Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2023/0080/Э |
Дугаар | 2023/ШЦТ/81 |
Огноо | 2023-04-13 |
Зүйл хэсэг | 24.5.1., |
Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгино хайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000188 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар: *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр******* аймгийн******* суманд байрлах Баруун бүс төвийн гаднаас үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 2 ширхэг алтайн хойлог шувуу худалдан авч, түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл******* аймгийн******* сумын 1 дүгээр баг Баянхошуу 2-222 тоот хаягт хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Манай эхнэрийн төрсөн ахын бие нь муудаад хэвтэрт орчхоод бие нь цоорсон хэцүү байсан. Тэгээд хойлгийн мах сайн гэхээр нь олоод өгчих юм сан гээд бодож байсан. Баруун бүс худалдааны төвийн гадна зогсож байхад нэг хүн ирээд хойлгийн мах авах уу гэхээр нь авчихсан чинь ийм зүйл болчихлоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
....Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед******* аймгийн орон нутгийн тээвэр хийдэг тээврийн хэрэгслүүд зогсдог зогсоол болох Баруун бүсийн худалдааны төвийн хашаанд******* сумаас авч ирсэн зорчигчдоо буулгаад хоол идэх гээд хашааны урд захад нь машинтайгаа ганцаараа зогсож байхад нэг хөдөөний хүн ирээд шувуу авах уу? гэж асуухаар нь сонирхоод ямар шувуу, хэдээр зарах уу гэж асуухад тэр залуу хойлог байна 1 ширхэг нь 100,000 төгрөгөөр зарна. Та хоёуланг нь авчих үнээ буулгаа нэг ширхэгийг нь 80,000 төгрөгөөр өгчих гэж ярилцаж байгаад 1 ширхгийг 90,000 төгрөгөөр тохиролцсон. Тэгээд 1-2 минутын дараа нөгөө залуу цагаан шуудайд хийсэн, монгол дээлийн гадуурх хүрмэнд боосон бариад миний машинд дээр ирсэн. Тэгээд машины заалны хаалгаар өөрөө авч орж ирээд уутнаас нь гаргаж 2 шувуугаа үзүүлсэн. Би алтайн хойлог шувууг таньдаг болохоор хараад мөн болохоор нь тохиролцсон 180,000 төгрөгөө бэлнээр өгөөд нөгөө залуу шувуугаа урд суудал доогуур хийчихсэн. Тэгээд******* сум руу явах хүмүүсээ суулгаад 17-18 цагийн үед шууд гарсан. Тухайн 2 шувууг******* аймгийн******* сум нэгдүгээр баг Баянхошуу 2-222 тоот гэртээ авч ирээд гэрийнхээ арын амбаарт хадгалж байгаад 2022 оны 12 дугаарын 30-ны өдөр *******ид өгч явуулсан. Тухайн 2 шувууг худалдан авах, хадгалахдаа зохих албан тушаалтан, байгууллагаас зөвшөөрөл аваагүй, надад алтайн хойлог шувууг худалдан авах, хадгалах гэрээ, зөвшөөрөл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр 4 дэх хэсгийн 2-р заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
Би******* аймгийн******* суманд амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 09 цагт би*******ын******* сумаасаа Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн 85-10 БНХ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслээр гарахаар болсон. Намар 08-09 дүгээр сард******* сумаас өөрөө агнасан 18 ширхэг тарвагыг хамаатан садандаа өгөх гээд авсан. Манай хажуу айлын Болдбатаар надад хот оруулаад хүүхдэд маань өгчих гээд жижиг хайрцагтай зүйл өгсөн. Би юу байгааг нь мэдээгүй асуугаагүй. Тэгээд 22 цагийн үед Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22-н товчоог орж ирж байгаад товчоон дээр цагдаа нар миний машиныг шалгахад 18 ширхэг тарвага болон, хөрш *******ын өгсөн хайрцаг дотроос 2 ширхэг шувуу гарч ирсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 34/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
Би ажил үүргийн батлагдсан хуваарийн дагуу Эмээлтийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байхад 2 цагийн орчим 85-10 БНХ улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээр иргэн ******* нь ганцаараа Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон байж болох 2 бодгаль алтайн хойлог шувуу, 18 бодгаль тарвага тээвэрлэж явсныг зогсоож саатуулан 102 дугаарт дуудлага өгч Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Э.Батгүндэгмаад 2 бодгаль алтайн хойлог шувууг 18 бодгаль тарвагыг Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн егсөн. Тухайн үед зөвшөөрөл холбогдох бичиг баримт байгаагүй. Миний ажил үүрэг бол батлагдсан хуваарийн дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг хотыг тойрсон тодорхой шалган нэвтрүүлэх цэг товчооны тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнд хяналт тавьдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 209 дугаартай
Шинжилгээнд ирүүлсэн 2 бодгаль шувуу нь нэг төрөл, нэг зүйлийн эм, эр хүйстэй Алтайн хойлог-Tetraogallus altaicus, /Gebler, 1836/ байна.
Алтайн хойлог- Tetraogallus altaicus, /Gebler, 1836/ нь Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номонд орсон зүйл... гэх дүгнэлт /хх-ийн 51-52/,
2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн мөрдөгч Б.Мөнхзаяагийн магадлагаа
1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний лабораторийн шинжээч, Байгаль орчныг хамгаалах технологич мэргэжилтэй, доктор цагдаагийн дэслэгч С.Дорждэрэмийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 209 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 1 -т: Шинжилгээнд ирүүлсэн 2 бодгаль шувуу нь нэг төрөл, нэг зүйлийн эм, эр хүйстэй Алтайн хойлог Tetraogallus altaicus, /Gebler, 1836/ байна.
2 Экологи эдийн засгийн үнэлгээ нь 260 000 төгрөг байна.
3 Шинжилгээнд ирүүлсэн 2 бодгаль шувуу нь бие гүйцсэн байна.
4 Алтайн хойлог Tetraogallus altaicus, /Gebler, 1836/ нь ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номонд орсон зүйл байна.
5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-нь өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 110 дугаарт бүртгэгдсэн Алтайн хойлог шувууны экологийн эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон гэснийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2-т зааснаар амьтны аймаг- учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар заасан байх тул экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 130 000*2=260 000 төгрөг хоёр зуун мянган төгрөг байгаль орчинд учруулсан хохирол 260 000 төгрөг /260 000*2 =520 000 таван зуун хорин мянган төгрөг өөр тогтоох нь зүйтэй... гэх магадлагаа /хх-ийн138-139/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 61-67/ тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 75/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78/, депозит дансны хуулганууд /хх-ийн 87-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 98/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б-г 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр******* аймгийн******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүс” худалдааны төвийн гаднаас үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 2 ширхэг алтайн хойлог шувуу /эр, эм хүйс/ худалдан авч, түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл******* аймгийн******* сумын 1 дүгээр багийн Баянхошуу 2-222 тоот хаягт хадгалсан, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 520000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч *******ыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр******* аймгийн******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүс” худалдааны төвийн гаднаас үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 2 ширхэг алтайн хойлог шувуу /эр, эм хүйс/ худалдан авч, түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл******* аймгийн******* сумын 1 дүгээр багийн Баянхошуу 2-222 тоот хаягт хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын ... алтайн хойлог шувууг таньдаг болохоор хараад мөн болохоор нь тохиролцсон 180,000 төгрөгөө бэлнээр өгөөд авсан,....******* сум руу явах хүмүүсээ суулгаад 17-18 цагийн үед шууд гарсан. Тухайн 2 шувууг******* аймгийн******* сум нэгдүгээр баг Баянхошуу 2-222 тоот гэртээ авч ирээд гэрийнхээ арын амбаарт хадгалсан....... мэдүүлэг /хх-ийн 67-69/,
хохирогч байгууллагын төлөөлөгч *******ийн .... амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...мэдүүлэг /31-32/,
Гэрч *******ийн ... Манай хажуу айлын Б.Болдбатаар надад хот оруулаад хүүхдэд маань өгчих гээд жижиг хайрцагтай зүйл өгсөн,.... хайрцаг дотроос 2 ширхэг шувуу гарч ирсэн...мэдүүлэг /хх-ийн 34/,
гэрч ийн .... 85-10 БНХ улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээр иргэн ******* нь ганцаараа Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон байж болох 2 бодгаль алтайн хойлог шувуу, 18 бодгаль тарвага тээвэрлэж явсныг зогсоож саатуулан...мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 209 дугаартай .... 2 бодгаль шувуу нь нэг төрөл, нэг зүйлийн эм, эр хүйстэй Алтайн хойлог-Tetraogallus altaicus, /Gebler, 1836/ байна, экологи-эдийн засгийн үнэлгээ нь 260 000 төгрөг байна....дүгнэлт/хх-ийн 51-52/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Сонгино хайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, 4 дэх хэсэгт “.....энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтоо...” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтад “.....амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.... гэж тус тус хуульчилсан бөгөөд тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тооцож нөхөн төлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1-р хавсралтын ....Алтайн хойлог-Tetraogallus altaicus / Gebler 1836/ багтсан... амьтны эклогои- эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Алтайн хойлог эр, эм хүйс хамаарахгүйгээр нэг толгойд 130.000 төгрөгөөр тогтоосон байна.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох алтайн хойлог шувууг нэг бүрийг экологи-эдийн засгийн үнэлгээ нь 130000 төгрөг нийт 260000 төгрөгөөр үнэлэгдсэн ба амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 520000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч ******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд 520000 төгрөгийг тушааж, хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /Баянхонгор аймгийн Тасан ХХК-д жолоочоор ажилладаг буюу орон нутгийн тээвэрт явдаг, сарын тогтмол 1000000 төгрөгийг орлоготой, хувьд ногдох хөрөнгөтэй буюу хашаа байшин, машинтай/, ажил хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА