Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Х.Жамбалдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт Хишигтийн Жамбалдоржид холбогдох эрүүгийн 2321000610100 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг “Түргэн” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хуасай овогт Хишигтийн Жамбалдорж. /РД: ЖВ86111119/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Жамбалдорж нь Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Шовхын урд энгэр” гэх газар 2022 оны 08 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр ойд 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Мазда маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 3,524,419 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:              

Шүүгдэгч Х.Жамбалдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин би өмнө мэдүүлэг өгөхдөө байцаагчид машинаар мод зөөж, тээвэрлэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Энэ нь миний буруу болсон. Би тухайн модыг 3-4 хоног морин тэргээр зөөж бэлдсэн. Манай нутгийн ард иргэд нойтон модоор хашаа бэлддэг ба би тэрний дагуу л хашаа хийсэн. Би байгаль орчинд учрах хор уршгийг тооцоолж үзээгүй, мөн хууль мэдэхгүй алдаанаас болж ийм зүйл боллоо...” гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Болдмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баяндун сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны улсын байцаагчийн ажил эрхэлдэг. Баяндун сумын 1 дүгээр баг “Шовхын урд энгэр” гэх газраас тус сумын иргэн Х.Жамбалдорж нь хууль бусаар нойтон улиас мод бэлтгэсэн байна. Иргэний нэхэмжлэгчийн эрх үүрэг эдэлж энэ хэрэгт оролцож байгаагийнх байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Гэрч Б.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд тус сумын 1 дүгээр баг “Шовхын урд энгэр” гэх газарт явж байхад тус сумын иргэн Х.Жамбалдорж нь шинэ нойтон модоор малын хашаа барьсан байхыг хараад экологийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхбаярт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

Шүүгдэгч Х.Жамбалдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би малын хашаа барих гээд “Шовхын урд энгэр” гэх газраас өөрийн эзэмшлийн Мазда маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ганцаараа ойролцоогоор 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэсэн. Би тухайн нойтон улиас мод бэлтгэхдээ өөрийн сүхийг ашиглан бэлтгэж машиндаа ачаад тус сумын 1 дүгээр Удган хөндий гэх газарт малын хашаагаа хуучин хашааны модтойгоо сэлгэж барьсан. Тухайн уулнаас бэлтгэсэн нойтон улиас модоо дундуур нь 2-3 хувааж 1 метр 70-80 см өндөртэй жижиглэж бэлтгээд хөшмөл малын хашаа барьсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сумын төв дээр хүнсээ цуглуулах гээд явж байхад сумын экологийн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхбаяр над руу ирээд чи уулнаас мод бэлтгээд хашаа барьсан байна гээд мэдүүлэг авсан. ...Тухайн Мазда маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Экологийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот дүгнэлтэд:

1. Тухайн моднууд нь Бургасны овгийн-/Salicaceae/, Улиас-Populus laurifolia Ledeb./ навчит мод байна. Нийт 10.6 м.куб болно.

 2. Дээрх моднууд нь цаашид амьдрах чадвартай байсан. Хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор авсан дээжүүдийг хатаах зуухан 1050С-ийн температурт 6 цагийн турш хатаан MNS 2470:1978 стандартын дагуу хэмжиж жингийн алдагдал тооцоход нойтон моднууд байна.

3. Ойн мужлалын үзүүлэлт хоёрдугаар мужид хамаарах моднууд байна.

4. Хэрэглээний бөөрөнхий гуалин моднууд байна.

5. Улиас-Populus laurifolia Ledeb/ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, “Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход моднууд 10.6 м.куб 3,524,419 төгрөг тус болно гэжээ. /хх-ийн 41-43/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-15/

- Эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-23/

- Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 56/

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-68/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

- Шүүгдэгч Х.Жамбалдоржийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Баяндун сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, жолоочийн үнэмлэх, эд хөрөнгийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 72-76/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.Жамбалдорж нь 2022 оны 08 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Шовхын урд энгэр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Мазда маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 3,524,419 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Жамбалдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би малын хашаа барих гээд Шовхын урд энгэр гэх газраас өөрийн эзэмшлийн Мазда маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан ганцаараа ойролцоогоор 340 ширхэг нойтон улиас мод бэлтгэсэн. Би тухайн нойтон улиас мод бэлтгэхдээ өөрийн сүхийг ашиглан бэлтгэж машиндаа ачаад тус сумын 1 дүгээр Удган хөндий гэх газарт малын хашаагаа хуучин хашааны модтойгоо сэлгэж барьсан...” гэх,  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч С.Болдмаа, гэрч Б.Алтаншагай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Шүүгдэгч Х.Жамбалдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би анх мэдүүлэг өгөхдөө Мазда маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр модыг тээвэрлэсэн гэж худлаа хэлсэн юм. Би морин тэргээр тухайн моднуудыг зөөсөн. Хууль мэдэхгүйгээс анхны мэдүүлэгтээ тэгж хэлсэн...” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хуасай овогт Хишигтийн Жамбалдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Жамбалдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Хуасай овогт Хишигтийн Жамбалдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Жамбалдоржийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн 340 ширхэг нойтон улиас модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3,524,419 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ...нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Х.Жамбалдоржийн ойн санд учруулсан хохирлыг 10,573,257 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Х.Жамбалдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mazda Titan маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өөрийн өмч болох нь /хх-ийн 56/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба уг тээврийн хэрэгсэл нь 33,165,000 төгрөгөөр /хх-ийн 57-61/ үнэлэгдсэн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33,165,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mazda Titan маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14,400 төгрөгийн үнэлгээ бүхий сүх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3,524,419 төгрөгийн үнэлгээ бүхий 340 ширхэг нойтон улиас мод зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 10,573,257 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох  340 ширхэг нойтон улиас нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Mazda Titan маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Х.Жамбалдоржид хадгалагдаж байгаа бөгөөд мөрдөгчийн ”Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүх зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуасай овогт Хишигтийн Жамбалдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хишигтийн Жамбалдоржийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жамбалдорж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Х.Жамбалдоржоос гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 10,573,257 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3,524,419 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Жамбалдоржийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 33,165,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mazda Titan маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 3,524,419 төгрөгийн үнэлгээ бүхий 340 ширхэг нойтон улиас мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14,400 төгрөгийн үнэлгээ бүхий сүх зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан 10,573,257 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Mazda Titan маркийн 51-86 ДОР улсын дугаартай  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 340 ширхэг нойтон улиас модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  тус тус хэвээр үлдээсүгэй.  

7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох  340 ширхэг улиас нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Mazda Titan маркийн 51-86 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Х.Жамбалдоржид хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүх зэргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Жамбалдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА