Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 115/ШШ2021/0011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Б-ийн М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Д аймгийн ... сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар хариуцагчаас гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М би 2019.02.28-2021.04.26-ны өдөр хүртэл сумын Засаг даргын Тамгын газарт Худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн дагуу худалдан авах ажиллагаагаа цаг хугацаанд нь зарлаж, журмын дагуу тендерийн баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангах болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Миний ажлын байрны чиг үүрэгт төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, хөрөнгө оруулалтын талаар баримтлах хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, аргазүйн дэмжлэг, гүйцэтгэлийн үр дүнг хөгжлийн бодлогын тасгийн даргын өмнө хариуцах чиг үүрэгтэй ажилладаг.

Гэтэл ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар надад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Тус шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох гомдлоо Төрийн албаны зөвлөлийн Д аймаг дахь салбар зөвлөлд гаргасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан журмын 8.2-т заасны дагуу шууд шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр заасан тул ийнхүү шүүхэд гомдлоо гаргаж байна.

Төрийн албанаас халагдсан сахилгын шийтгэлийг дараах үндэслэлээр хууль бус ногдуулсан гэж үзэж байна. Үүнд:

Нэг. “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан” гэх тухайд 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан нь дан ганц надад хамааралгүй билээ. Учир нь жил бүр “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд ОНХС-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын бүх сум, дүүргүүдэд Сангийн яамнаас жилийн гүйцэтгэлийн үнэлгээг хийдэг. Уг үнэлгээ нь 6 бүлэг, 34 үзүүлэлтээр шалгагдаж хийгддэг. Үүнд: 1. Олон нийтийн оролцоо, 2. Төлөвлөлт, З. Ил тод байдал, 4. Гүйцэтгэл, 5. Хяналт шинжилгээ үнэлгээ, 6. Өмчийн удирдлага гэсэн 6 бүлэг нь дотроо маш нарийвчилсан 34 шалгуур үзүүлэлт болон задарч үнэлэгддэг юм. Хамгийн гол нь уг шалгалтад сумын Засаг даргын Тамгын газрын олон төрлийн үйл ажиллагаа төдийгүй маш олон албан хаагчид хамрагдаж, тэдгээрийн нийлмэл үйл ажиллагаанаас хамааралтай байдаг. Үүнтэй холбогдуулан жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд 2021 оны санхүүжилтээс хасагдах гол шалтгаан нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь удаа дараа 2 жил дараалан Хурлын тэмдэглэл хөтлөөгүй, баримтжуулаагүй, түүнийгээ гаргаж өгөөгүй.

2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хяналтын хороо удаа дараа сумын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, хяналтын тайлан гаргаагүй.

3.Багийн Засаг дарга нарын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шийдэх төсөл, арга, хэмжээний төлөвлөлт хангалтгүй байсан.

4.ОНХС-ийн журамд заагдсан хориотой буюу зөвшөөрөгдөхгүй чиг үүргийг төлөвлөлтөд оруулан эрэмбэлж сумын ИТХ-аас төлөөлөгчид өөрсдөө баталж, ОНХС-ийн хөрөнгийг зарцуулж байсан зэрэг шалтгаануудын улмаас уг шалгалтын үр дүнгээр ... сумын ОНХС-д жилийн гүйцэтгэлийн урамшуулал 2021 онд олгогдоогүй билээ. Иймд энэ нь миний үйл ажиллагаанаас шалтгаалсан хэрэг огт биш гэж үзэж байна.

Хоёр. “Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан” гэх тухайд жил бүр Төсвийн тухай хуулийн дагуу сумын төсвийг сумын ИТХ-аас баталдаг бөгөөд, төсөв баталсан тогтоолд тусгагдсан төсөл, арга хэмжээний төсөв болон тендерт шалгарсан үнийн дүн 2-ын зөрүү гардаг. Энэхүү зөрүүг жилийн эцэст тооцож, Санхүү, төрийн сангийн хэлтсээс дараа жилийн тухайн сумын төсөвт буюу ОНХС-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар төсөвт тусгаж олгодог. Энэхүү тооцооллыг миний бие албан үүргийн дагуу гаргаж өгөхдөө ... сумын төсөвт шилжиж ирснийг мэдээгүй бөгөөд шилжиж ирсэн гэдгээр тооцоог хийж өгсөн юм. Энэхүү төсвийн төслийг миний дээд шатны удирдлага болох сумын төсвийн орлого зарлага, бүх санхүү, төсвийг хянах үүрэг бүхий сумын ЗДТГ-ын төрийн сангийн дарга хянах үүрэгтэй төдийгүй, дараагийн шатны дарга нар, сумын ЗДТГ-ын дарга, сумын Засаг дарга нар ч нягталж үзэж төсвийн төслийг бэлэн болгож сумын ИТХ-д өргөн барьсан билээ. Өөрөөр хэлбэл уг төсвийн тооцооллыг ганц миний бие хийгээгүй бөгөөд сумын засаг дарга, багийн засаг дарга нар, тасгийн дарга, төрийн сангийн дарга гэх мэт албан хаагч нартай засаг даргын өрөөнд хамж сууж гаргасан тооцоолол юм. Уг тооцооллыг гаргаж дууссаны дараа сумын ЗДТГ-ын Төрийн сангийн дарга хянаж, дараагийн дарга нар баталгаажуулж эцсийн байдлаар сумын ИТХ-д өргөн барьснаар уг төсөв батлагдсан байдаг. Миний хувьд худалдан авах ажиллагааг хариуцах үндсэн үүрэгтэй болохоос төсөв баталдаг эрх бүхий албан тушаалтан биш билээ. Гэтэл одоо энэхүү тооцоолол буруу байсан гэдэг асуудалд дан ганц намайг буруутган энэхүү төрийн албанаас халах шийдвэрийн үндэслэл болгож байгаад гомдолтой байна.

Гурав. ОНХС-ийн 2020 оны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн зардлыг буруу тооцож илүү санхүүжилтийг “Миний ...” ХХК-д олгосон гэх тухайд “Миний-...” ХХК-нд 2020 онд 2,198,927.70 төгрөгийн санхүүжилт илүү шилжигдсэн байсан нь Аудитын шалгалтаар илэрсэн тул миний бие тухайн компанитай хийсэн тооцоо буруу байснаа мэдэж, тооцоо нийлсний дагуу 2021.01.20-ны өдөр залруулгаар ОНХС-ийн 100061352400 дансанд буцаан төвлөрүүлсэн. Энэ нь санаатай үйлдэл байгаагүй бөгөөд тооцооллын алдаа байсан. Аудитын байгууллагын эцсийн дүгнэлтээр сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүгийн үйл ажиллагаа нь “зөрчилгүй” гэсэн дүгнэлт авсан билээ. Энэхүү асуудал нь тухайн үедээ илэрч шийдэгдсэн бөгөөд Аудит хийх явцад залруулга хийгдсэн тул зөрчилгүй дүгнэлт гарсан байдаг. Гэтэл энэ асуудлыг тухайн үед огт зөрчил гэж үзэж яриагүй байсныг 4 сарын дараа төрийн албанаас халах шийтгэлийн үндэслэлд татаж оруулж байгаад гомдолтой байна.

Дээрх 3-н төрлийн асуудал нь минийх хувьд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Энэ бүгдийг миний ажлын байрны чиг үүрэгт шууд хамааруулж, хэлмэгдүүлэн ажлаас халсанд миний бие туйлын их гомдолтой байна.Учир нь миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам” /цаашид журам гэх/-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан 4 төрлийн зөрчлийн аль төрлийн зөрчлийг гаргаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчөөгүй, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэн, холбогдох дүрэм журмуудыг биелүүлэн ажиллаж ирсэн.

Төрийн албанаас халах тушаалын үндэслэл болгосон дээрх 3 төрлийн зөрчил гэх асуудлууд нь төрийн жинхэнэ албан хаагчийн ганц хүний хувьд, санаатайгаар хууль зөрчиж хийсэн асуудал биш тухайн үеийн олон албан хаагчид болон удирдлагуудын үйл ажиллагаанаас үүдсэн нэгдмэл асуудал бөгөөд дан ганц нэг хүн рүү чиглүүлж байгаа нь газрын даргаас надад хувийн байдлаар хандаж байгаа хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэл болж байна. Дээрх асуудлууд нь эрх бүхий албан тушаалтнууд, төсөв баталж буй хүмүүстэй ч холбоотой цогц асуудал юм.

Түүнчлэн дээр дурдсан журмын 1.6 дахь заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна.” гэдэг заалтыг огт хэрэгжүүлэхгүйгээр халах тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл тус журмын 2 дугаар зүйлд заасан үе шатны үйл ажиллагаануудыг огт хэрэгжүүлээгүй нь сахилгын шийтгэл ногдуулах процессын алдаа гаргасныг харуулж байна. Дээрх асуудлуудад намайг гэм буруутай эсэхийг ямар нэг ажлын хэсгээр юм уу ямар нэг байдлаар огт шалган тогтоогоогүй нь энэхүү тушаалын хууль бус гэдгийг харуулж байна.

Мөн тус журмын 3 дугаар зүйлийн 3.9-д заасан хугацааг баримталсан эсэх нь эргэлзээтэй юм. Халах шийтгэл ногдуулах үндэслэл болсон ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, төсвийн урамшуулал олгогдоогүй болон төсвийг буруу тооцоолсон илүү шилжүүлэг хийсэн үйлдэл гэх асуудлууд нь 2020 оны өмнө тодорхой болсон асуудал байсан. Энэ асуудлыг мэдсээр байж 6-н сараас дээш хугацаа өнгөрсний сөхөж тусгасан нь эргэлзээтэй юм. Надад авагдсан сахилгын шийтгэл нь бүхэлдээ хувийн байдлаас хандсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг бүхэлд нь мөрдөөгүй ногдуулсан шийтгэл үзэж байна.

Тогтвортой амьжиргаа-3 төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнасан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй байна. 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны тайлан 2018 онд ажлын төлөвлөлт гарч хийгдсэнээр тусгагддаг ба 2018 онд хэрхэн ямар ажлыг хийж төлөвлөхөөр төлөвлөгөө гарсныг мэдэхгүй боломжгүй ба би 2019 оны 3 сараас эхлэн ажилд анх орсон. Өөрөөр хэлбэл 2018 онд ажлын төлөвлөгөө гарч 2019 онд төлөвлөгөөнд орсон ажлыг тайлагнасныг 2020 онд жилийн гүйцэтгэлийн үнэлгээг шалгаж байж 2021 онд санхүүжилт нь орж ирдэг юм. 2018 онд хэрхэн ямар ажлыг хийх төлөвлөгөө гарсныг би мэдэх боломжгүй байсан. Анх намайг ажилд авахад ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй, 2018 оны ажлын хэсэгт би ч байгаагүй, 2018 оны ажлын төлөвлөгөө хэрхэн яаж гарсан ямар ч баримт байхгүй байсан. Уг ажлыг Улаанбаатар хотоос төслийн хяналт шалгалтын ажлын хэсгийнхэн шалгахаар ирэхэд ч тухайн баримт нь олдоогүй. Тогтвортой амьжиргаа-3 төслийн ажил болон бүх ажил бүгд эхлээд төлөвлөлтөөс эхэлдэг. Ажлын хэсгийн төлөвлөгөө гараад төлөвлөгөөний дагуу гарсан төсөл арга хэмжээг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдэн батлагдсанаар 2019 ондоо хэрэгжиж эхэлнэ. 2019 ондоо хэрэгжсэн төсвийг 2020 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр шалгаж 2021 онд санхүүжилт орж ирдэг.

Д аймгийн ... сумын багийн Засаг Дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ИТХурлын дарга, нарийн бичиг, Сумын Засаг Даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхнээс гаргасан төлөвлөлтөөс их хамааралтай байдаг. Эдгээр эрх бүхий алба хаагчдаас төлөвлөгөөгөө гаргасан зүйлгүй байхад ажлын тайланг ч гаргах боломжгүй юм. Би дээрх эрх бүхий алба хаагчдаас гарсан төлөвлөгөөг хяналт шалгалтын ажлын хэсгийнхэнд дамжуулан үзүүлж, төлөвлөгөөнд: Багийн засаг дарга нар иргэдээс санал ирсэн нь тэмдэглэгдэж, иргэдээс ирсэн саналыг Багийн Засаг Дарга нар баг дээрээ 228-р журамд заагдсаны дагуу нэгтгэж ... сумын Засаг Даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг рүү өгдөг. Ажлын хэсэг хуралдаж дахин иргэдийн саналыг нэгтгэж ... сумын Засаг Даргад өргөн барьдаг. ... сумын Засаг дарга зөвлөлийн хурлаар хэлэлцэн эцэслээд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьдаг. Тэгээд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар орон нутгийн хөгжлийн саналаар хэрэгжих эсэхийг шийдвэрлээд батална. Энэ бүгдэд хурлын тэмдэглэл байх ёстой байдаг. ... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлээд баталчихсан арга хэмжээг худалдах худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн тухайн хурлын тогтоолын дагуу батлагдсан төсөл арга хэмжээг худалдан авах ажиллагааны журмын дагуу тендер зарладаг. Миний хийж гүйцэтгэдэг ажил бол тендерээ цаг хугацаанд нь зарлаад, холбогдох материалаа бүрдүүлсэн байх л үүрэгтэй. Тендерийн санхүүжилтэд 2 дугаар гарын үсэг зурж санхүүжилтийг олгодог. Энэ нь Тогтвортой амьжиргаа-3 төсөлд хамаарахгүй. 2 дугаар гарын үсэг зурж санхүүжилт хийгдсэн үйл ажиллагааг төрийн Аудитын байгууллага шалган, санхүүгийн зөрчил байгаа эсэхийг илрүүлдэг.

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан нь үндэслэлгүй. ... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсөв Тендерт шалгарсан компанийн үнийн санал хоёрын зөрүүг буруу тооцож гаргаагүй. Миний гаргасан тооцооллыг ... сумын Төрийн сангийн дарга хамт тооцооллыг гарган, хянан үзээд, эцсийн байдлаар ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн бариад санхүүжилтийг олгодог. Би үүнийг дан ганцаараа гарган олгодог эрх мэдэл бүхий албан тушаалтан бол биш. Хэрвээ санхүүгийн тооцоололд зөрүү гарвал санхүүгийн залруулга хийдэг.

Иймээс Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Б-ийн М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Д аймгийн ... сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар хариуцагчаас гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-д авагдсан сахилгын зөрчил нь санхүүгийн зөрчилтэй холбоотой. Энэ зөрчлийг шалган тогтоосон зүйл байхгүй учраас үндэслэлгүй гэж үзэж гомдол, нэхэмжлэл гаргасан. ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалын үндэслэх хэсэгт 2019 оны “Тогтвортой амьжиргаа-3” төслийн орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж 2021 онд авах санхүүжилтийг зогсоосон гэж үзсэн байна. Гэтэл орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын заалтаар тайлагнал гэдэг нь тухайн төсвийн арга хэмжээг хэрэгжүүлээд тухайн төсвийг хийчихсэн, хийсний дараа нь тайлагнал гаргаад тайлагналын дараа энэ төслийг ямар байдлаар алдаа гаргасан гэдэг нь журмын 9-р зүйлээр дүгнэгдэхээр байна. Энэ журмын 10-р хавсралтад тайланг хэрхэн яаж тусгах талаар хүснэгт гарсан байна. Гэтэл энэ төслөөс ... сум ямар ч санхүүжилт аваагүй, санхүүжилт аваагүй байхад яагаад санхүүжилт аваагүй буруутай үйл ажиллагаанаас болж тухайн хангалтгүй тайлагнасан гэдэг үндэслэлээр “Тогтвортой амьжиргаа 3” төслийг хариуцсан мэргэжилтнийг ажлаас халах үндэслэлгүй. Санхүүжилт авч чадаагүй байхад тайлагналтын асуудал яригдах боломжгүй. Санхүүжилт аваагүй байхад тайлагнал гаргах үндэслэлгүй. Тамгын газрын даргын тушаалын үндэслэл нь хангалтгүй тайлагнасан гэсэн байна. Энэ хангалтгүй тайлагнасан гэх зүйл нь ямар ч баримтаар тогтоосон зүйл байхгүй, бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий шийдвэр биш байна. Мөн нэхэмжлэгч Б.М-ыг 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцоолсон гэж үзэж тушаалын үндэслэл хэсэгт оруулсан байна. Гэтэл 2021 оны төсвийн тооцоолол хэрэгт авагдсан баримтаар харагддаггүй. Яагаад төсөвт зардлуудыг буруу батлуулсан юм гэдэг зүйлийг тухайн Б.М-ын хийсэн төсвийн тооцоолол буруу хийгдсэн юм уу гэдэг нь баримтаас харагдахаас гадна Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах тухай журмын 1.6, 6.1-т заасан байна. Тухайн зөрчлийг гаргасан гэдэг нь нотлогдоогүй, юуг үндэслэж хэрэгт гаргаж өгч байгаа гэдэг нь тодорхойгүй байдаг. Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан байна. Хэргийн баримтаас харахад 2021 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төсөв хэрхэн яаж батлагдсан талаар хэрэгт авагдсан байна. Гэтэл энэ баримтаас харахад Б.М-ын хийсэн төсөв тооцоолол нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан төсөв тооцооллоос хэрхэн ямар байдлаар зөрүүлсэн байгаа юм бэ. Гэтэл Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т 70 хувийн төлөлтийн тооцооллыг гаргаад үлдэгдлийг үлдээж болно гэсэн заалт харагдаж байна. Б.М-ын хувьд төсвийн тооцооллыг гаргаж өгөхөөс биш төсвийг эцсийн байдлаар төсөвт батлуулах эрх хэмжээ байхгүй. Б.М-ын гаргасан алдаа дутагдлыг эцсийн байдлаар тогтоохгүйгээр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т мөн Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар заавал санхүүгийн зөрчилтэй холбогдолтой зүйлд аудитын шалгалт оруулж зөрчлийг эцсийн байдлаар нэгдсэн дүгнэлт гарч байж энэ байдлыг эцэслэн дүгнэгдэнэ. 2021 оны төсвийн дүгнэлтийг дараа жил буюу 2022 онд төсөв дутаасан эсэхийг харахаар байна. Гэтэл энэ нөхцөл байдлыг гаргаагүй байхад гаргасан мэтээр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гарсан байна.

Б.М-ын хувьд авагдсан тушаал нь 2019 оны үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж 2021 онд авах санхүүжилтийг хасуулсан гэдэг байдлаар сахилгын шийтгэл оногдуулсан байна. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах тухай журмын 2.2-т хяналт шалгалтын үед мэргэжилтэн албан тушаалтныг шалган тогтооно гэсэн байна. Шалган тогтоосон зүйл нь хэрэгт авагдсан баримтаас харахад Тогтвортой амьжиргаа-3 төслийн баримт болох 1-р хавтаст хэргийн 213-224 хуудаст байх дүгнэлт гэснийг үндэслэж тухайн дүгнэлтээр мэргэжилтний буруутай үйл ажиллагаа байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар дотоод аудитаар зөрчлийг тогтоож болно гэхдээ дотоод аудитор нь хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна гэж заасан. Гэтэл ... сумын Засаг даргын тамгын газраас хийгдсэн хяналт шалгалт нь Тогтвортой амьжиргаа төслийг дүгнэж гаргаж байгаа эцсийн шийдвэр биш байна. Тиймээс хэрэгт авагдсан 113-224 хуудас дахь баримтыг үнэлэхгүй байхыг хүсье. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуульд зааснаар хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй этгээд дүгнэх ёстой байтал тухайн шалгалтыг дотоод аудит хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Тушаалын үндэслэл болгосон хэсэг нь 2021 оны санхүүжилтийг буруу тооцоолсон гэж үзэж байна. Санхүүжилтийг буруу тооцоолсон гэх баримт нь хэрэгт авагдсан баримтаас харагдах боломжгүй. Шийтгэл оногдуулж байгаа бол үүнийг тогтоох ёстой. Хэрэгт зөвхөн гэрч Бийн мэдүүлэг байдаг. Б бол хариуцагчийн захирагдах албан тушаалд ажилладаг. Тийм болохоор гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Б-ийн хувьд төсвийн задаргааны талаар мэдүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч төсвийн гүйцэтгэл, төсвийн хэлбэлзэл идэвхтэй, идэвхгүй гэдэг тоо харагдаж байгаа. Энэ тоонуудаас Бийн гэрчийн мэдүүлгээр өгөөд байгаа тухайн тоотой яг таарсан гэснээс өөрөөр тухайн хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Энэ бол нотлох баримтаар тогтоогдоогүй учраас сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хориотой чиг үүргийг хэрэгжүүлсэн гэдэг талаар гэрч Ө тодорхой мэдүүлсэн байдаг. Ө-ы мэдүүлгээс харахад “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хориотой чиг үүргийг хэрэгжүүлсэн гэдэг 2018 онд авагдсан ажлыг 2020 санхүүжилтээр аваад батлуулахдаа 2020 оны хориотой чиг үүргээр зарцуулсан байна гэсэн Ө-ы мэдүүлэг нь журмын заалттай таарч байна. Журмын дагуу тухайн зарцуулалт болон төлөвлөлт хэзээ яаж тайлагнах нь вэ гэж харахаар тухайн журмаар бол энэ үйл ажиллагаа 2 жилийг дамнасан үйл ажиллагаа гэж харагдаж байгаа. Хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа 2019 онд хийгдэх ажлыг Б.М-ын хувьд хангалтгүй гүйцэтгэж үнэлгээ авч чадаагүй учраас санхүүжилтээ хасуулсан гэж хэлж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020 оны дэмжлэг урамшуулал гэж орж ирсэн байна. 2019 оны ажил нь 2018 онд төлөвлөгдөөд 2020 онд санхүүжилтэд зарцуулагдаж орж ирсэн байгаа. Гэтэл энэ баримтаар орж ирсэн дэмжлэг урамшуулал нь хориотой чиг үүргийг хэрэгжүүлж зарцуулагдсанаас дараа оны санхүүжилт орж ирээгүй харагддаг. Б.М нь 2019 оны 03 сард ажилд орсон бол 2018 онд сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Хэдийгээр Б.М нь тухайн албан тушаалд чиг үүргээрээ харьяалагдаж орох ч гэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хамааралтай байсан бол Засаг даргын захирамжаар нэмэлтээр Б.М-ыг хамааруулж оруулж батлуулах боломжтой байсан гэж харж байна.

Гэтэл ажил үүргийн чиг үүргээр үүнийг Б.М хариуцах ёстой гэж ямар ч албан бичиггүйгээр энэ асуудлыг тавьж байгаа нь баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Б.М нь шүүхийн мэтгэлцээний үеэр 2 удаагийн арга хэмжээ авхуулж байсан гэж хариулсан. Гэсэн хэдий ч энэ арга хэмжээнүүдийг харахаар ёс зүй зөрчсөн байна. Ёс зүй зөрчсөн зөрчлийг нь үзэхээр дээд газарт Б.М хэлсэн, хаалга савж гарсан, хуралд дуудахаар ирдэггүй гэсэн байна. Энэ бол “Тогтвортой амьжиргаа-3” төслийн мөн 2021 оны санхүүжилт дутаасан үйл ажиллагаатай удаа дараа гаргасан зөрчил гэдэгтэй ямар холбоотой юм бэ. 2021 оны санхүүжилт дутаасан гэх асуудал болон удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан асуудал гэдэг бол тус тусдаа хариуцлагаа үүрч явагдах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Хариуцагч Д аймаг, ... сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.М нь нэхэмжлэлдээ ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгох гэж нэхэмжилжээ.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019.10.30-ны өдрийн 215 дугаар тоот тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн ... сумын Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын тасгийн Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019.12.16-ны өдрийн А/64 дугаар тушаалаар баталгаажуулан мөрдөн ажиллаж байгаа. Энэхүү батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын 2-р зорилт болон “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үр ашгийг нь дээшлүүлэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлж, тайлагнах” гэсэн чиг үүрэг заагдсан. Үүнийг мөн задалж дараах байдлаар нарийвчлан тодруулж өгсөн байдаг. Үүнд:

1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг журмын дагуу боловсруулан батлуулах;

2. Сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг хангах, хяналт тавьж ажиллах;

3. Худалдан авах ажиллагааны талаар мэдээллээр хангаж, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах;

4. Үнэлгээний хороог төлөвлөх, тендерийн баримт бичиг боловсруулж, хяналт тавих, зарлагдаж буй тендерийн урилга, үр дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд байршуулах;

5. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг сар, улирлаар холбогдох газарт хүргүүлэх;

6. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгийг үр дүнтэй төлөвлөж, батлагдсан хөрөнгө оруулалтын бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийг хянаж санхүүжилт олгох, төсөл арга хэмжээг гүйцэтгэх гэрээний төслийг бэлтгэх, батлуулах, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тооцох, хүлээн авах ажлын хэсгийг зохион байгуулж, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тайлагнах.

Гэтэл мэргэжилтэн Б.М нь энэ чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь дараах 3 үйлдлээр нотлогдож байгаа. Мэргэжилтэн Б.М нь ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн ажлын санхүүжилтийг хянаж тооцоог биечлэн хөтөлдөг, гүйлгээг хийдэг. “Миний ... ХХК”-д автобусны буудал байгуулах ажлын хөлсийг олгохдоо 2020.06.03-ны өдөр 2,198,927.7 төгрөгийг илүү шилжүүлсэн байсныг манай Санхүү төрийн сангийн дарга М.Б удаа дараа сануулсаар байхад тооцоогоо хяналгүй он дуусгасан ба санхүүгийн жилийн эцсийн тайландаа авлагаар тусгаагүй, тайлангаа буруу гаргасан байсныг аудитын байгууллага л илрүүлж, илүү шилжүүлсэн мөнгийг 2021.01.20-ны өдөр ОНХС-ийн дансанд буцаан тушаалгаж, алдаатай гаргасан тайланг нь засуулсан ба энэ бүхнийг санхүү төрийн сангийн даргад хэлж анхааруулсан байна. Өөрөө ч алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа.

Сумын Засаг даргын Зөвлөлийн 2020.12.25-ны өдрийн 31 дүгээр хуралд ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тогтвортой амьжиргаа-3 төслөөс хийсэн хяналт шалгалтын дүнгээр гарсан сумдын засаглалын байдалд хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг Тогтвортой амьжиргаа-3 төслийн Д аймгийг хариуцсан ажилтан Б.Ө ирж танилцуулсан. Энэ үнэлгээгээр ... сум 41 хувьтай үнэлэгдсэн. Энэ үнэлгээг өмнө нь Б.Ө 2020.11.11-нд файлаар надад ирүүлсэн. Энэ дүнгээ мөн хуралд танилцуулсан. Миний бие Б.Өд үнэлгээг албан бичгээр авах хүсэлт тавихад нэгдсэн үнэлгээг Орон нутгийн хөгжлийн сан веб хуудсаар нийтэд мэдээлсэн тул тэр баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл ав, албан бичгээр өгөхгүй гэсэн хариу дээрээс өглөө гэсэн. ОНХС-аар хийгддэг төсөл арга хэмжээний зардлын 50 хувийг Тогтвортой амьжиргаа-3 төслөөс санхүүжүүлдэг тул жил бүрийн 5-7 дугаар саруудад төслийн хяналт шалгалтын баг ирж ОНХС-ийн журмын хэрэгжилтийг хянан шалгадаг. Энэ шалгалтад Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн ажлын гүйцэтгэлүүдээ тайлагнаж шалгуулдаг. Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилт 2019 оны ажил бүрэн хийгдэж дууссаны дараа 2020 оны 7 сард ирж шалгаад гүйцэтгэлийн үнэлгээнд суурилан 2021 оны санхүүжүүлэх төсвөө олгодог. Үйл ажиллагааных нь зарчим ингэж явдаг. Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь 60 хувиас дээш үнэлгээтэй шалгагдсан сумдад санхүүжилт, урамшуулал, дэмжлэгийг бүрэн олгосон ба ... сум 41 хувьтай шалгагдсан тул санхүүжилт, урамшуулал нь хасагдаж зөвхөн дэмжлэг гэж 16сая төгрөгийг санхүүжүүлэх шийдвэр гарч 2021 оны төсөв суугдсан.

ОНХС-ийн сангаас 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөх ажлын хэсгийг Сумын Засаг даргын 2018.06.18-ны а/206 тоот захирамжаар томилохдоо ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн томилогдон ажилласан. Мэргэжилтэн Б.М энэ ажлын байранд 2019.03 сараас эхлэн ажиллаж байгаа болно. Ингээд бид ...ын иргэдийн тав тухтай амьдрах асуудлыг шийдвэрлэдэг гол санхүүжилтээ алдсан тул үнэлгээнд анализ хийж үзэхэд мэргэжилтэн, ажлын хэсгээс хамаарсан үзүүлэлтүүд 157 оноо авахаас 69,27 оноо авч үүрэгт ажлаа 44.1 хувьтай гүйцэтгэсэн байна. Хэрэв мэргэжилтэн ОНХС-ийн журмын дагуу ажлаа хариуцлагатай хийдэг бол ийм үнэлгээ авахгүй, ...ын иргэд хохирохгүй байлаа.

Мэргэжилтэн Б.М ажлын чиг үүргийнхээ дагуу ОНХС-ийн төсвийн тооцооллыг хийхдээ Сумын Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, сумын ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн тасгийн дарга, Хөгжлийн бодлогын тасгийн дарга нартай ярилцаж, хэлэлцэж тооцооллыг эцэслэн гаргаж Тасгийн дарга, Санхүү төрийн сангийн тасгийн дарга нараар хянуулж төсвийн нэгтгэлд оруулж батлуулах үүрэгтэй. Гэтэл ажлаа хугацаандаа хариуцлагатай хийгээгүйн улмаас тооцооллоо зохих шатны дарга нараар хянуулах боломж олголгүй, өөрийн тооцооллоор төсөвт тоо суулгуулсан. Гэтэл хийсэн тооцоолол нь буруу байсан тул одоо 2021 оны ОНХС-ийн төсөв 18,591.9 мянган төгрөгөөр дутаад байна.

Иймд мэргэжилтэн Б.М Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” үүргүүдээ хангалтгүй биелүүлсэн, санхүүжилтийн тооцоог удаа дараа буруу хийсэн, санхүүгийн тайлангаа өөрөө гаргаж чаддаггүй, тайлбарлаж хамгаалж чаддаггүй, мөн ёс зүйн хувьд доголдолтой, байгууллагын ёс зүйн зөвлөлд албан хаагчдаас удаа дараа гомдол очиж хариуцлага хүлээж байсан, алдаа дутагдлаа хүлээх, засах, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх хичээл зүтгэл муутай албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д “төрийн жинхэнэ албан хаагч өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” гэж үүрэгтэй гэж заасны дагуу хариуцлага хүлээсэн.

Мөн шийдвэр гаргахдаа Монгол улсын ЗГХЭГ-ын дарга, ТАЗ-ийн дарга нарын хамтарсан 36/32 дугаар бүхий тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-д заасан дээд шатны албан тушаалтан буюу Засаг даргын Тамгын газрын дарга миний бие шийдвэрээ гаргахаасаа өмнө асуудал хаанаа байгааг тогтоох, нягтлан шалгасан. Үүнд: Мэргэжилтэн Б.М-ын талаарх албан хаагчдын үнэлэмж миний хийж буй дүгнэлттэй хэр нийцэж байгаа эсэхийг мэдэх зорилгоор сумын Засаг даргын зөвлөлийн 2021.01.07-ны өдрийн 02 дугаар хуралдааны бусад асуудалд мэргэжилтэн М-ын асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Зөвлөлийн гишүүдийн үнэлэмжийг сонсож, гишүүдээс гаргасан саналын дагуу өөрийнх нь тайлбарыг сонсохоор Засаг заргын зөвлөлийн хурал дуудахад “орж ирэхгүй” гэсэн хариуг өгөөд ирээгүй. Сумын Засаг даргын зөвлөл нь сумын хамтын удирдлагын хамгийн дээд түвшний нэгж юм. Гэтэл мэргэжилтэн Б.М нь уг зөвлөлийг үл хүндэтгээд зогсохгүй, төрийн албаны захирах, захирагдах зарчмаа умартсан, ёс зүйгүй, дураараа, төрийн албанд тэнцэхгүй хүн гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Сонсох ажиллагааг холбогдох албан хаагчдыг оролцуулан 2021.04.17-нд хийж өөрийнх нь алдаа дутагдлыг хэлж өгөхөд огт хүлээж авахгүй, биеэ өмөөрөн алдаагаа засах боломж харагдахгүй байсан тул ноогдуулах сахилгын шийтгэлийг сонсгоод тайлбар бичгээр гаргаж өгөх боломжтойг хэлж сануулсан. Б.М-ын ирүүлсэн тайлбартай танилцахад цаашид ажиллуулах боломж харагдаагүй тул 2021.04.23-нд дахин сонсох ажиллагаа хийж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар эцэслэн шийдвэрлэснээ сонсгосон. Сонсох ажиллагааг явуулахад маш хүндрэлтэй байсныг дурдахыг хүслээ.

Иймд шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна. Шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байгаа тул эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох боломжгүй. Мөн цалин олгох боломжгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийх боломжгүй гэдгээ мэдэгдэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Б.М-ыг ажлаас чөлөөлсөн энэ тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Мэргэжилтэн Б.М нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.15-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтыг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй гэж үзсэн учраас ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар нэхэмжлэгч Б.М-д сахилгын шийтгэлийг ногдуулсан. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын батлах зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр А/64 дугаар тушаалаар албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан байдаг. Энэ албан тушаалын тодорхойлолтын 2-р зорилт болон “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үр ашгийг нь дээшлүүлэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, тайлагнах гэсэн чиг үүргийг Б.М нь хэрэгжүүлж ажиллаагүй. Б.М нь ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн ажлын санхүүжилтийг хянаж тооцоог биечлэн хөтөлдөг, гүйлгээг хийдэг. “Миний ...” ХХК-д автобусны буудал байгуулах ажлын хөлсийг олгохдоо 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2,198,927.7 төгрөгийг илүү шилжүүлсэн. Энэ илүү шилжүүлсэн мөнгийг санхүү, төрийн сангийн тасгийн дарга нь Б.М-д “энэ мөнгийг илүү шилжүүлсэн тул энэ ондоо багтааж буцааж мөнгийг төлүүлээрэй” гэж даалгасан байна. Гэтэл энэ албан тушаалтан үгэнд оролгүйгээр Б.М нь дараа оны аудитын шалгалт орох хугацаанд дахиж зөрчил гаргасан нь нотлох баримт шинжлэн судлахад харагдана. Сумын Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр хуралд ОНХС-ийн хөрөнгөөр эх үүсвэрээр санхүүжүүлэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тогтвортой амьжиргаа-3 төслөөс хийсэн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тогтвортой амьжиргаа-3 төслөөс хийсэн хяналт шалгалтын дүнгээр гарсан сумдын засаглалын байдалд хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг Тогтвортой амьжиргаа-3 төслийн Д аймгийг хариуцсан ажилтан Б.Ө ирж танилцуулсан. Энэ үнэлгээгээр ... сум 41 хувьтай үнэлэгдсэн. ... сум нь 2021 оны урамшууллаас хасагдсан байдаг. Ингэж хасагдсанаараа ... сумын иргэдийн ая тухтай амьдрах төсөл хэрэгжээгүй. Ийм зөрчлийг гаргасан. 2019, 2020 оны ажлын гүйцэтгэлийг хангалтгүй үнэлүүлсэн байдаг. Мэргэжилтэн Б.М нь ажлын чиг үүргийнхээ дагуу ОНХС-ийн төсвийн тооцооллыг хийхдээ 18,591,9 мянган төгрөгөөр дутааж батлуулсан байна. Энэ тооцооллоо хэнд ч хянуулаагүй, хурал болох өдрийн өмнөх шөнө нь материалаа иргэдийн Хуралд хүргүүлсэн байдаг. Ийм учраас нотолгоонд суурилсан мэдээллээр дээд шатны байгууллага албан тушаалтнаа хангаж ажиллагаагүй гэдэг нь харагдаж байна. Ийм учраас ... сумын Засаг даргын Тамгын газрын даргаас мэргэжилтэн Б.М-ыг энэ 3 чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж сахилгын шийтгэл оногдуулсан. Шийдвэр гаргахдаа Монгол улсын ЗГХЭГ-ын дарга, ТАЗ-ийн дарга нарын хамтарсан 36/32 дугаар бүхий тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах тухай журмыг удирдлага болгож сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ журамд заасны дагуу хяналт шалгалт хийх албан тушаалтныг сумын Засаг даргаас шууд томилсон байдаг. Ард иргэдийн эрх, ашигтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа учраас ... сумын Засаг даргын Тамгын газрын даргыг хяналт шалгалт хийх эрх бүхий албан тушаалтнаар томилсон. ... сумын Засаг даргын Тамгын газрын даргаас салбарын чиглэл бүхий тасаг, албаны дарга нарыг шалгалтад оролцуулсан. Энэ шалгалтаар Б.М-тай уулзаж тодруулах авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал орж ирээгүй татгалзсан байдаг. Энэ асуудал нь сумын Засаг даргын зөвлөлийн 2021 оны 01 сарын 07-ний өдрийн хурлаас харагддаг. Энэ хурлаар холбогдох нотлох баримтыг шинжлэн судалж учруулсан хохирлын хэмжээг тогтоосон байгаа. Сонсох ажиллагааг явуулсан нь нотлох баримтад авагдсан байгаа. ... сумын Засаг даргын Тамгын газрын дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл оногдуулах журмын дагуу албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн Б/63 дугаар тушаал хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

 Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2020 онд батлуулаагүй. Засгийн газрын 2019 оны 48 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах журам батлагдсан. Тэр журмын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагч гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах үүрэгтэй байгаа. Нэгжийн даргаас гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг мэргэжилтнээс удаа дараа шаардсан боловч мэргэжилтэн нь боловсруулж батлуулаагүй учраас гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй гэж нэгжийн дарга нь удаа дараа тайлбарлаж байсан. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хувьд жил бүрийн 1 сарын 10-ны дотор батална гэсэн хуулийн тогтоосон хугацаатай. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг улирал бүр нэгжийн даргад тайлагнах эрх зүйн зохицуулалттай. Улирал бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахыг шаардаж байсан. Энэ хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй учраас гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх боломжгүй байсан. Албан тушаалын зорилт чиг үүрэг дээр гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах чиг үүрэг заагдсан байгаа. Маргааны бүхий заалтын 37.1-т заасан энэ заалтад бас ерөнхий агуулгаараа албан тушаалын үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Засгийн газрын 2019 оны 5-р тогтоолоор төрийн албан хаагчийн үр дүнг урамшууллаар үнэлдэг журам батлагдсан. Үүний дагуу тамгын газрын даргаас албан хаагч нарыг улирлаар үнэлж урамшуулал олгох эрх зүйн актыг гаргасан. Төлөвлөгөөний хувьд нэгжийн дарга нар үнэлээд үнэлгээний баг хяналт шинжилгээ хийдэг. Урамшууллын тогтолцоо явагдаж байгаа. Энэ хуулиар төрийн албан хаагч өөрөө гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулж сар бүр танилцуулж улирал бүр тайлагнах үүргийг хүлээсэн байдаг. Улирал бүр тамгын газраас боломжоороо албан хаагч нарын төлөвлөгөөг үнэлээд урамшуулал олгодог. Тасгийн нэгжийн даргаас төлөвлөгөөг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг шаардсан боловч өөрөө төлөвлөгөөгөө боловсруулаагүй төслөө өгөөгүй. Төлөвлөгөөгөө батлуулаагүй учраас тайлагнах боломжгүй учраас тэр урамшууллыг аваагүй.

Орон нутгийн хөгжлийн сангийн зарим ажил нь 2019 оноос 2020 он хүртэл үргэлжилсэн шинжтэй байдаг. 2 албан тушаалын тодорхойлолт өгсөн байгаа. Нэгэнд нь тамгын газрын даргын өмнө ажлаа хариуцна, нөгөөх дээр нь нэгжийн даргын өмнө хариуцна гэсэн байгаа. Мэргэжилтэн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэгжийнхээ даргаар батлуулахгүй байгаа нь нэгжийнх нь дарга хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үндэслэлээр тамгын газрын даргад даалгаж гаргасан. Мэргэжилтэн нь санхүүгийн мэргэжилтэй хүн биш. Энэ үйл баримт нь санхүүд хамаарах учраас тамгын газрын даргад даалгасан. Тамгын газрын дарга нь санхүүгийн мэргэжилтэй биш тооцооллын, математикийн багш хүн.

... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаал мэтгэлцээний явцад болон нотлох баримт шинжлэн судлах явцад хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс тодруулж асуусан. Сангийн яамны төсөл хэрэгжүүлэх явцыг шалгасан 6 бүлэг 34 зүйлийн санал асуулга дээр 2018 оны ажлын талаар шалгасан зүйл байхгүй зөвхөн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны ажлын төлөвлөлт, тайлагнал, олон нийтэд мэдээлэх чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан уу гэдэг төрийн албан хаагчтай шууд хамааралтай байна. Үнэлгээ нь 41 хувь гарсан болохоос биш 2018 оны ажлын хэсэг байгуулагдаад төлөвлөлтөөр нь дүгнэгдсэн ажил биш гэдэг нь харагдаж байна.  Төрийн албан хаагчтай албан тушаалын тодорхойлолт дээрээ заасан байгаа. Сүүлд шинэчлэгдсэн албан тушаалын тодорхойлолтод мэргэжилтэн дээд шатны харьяалах дээд шатны албан тушаалтанд захирагдах, олон нийтэд тайлангаа хүргүүлэх, мэдээлэх чиг үүргийг мэргэжилтэн өөрөө хэрэгжүүлэн гэж заасан байгаа. Мөн тодорхойлолтын 3-т гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруул гэсэн байгаа. Энэ албан тушаалын чиг үүрэгтэй заасан ажлаа хэрэгжүүлээгүй учраас бид санхүүжилтээ хасуулсан асуудал яригдаад байгаа юм. ... сумын Засаг даргын Тамгын газрын дарга эрх хэмжээний хүрээнд Б/63 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч талаас 2 сая төгрөгийг шилжүүлээгүй гэж маргадаггүй, энэ актын талаар хүлээн зөвшөөрдөг. Мөн 2021 оны ОНХС-ийн төсөв 18 сая төгрөг дутаасан асуудлын нотлох баримт хэрэгт авагдсан энэ асуудал дээр нэхэмжлэгчээс би дутаасан гэх өнгө аясаар тайлбарладаг. Төрийн албаны нийтлэг үүргээ зөрчсөн албан тушаалтанд хариуцлага оногдуулсан ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/63 дугаар хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгох маргаан бүхий захиргааны акт ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/63 дугаар тушаалын үндэслэл хууль зүйн үндэслэл хэсэгт заасан хууль эрх зүйн актуудын заалтууд нь уг актын хууль зүйн үндэслэл, шалтгаан зорилго, зориулалтад нийцсэн гэж үзэж байгаа. Тушаалын захирамжлах хэсгийн Б.М-ыг төрийн албанаас халсан үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 37.1.15-д хуульчлан хүлээлгэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн сахилгын зөрчил гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тайлбартаа энэ хугацаа эргэлзээтэй гэж хэлсэн. Тодруулбал “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ОНХС-ийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сумдын засаглалын байдалд хийгдсэн гүйцэтгэлийн үнэлгээ нь орон нутгийн төслийн ажилтан Ө 2020 оны 12 сарын 25-ны өдөр сумын Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулснаар хангалтгүй тайлагнасан 2021 оны төсвийн урамшуулал хасагдсан зөрчил нь анх тогтоогдсон. ОНХС-ийн 2021 оны төсвийг буруу тооцоолсон нь сумын иргэдийн Хурлаар 2021 оны 12 дугаар сарын 16-нд төсөв, ... сумын 2021 онд худалдан авах бараа ажил үйлчилгээний төлөвлөгөө батлагдаж 2021 оны 01-р сард тус сумын Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн тасгийн дарга төсвийн сар улирлын хуваарь хийхэд буруу тооцоолсон нь тогтоогдсон байна. “Миний ...” ХХК-д 2,198,297 төгрөгийг илүү шилжүүлсэн болох нь аудитын шалгалтаар илэрсэн. 2021 оны 01 сарын 20-ний өдөр ОНХС-ийн дансанд буцаан шилжүүлснээр зөрчил тогтоогдсон байна. Эндээс үзэхэд зөрчил гаргаснаас хойш 1 жилийн, илрүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэж байна. Сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийг шалгахдаа Монгол улсын ЗГХЭГ-ын дарга, ТАЗ-ийн дарга нарын хамтарсан 36/32 дугаар бүхий тушаалаар батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар ажиллагаануудыг хийж баримтжуулсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ноогдуулан, 48.1.3-т төрийн албанаас халах, 48.1.2-т энэ хуулийн 48.1.3-т заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхгүй гэж заасан байна.  Мөн дээр дурдсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах тухай журмын 6.1-т албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халагдах шийтгэл оногдуулна гэж заасантай ижил байна. Тушаалд М-ыг төрийн албанаас халах үндэслэл нь бүрэн хангалттай нотлогдсон. Тухайлбал 1-т ОНХС-ийн 2019, 2020 оны үйл ажиллагааг хангалтгүй тайлагнасан. 2021 урамшуулал хасагдсан нь бол дээр хэлсэн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн үнэлгээ, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөс сумдад олгох урамшуулал гэдгээр харагдана. 2-т сумын ОНХС-ийн 2020 оны төсвийн буруу тооцоолж 18,591.9 мянган төгрөг дутаасан асуудал нь Д аймгийн ... сумын 2021 онд худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлөвлөгөө, төсвийн хэлбэлзэл зэрэг нотлох баримтуудаар болон гэрч Бийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч Б нь ... сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дарга байгаа юм. Б нь “надад хянуулаагүй, тэр үед өгөх боломж байсан, ОНХС-ийн задаргааг Б.М надад өгөөгүй. Б.М асуусан зүйлээ буруу ойлгоод тооцооллоо буруу ойлгосон байна лээ. Хугацаандаа хийгээд танилцуулсан бол буруу гарахгүй байсан” гэсэн мэдүүлэг гаргасан байна. М нь төсвийн тооцооллыг хариуцсан албан тушаалтнуудаар хянуулаагүй, Засаг даргад танилцуулаагүй нөхцөлд буруу тооцоологдсон байгаа бол нэхэмжлэгч Б.М-ын хариуцлагыг холбогдох албан тушаалтнууд хуваалцах эрх зүйн үндэслэлгүй. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хянуулаагүй, танилцуулаагүй нь тогтоогдож байна. Ийм учраас хариуцлагыг бусадтай хуваах үндэслэлгүй гэж үзэж байна. “Миний ...” ХХК-д 2,198,297 төгрөгийг буруу шилжүүлсэн зөрчлийн тухайд холбогдох нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байгаа. Сангийн сайдын 2018 оны 228-р тушаалаар батлагдсан ОНХС-ийн үйл ажиллагааны журмын 8.2-т ОНХС-ийн эх үүсвэрээр бараа ажил үйлчилгээ авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам заавар аргачлалыг мөрдөнө. 11.2-т ОНХС-ийн төсөв батлуулах, зарцуулах, тайлагнах, бүртгэх, хяналт тавих, зохион байгуулах хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна. Эндээс юуг хэлэх вэ гэхээр ОНХС-ийн үйл ажиллагаа нь бараа ажил үйлчилгээ худалдан авах буюу нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын шууд хариуцах чиг үүрэг болохыг мөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол хариуцлага хүлээлгэх журамд тодорхой заасан байна. ... сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/149-р тушаалаар Б.М-д сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Энэ баримт нь хэрэгт авагдсан. Сая дурдсан зөрчил Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-т заасан шийтгэлгүй тооцох хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар төрийн албанаас халсан зөрчил давтан үйлдсэнийг төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулж түүнд гомдол гаргах журмын 3.4.3-т байгууллагын дотоод гадаад үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн, 3.4.5-т хэд хэдэн зөрчил гаргасан гэж хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзэх үндэслэлтэй байна. Дээр дурдсан журамд зааснаар сахилгын шийтгэл оногдуулахдаа албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүнг харгалзан үзэхийг заажээ. Б.М нь 2020 онд төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, гүйцэтгэлийг үнэлүүлээгүй нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл ... сумын Засаг даргын тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлгээг үнэлсэн багийн илтгэх хуудсаар тогтоогддог. Төрийн албаны тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-т төрийн жинхэнэ албан хаагч нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолд төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмаар төрийн жинхэнэ албан хаагч нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж баталгаажуулах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүнг мэргэжлийн түвшинд үнэлэх харилцаа зохицуулагдаж байгаа. М нь бүтэн жилийн туршид гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй нь түүний хувийн зохион байгуулалт, сахилга, ажлын хариуцлага, гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн ур чадвар, албанд хандах хандлага, ямар ажилтан байсан бэ гэдэг нь бодитой үнэлгээ гэж ойлгож байна. Ийм байхад төрийн албаны буюу албан тушаалын тодорхойлолтын шалгуур шаардлагыг хангахгүй. Энэ байдал нь хариуцагчийн 2021 оны Б/63 дугаар тушаалд заасан төрийн албанаас халсан үндэслэлүүдтэй шууд холбоотой байх тул журмын 3.3-т заасныг шүүх шийдвэртээ харгалзан үзэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар захиргааны актыг гаргахаас өмнө Б.М-д нөхцөл байдлыг танилцуулж санал гаргах боломж олгосон. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.2, 27.4.3-т зааснаар сонсох ажиллагаа явуулсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-т зааснаар тэмдэглэл хөтөлсөн. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх, захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах шаардлагад нийцсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.М нь сахилгын зөрчил үйлдсэн нь хангалттай нотлогдсон. Маргаан бүхий захиргааны акт ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тайлбар гаргаж байна.

2019 онд хийгдсэн үйл ажиллагаа 2019 онд гүйцэтгэгдэж чадаагүй учраас дамжаад 2020 оны гүйцэтгэлээр дүгнэгдсэн үнэлгээ. Түүнээс 2018 онд орсон асуудал байхгүй. Тийм зүйл хэрэгт дурдаагүй. Ийм учраас энэ үйл баримтыг нэхэмжлэгч зөв ойлгомоор байна. Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Б/139 дүгээр тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байна. Энэ тушаалаар арга хэмжээ авагдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа буюу шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дараагийн асуудал гарч ирээд арга хэмжээ авагдсан учраас үүнийг давтан гэж үзсэн. Нөгөө талаас журамд заасан хэд хэдэн зөрчил гаргасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Байгууллагын дотоод гадаад үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн гэж дүгнэж үзэж байна. Хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан бүх нотлох баримтуудаар хариуцагчийн Б/63 дугаар тушаалд заасан төрийн албанаас халсан үндэслэлүүд хангалттай нотлогдож байгаа. Ийм учраас энэ бол хууль эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байна. Иймээс нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн тайлбараа дэмжиж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Б-ийн М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Д аймгийн ... сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар хариуцагчаас гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэж тодруулсан болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Маргаан бүхий акт болох 2021 оны Б/63 дугаар тушаалыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг тогтоосон байдал, хууль зүйн үндэслэлийн талаар

1.1. Хариуцагч ... сумын Засаг даргын тамгын газрын /цаашид “ЗДТГ” гэж товчлох/ даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/63 дугаар[1] тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн тус сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.М-д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулсан ба, маргаан бүхий актад шийдвэр гаргах болсон бодит нөхцөл байдлыг “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж тодорхойлсон, тодруулбал нэхэмжлэгчийг “Тогтвортой амжиргаа-3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан, сумын орон нутгийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан, 2020 онд “Миний ...” ХХК-д илүү санхүүжилт олгосон” гэх 3 зөрчлийг гаргасан гэж буруутгажээ.

1.2. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”[2]-ыг цаашид “Журам”-ын” гэж товчлох/ баталсан ба, “Журам-ын” 1.1-д “Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулах, баталгаажуулах, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” тодорхойлсон,

мөн “Журам”-ын 1.3.1-д “гүйцэтгэлийн төлөвлөгөө” гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг улирлын хугацаанд хэрэгжүүлэх зорилт, ажил үйлчилгээний төлөвлөгөөг” ойлгохоор;

-2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөгөө нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. ...” гэж;

-2.3-2.8-д “Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор баталж, албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар төлөвлөгөөг баталгаажуулсанд тооцохоор, түүнчлэн албан хаагч төрийн албанаас халагдсан бол төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дуусгавар болгохоор;

цаашлаад “Журам”-ын 4 дэх бүлэгт Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх талаар журамласан ба ингэхдээ төсвийн шууд захирагчийн шийдвэрээр байгуулагдсан “Үнэлгээний баг” нь албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг хянаж, өмнөх оны төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор дүгнэн, “бүрэн хангалттай”, “хангалттай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч, “Үнэлгээний хуудсаар” баталгаажуулан, 3 ба түүнээс дээш удаа “хангалтгүй” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн тухайд “төрийн албанаас халах” саналыг эрх бүхий этгээдэд гаргахаар нарийвчлан журамласан байна.

1.3. Дээрх журмын зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай уялдан тайлбарлагдахаар байх ба, Төрийн жинхэнэ албан хаагч нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах бөгөөд, ийнхүү батлуулсан төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг “Үнэлгээний баг”-аас үнэлэх, улмаар үнэлгээнд үндэслэн гаргасан тэдгээрийн саналаар томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан хаагчийг урамшуулах, эсхүл хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Тодруулбал нэхэмжлэгчээс албан тушаалын тодорхойлолттойгоо уялдуулан боловсруулж, батлуулсан “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г Үнэлгээний багаас үнэлж “Үнэлгээний хуудас”-аар баталгаажуулсан буюу нэхэмжлэгчийн “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” зөрчил нь түүний гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, үнэлгээгээр тогтоогдсон, уг үнэлгээгээр “3 ба түүнээс дээш удаа хангалтгүй” гэж үнэлэгдсэн, улмаар үнэлгээний багаас нэхэмжлэгчид “төрийн албанаас халах” тухай саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд гаргасан байх дээрх “Журам”-аар нарийвчлан зохицуулсан урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хариуцагч ... сумын ЗДТГ-ын даргаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг үндэслэл болгон “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулахаар байжээ.

1.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал, үйл баримтууд тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч Б.М нь анх ... сумын Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын тасгийн Худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, өмч хариуцсан мэргэжилтнээр томилогдсон болох нь Д аймгийн ... сумын ЗДТГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар;[3]

-нэг удаа буюу зөвхөн 2019 оны гүйцэтгэлийн жилийн эцсийн үнэлгээгээр “хангалтгүй” үнэлэгдсэн болох нь “Албан хаагчийн 2019 оны гүйцэтгэлийн жилийн эцсийн үнэлгээ”-ний хуудсаар;[4]

-хариуцагч болон журамд заасан эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгч Б.М-ын 2020 оны “гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г баталж өгөөгүй, улмаар хариуцагчийн шийдвэрээр[5] байгуулагдсан “Үнэлгээний баг”-аас нэхэмжлэгчийн 2020 оны “гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г үнэлээгүй буюу “Үнэлгээний хуудас”-аар баталгаажуулаагүй болох нь ... сумын Засаг даргын тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлсэн үнэлгээний багийн 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Илтгэх хуудас”[6]-д “...мэргэжилтэн Б.М нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулаагүй байх тул тухайн албан тушаалтнаас ирүүлсэн жилийн эцсийн тайланг үнэлэх боломжгүй байна” гэж дурдсан байгаагаар;

-“Үнэлгээний баг”-ийн үнэлгээний хуудсанд[7] /хүснэгтээр гаргасан/ нэхэмжлэгч Б.М-ын нэр байхгүй буюу ороогүй байгаагаар;

-түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...нэхэмжлэгч төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2020 онд батлуулаагүй учраас гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх боломжгүй, үнэлээгүй... “ гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

1.5. Өмнөх 1.4 дэх хэсэгт тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримтыг дүгнэн үзвэл хариуцагч албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг ... хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг болон “Журам”-ын 2.3-д “Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор батална”, 4.5-д “Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн өмнөх оны төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор дүгнэнэ” гэж заасныг тус тус зөрчин, нэхэмжлэгч Б.М-ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг хянаж, үнэлээгүй атлаа түүнийг “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд хууль бус болжээ.

Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах нь нэхэмжлэгчийн үүрэг байх боловч, нөгөө талаас төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж улирал, жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээг тооцох үүрэг, үнэлгээнд үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг урамшуулах эсхүл хариуцлага тооцох эрх нь хариуцагч байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтанд хуульд зааснаар хадгалагдаж байх тул дан ганц нэхэмжлэгчийг “гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулаагүй” гэж буруутгах үндэслэлгүй;

-төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч Б.М-ыг 2020 оны турш бүтэн жилийн хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөгүй ажиллуулсан хариуцагчийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйлдлийг шүүхээс зөвтгөх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг тус тус  дурдах нь зүйтэй байна.

2. Төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгч Б.М-ыг гүйцэтгэлийн төлөвлөгөөгүй ажиллуулсан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлээгүй нь дээрх байдлаар нэгэнт тогтоогдож байгаа тохиолдолд, нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүрэгт хамаарах түүнийг буруутгаж буй “Тогтвортой амжиргаа-3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан, сумын орон нутгийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан, 2020 онд “Миний ...” ХХК-д илүү санхүүжилт олгосон” гэх 3 зөрчилд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй байх хэдий ч, хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын зарим үндэслэлд үнэлэлт өгөх замаар маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

2.1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталжээ.

“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3, 1.3.1, 1.3.3-д тус тус зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлэн гаргасан төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулахаар;

Мөн журмын 1.4, 1.4.1, 1.4.2, 1.4.5-д тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцлага гарцаагүй байх, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмуудыг баримтлахаар;

1.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байхаар;

түүнчлэн журмын 2.2-т зааснаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан болох “шалгагч” этгээдээс шалган тогтоохоор,

-2.5, 2.6-д зааснаар шалгагч этгээд нь сахилгын зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаарх “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдохгүй тухай” эсхүл “сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийн томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалтай танилцсан томилох эрх бүхий албан тушаалтан нь албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл журмын 1.5.1-1.5.4-д заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанаас  халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах, ингэхдээ журмын 3.2-т заасны дагуу шалгагч этгээдийн санал, тухайн зөрчлийн шинж байдал, журмын 3.3-д заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан үзэхээр тус тус нарийвчлан журамласан байна.

Хариуцагч, түүнд шууд харьяалах эрх бүхий албан тушаалтнаас дээр дурдсан журмын зохицуулалтуудыг болон журмын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, ... бол албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” гэж заасныг бүхэлд нь зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

2.2. “Тогтвортой амжиргаа-3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан зөрчлийн талаар нэхэмжлэгчээс “...Тогтвортой амжиргаа-3” төслөөс урамшуулал авч чадаагүй нь дан ганц надад хамааралгүй, сумын ЗДТГ-ын олон төрлийн үйл ажиллагаа, олон албан хаагчид хамаарах тэдгээрийн нийлмэл үйл ажиллагаанаас хамааралтай гэх агуулгаар, харин хариуцагчаас “Тогтвортой амжиргаа-3” төслийн хяналт шалгалтын үнэлгээнд дүн шинжилгээ хийж үзэхэд нэхэмжлэгч 157 оноо авахаас 69,27 оноо авсан буюу төслөөс авах урамшууллаас хасагдсан нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас болсон гэх агуулга бүхий тайлбараар тус тусын шаардлага, татгалзлаа үндэслэдэг.

“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т тодорхойлон зааснаар нэхэмжлэгч Б.М-ын гаргасан гэх сахилгын зөрчлүүдийг шалган тогтоох “шалгагч” этгээд нь[8] түүний дээд шатны албан тушаалтан болох ... сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга /Л.О/ байх боловч, уг шалгагч этгээдээс нэхэмжлэгчийн гаргасан гэх сахилгын зөрчлүүдийг шалган тогтоогоогүй, улмаар сахилгын шийтгэл ногдуулах эсэх дүгнэлтийг гарган томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагчид танилцуулаагүй болох нь хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар[9] тогтоогдож байна.

2.2.1. Хариуцагчаас “Тогтвортой амжиргаа-3” төслийн гүйцэтгэлийн үнэлгээнд чиг үүргийн хяналт шинжилгээний дүгнэлтийг[10] гаргасан, уг дүгнэлтээр нэхэмжлэгч 157 оноо авахаас 69,27 оноо авсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж тайлбарлан маргадаг ч, уг дүгнэлтийг “шалгагч” этгээд болох Хөгжлийн бодлогын тасгийн дарга Л.О гаргаагүй, харин ЗДТГ-ын 5 тасгийн дарга нараас 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байна.

2.2.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д аймаг ... сумын Засаг даргын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар хуралдаанаас зөрчилд шалгалт явуулахыг Сумын Засаг даргаас хариуцагчид үүрэг болгосны[11] дагуу чиг үүргийн хяналт шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан гэж тайлбарладаг ч, хариуцагч албан тушаалтнаас уг дүгнэлтийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Д аймаг ... сумын Засаг даргын зөвлөлийн 31 дүгээр хуралдаанд[12] танилцуулж, хэлэлцүүлсэн нь тогтоогддог.

2.2.3. Хэрэв 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сумын Засаг даргаас үүрэг болгосон гэж үзвэл мөн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөрт багтаан 13 хуудас бүхий дүгнэлтийг гаргасан байх боломжгүй бөгөөд, энэ талаар гэрч М.Б-ээс шүүхэд “...ийм дүгнэлтийг танилцуулж байсан, хэзээ гарсныг бол мэдэхгүй, яг сайн санахгүй байна, дүгнэлт гаргахад оролцсоноо сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн.[13]

Иймд шүүх үнэн зөв эсэх нь эргэлзээтэй ... сумын ЗДТГ-ын 5 тасгийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр гаргасан “Тогтвортой амжиргаа-3 төсөл”-өөс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан сумдын засаглалын байдалд жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд чиг үүргийн хяналт шинжилгээ хийсэн дүгнэлт[14] гэх 13 хуудас бүхий нь баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2.2.4. “Тогтвортой амжиргаа-3” төслөөс урамшуулал авч чадаагүй нь дан ганц надад хамааралгүй, сумын ЗДТГ-ын олон төрлийн үйл ажиллагаа, олон албан хаагчид хамаарах тэдгээрийн нийлмэл үйл ажиллагаанаас хамааралтай, ганц намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэх үндэслэлийн тухайд

Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалын хавсралтаар “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан ба, журмын 1.3-т “ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ” гэж заажээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлдэг төсөл арга хэмжээний зардлын тодорхой хувийг “Тогтвортой амжиргаа-3” төслөөс санхүүжүүлдэг, жил бүр төслийн хяналт шалгалтын багаас ОНХС-ийн журмын хэрэгжилтийг шалгадаг бөгөөд, 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг 2020 оны 7 сард шалгасан төслийн хяналт шалгалтын багийн үнэлгээгээр ... сум 41%-тай үнэлэгдэж, 16 сая төгрөгийн дэмжлэг авсан байна.

Д аймаг ... сумын Засаг даргын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр хуралдаанд “Тогтвортой амжиргаа-3” төслийн ажилтан Б.Ө-гаас “ОНХС-ийн төслийн танилцуулга, жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ний талаар танилцуулга хийж, уг асуудлыг хэлэлцжээ.

 Дээрх 31 дүгээр хуралдааны тэмдэглэлд төслийн ажилтан Б.Ө-гаас “...сумын үзүүлэлт унах хамгийн том шалтгаан бол журамд нийцээгүй ажилд хөрөнгө зарцуулсан сумдыг шууд автоматаар энэ жил хассан. Энэ нь юуг хэлж байна гэхээр хурлын тогтоол, тэмдэглэлгүй байсан энэ мэт асуудлууд дээр унасан”[15] гэж;

- ... сумын 4-р багийн засаг дарга Ц.Анхзул хэлэхдээ “ ...2020 оны хийгдэх эрэмбэлсэн санал дээр алдаа дутагдлаа хянаж, гарсан дутагдлаа засаж өгч байгаа”[16] гэж;

-... сумын Засаг дарга Ч.Т-өөс “...энэ нь ганц хоёр хүний ажил биш юм, багаараа иргэдийн нийтийн хурал, багийн засаг дарга нар, иргэдийн оролцоо, ажлын хэсэг гэх бүгд баг болж оролцон өөр өөрийн ажлыг анхаараад чамбай байх хэрэгтэй”[17] гэж хэлсэн нь тус тус тэмдэглэгдсэн байгаагаар болон;

- гэрч Б.Ө-гийн шүүхэд гаргасан “...Хориотой чиг үүрэгт хамаарах ажлыг хийж, журам зөрсөн сумдыг урамшууллаас хассан талаар дээд газраас хэлсэн. Үүнийг бол дан ганц М-тай хамааралтай гэж үзэхгүй. Учир нь олон албан тушаалтны үйл ажиллагаа, албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой ажил юм”,  “...урьд шүүхээс асуухад би хэлсэн, тухайн үзүүлэлт бүрт гарч байгаа хангалтгүй оноонууд зөвхөн М-аас шалтгаалахгүй юм” гэх мэдүүлгүүд[18] зэргээс дүгнэвэл нэхэмжлэгчийн “Тогтвортой амжиргаа-3 төслөөс урамшуулал авч чадаагүй нь дан ганц надад хамааралгүй, сумын ЗДТГ-ын олон төрлийн үйл ажиллагаа, олон албан хаагчид хамаарах тэдгээрийн нийлмэл үйл ажиллагаанаас хамааралтай” гэж маргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.3. Сумын орон нутгийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан гэх зөрчлийн талаар нэхэмжлэгчээс “2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тооцооллыг шат шатны дарга нар хянаж нягтлаагүйгээс тооцооллын алдаа гарсан, тооцооллыг ганцаараа хийгээгүй” гэж, харин хариуцагчаас “...нэхэмжлэгч төсвийн тооцооллоо цаг хугацаанд нь хийгээгүйгээс зохих шатны дарга буюу тасгийн дарга, санхүү төрийн сангийн тасгийн дарга нараар нарт хянах боломж олголгүй. буруу тооцооллоор батлуулж 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 18,591,900 төгрөгөөр дутсан” гэж агуулгаар тайлбарлан маргадаг.

Дээрх тооцооллыг нэхэмжлэгчийн дээд шатны албан тушаалтан болох Хөгжлийн бодлогын тасгийн дарга, Санхүү төрийн сангийн тасгийн дарга нар тус тус хянах үүрэгтэй байна.

Гэрч М.Б-ийн /... сумын Санхүү төрийн сангийн тасгийн дарга ажилтай/: “...тасгаас гарсан бүх материалыг хянах үүрэгтэй боловч тасгийн дарга нь мэргэжлийн бус хүн, ...ОНХС-ийн задаргаагаа М надад өгөөгүй, энэ тухай өмнө нь төсөв эцэслээгүй байхад зөндөө хэлсэн, тэрийг хянах боломжгүй, задаргаа болон ажлын тоо хэмжээ нь гараагүй байсан, ...Надад хянуулаагүй сумын төсвөө сумын иргэдийн хуралд Л.О, Б.М хоёр өгсөн байсан, ...энэ тооцооллын алдаанаас болоод төрд хохирол байхгүй, гэхдээ 100 саяын ажил байлаа гэхэд тендер зарлаад 95 саяар ч юм уу хийхэд 5 сая нь энэ дутсан мөнгө рүү орох байдлаар нөхөгдөх боломжтой” гэх шүүхэд гаргасан мэдүүлэг;[19]

- харин нэхэмжлэгч Б.М-ын дээд шатны албан тушаалтан болох Хөгжлийн бодлогын тасгийн дарга Л.О-аас уг тооцооллын талаар “...Засаг дарга багийн Засаг дарга нарыг дуудаж ирүүлээд 60 сая төгрөгөнд багтаагаад хийх ажлаа төлөвлө гэсэн. Цаг хугацааны хувьд бол их давчуу хурал хуралдахаас цөөн хоногийн өмнө ийм чиглэл өгсөн, ...багийн засаг дарга нар идэвхтэй ажилласан, ингэж ингэж хамгийн сүүлд 6 дугаар багийн Засаг дарга багийнхаа төлөөлөгч нартай зөвшилцөж чадахгүйгээс болоод 60 сая төгрөгөөрөө гэрэлтүүлэг хийе гэсэн саналаа сүүлдэж өгсөн. Тэгээд Б-т төсөв хянуулах боломж бололцоо бага байсан”[20] гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгчийн хийсэн төсвийг хянах үүрэг бүхий дээд шатны албан тушаалтнуудаас уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул, хариуцагчаас “зохих шатны дарга нарт хянах боломж олголгүй, буруу тооцооллоор төсөв батлуулсан” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

2.4.2020 онд “Миний ...” ХХК-д илүү санхүүжилт олгосон” гэх зөрчлийн тухайд

Нэхэмжлэгчээс “Миний ...” ХХК-д илүү олгосон санхүүжилтийг буцаан авсан, энэ нь аудитын дүгнэлтээр зөрчилд тооцогдоогүй” гэж, харин хариуцагчаас “Миний ...” ХХК-д 2,198,927 төгрөгийн илүү санхүүжилт олгосон зөрчил нь тогтоогдсон” гэж маргаж байна.

Д аймаг дахь Төрийн аудитын газраас ... сумын төсвийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаагүй гэж дүгнэсэн ба, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №1-6/339 “Зөрчилгүй дүгнэлт”,[21] дүгнэлтийн хавсралт “Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалт”[22]-д дээрх зөрчил тусгагдаагүй, /алдаа зөрчилтэй асуудал гаргасан албан тушаалтны нэр” гэх хэсэгт нэхэмжлэгч Б.М-ын байхгүй/, Д аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 1-6/434 дүгээр[23] албан бичигт ““Миний ...” ХХК-д захиалагчийн хяналтын зардал 2,189.9 мянган төгрөгийг илүү шилжүүлснийг алдаа зөрчилд тооцоогүй” гэж дурдсан байгаагаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-ыг энэ асуудлаар үндэслэлгүй буруутгасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн гэрч М.Б-ээс уг асуудлын талаар “...2020 оны 06 дугаар сард М-д хэлж байсан, энэ асуудлыг би мэдэж байсан, тухайн үед Засаг даргадаа танилцуулаад өнгөрч байсан” гэж мэдүүлснээс үзвэл уг зөрчлийг илрүүлснээс хойш даруй 10 сар хугацаа өнгөрсөн байна.

Иймээс хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.9-д тус тус заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзлээ.

Өмнөх 2.1-2.4 дэх хэсгүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь сахилгын зөрчил гэж үзэн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа асуудлуудыг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй буюу зөрчилд тооцогдохооргүй асуудлаар нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан, зөрчилд тооцсон асуудлыг илрүүлснээс хойш 10 сарын дараа шийтгэл ногдуулсан зэргээр “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг бүхэлд нь зөрчсөн болох нь тогтоогдож байх тул, нэхэмжлэгч Б.М-ын Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хууль зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас ... халагдахгүй байх” нэмэгдэл баталгаа, төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчин, үндэслэлгүйгээр “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзлээ.

3. Шүүхээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Бийн М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хууль болон нэхэмжлэгч Б.М-ын төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагуудыг дараах байдлаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааг төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход нийт 112 хоног, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна, а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ... гэж, журмын 7-ийн а-д ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр... тодорхойлохоор тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр,[24] цалингийн тооцооны картыг[25] үндэслэн 2021 оны 1-3 дугаар сарын /2021 оны 04 сард ээлжийн амралтын олговрыг тооцож олгосон тул өмнөх 3 сарын цалингаас дундаж цалинг тооцсон/ цалингаас сүүлийн 3 цалингийн дунджийг тооцоход 1,545,244 төгрөг, үүнийг сарын ажлын дундаж 21.5 хоногт хувааж, 1 ажлын өдрийн дундаж цалинг 23,957 төгрөгөөр тогтоож, ажилгүй байсан 112 хоногт үржүүлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын 2,683,184 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Д аймаг ... сумын Засаг даргын тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд, 3 зөрчилд хамаарах зарим бичгийн нотлох баримтуудыг болон маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудалд холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1, 48.9, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 55 дугаар зүйлийн 55.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Б-ийн М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.М-ыг урьд эрхэлж байсан Д аймгийн ... сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,683,184 /хоёр сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан Б.М-д олгож, түүний ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1-р боть, 10 -р хуудас

[2] Уг журмыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон боловч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүд нь 2020 онд хамаарч байна.

[3] Хавтаст хэргийн 1-р боть, 144-р хуудас

[4] Хавтаст хэргийн 2-р боть, 44-46-р хуудас

[5] Хавтаст хэргийн 2-р боть, 39-р хуудас, ... сумын ЗДТГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны А/63 дугаар тушаал

[6] Хавтаст хэргийн 1-р боть, 118-р хуудас

[7] Хавтаст хэргийн 2-р боть, 40-41-р хуудас

[8] Хавтаст хэргийн 1-р боть, 44-р хуудас нэхэмжлэгчийн “Албан тушаалын тодорхойлолт”

[9] Хавтаст хэргийн 1-р боть, 189-191-р хуудас, хариуцагчаас ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/683 дугаар албан бичиг

[10] Хавтаст хэргийн 1-р боть, 213-224-р хуудас, Сумын ЗДТГ-ын 5 тасгийн дарга нараас гаргасан дүгнэлт

[11] Хавтаст хэргийн 2-р боть, 5-р хуудас

[12] Хавтаст хэргийн 1-р боть, 57-64-р хуудас,

[13] Хавтаст хэргийн 2-р боть, 9, 11-р хуудас

[14] Хавтаст хэргийн 1-р боть, 213-224-р хуудас

[15] Хавтаст хэргийн 1-р боть, 58-р хуудас

[16] Хавтаст хэргийн 1-р боть, 58-р хуудас

[17] Хавтаст хэргийн 1-р боть, 58-р хуудас

[18] Хавтаст хэргийн 2-р боть, 56, 107-р хуудас

[19] Хавтаст хэргийн 2-р боть, 9-10-р хуудас

[20] Хавтаст хэргийн 1-р боть, 49-р хуудас, 2021.04.17-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл

[21] Хавтаст хэргийн  1-р боть, 148-149-р хуудас

[22] Хавтаст хэргийн  1-р боть, 174-178-р хуудас

[23] Хавтаст хэргийн  1-р боть, 147-р хуудас

[24] Хавтаст хэргийн  1-р боть, 115-р хуудас

[25] Хавтаст хэргийн  1-р боть, 120-р хуудас