Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 98

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Дүрэн овогт Базарын Ганзоригт холбогдох эрүүгийн 201615000308 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1967 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикжуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр баг, ”Мааньт” гэх газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар баг, “Хүрэн толгой” гэх газар түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн 7 дугаар хэсгийн ардын шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 1/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Дүрэн овогт Базарын Ганзориг, /РД: ЙЛ67021731/

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Мягмарсүрэнтэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Б.Ганзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг болж байсан байх. Гэртээ байж байгаад гартал хажуу айлын хашаанд Б.Ганзориг ах, Баярсайхан хоёр машин дээрээс аргал буулгаж байсан. Тэгээд би хашааны хамар дээр гараад тэр хоёртой мэндэлсэн юм. Би Б.Ганзориг ахыг “эвэргүй янгир машин барьж ирээ юу” гээд тоглоом шоглоомоор хэлсэн. Тэгсэн Б.Ганзориг ах өмнөөс “дугуй хар малгай өмсдөг хэн бэ” гээл бид хоёр нэг нэгнийгээ шоглоол инээд болоод би хашаа даваад ороод ирсэн. Б.Ганзориг ахтай ойрын хэдэн жил тааралдаагүй болохоор ганц нэг шил архи уух уу гэж хэлсэн чинь Б.Ганзориг ах 5000 төгрөг өгсөн.  Тэгэхээр нь би Баярсайханы мотоциклийг унаад архинд яваад дэлгүүрээс нэг шил “Харзтай” нэртэй 0.5 литрийн архи авчирч Б.Ганзориг, Баярсайхан бид гурав хувааж уусан. Би дахиад нэг юм уух уу надад 4000 төгрөг байна гэсэн чинь Ганзориг 500 төгрөг нэмж өгсөн. Тэгээд би дэлгүүр рүү архинд явсан чинь архины мөнгө хүрэхгүй байхаар нь гэртээ ирээд хэвтэж байгаад хашааны том хаалга хаагаад гэр рүүгээ явж байтал хашааны завсраар Б.Ганзориг ах дуудаад архи авч ирнэ гээд байсан яасан бэ гэхээр нь мөнгө хүрээгүй гэж хэлсэн. Тэгсэн л Б.Ганзориг ах намайг чи ийм тулсан эр байсан юм уу гээд хэрүүл болсон. Нэг нэгнийгээ элдэв янзаар харааж зүхээл байсан. Тэгэхээр нь би хашаанд байсан хуучирсан унины мод аваад хашаа давж цохих гэтэл хашааны банзанд цохигдоод хугараад, хугарсан урд үзүүр нь Б.Ганзориг ахын дал мөр дээр нь цохисон байх, тэгсэн над руу Б.Ганзориг ах чулуу шидсэн чинь миний хажуугаар өнгөрөөд хашааны банз цохиж байсан. Би хашаа давж ороод хоорондоо барилцаж аваад миний толгойн ар хэсэгт л юм барьж байгаад цохиж байгаа юм шиг санагдсан. Тэгээд намайг газар унагааж гэдсэн дээр нэг удаа дэвссэн. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй. Нэг мэдсэн чинь манай сумын эмч, цагдаа ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч М.Саранчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр Мягмарсүрэн гараад явсан. Тэгээд би хүүхэд цэцэрлэгээс авах гээд төв рүү явсан юм. Тэгээд эргээд иртэл манай нөхөр согтуу байсан. Мягмарсүрэн биеэ засчихаад хашааны том хаалга хааж байгаа харагдсан. Тэгээд гэрийн зүүн талд хүнтэй юм ярьж байснааа гэнэт хэрэлдээд нэг нэгнийгээ элдэв үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь гэрээс гараад юу болоод байгаа юм гээд орилсон чинь манай нөхөр Мягмарсүрэн хашаа даваад орж байгаа харагдахаар нь араас нь гүйгээд хашааны завсраар хартал манай нөхөр нэг танихгүй хүнтэй барилцаж аваад манай нөхрийг газар унагаад гэдсэн дээр нь нэг дэвсэхээр нь хүн алчихлаа эмч, цагдаа дуудаарай гээд орилсон юм. Тэгтэл манай нөхрийг цохьсон хүн машинаа унаад яваад өгсөн. Хажууд нь байсан Баярсайхан манай нөхрийг хоёр гурван удаа сэгсэрч бос гээд байсан. Манай нөхөр босч чадахгүй байхаар нь хаяад явсан. Би нөхөр дээрээ ирээд цагдаад мэдэгдсэн, сумын эмч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Д.Баярсайханы хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10-р сарын 20-ны өдөр Сант сумын төвд байрлах жижиг гэртээ аргал түлээ ойртуулах санаатай байж байтал саахалтын ах Б.Ганзориг сумын төв явлаа гэхээр аргал түлээ ачаад яваад өгөөч гэсэн чинь тэгье гээд сумын төвд байдаг хашаандаа буулгаад Ганзориг ах машиныхаа торомзыг янзлаад би аргалаа буулгаад байж байтал хашаан дээр Мягмарсүрэн гарч ирээд мэндлээд Б.Ганзориг ахыг эвэргүй янгир машин унадаг болоо юу гээд янз янзаар хэлээд  байсан. Тэгсэн Б.Ганзориг ах ахаараа бага тоглоорой доо  гэж хэлж байсан.  Удалгүй Мягмарсүрэн хашаа давж орж ирээд тэр хоёр хоорондоо юм яриад байсан. Тэгтэл Мягмарсүрэн над дээр ирээд мотоциклио өгчих гарчаад ирье гэхээр нь мотоциклио өгөөд явуулсан. Удалгүй орж ирээд манай жижиг гэрт ороод намайг дуусан юм. Тэгсэн нэг шил архи Мягмарсүрэн гаргаад ирсэн. Ганзориг, Мягмарсүрэн бид гурав хувааж уусан юм. Ууж дуусаад би аргалаа буулгасан тэр хоёр л юм яриад л хоцорсон. ... Б.Ганзориг, Мягмарсүрэн нар хашааны наана цаанаас хэрэлдээд байсан. Хашааны цаанаас Мягмарсүрэн унины модоор мөр лүү нь Ганзориг ахыг цохитол хоёр хугараад ойчиж байгаа харагдсан. Мягмарсүрэн хашаа давж ирээд Ганзориг ахын мөрөн дээрээс хоёр гараараа бариад авч доор нь өнхөрөөд ойчсон. Та хоёр болиоч гээд өмнөөс очоод Ганзориг ахыг мөрөн дээрэээс нь татаад босгох гэтэл Мягмарсүрэнгийн гэдсэн дээр дэвссэн. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ? хүн аллаа гэж хэлсэн чинь Мягмарсүрэн хэвтээд байхаар нь би өндийлгөж суулгасан.  Удалгүй Б.Ганзориг ах эхнэрийн хамт явсан. Би араас нь Мягмарсүрэнг эхнэрийн хамт үлдээгээд эхнэр болох Цэцэгмаагийн хамт мотоциклио унаад хөдөө  явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Цэцэгмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...  Сант сумын төвд байрлах хашаандаа  саахалтын Б.Ганзориг ахаар аргал буулгуулсан юм. Тэгээд аргалыг манай нөхөр буулгаад би аргалаа дээш нь шууж, Ганзориг ах машиныхаа торомзыг янзлаад машин доогуураа байж байтал Мягмарсүрэн хашаан дээр гарч бид хэдтэй мэндлээд Б.Ганзориг ахыг эвэргүй янгир машин унадаг болоо юу гээд янз янзаар хэлээд  байсан. Ганзориг ах ахын дүү битий тэгээ гэсэн чинь Мягмарсүрэн дахиад л үгээ хэлээд байсан. Удалгүй Мягмарсүрэн хашаа даваад ороод ирж байсан Ганзориг ахтай л юм ярьж байснаа манай нөхрийн мотоциклийг унаад явж байгаа харагдсан. ...Мягмарсүрэн, Ганзориг тэр хоёр гэрт Харзтай архины шил тавьсан хоорондоо юм яриад л сууж байсан. ...Удалгүй хашааны наана цаанаас л Мягмарсүрэн Ганзориг ах хоёр л хэрэлдээд байсан юм. Тухайн үед би гэртээ байсан. Гэрээс гараад иртэл Хашааны цаанаас Мягмарсүрэн унины модоор Ганзориг ахын мөр лүү нь цохиод авсан чинь мод нь хоёр хугараад ойчиж байгаа харагдсан. Тэгсэн л Мягмарсүрэн хашаа давж ирээд Ганзориг ахтай барилцаад авч байгаа харагдсан. Уртаа эгч манай нөхрийг тэр хоёрыг салгаарай гэж байсан. Тэгээд удалгүй гараад ирсэн чинь хүн алчилаа энэ тэр гээд Мягмарсүрэнгийн эхнэр нь орилж хашиграад байсан. Мягмарсүрэн өндийгөөд суусан байсан, Ганзориг ах машинаа ухраагаад эхнэрийн хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №332 тоот: “...Д.Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, дух толгойн дагзны хэсэгт шарх зүүн гар, зүүн ташаанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар Эрүүл мэнд түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хууудас/,

Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Ганзоригийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48-51, 73-74, 77-78 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,  

Шүүгдэгч Б.Ганзоригийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 40-41, 45-47 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багийн нутаг дэсвгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Мягмарсүрэнтэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Мягмарсүрэнгийн “.... Би дахиад нэг юм уух уу надад 4000 төгрөг байна гэсэн чинь Ганзориг 500 төгрөг нэмж өгсөн. Тэгээд би дэлгүүр рүү архинд явсан чинь архины мөнгө хүрэхгүй байхаар нь гэртээ ирээд хэвтэж байгаад хашааны том хаалга хаагаад гэр рүүгээ явж байтал хашааны завсраар Б.Ганзориг ах дуудаад архи авч ирнэ гээд байсан яасан бэ гэхээр нь мөнгө хүрээгүй гэж хэлсэн. Тэгсэн л Б.Ганзориг ах намайг чи ийм тулсан эр байсан юм уу гээд хэрүүл болсон. Нэг нэгнийгээ элдэв янзаар харааж зүхээл байсан. Тэгэхээр нь би хашаанд байсан хуучирсан унины мод аваад хашаа давж цохих гэтэл хашааны банзанд цохигдоод хугараад, хугарсан урд үзүүр нь Б.Ганзориг ахын дал мөр дээр нь цохисон байх, тэгсэн над руу Б.Ганзориг ах чулуу шидсэн чинь миний хажуугаар өнгөрөөд хашааны банз цохиж байсан. Би хашаа давж ороод хоорондоо барилцаж аваад миний толгойн ар хэсэгт л юм барьж байгаад цохиж байгаа юм шиг санагдсан. Тэгээд намайг газар унагааж гэдсэн дээр нэг удаа дэвссэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч М.Саранчимэгийн “...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...Мягмарсүрэн биеэ засчихаад хашааны том хаалга хааж байгаа харагдсан. Тэгээд гэрийн зүүн талд хүнтэй юм ярьж байснааа гэнэт хэрэлдээд нэг нэгнийгээ элдэв үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь гэрээс гараад юу болоод байгаа юм гээд орилсон чинь манай нөхөр Мягмарсүрэн хашаа даваад орж байгаа харагдахаар нь араас нь гүйгээд хашааны завсраар хартал манай нөхөр нэг танихгүй хүнтэй барилцаж аваад манай нөхрийг газар унагаад гэдсэн дээр нь нэг дэвсэхээр нь хүн алчихлаа эмч, цагдаа дуудаарай гээд орилсон юм. Тэгтэл манай нөхрийг цохьсон хүн машинаа унаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Д.Баярсайханы “...Б.Ганзориг, Мягмарсүрэн нар хашааны наана цаанаас хэрэлдээд байсан. Хашааны цаанаас Мягмарсүрэн унины модоор мөр лүү нь Ганзориг ахыг цохитол хоёр хугараад ойчиж байгаа харагдсан. Мягмарсүрэн хашаа давж ирээд Ганзориг ахын мөрөн дээрээс хоёр гараараа бариад авч доор нь өнхөрөөд ойчсон. Та хоёр болиоч гээд өмнөөс очоод Ганзориг ахыг мөрөн дээрэээс нь татаад босгох гэтэл Мягмарсүрэнгийн гэдсэн дээр дэвссэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Ц.Цэцэгмаагийн “...Удалгүй хашааны наана цаанаас л Мягмарсүрэн Ганзориг ах хоёр л хэрэлдээд байсан юм. Тухайн үед би гэртээ байсан. Гэрээс гараад иртэл Хашааны цаанаас Мягмарсүрэн унины модоор Ганзориг ахын мөр лүү нь цохиод авсан чинь мод нь хоёр хугараад ойчиж байгаа харагдсан. Тэгсэн л Мягмарсүрэн хашаа давж ирээд Ганзориг ахтай барилцаад авч байгаа харагдсан. Уртаа эгч манай нөхрийг тэр хоёрыг салгаарай гэж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №332 тоот дүгнэлт /хх-ийн 31/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 15-16/, Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 42-43/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 44/, Шүүгдэгч Б.Ганзоригийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Ганзоригт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Б.Ганзориг нь Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байгаад 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дурьдаж байна.

Шүүгдэгч Б.Ганзориг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар чулуу 1 ширхэг, 2 ширхэг унины хугархай мод хураагдаж ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Б.Ганзоригийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоцикль битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурьдав.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дүрэн овогт Базарын Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Дүрэн овогт Базарын Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхэг, 2 ширхэг унины хугархай мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Ганзоригийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоцикль битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганзоригт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ганзоригт    урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР