Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 97

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч П.Батбаяр, Л.Үнэнбат,

Хохирогч Б.Сэрсэндэмэд, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Батдорж, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Г.Отгонжаргал, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч А.Сэвжид, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүүлүү овогт Гантөмөрийн Отгонжаргал, Хүүлүү овогт Амгаланбаярын Сэвжид, Лхам овогт Гантөмөрийн Батдорж нарт холбогдох эрүүгийн 201615000073 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг, “Бурхын хуруу” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 cap 15 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, Хүүлүү овогт Гантөмөрийн Отгонжаргал, /РД: ВВ88050516/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг, “Бурхын хуруу” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүүлүү овогт Амгаланбаярын Сэвжид, /РД: ВВ86040216/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг, “Бурхын хуруу” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лхам овогт Гантөмөрийн Батдорж, /РД: ВВ91011414/,

Шүүгдэгч Г.Отгонжаргал нь А.Сэвжидтэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шанд гэх газраас иргэн П.Батбаярын эзэмшлийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-  мөн А.Сэвжид, Г.Батдорж нартай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 28-аас 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Үнэнбатын эзэмшлийн 7 тооны ямааг хулгайлж, 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч А.Сэвжид нь Г.Отгонжаргалтай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шанд гэх газраас иргэн П.Батбаярын эзэмшлийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-  мөн Г.Отгонжаргал, Г.Батдорж нартай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 28-аас 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Үнэнбатын эзэмшлийн 7 тооны ямааг хулгайлж, 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч Г.Батдорж нь Г.Отгонжаргал, А.Сэвжид нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 28-аас 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Үнэнбатын эзэмшлийн 7 тооны ямааг хулгайлж, 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

-мөн яллагдагч Г.Батдорж нь давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан иргэн Б.Сэрсэндэмэдийн эзэмшлийн хониноос 19 тооны хонийг хулгайлж, 2660000 /хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч А.Сэвжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 01 дүгээр сарын эхээр манайх 7 тооны ямаа нядалж зарсан юм. 7 тооны ямаа нядалж байхад Б.Сэрсэндэмэд, Дамдинпэрлий хоёр манайд орж ирсэн. И.Занабазар гэх байцаагч намайг асууж тодруулах зүйл байна гээд авч ирсэн. Тэгээд намайг хийсэн хэргээ хэл  гээд байсан. Тэгэхээр нь би юу гэж хэлдэг юм билээ гээд бодож байсан чинь намайг цохиж аваад байсан. Би өөрийнхөө 7 тооны ямааг нядалсан гэсэн чинь чи яагаад гарал үүслийн бичиг хийлгээгүй юм гээд байсан. П.Батбаярын 3 тооны үхрийг нядалж зарсан зүйл байхгүй. Надад өөр мал нядалсан зарсан зүйл байхгүй. Би хүний үхэр мал аваагүй. П.Батбаяр 2014 онд үхрийн наймаа хийдэг байсан гэсэн гэв.

Шүүгдэгч Г.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би А.Сэвжид, Г.Отгонжаргал нарыг 7 тооны ямаа нядалсан гэдгийг мэдэхгүй. Би Б.Сэрсэндэмэдийн хониноос 2 тооны хонь имнэсэн нь үнэн. Л.Үнэнбатын хүүхэд надтай таараад манай аав малаа буруу тоолсон байх манайх ямаа алдаагүй бүрэн байсан гэж байсан гэв.

Хохирогч Б.Сэрсэндэмэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр чөдөртэй моринд явж байсан чинь манайхаас нэг хонь ганцаараа явж байсан. Тэр хонины эвэр, толгой нь цус болсон байсан. Тухайн үед нь хонь боохойнд орсон байна л гэж бодсон. Би ганцаараа байсан. Манай эхнэр эмнэлэгт хэвтсэн байсан. Маргааш нь Дамдинпэрлий ахтай хонио тоолсон. Тэгсэн 10 гаруй хонь дутсан. Тэгээд айлаар шүүгээд явсан. Г.Отгонжаргал, А.Сэвжид нарын хонинд шүүгээд гэрт нь очоод сурсан мэдэхгүй гэсэн. Тэгээд Г.Отгонжаргалын гэрт ороод манайхаас нэг хонь толгой нь цус болсон байна гэсэн чинь Г.Отгонжаргал ямар сонин юм бэ? гэж байсан. Тэгээд Г.Отгонжаргал, А.Сэвжид нарт мэдэж байгаарай гэж хэлсэн. Г.Отгонжаргал, А.Сэвжид нарын эхнэр нь гэрээсээ гарч ирэхгүй байсан. Тухайн үед тэднийх ямаа нядалсан байсан. Тэгээд Г.Батдоржийнд орсон. Г.Батдоржоос сурсан чинь манай хонинд айлын хонь байхгүй гэсэн. Г.Батдоржийн хонинд очоод шүүсэн чинь манайхаас хонь байсан Хонио ялгаж байсан чинь 2 хонь цустай байсан. Хонио ялгачихаад Г.Батдорж руу залгасан тэгсэн Г.Батдорж өөрөө утсаа авахгүй эхнэр нь утсаа авсан. Тэгэхээр нь эхнэрт нь манайхаас хэдэн хонь дутуу байна мэдэж байгаарай гэсэн чинь за за гээд утсаа салгасан. Тэгээд би хонио гэртээ тууж очоод цус болсон 2 хонио барьж үзсэн. Тэгээд хүн имнэсэн байна гэдгийг мэдээд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын цагдаад мэдэгдсэн. Цагдаа, багийн дарга Ганхуяг хоёр 2016 оны 01 дүгээр сарын 06-нд манайд ирсэн. Тэгсэн Г.Батдорж бүх хонийг зүсээр нь хэлээд бор толгойтой хонийг нь алдсан тэгээд Г.Отгонжаргал ахын гадаа нядлаад Г.Отгонжаргал ах аймаг руу аваад явсан гэж хэлсэн байсан. Цагдаа яваад би Г.Батдоржийг гэрт хүргэж өгсөн. Тэгсэн та битгий цагдаад хэлээрэй би 6 хонийг чинь төлж өгнө гэсэн. Тэгэхээр нь би Г.Отгонжаргалд хэлээрэй гэсэн. 2 өдрийн дараа Г.Батдоржтой таараад яасан гэж асуусан чинь Г.Отгонжаргал ах чи хэрэг хүлээснээрээ өөрөө төлөөрэй гэсэн гэж байсан. Тэгээд л надад нэг адуу өгнө гэж байсан. Сүүлд нь Ганбат ахтайгаа манайд орж ирээд Ганбат ах нь шүүхэд өгөхгүй байж байгаарай. Г.Отгонжаргалыг ирэхээр нь хэлнэ гэж байсан. Тэгсэн аймгаас намайг дуудаад үнэлгээ гаргуулаад 6 хонь 860000 төгрөгийн үнэлгээ гарсан. Намайг цагдаа дээр байсан чинь Ганбат ахтайгаа ирээд адуу өгнө, хохирол төлнө гомдолгүй гээд бичээд өгчих гээд байсан. Хохирлоо бүрэн барагдуулах юм бол гомдолгүй гэж хэлнэ гэж хэлсэн. Ийм л зүйл болсон гэв.

Хохирогч Л.Үнэнбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх 12 дугаар сарын сүүлээр өвлийн идшээ хийчихээд тоолоход бүрэн байсан. Тэгээд 6 хоногийн дараа манай хонь бэлчээрт байж байгаад бөөгнөрөөд байсан. Тэгээд хониныхоо цаагуур орсон нэг ямаа захлаад яваад байсан. Тэгсэн Б.Сэрсэндэмэд надаас хонь сурсан. Би мэдэхгүй манай хонинд байхгүй гэж хэлсэн. Орой нь хөдөө хонио тоолсон хонь бүрэн байсан. Тэгсэн ишиг бүрэн, эм  ямаа бүрэн, эр ямаанаас 7 ямаа дутсан. Тэгээд Б.Сэрсэндэмэдээс манайхаас ямаа дутаад байна танайх хонио олсон уу гэсэн олоогүй гэж байсан. Би хэд хэдэн айлаар орж сурсан. Тэгээд л сумын цагдаад мэдэгдсэн. Б.Сэрсэндэмэдийн гадаа сумын цагдаа ирээд намайг дуудаад танайх ямаагаа олсон уу? гэсэн би олоогүй гэж хэлсэн. Цагдаа Г.Батдоржийг асуугаад байгаа бололтой байсан. Тэгээд л би гэр рүүгээ явсан гэв.

Хохирогч П.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх энэ хүмүүсийг мал алдсан гээд байхаар нь миний 3 үхэр алга болсон гэдэг нь тэмдгэлгээтэй байгаа үүнийг шалгаад өг гэж Анх-Эрдэнэ цагдаад хэлсэн. Тэгсэн цагдаа нь тэгье гэсэн. Тэгээд хавар 4 дүгээр сард аймагт явж байсан чинь чиний 3 үхрийн эзэн олдсон гэсэн. Тэгээд л хавар аймагт ирж мэдүүлэг өгсөн гэв.

Хохирогч Л.Үнэнбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манай гэр Хайрхандулаан сумын 4 дүгээр багт байдаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 03-ны орчимд өөрийн малнаас 7 тооны ямаа хулгайд алдсан юм. Манай ямааг манайхтай саахалт нутагладаг Сэвжид нь хулгай хийгээд Отгонжаргалтай хамт нядлаад аймагт авч ирж зарсан сураг байна лээ. Мөн манай саахалт Чулуунпүрэв 3 тооны үхэр алдсан. Сэрсэндэмэд нь нилээн олон тооны хонио алдсан. Энэ айлуудын малыг Сэвжид, Отгонжаргал, Батдорж нар хулгай хийсэн байх гэж бодож байна. Голдуу улаан бор ямаанууд байгаа юм. Хоёр чих нь зөрүү ганзага имтэй ямаанууд байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр идшээ хийчихээд малаа тоолсон. Тэгэхэд бүрэн байсан юм. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тоолоход бүдүүн ямаанаас 7 дутсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 хуудас/.

Хохирогч П.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Чулуунпүрэвт үхрийг нь авч ирээд 2015 оны 10 дугаар сарын 23-ны шөнө гэрийнх нь гадаа буулгасан. 10 тооны ягаан сарман үнээ, хүрэн сарман эр үхэр, хар зүсмийн сувай үнээ, бусад нь бараан зүсмийн шүдлэн бяруу байсан юм. Маргааш өглөө нь буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө гэрийн гадаа бүгдээрээ байхгүй байсан. Чулуунпүрэв бид хоёр ирсэн зүг рүү гээ явчихсан юм байх даа гэж бодоод буруу эрээд байсан чинь “Хашаат” гэх газарт байсан. Очоод үзэхэд бараан зүсмийн 7 бяруу нь байсан. Ягаан сарман үнээ, хүрэн сарман эр үхэр, хар зүсмийн сувай үнээ нь байхгүй байсан. Тэгээд бид хоёр cap гаран эрээд олоогүй... 2015 оны 10 дугаар сард би Ховд аймгийн Буянт сумаас хүрэн сарман шүдлэн эр үхэр, ягаан сарман үнээ, хар үнээ зэргийг нийт 2600000 төгрөгөөр авч байсан. 3 настай шүдлэн эр үхрээ Буянт сумын иргэн Авсу гэх Казак хүүхнээс 800000 төгрөгөөр, 2 үнээгээ Авсу гэх хүүхний ааваас тус бүрийг нь 900000 төгрөгөөр нийт 1800000 төгрөгөөр худалдан авсан. Надад тэдгээр хүмүүсийн утас нь байсан. Дугаарыг нь бичсэн дэвтрээ хаячихсан байна. Хүүхнийг нь Авсу гэж дуудаж байсан. Аавынх нь нэрийг санахгүй байна. Буянт сумын төвөөс 4 км орчим зүүн тийш ногоо тарьдаг айл байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй, би тэр хүмүүсийг харвал танина. Хар үнээ нь 7 настай, ягаан сарман үнээ нь 10 настай, хүрэн сарман шүдлэн үхэр нь 3 настай эр үхэр байгаа юм..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100, 2-р хх-ийн 57 хуудас/.

Хохирогч Б.Сэрсэндэмэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манай гэр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багт байдаг юм. Манайх 2015 оны 12 дугаар сарын 27-ны орчим малаа тоолоход бүрэн байсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр чөдөртэй моринд явж байтал манай бор толгойтой эр хонь эвэр, чих нь цус

болчихсон явж байхаар нь малдаа тууж авч ирсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2016
оны 01 дүгээр сарын 03-ны өдөр малаа тоолоход 19 тооны хонь дутсан юм. Тэр
өдрөө Батдоржийн хонинд үзэхэд манай 12 тооны хонь байсан. Батдорж нь 12
тооны хониноос 2 хонийг нь догол имээр имнэсэн байсан. Тэгээд би алдсан 19
хониноосоо 13 хонийг нь олж авсан. Би хонио хайгаад Отгонжаргал, Батдорж
нарынхаар орж сурсан чинь байхгүй гээд байсан. Би Дамдинпэрлий ахын хамт дутсан 19 тооны хонио хайгаад Отгонжаргал, Батдорж нарынхаар очиход гэртээ Отгонжаргал, Сэвжид, Батдорж нар нь байсан. Тэднийх ямаа нядалчихсан ямааныхаа гулуузнуудыг Сэвжидийн цагаан өнгийн Портер машин дээр ачсан, толгойнууд нь гэрийнх нь гадна хаяанд нь байсан... Бог малын зүсыг хэлэх боломжгүй, адуу мал байсан бол зүсийг нь нэрлэж болно. Манай хонины им нь зөв талын чих нь ухам цуулбар имтэй байдаг. Насыг нь тодорхой хэлэх боломжгүй байна, дан эр хонь байсан. 4-6 насны хонинууд байсан. Зүсийг нь мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-94, 2-р хх-ийн 98 хуудас/.

Хохирогч Д.Чулуунпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хамаатан болох Батбаяр гэх хүн Ховд аймаг руу үхэрийн наймаанд явдаг юм. Би Батбаярыг 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн орчимд Ховд аймаг руу үхэрт явахад нь би 5000000 төгрөг өгөөд үхэр захисан юм. Тэгээд Батбаяр нь Ховд аймаг руу яваад 7 хоногийн дараа ирсэн. Ямар ч байсан 2015 оны 10 дугаар сарын 23-24 шилжих шөнийн 01 цагийн орчимд ирсэн. Тэр шөнө хүйтэн бороотой байсан. Мөн гадаа 10 тооны үхэр буулгасан. Батбаярын буулгасан үхрийг машины гэрэлд харахад тод ягаан үнээ, хүрэн халзан шүдлэн хоёр тод харагдсан. Бусад нь бараан зүсмийн байсан болохоор сайн мэдэгдээгүй. Тухайн шөнө бороо орж байсан болохоор сайн анзаараагүй. Маргааш өглөө нь буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө босоод харахад урд шөнө нь Ховд аймгаас авч ирсэн үхэрнүүд гэрийн гадаа байгаагүй. Тэгээд өдрийн 12 цагийн орчимд бороо намдахаар нь явж хайхад Хашаат гэх газраас 7 тооны бяруугаа олсон. 2 тооны үнээ, 1 тооны шүдлэн байхгүй байсан. Гэрээсээ ойролцоогоор 3 км орчим явсан байсан. Түүнээс хойш 3 тооны үхрээ хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/,

Гэрч Ч.Сосорбурамын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Намайг эмнэлэгт хэвтэхээс өмнө 2015 оны 12 дугаар сарын 27-ны орчимд хонио тоолсон. Тэгэхэд бүрэн байсан. Тэгээд бор толгойтой хонь хээр эвэр нь цус болсон ганцаараа явж байхаар нь олж аваад манай нөхөр хонио тоолж үзэхэд 19 хонь алга байсан. Би эмнэлэгт 2016 оны 01 сарын 01-ний өдөр хэвтээд 01 сарын 06-ны өдөр гарсан юм. Тэр хооронд манай хонь алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/,

Гэрч Ч.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүргэн Батдорж 2015 оны 10 дугаар сард тусдаа гарсан. Манай хүргэн болоод 2 жил орчим болж байна. Батдорж нь төлөв даруу зантай, дуу цөөтэй, даруухан, хүнтэй элдэв юм яриад байдаггүй, зан ааш нь хувираагүй сайн хүн байгаа юм. Малд нүдтэй, ажилсаг, архи дарс огт хэргэлдэггүй, тамхи татдаггүй, хүнд тусархуу, элдэв юманд орооцолдоод байхаар хүн биш. Гадуур тэнээд байдаггүй. Одоо эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Хулгай хийгээд байхаар хүн биш. Яагаад ийм зүйлд холбогдсон талаар мэдэхгүй байна. Гэр орон, ах дүүгийнхээ дунд нэр хүнд сайтай, хэдэн малаа л гэж байдаг, их ажилсаг хүн байгаа юм. Урьд нь хэрэг төвөгт орж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, сайн хүн байгаа юм. Манай хүргэн Батдорж нь 4 ханатай, дан бүрээстэй гэрт эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. 20 орчим ямаа, 1 хонь, 2 адуутай. Өөр эд хөрөнгө гээд байхаар юм байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102 хуудас/,

  Гэрч С.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын эхээр манай 7 тооны ямаа алга болсон. Ойр хавийн айлаар сураад, саахалтын улсуудын малнаас хайгаад олоогүй. Тухайн үед манай саахалт байдаг Отгонжаргал, Батдорж, Сэвжид гэх хүмүүс ямаа гаргаад аймаг руу ачсан гэсэн. Мөн манай саахалт айлын Сэрсэндэмэдийн хонинуудыг ялгаж аваад баригдсан гэж байсан..." гэсэн мэдүүлэг  /хх-ийн 106 хуудас/,

  Гэрч Б.Чимгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...А.Сэвжид нь манай нөхөр. Г.Отгонжаргал, Г.Батдорж нар нь манай нөхөр Сэвжидийн ээжийнх нь төрсөн эгчийнх нь хүүхдүүд байгаа юм. Г.Отгонжаргал, Г.Батдорж нар нь төрсөн ах дүү хоёр байгаа юм. А.Сэвжид нь манай нөхөр болохоор би Г.Отгонжаргал, Г.Батдорж нартай садан төрлийн холбоотой...” /хх-ийн 112 хуудас/,

  Гэрч Д.Дамдинпэрлийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сард Сэрсэндэмэдийн мал алдсаны дараа би Сэрсэндэмэдтэй хамт Сэвжидийн гэрийн гадаа очсон. Бид хоёрыг очиход хэдэн ямаа гаргачихсан байсан. Тухайн үед Сэвжид Отгонжаргал нар байсан. Сэрсэндэмэдийн алдсан гэх хонинууд нь Отгонжаргалын дүү Батдоржийн хоньтой нийлчихсэн байсан. Сэрсэндэмэдийн 2 тооны хонины имийг нь өөрчилчихсөн байсан. Тэгээд бид хоёр Батдоржийн хониноос Сэрсэндэмэдийн гэх 12 тооны хонийг тууж ирсэн. Отгонжаргалын гадаа 4-5 ямаа байх шиг байсан. Би яг хэд байсан талаар нь санахгүй байна. Хоёр гурван бор зүстэй ямаа лав байсан. Эмийг нь сайн анзаараагүй. Эвэр нь дотор талдаа будагтай юм шиг харагдсан. Одоо сайн санахгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114 хуудас/.

   Гэрч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сард “Арвайн ширээ” төвд ажиллаагүй. Төв аймагт ногоон дээр ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын дундуур ирээд 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Манайх жил бүрийн 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл ажил зогсонги байдалтай байдаг учраас ноолуур гартал өдөр бүр ажиллаад байдаггүй юм. Би 2015 оны 10 дугаар сард ажиллаагүй болохоор 3 тооны үхрийн мах авч ирж зарсан талаар сайн мэдэхгүй байна. Харин 2016 оны 01 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн дугаартай, цагаан өнгийн машин манай хоршоонд орж ирснийг санаж байна. Гэхдээ юу тушаасан талаар санахгүй байна. Учир нь тэр үеэр ачаалал ихтэй байдаг болохоор тал тал тийшээ гүйгээд л байсан үе юм. Цагаан өнгийн портер маркийн машинтай хүмүүс юу өгснийг санахгүй байна. Ямар ч байсан бод малын мах өгөөгүй. Намайг ажиллах хугацаанд малын мах хямад байсан болохоор бод малын мах тэр бүр 2, 3-аараа орж ирээгүй. Богийн мах л орж ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121 хуудас/,

Гэрч Ө.Бөхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайд энэ өвөл бодын мах нэг дор 2, 3-аараа орж ирээгүй. Учир нь мах хямд байсан болохоор хүмүүс тэр бүр үхрээ нядалж зараагүй. 4 үхрийн мах орж ирснээс дандаа Баянгол сумын хүмүүс зарсан. Цагаан өнгийн портертой гээд байгаа хүмүүс үхрийн мах бол зараагүй. Баянхонгор аймгийн дугаартай машинтай хүмүүс ирж мах өгсөн талаар ч санахгүй байна. Мах өгсөн бол богийн мах л өгсөн байх. Бодын мах бол өгөөгүй. Намайг цагдаагаас дуудаж энэ талаар асуухад нь би ажилтан Алтанхуягаас асуухад тэр өвөл Баянхонгорын дугаартай цагаан өнгийн портер машинтай хүмүүс ирсэн, гэхдээ юу зарсныг нь санахгүй байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122 хуудас/,

Гэрч И.Занабазарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Гучин-Ус сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хайрхандулаан сумын иргэн Сэрсэндэмэд гэх хүнээс манайх 19 тооны хонь алдсан байсан чинь Баянхонгор аймгийн харъяат Батдорж гэх айлын маланд байна. Би авчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр мэдээллийг аваад Батдоржтой уулзаж биечилсэн сурвалжлага явуулахад Сэрсэндэмэдийн хониноос хонь авсан, мөн Үнэнбатынхаас 7 тооны ямаа авсан. Отгонжаргал ахыг бяруу хээр нядалчихсан байхад нь ачилцсан, тэдгээрийн махыг Сэвжид ахын цагаан өнгийн портер маркийн машинаар зөөж зарсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би Сэвжидтэй уулзаж Батдоржийн ярьсан зүйлийн талаар тодруулахад Сэвжид хэлэхдээ би Отгонжаргалын хамт явж байгаад 3 тооны үхэртэй таарсан. Түүнийг нядлаад аймагт аваачиж зарсан. Мөн Үнэнбатын малнаас 7 тооны ямааг авч нядлан Өвөрхангай аймгийн төв рүү авч явж зарсан гэж мэдүүлсэн. Сэвжидийн ярьсны дагуу шалгахад Хайрхандулаан сумын иргэн Чулуунпүрэв нь 3 тооны үхэр, Үнэнбат нь 7 тооны ямаа, Ганбаатар нь 1 тооны бяруу, Сэрсэндэмэд нь 19 тооны хонио алдсан болох нь тогтоогдсон. Сэвжидтэй уулзахад Чулуунпүрэвийн алдсан 3 тооны үхрийг нас, зүсээр нь хэлсэн. Би Хайрхандулаан сумын хэсгийн төлөөлөгч биш болохоор надад алдуул малын талаар ямар нэгэн бүртгэл байгаагүй. Энэ мэдээллийг аваад би хамгийн түрүүнд Сэвжид, Батдорж нартай уулзаж мэдээллийг аваад дараа нь малаа алдсан гэх хүмүүстэй уулзахад Сэвжид, Батдорж нарын ярьж байсан зүйлүүд болон алдсан малын өнгө, зүс тохирч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 123 хуудас/,

Шүүгдэгч А.Сэвжидийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4-р баг, Шанд гэх газарт Отгонжаргал бид хоёр мотоцикльтой явж байгаад 3 тооны үхэртэй таарсан. Тэр 3 үхрийг туугаад Баруун түрүүний тал явсан. Баруун түрүүний талд тэр 3 үхрийг нядалчихаад бид хоёр буцаад машинаа авчихаад нөгөө 3 үхрийг ачсан. Ачаад шууд Өвөрхангай аймгийн төв рүү явсан. Арвайхээр суманд ирээд “Баянширээ” гэх газарт борлуулсан. Нэг үхрийг 300000 төгрөгөөр бодож нийт 900000 төгрөгөөр зараад 40000 төгрөгийг түлшинд өгөөд бусдыг нь Отгонжаргал авсан. Дараа нь 2015 оны 12 сарын сүүлээр Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн иргэн Үнэнбатын 7 тооны ямааг Отгонжаргал бид хоёр тасдаж аваад гэрийнхээ гадна аваачаад гаргачихаад Өвөрхангай аймаг, Арвайхээр суманд аваачиж “Батширээд” 360000 төгрөгөөр өгсөн. Би 200000 төгрөгийг, Отгонжаргал 160000 төгрөгийг авсан. Бид хоёрын хулгайлдаг 3 тооны үхэр нь хар зүсмийн үнээ, ягаан зүсмийн үнээ, хүрэн халзан шүдлэн үхэр байсан. Ямаа нь 7-уулаа бүдүүн ямаа байсан. Би цагаан өнгийн Портер машинтай..." гэсэн тайлбар /хх-ийн 15 хуудас/,

Шүүгдэгч А.Сэвжидийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: "...Би гэрээсээ машинаа унаж ирээд нөгөө 3 үхрийн махыг ачсан. Тэгээд тэр үхэрнүүдийн махыг Ширээт төвд зарсан. Миний машин 10-80 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Портер машин байгаа юм. Отгонжаргал бид хоёр тэр 3 үхрийн махыг миний машинаар аймагт авч ирээд 900000 төгрөгнөөс өгсөн. Мөнгөний хэрэг болоод байхаар нь хулгай хийсэн нь үнэн..." гэсэн тайлбар /хх-ийн 16 хуудас/,

Шүүгдэгч Г.Батдоржийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: "...2015 оны 12 дугаар сард он гарахаас 3 хоногийн өмнө би явж байгаад манай саахалт айлын Үнэнбатын мал гэрийнхээ хойд талд байхаар нь 7 тооны шүдлэн ямаа тасдаж аваад Отгонжаргал ахынх руу туусан. Ахынд очоод 7 ямааг нядлаад Отгонжаргал ахынд тавьсан. Маргааш өглөө нь Отгонжаргал ах борлуулах гээд явсан. 2016 оны 01 дүгээр сарын 02-нд би явж байгаад саахалт айлын Цагаанаа гэх айлын хониноос 18 тооны хонь тасдаж аваад өөрийн хоньтой нийлүүлсэн. Нийлүүлснийхээ дараа өөрийн догол имтэй болгох гээд 2 хонь имнэсэн. 3 дахь хонийг имнэх гэтэл зугтаад алга болчихсон. Хонийг имнэх гэсэн боловч бор толгойтой хонийг хөөгөөд нилээн орой болчихсон. Тэгэхлээр нь имнэж чадалгүй үлдээсэн. Бас нэг эвэртэй хонь алга болчихсон байсан. Хулгай хийж үзмээр санагдаад байсан юм. Өмнө нь бол ах хамт хийлцээд өгөөдөх гээд байдаг байсан. ....Манайх Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 2010 онд Баянлиг сумаас шилжиж ирсэн. Одоо Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн “Бурхийн хуруу” гэх газар малаа маллаж байгаа. Манайхтай саахалт Цагаанаа, Үнэнбат, Ганбаатар зэрэг айлууд байдаг. Намайг 2015 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна Отгонжаргал ахын гэрт нь байж байхад Отгонжаргал ах гаднаас орж ирээд хоёулаа хамт юманд яваад ирье гэхээр нь Отгонжаргал ахын мотоциклийн араар сундлаад гэрээсээ баруун зүгт 10 орчим км зайд Баруун түрүү гэх газар очсон. Гэтэл тэнд нэг бяруу нядалсан бололтой арьс нь байхгүй бярууны мах нэг уутан дээр газар дэлгээд орхисон байсан. Харин хажууд нь цагаан өгийн портер машин байсан. Тэр машин Сэвжидийн машин юм шиг байсан. Харин машинд нь болон тухайн бярууны мах байсан гэх газар өөр хүн байгаагүй. Тэгээд Отгонжаргал ах бид хоёр тэр бярууны махыг тухайн газар байсан цагаан өгийн портер машинд ачсан. Тэр бярууны мах ямар учиртай бярууны мах байсныг мэдэхгүй. Отгонжаргал ах л юм ачилцаад өг гэхээр нь хамт явсан чинь хээр машины хажууд бярууны мах байсныг нь ачиж өгсөн. Тэгээд Отгонжаргал ах мах ачсан машиныг унаад баруун хойд зүг рүү чиглээд явсан. Би Отгонжаргал ахын мотоциклийг нь унаад гэртээ харьсан. Би Отгонжаргал ахтай хамт хулгай хийсэн зүйл байхгүй. Сүүлд сонсож байхад манай саахалт айл болох Чимэддоржийн Ганбаатарын бярууг манай ах хулгайлаад нядалсан юм шиг байна лээ. Тэрнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 31-ний 15 цагийн орчимд намайг хонио хариулаад явж байхад саахалт айл болох Цагаанаагийн хонь ойрхон бэлчиж байсан. Хонин дээр нь хүн байгаагүй болохоор нь 14 тооны хонь хулгай хийж хониноос нь тасдаад өөрийнхөө хонинд нийлүүлсэн. Тэгээд маргааш нь Цагаанаагийнхаас хулгай хийсэн 14 хонио эхнээс нь барьж аваад өөрийнхөө эмээр эмнэсэн. Хоёр хонь эмнэчихээд гурав дахь хонио эмнэх гэтэл алдсан. Тэр хонь гэр рүүгээ явчихсан. Дахиад нэг хонь барьж аваад эмнэх гэтэл бас алдсан. Тэр хонь бас гэр рүүгээ явсан. Тэгээд өөр хонь эмнээгүй орхисон. Намайг тэр хонийг эмнэх гэж байсан чинь эхнэр юун хонь эмнээд байгаа юм гэхээр нь би эхнэртээ ахын хонь байна. Ахын хонийг эмнэж байна гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь Цагаанаа манай хонинд хонь нь байгааг мэдчихээд 12 тооны хонио манай хониос аваад явсан. Өөр мал хулгайлсан зүйл байхгүй. Тэр цагаан өнгийн портер Сэвжидийн машинтай адилхан машин байсан. Отгонжаргал ахтай хамт бяруу хулгайлаагүй. Би тэр хонийг ганцаараа хулгайлсан. Цагаанаагийнхаас дан хар халзан зүстэй 14 тооны хонь хулгайлсан. Өөр хонь хулгайлаагүй. Цагаанаа хонио бүгдийг нь аваад явсан. Гэхдээ дахиад хонь нэхээд байгаа..” гэсэн тайлбар /хх-ийн 6-8 хуудас/,

Шүүгдэгч Г.Батдоржийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...2016 оны 01 сарын 02-ны өдөр би хонио хариулаад явж байсан чинь саахалт айл болох Сэрсэндэмэдийн хонь ойрхон бэлчиж байсан. Хонин дээр нь хүн байхгүй байхаар нь 14 тооны хонь хулгай хийж хониноос нь тасдаад өөрийнхөө хонинд нийлүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэвжид ямаа хийх гэсэн юм гэсэн. Тэгэхлээр нь би Сэвжидийн гэрт очоод ямаанаас нь хийлцсэн. Сэвжидийнд би 2 ямаа хийж өгсөн. Тэднийх нийт 7 ямаа хийсэн юм. Би Сэвжидийнд 1 бор, 1 шарга зэрэг 2 эвэртэй эр ямаа хийж өгсөн.

Сэвжидийн гадаа хийсэн 7 тооны ямаа хэний ямаа гэдгийг мэдэхгүй. Сэвжидийн
гадаа голдуу бор зүсмийн ямаа хийх шиг болсон. Би Цагаанаа гэж дууддаг
Сэрсэндэмэдийн хониноос хонь хулгай хийсэн нь үнэн. Би Сэвжидийн гадаа хийсэн 7 ямааг Үнэнбатын ямаа гэж мэдээгүй, Отгонжаргал ах Сэвжидийн 7 ямаа
байгаа юм гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-158 хуудас/,

Шүүгдэгч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би энэ айлуудын малыг хулгай хийгээгүй. Харин 2016 оны 01 дүгээр сарын эхээр Сэвжидийн гадаа 7 тооны ямаа нядалсан. Тэр ямаануудыг би Сэвжидийн ямаанууд гэж бодож байна. Сэвжидийн эмтэй ямаанууд байсан. Тэр ямаанууд буруу чих нь урдаасаа ухам эмтэй байсан. Тэр ямаанууд дунд нэг мухар бор ямаа, бор халзан ямаа, шарга цоохор ямаа зэрэг содон ямаанууд дотор нь байсан. Тухайн ямаанууд бүгд буруу талын эвэр дээрээ улаан будагтай байсан. Харин Д.Чулуунпүрэвийн үхэрнүүдийг хулгай хийгээгүй. Мөн Ганбаатарын бярууг хулгайлаагүй. Л.Үнэнбатын ямаануудыг ч хулгайлсан зүйл огт байхгүй. Г.Батдоржийг Сэрсэндэмэдийн хонийг хулгайлсан талаар мэдээгүй. Сүүлд нь сонссон. Яг хэдэн тооны хонь авсан талаар мэдэхгүй. Сэвжидийн гадаа 7 ямааг нь янзлаад дуусч байхад Сэрсэндэмэд, Пэрлэй гэж хүнтэй хамт Сэвжидийн гадаа ирээд хонио сураад байсан. Тэр хүмүүс ямар ямаа янзалсан талаар мэдэж байгаа байх гэж бодож байна. Би 2015 оны 10 дугаар сарын 08-ны орчимд Баянхонгор аймгийн төвд очоод 2015 оны 11 дүгээр сарын 20-нд буцаад гэртээ ирсэн. Тэр хооронд би Баянхонгор аймагт нүүрс зөөх гэж Сэвжидийн машиныг Баянтээгийн уурхай дээрээс 2015 оны 10 дугаар сарын 20-ны орчимд авсан байсан юм. Манай хөдөө гэр өвөлжөөндөө байсан. Харин Сэвжидийнх манай өвөлжөөнд ойрхон хөдөө байсан. Манай мал Сэвжидийнд байсан. Тийм болохоор Батдорж, Сэвжид хоёр худал мэдүүлэг өгсөн байна. Би айлын мал огт хулгайлаагүй. Тэр ямаануудыг нядалж байхад манай ээж Гантөмөр, Сэвжидийн эхнэр хүүхэд, манай эхнэр зэрэг хүмүүс байсан. Мөн манай дүү Батдорж ирсэн. Сүүлд нь Сэрсэндэмэд, Пэрлэй хоёр ирсэн. Өөр хүн байгаагүй. Тэр ямаануудаас нэг ямаа нь мухар бор ямаа, хүрэн халзан ямаа, шарга цоохор зэрэг содон ямаанууд байсан. Бусад ямаануудыг нь санахгүй байна. Би Баянхонгор аймгаас мотоциклиороо ирсэн. Тэгээд би Сэвжидийн машиныг унаад буцсан. Харин Сэвжид миний мотоциклийг унаад гэр рүүгээ буцсан. Тэр үед би Цолмон гэж найзтайгаа ирсэн. Сэвжид ганцаараа ирсэн. Сэвжидийн машиныг аваад би Баянтээгийн уурхайгаас нүүрс ачаад Баянхонгор орсон. Харин Баянхонгор аймгаас бол Дүгэнтийн уурхай хэд хэд явсан. Өөр ийш тийшээ авсан зүйл байхгүй. .....А.Сэвжидийн 5 тооны, миний 1 тооны, ээж Гантөмөрийн 1 тооны ямаанууд байсан. Нийт 7 тооны ямааг нядалж зарсан. Манай хязаалан насны, бор халзан, зүүн чих нь догол эмтэй ямаа байсан. Ээж Гантөмөрийн ямаа буруу, зөв чих хоёр нь догол эмтэй, шарга цоохор зүсмийн бүдүүн ямаа, Сэвжидийн ямаануудаас нэг нь мухар бор, гурван ямаа нь бор, нэг ямаа нь цагаан зүсмийн ямаанууд байсан. Би тэр малыг эмнээгүй. Батдорж л эмнэсэн байх. Би мэдэхгүй. ....Тэр нядалсан 7 тооны ямаагаа тэр өдөртөө буюу 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн төвд ирээд шууд Арвайн ширээ төвд зарсан. Сэвжидийн машинаар аймгийн төвд авч ирсэн юм. Арвайн ширээ төвд арьсыг нь махтайгаа хамт зарсан. Сэвжид 5 тооны ямаа борлуулж хивэг, тэжээл авч ирнэ гэхээр нь би ч гэсэн 1 тооны ямаа борлуулах талаар ярихад ээж Гантөмөр бас 1 тооны ямаа борлуулна гээд Сэвжидийн 5 тооны ямаан дээр 2 ямаа нэмээд 7 тооны ямаа болсон юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 162-166 хуудас/,

Шүүгдэгч А.Сэвжидийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийнхөө 5 ямааг Отгонжаргалын 1 ямаа, Отгонжаргалын ээжийнх нь 1 ямаа, нийлээд 7 тооны ямаа нядалсан. Намайг мал нядлахад Отгонжаргал, Отгонжаргалын эхнэр, манай эхнэр нар байсан. Тэгээд ямаа нядалж дуусч байхад Сэрсэндэмэд, Пэрлэйгийн хамт ирээд манайхаас хонь сураад явсан. Ямаагаа нядалчихаад тэр өдөртөө ямааныхаа махыг аймгийн төв оруулж Ширээт төвд авч ирж зарсан. Манай эхнэр Чимэгээ, Отгонжаргал бид гурав ирж махаа зарсан. Махаа нийтэд нь 300000 төгрөгөөр зарсан. Энэ долоон ямаа манай ямаанууд байсан. Ямаа, үхэр аль алиныг нь хулгайлсан зүйл байхгүй. Би өмнөх өгсөн тайлбартаа айж, сандраад худлаа хэлсэн юм. Одоо үнэн зөвөөр нь ярьж байна. Би дээрх ямаа, үхэрнүүдийг хулгайлаагүй. Хэсгийн төлөөлөгч И.Занабазар надаас тайлбар авахдаа нэг хар, нэг ягаан, нэг хүрэн халзан үхэр алдсан байна гэж хэлсэн юм. Тэгээд би ахмад Мягмарт өгсөн байцаалтанд И.Занабазарын хэлсэн малын зүсийг хэлсэн. Тэрнээс би алдагдсан гэх үхэрнүүдийг зүсээр нь мэдэхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 168-170 хуудас/,

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний "Ашид билгүүн"ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн № ӨВР/012, №ӨВР/013, №ӨВР/015 тоот үнэлгээний

хуудаснууд /хх-ийн 125-128 хуудас/.

Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №08/11 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 63-64 хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/63 дугаартай албан бичиг /хх-ийн 43 хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 72 хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 74 хуудас/,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 193-199 хуудас/,

Сэтгэцийн шинжээч эмчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ¹10 тоот дүгнэлтэнд: 1.Шинжлүүлэгч Г.Батдорж нь сэтгэцийн хувьд ямар нэг олдмол болон төрөлхийн өвчин эмгэггүй. 2.Шинжлүүлэгч Г.Батдорж нь сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэггүй. 3. 2015 оны 10-р сард буюу хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд эрүүл байсан. 4. Г.Батдорж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5.Г.Батдорж нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэжээ. /1хх-ийн 139 хуудас/,

Шүүгдэгч Г.Батдоржийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого /хх-ийн 171-174 хуудас/,

Шүүгдэгч А.Сэвжидийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас, гэрлэлтийн баталгаа, охин С.Номин-Үжингийн төрсний гэрчилгээ, Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого /хх-ийн 177-183 хуудас/,

Шүүгдэгч Г.Отгонжаргалын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2015 оны тооллого /хх-ийн 185-190 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг  “…шүүгдэгч А.Сэвжид нь Г.Отгонжаргалтай  бүлэглэн машин механизм хэрэглэж хохирогч П.Батбаярын 3 тооны үхрийг хулгайлаагүй,  мөн Г.Отгонжаргал, Г.Батдорж нартай бүлэглэж, давтан үйлдлээр хохирогч Үнэнбатын 7 тооны ямааг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч А.Сэвжид нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй  тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн  “шүүгдэгч Г.Батдорж нь Г.Отгонжаргал, А.Сэвжид нартай бүлэглэн Үнэнбатын 7 тооны ямааг хулгайлаагүй, хохирогч Сэрсэндэмэдийн 2 тооны хонийг имнэсэн, 19 тооны хонийг хулгайлаагүй, үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн “шүүгдэгч Г.Отгонжаргал нь 2015 оны 10 дугаар сараас 11 сарын 20-д хүртэл Баянхонгор аймагт байсан учир П.Батбаярын 3 тооны үхрийг хулгайлаагүй, мөн Г.Батдорж, А.Сэвжид нартай бүлэглэн хохирогч Үнэнбатын 7 тооны ямааг хулгайлаагүй, дээрх гэмт хэргийг үйлдээгүй тул  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэсэн хүсэлтүүдийг гаргасан,

шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид нар  нь хохирогч Батбаярын 3 тооны үхэр, хохирогч Үнэнбатын 7 тооны ямааг хулгайлаагүй, А.Сэвжидийн 5 тооны ямаа, Гантөмөрийн 1 тооны ямаа, Г.Отгонжаргалын 1 тооны ямааг гаргасан,  шүүгдэгч Г.Батдорж нь хохирогч Үнэнбатын 7 тооны ямаа, хохирогч Сэрсэндэмэдийн 19 тооны хонийг хулгайлаагүй, харин 2 хонийг имнэсэн  гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид, Г.Батдорж нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Үнэнбатын эзэмшлийн 7 тооны ямааг хулгайлж, 560000 төгрөгийн хохирол учруулсан,  шүүгдэгч Г.Батдорж нь давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан иргэн Б.Сэрсэндэмэдийн эзэмшлийн хониноос 19 тооны хонийг хулгайлж, 2660000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Адъяасүрэн нарын  хохирогч Л.Үнэнбатын 7 тооны ямаа, хохирогч Сэрсэндэмэдийн 19 тооны хонийг шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид, Г.Батдорж нар нь хулгайлаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Харин өмгөөлөгч П.Адъяасүрэн, Т.Оюунчимэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч А.Сэвжид, Г.Отгонжаргал нар нь бүлэглэн хохирогч П.Батбаярын 3 тооны үхрийг машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

            Учир нь Шүүгдэгч А.Сэвжидийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн  "...2015 оны 10 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4-р баг, Шанд гэх газарт Отгонжаргал бид хоёр мотоцикльтой явж байгаад 3 тооны үхэртэй таарсан. Тэр 3 үхрийг туугаад Баруун түрүүний тал явсан. Баруун түрүүний талд тэр 3 үхрийг нядалчихаад бид хоёр буцаад машинаа авчихаад нөгөө 3 үхрийг ачсан. Ачаад шууд Өвөрхангай аймгийн төв рүү явсан. Арвайхээр суманд ирээд “Баянширээ” гэх газарт борлуулсан. Нэг үхрийг 300000 төгрөгөөр бодож нийт 900000 төгрөгөөр зараад 40000 төгрөгийг түлшинд өгөөд бусдыг нь Отгонжаргал авсан” гэсэн тайлбар /хх-ийн 15 хуудас/,  мөн шүүгдэгч А.Сэвжидийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн "...Би гэрээсээ машинаа унаж ирээд нөгөө 3 үхрийн махыг ачсан. Тэгээд тэр үхэрнүүдийн махыг Ширээт төвд зарсан. Миний машин 10-80 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Портер машин байгаа юм. Отгонжаргал бид хоёр тэр 3 үхрийн махыг миний машинаар аймагт авч ирээд 900000 төгрөгнөөс өгсөн. Мөнгөний хэрэг  болоод хулгай хийсэн” гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бөгөөд эдгээр тайлбарыг  хэрэгт  байгаа бусад нотлох баримтаар давхар нотолж чадаагүй,  

            мөн гэрч Н.Алтанхуягийн “...Би 2015 оны 10 дугаар сард “Арвайн ширээ” төвд ажиллаагүй. Манайх жил бүрийн 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл ажил зогсонги байдалтай байдаг учраас ноолуур гартал өдөр бүр ажиллаад байдаггүй юм. Би 2015 оны 10 дугаар сард ажиллаагүй болохоор 3 тооны үхрийн мах авч ирж зарсан талаар сайн мэдэхгүй байна. Харин 2016 оны 01 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн дугаартай, цагаан өнгийн машин манай хоршоонд орж ирснийг санаж байна. Гэхдээ юу тушаасан талаар санахгүй байна. Учир нь тэр үеэр ачаалал ихтэй байдаг болохоор тал тал тийшээ гүйгээд л байсан үе юм. Цагаан өнгийн портер маркийн машинтай хүмүүс юу өгснийг санахгүй байна. Ямар ч байсан бод малын мах өгөөгүй. Намайг ажиллах хугацаанд малын мах хямд байсан болохоор бод малын мах тэр бүр 2, 3-аараа орж ирээгүй. Богийн мах л орж ирсэн байсан...” /хх-ийн 121/, гэрч Ө.Бөхболдын “... Баянхонгор аймгийн дугаартай машинтай хүмүүс ирж мах өгсөн талаар ч санахгүй байна. Мах өгсөн бол богийн мах л өгсөн байх. Бодын мах бол өгөөгүй. Намайг цагдаагаас дуудаж энэ талаар асуухад нь би ажилтан Алтанхуягаас асуухад тэр өвөл Баянхонгорын дугаартай цагаан өнгийн портер машинтай хүмүүс ирсэн, гэхдээ юу зарсныг нь санахгүй байна гэж байсан...” /хх-ийн 122/  гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч А.Сэвжидийн өгсөн дээрх тайлбарууд няцаагдаж байна.

     Иймд шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг “Шанд” гэх газраас иргэн П.Батбаярын эзэмшлийн 3 тооны үхрийг машин механизм хэрэглэн хулгайлж, 2200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч нотлоогүй, шүүгдэгч нарыг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх тул "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …..эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д  заасныг баримтлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

               Шүүгдэгч  А.Сэвжид,  Г.Отгонжаргал, Г.Батдорж нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Үнэнбатын эзэмшлийн 7 тооны ямааг хулгайлж, 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

               Мөн шүүгдэгч Г.Батдорж нь давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан иргэн Б.Сэрсэндэмэдийн эзэмшлийн хониноос 19 тооны хонийг хулгайлж, 2660000 /хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Л.Үнэнбатын "...Манай гэр Хайрхандулаан сумын 4 дүгээр багт байдаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны орчимд өөрийн малнаас 7 тооны ямаа хулгайд алдсан юм. Манай ямааг манайхтай саахалт нутагладаг Сэвжид нь хулгай хийгээд Отгонжаргалтай хамт нядлаад аймагт авч ирж зарсан сураг байна лээ. Голдуу улаан бор ямаанууд байгаа юм. Хоёр чих нь зөрүү ганзага имтэй ямаанууд байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр идшээ хийчихээд малаа тоолсон. Тэгэхэд бүрэн байсан юм. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тоолоход бүдүүн ямаанаас 7 дутсан байсан....” /хх-ийн 78-80/, хохирогч Б.Сэрсэндэмэдийн "...Манай гэр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багт байдаг юм. Манайх 2015 оны 12 дугаар сарын 27-ны орчим малаа тоолоход бүрэн байсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр чөдөртэй моринд явж байтал манай бор толгойтой эр хонь эвэр, чих нь цус болчихсон явж байхаар нь малдаа тууж авч ирсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр малаа тоолоход 19 тооны хонь дутсан юм.Тэр өдрөө Батдоржийн хонинд үзэхэд манай 12 тооны хонь байсан. Батдорж нь 12 тооны хониноос 2 хонийг нь догол имээр имнэсэн байсан. Тэгээд би алдсан 19 хониноосоо 13 хонийг нь олж авсан. Би хонио хайгаад Отгонжаргал, Батдорж нарынхаар орж сурсан чинь байхгүй гээд байсан. Би Дамдинпэрлий ахын хамт дутсан 19 тооны хонио хайгаад Отгонжаргал, Батдорж нарынхаар очиход гэртээ Отгонжаргал, Сэвжид, Батдорж нар нь байсан. Тэднийх ямаа нядалчихсан ямааныхаа гулуузнуудыг Сэвжидийн цагаан өнгийн Портер машин дээр ачсан, толгойнууд нь гэрийнх нь гадна хаяанд нь байсан..." /хх-ийн 91-94/,  гэрч Ч.Сосорбурамын "...Намайг эмнэлэгт хэвтэхээс өмнө 2015 оны 12 дугаар сарын 27-ны орчимд хонио тоолсон. Тэгэхэд бүрэн байсан. Тэгээд бор толгойтой хонь хээр эвэр нь цус болсон ганцаараа явж байхаар нь олж аваад манай нөхөр хонио тоолж үзэхэд 19 хонь алга байсан. Би эмнэлэгт 2016 оны 01 сарын 01-ний өдөр хэвтээд 01 сарын 06-ны өдөр гарсан юм. Тэр хооронд манай хонь алга болсон байсан..." /хх-ийн 101/,  гэрч С.Должинсүрэнгийн: "...2016 оны 01 дүгээр сарын эхээр манай 7 тооны ямаа алга болсон. Ойр хавийн айлаар сураад, саахалтын улсуудын малнаас хайгаад олоогүй. Тухайн үед манай саахалт байдаг Отгонжаргал, Батдорж, Сэвжид гэх хүмүүс ямаа гаргаад аймаг руу ачсан гэсэн. Мөн манай саахалт айлын Сэрсэндэмэдийн хонинуудыг ялгаж аваад баригдсан гэж байсан..." /хх-ийн 106/, гэрч Д.Дамдинпэрлийн "...2016 оны 01 дүгээр сард Сэрсэндэмэдийн мал алдсаны дараа би Сэрсэндэмэдтэй хамт Сэвжидийн гэрийн гадаа очсон. Бид хоёрыг очиход хэдэн ямаа гаргачихсан байсан. Тухайн үед Сэвжид Отгонжаргал нар байсан. Сэрсэндэмэдийн алдсан гэх хонинууд нь Отгонжаргалын дүү Батдоржийн хоньтой нийлчихсэн байсан. Сэрсэндэмэдийн 2 тооны хонины имийг нь өөрчилчихсөн байсан. Тэгээд бид хоёр Батдоржийн хониноос Сэрсэндэмэдийн гэх 12 тооны хонийг тууж ирсэн. Отгонжаргалын гадаа 4-5 ямаа байх шиг байсан. Би яг хэд байсан талаар нь санахгүй байна. Хоёр гурван бор зүстэй ямаа лав байсан. Эмийг нь сайн анзаараагүй. Эвэр нь дотор талдаа будагтай юм шиг харагдсан. Одоо сайн санахгүй байна..." /хх-ийн 113-114/, гэрч Н.Алтанхуягийн “....2016 оны 01 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн дугаартай, цагаан өнгийн машин манай хоршоонд орж ирснийг санаж байна. Гэхдээ юу тушаасан талаар санахгүй байна. Учир нь тэр үеэр ачаалал ихтэй байдаг болохоор тал тал тийшээ гүйгээд л байсан үе юм. Цагаан өнгийн портер маркийн машинтай хүмүүс юу өгснийг санахгүй байна. Ямар ч байсан бод малын мах өгөөгүй. Намайг ажиллах хугацаанд малын мах хямд байсан болохоор бод малын мах тэр бүр 2, 3-аараа орж ирээгүй. Богийн мах л орж ирсэн байсан...” /хх-ийн 121/, гэрч Ө.Бөхболдын “... Баянхонгор аймгийн дугаартай машинтай хүмүүс ирж мах өгсөн талаар ч санахгүй байна. Мах өгсөн бол богийн мах л өгсөн байх. Бодын мах бол өгөөгүй. Намайг цагдаагаас дуудаж энэ талаар асуухад нь би ажилтан Алтанхуягаас асуухад тэр өвөл Баянхонгорын дугаартай цагаан өнгийн портер машинтай хүмүүс ирсэн, гэхдээ юу зарсныг нь санахгүй байна гэж байсан...” /хх-ийн 122/ гэсэн мэдүүлгүүд, Хөрөнгө,  даатгалын хохирлын үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн № ӨВР/012, №ӨВР/013, №ӨВР/015 тоот үнэлгээний хуудаснууд /хх-ийн 125-128/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 72/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 74/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.Батдорж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь Сэтгэцийн шинжээч эмчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ¹10 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Отгонжаргал нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 cap 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 193-195/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар  /1хх-ийн 185/ тус тус тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Сэвжид, Г.Отгонжаргал нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Батдоржийг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүйг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Сэвжид, Г.Отгонжаргал, Г.Батдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, гэм хорын хохиролд шүүгдэгч А.Сэвжид, Г.Отгонжаргал, Г.Батдорж нараас тус бүр 186666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Үнэнбатад, шүүгдэгч Г.Батдоржоос 840000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сэрсэндэмэдэд тус тус олгож, хохирогч Л.Үнэнбатын нэхэмжилсэн эд зүйлийн үнэлгээ гаргуулсны төлбөр 20000 төгрөг, хохирогч Б.Сэрсэндэмэдийн эд зүйлийн үнэлгээ гаргуулсны төлбөр 20000 төгрөг, өмгөөллийн төлбөр 500000 төгрөг, нийт 520000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Сэвжид, Г.Отгонжаргал, Г.Батдорж нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэх шаардлагагүй, шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Сэвжидийн эзэмшлийн 10-80 БНХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 1 тооны үхэр, 3 тооны хонь, 34 тооны ямаа зэргийг, шүүгдэгч Г.Отгонжаргалын эзэмшлийн 074786 моторын дугаартай, 00466927 арлын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоцикль, 1 тооны адуу, 1 тооны үхэр, 21 тооны хонь, 133 тооны ямаа зэргийг, шүүгдэгч Г.Батдоржийн эзэмшлийн 1 тооны хонь, 17 тооны ямаа зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291.1, 292.2, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Отгонжаргал, Г.Батдорж, А.Сэвжид нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид нарыг бүлэглэн Өвөрхангай аймгийн Хайрхандулаансумын 4-р баг Шанд гэх газраас 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчим хохирогч П.Батбаярын 3 тооны үхрийг машин механизм хэрэглэн хулгайлж 2200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Хүүлүү овогт Гантөмөрийн Отгонжаргал, Хүүлүү овогт Амгаланбаярын Сэвжид нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Лхам овогт Гантөмөрийн Батдоржийг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Г.Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид нарт оногдуулсан тус бүр 4 сарын  хугацаагаар баривчлах ялыг, шүүгдэгч Г.Батдоржид оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг  тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид, Г.Батдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид, Г.Батдорж нараас тус бүр 186666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Үнэнбатад, шүүгдэгч Г.Батдоржоос 840000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сэрсэндэмэдэд тус тус олгож, хохирогч Л.Үнэнбатын нэхэмжилсэн хохирлоос 20000 төгрөг, хохирогч Б.Сэрсэндэмэдийн нэхэмжилсэн хохирлоос 520000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч А.Сэвжидийн эзэмшлийн 10-80 БНХ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн автомашин, 1 тооны үхэр, 3 тооны хонь, 34 тооны ямаа зэргийг, шүүгдэгч Г.Отгонжаргалын эзэмшлийн 074786 моторын дугаартай, 00466927 арлын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоцикль, 1 тооны адуу, 1 тооны үхэр, 21 тооны хонь, 133 тооны ямаа зэргийг, шүүгдэгч Г.Батдоржийн эзэмшлийн 1 тооны хонь, 17 тооны ямаа зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Отгонжаргал, А.Сэвжид, Г.Батдорж нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Отгонжаргал, А.Сэвжид, Г.Батдорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦЭЦЭГЭЭ