Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/02629

 

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/02629

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.ф ХХК

Хариуцагч: Ц. Э

Зээлийн гэрээний үүрэгт 154,583,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018.06.08-нд 95 сая төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байгаа. Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулсан өдрөө хариуцагчийн Хаан банкны дансанд зээлийг олгосон. Гэрээний дагуу хариуцагч 2018.06.08, 2018.07.08-нд зээлийн хүүг төлөөд 9 сарын 8-ны өдөр зээлийн хүү болон үндсэн зээлийг бүхэлд нь төлөхөөр тохирсон.

Гэтэл хугацаандаа төлбөрөө төлөөгүй ба хариуцагч Ц.Э зээл авахдаа бетон зуурмагийн компанитай эндээсээ үл хөдлөх хөрөнгийг бартераар авдаг гээд, яагаад хугацаа өнгөрсөн бэ гэхээр олон удаа мессеж бичиж, утсаар ярьсан байдаг. Энэ хугацаанд бетон зуурмагаа борлуулаад хэд хэдэн байр бартердсан энийг зарж борлуулахаар Ремакс ХХК-тай гэрээ хийсэн байгаа. Үүнийгээ зараад зээлээ бол бүрэн төлнө гэж хэлдэг. төлбөрөө төлнө гэдэг байсан. Иймд зээл 95,000,000 төгрөг, хүү 51,553,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,030,666 төгрөг, нийт 154,583,999 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.фББСБ ХХК, хариуцагч Ц.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 154,583,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож, төлөөлөгч мөн өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.фББСБ ХХК, хариуцагч Ц.Э нар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18/54 тоот Зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 95,000,000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлжээ. Мөн өдрийн 18/053 тоот Хөрөнгө барьцаалах гэрээгээр хариуцагч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Их тойруу гудамж ******* тоотод орших улсын бүртгэлийн ******* дугаартай 140.64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 95,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Эын ХААН банкин дахь ******* тоот шилжүүлсэн тухай тайлбарлаж, мөнгөн шилжүүлгийг баримтыг нотлох баримтаар гаргасан нь нэхэмжлэгч гэрээнд заасан хэмжээгээр, тус хугацаанд зээлийг олгосон гэж үзнэ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцож татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн тооцооллыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт гэсэн баримтаар хариуцагч зээл, зээлийн хүү төлөөгүй тухай тайлбарлаж, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч зээл төлсөн үйл баримт тогтоогдоогүй. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.2, 6.2-т заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоход хариуцагч үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй. Хариуцагч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлээ гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй нь хэтэрсэн хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт зээлийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Ц.Эаас зээлийн гэрээний үүрэгт 154,583,999 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.фББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж буй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т нийцсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Гэрээг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг тул хариуцагч, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Их тойруу гудамж ******* тоотод орших улсын бүртгэлийн ******* дугаартай 140.64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаяр 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мөн 10 дугаар сарын 01-ны өдрийн товд гарын үсэг зурж баталгаажуулан товд гарын үсгээ зурсан боловч мөн хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч тал шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлт гаргасныг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эаас 154,583,999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.фББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Э шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Их тойруу гудамж ******* тоотод орших улсын бүртгэлийн ******* дугаартай 140.64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,001,070 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Эаас 1,001,070 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Л.фББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ