлсөн боловч уг тушаалд дурдсан үндэслэлүүдээ ажил олгогч нотолж чадаагүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

            Нэхэмжлэгч Т.А-ыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон байхад ажилд эгүүлэн авч мөн өдөр мэдэгдэх хуудас өгч сарын дараа ажлаас чөлөөлөх тухай шинэ үндэслэл тогтоогдоогүй байхад урьд чөлөөлсөн үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж байгаа ажил олгогчийн үйлдэл хууль бус байна.     Хариуцагчийн “Манай байгууллага бусдын байрыг түрээслэн суухдаа тэр байгууллагын хамгаалалтын албаар эд хөрөнгөө давхар хамгаалуулахаар гэрээнд гарын үсэг зурсан, Халамж болон Хөдөлмөрийн 2 хэлтэс нэгдэхэд тэдгээр байгууллагад урьд ажиллаж байсан 65 хүнийг одоогийн төсвийн 45 хүнд багтаах боломжгүй байдлыг шүүх анхаарч үзээгүй нэхэмжлэлийг хангасанд гомдолтой” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ