Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2019/00975

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2019/00382/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .. хороо, . тоотод оршин суух ..  овогт ******* /РД: .., утас: ../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. хороолол, .. байр, ..тоотод оршин суух .. овогт ******* /РД: .., утас: ../-т холбогдох

 

“36,750,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие эцэг *******ын хууль ёсны өвлөгч төрсөн хүүхэд нь юм. Миний төрсөн эцэг ******* нь төрсөн ээж *******-тэй 1999 оны 12 сараас 2002 оны 7 сар хүртэл хамт амьдарч байсан, би тэдний дундаас 2001 оны 1 сарын 14-ний өдөр төрсөн юм. Төрсөн эцэг, эх хоёр маань 2002 оны 7 сараас хойш тусдаа амьдарцгааж улмаар 2002 оны 08 сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шийдвэрээр 2001.01.14-нд төрсөн Н-ийн төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоосон.

Миний төрсөн эцэг ******* нь 2017.12.14-ний өдөр автын ослоор харамсалтайгаар нас барсан. Нас барах хүртлээ надтай үргэлж холбоотой байсан. Аав амьд байхдаа чи миний төрсөн ганц хүүхэд шүү, аавд нь чамаас өөр үр хүүхэд байхгүй гэж хэлдэг байсан. Аавын ээж ******* гэж миний эмээ бас надтай уулзаад чи бидний мах цусны ганц тасархай аав чинь дахин гэрлэсэн боловч эхнэр нь үр хүүхэд төрүүлж өгөөгүй гэж хэлдэг байсан. Намайг төрсний дараа ээж өөрөөрөө намайг овоглож байгаад 2006 онд н.Батболд гэж хүнтэй гэр бүл болж, 2008.08.27-нд миний овгийг сольж Б-ын Н гэсэн бичиг баримттай болсон.

Миний төрсөн эцэг *******-ын өмчлөлд нас барахаас өмнө бүртгэлтэй байсан Дархан-Уул аймгийн Дархан сум, .. баг, .., .. байр, .. тоот .. өрөө орон сууц, нас барахаас хэдхэн хоногийн өмнө 14,500,000 төгрөгөөр худалдан авч байсан Приус 30 маркийн бүдэг ягаан өнгийн ..ДАХ суудлын автомашин зэрэг хөрөнгө байгааг эмээ ******* надад хэлж 2018.10.18-ны өдөр би Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчдын танхимд өв залгамжлагчийн гэрчилгээ авахыг хүсэх тухай өргөдөл гаргасан байгаа. Хүсэлтийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авах гэсэн боловч талийгаачийн эхнэр ******* нь дээрх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна гэж хэлсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд нэхэмжлэгч ******* би талийгаач эцгийнхээ төрсөн охин, хууль ёсны өвлөгч мөн тул талийгаач эцгийн өмчлөлд бүртгэлтэй байсан Дархан сумын .. баг, .. хороолол, ..байр, .. тоот .. өрөө байрыг зах зээлийн одоогийн үнэ 45,000,000 төгрөгт, Приус 30 суудлын автомашиныг зах зээлийн одоогийн үнэ ханшийг 14,500,000 төгрөгт тус тус тооцож нийт 59,500,000 төгрөгөөс эхнэр Г-ийн хамт хоёр хувааж өөрт оногдох хувь 29,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...*******-ын өмчлөлд нас барахаас өмнө бүртгэлтэй байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, .. хороолол .. байр .. тоот 2 өрөө орон сууцыг би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зах зээлийн үнийг 45,000,000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхэд дээрх орон сууцны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 52,910,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон дээр маргахгүй тул Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газрын дүгнэлтэд тусгагдсан 52,910,000 төгрөгөөс өөрт ногдох хувь 26,500,000 төгрөг гаргуулна.

Иймд нэхэмжлэгч ******* би өөрийн зүгээс дээрх үл хөдлөх орон сууцны зах зээлийн үнийн 45,000,000 төгрөгөөс тооцож өөрт ногдох хувь 22,500,000 төгрөг шаардсаныг нэмэгдүүлж, Капитал зууч ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр тогтоосон 52,910,000 төгрөгөөс өөрт ногдох хувь 26,500,000 төгрөг буюу зөрүү 7,000,000 төгрөгийг хариуцагч *******-ээс нэмж нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хууль ёсны өвлөгч мөн. ******* 2008 онд үрчлэгдсэн, гэхдээ ******* бол нэхэмжлэгчийн хууль ёсны эцэг мөн гэж шүүхээр тогтоогдоод тэтгэлэг төлж байсан. Ингээд ******* нь 2017 оны сүүлээр нас барсан ба өөрөөр хэлбэл эцэг байх үүргээ  биелүүлээд явж байсан. Хариуцагч сая би урд нь лангуу түрээсэлж байсан, 10 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байсан мэтээр ярилаа. Гэхдээ энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бол талийгаач болон хариуцагч нарын амьдралыг тодорхой хэмжээнд мэднэ. Харин ч талийгаач Солонгос явж ирээд, Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад хөдөө том тэрэг ажиллуулж тодорхой хэмжээний орлого түүнээс нь орж ирж байсан гэдгийг бидний өгсөн дансны хуулгаас тодорхой харагддаг. Приус-30 тээврийн хэрэгслийн хувьд талийгаачийн дансны хуулгаас үзэхэд 2017 оны 11 сард 4,000,000 төгрөг, дараа 3,000,000 төгрөг шилжүүлсэн ба гүйлгээний утга дээр нь машины мөнгө гэж бичсэнээс харагдана. Тээврийн хэрэгслийн лавлагаа бол автомашиныг гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэдгийг нотлох гэж гаргуулж авсан баримт юм. Хариуцагч нь байраа 43,700,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Гэхдээ талийгаачийг нас барахад Мандал даатгалын газраас талийгаачийн даатгалд 39,739,000 төгрөг шилжүүлсэн. Ингэхээр 4,000,000 гаруй төгрөгийн зөрүүг хариуцагч төлж байсныг үгүйсгэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хангаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Талийгаач ******* нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авто ослын улмаас нас барсан. Иргэний хуулийн 518 дугаар зүйл, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь өвлөх эрхтэй ба 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн нотариатын газар Иргэний хуулийн 515 дугаар зүйл, 520 дугаар зүйлд зааснаар өвлөх хүсэлтээ гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд өөрөөр хэлбэл гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө юм. *******-ын приус-30 маркийн автомашиныг ******* 2019 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод зарсан тухай баримт хавтаст хэргийн 76 дугаар хуудаст бий. Тэгэхээр машин байгаагүй гэсэн зүйл байхгүй. Хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаан дээр түүний нэр дээр тээврийн хэрэгслүүд нь байсан. Уг машиныг 100 хувь хариуцагчийн хуваарьт хөрөнгө гэх нотлох баримт байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн хувьд байр нь 52,910,000 төгрөгөөр албан ёсоор үнэлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа бид 7,000,000 нэмэгдүүлсэн бөгөөд нийт 32,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Би талийгаачтай 2010 онд танилцаад 2011 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн, 2014 оны 04 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед би Их дэлгүүрт хүний лангуу түрээсэлдэг байсан. Дараа нь Олон улсын худалдааны төвд хүүхдийн хувцасны лангуу ажиллуулсан. Би өөрөө тухайн үед приус 11, гранд марк-2 гэх машинтай байж байгаад түүнийгээ зараад өөрчилсөн, машин бол миний өөрийнх юм. Харин *******-д хүнд даацын Норд бенз машин байсныг эцэг эх нь авсан.

Маргаж байгаа орон сууцны ипотекийн зээл авахад байрны урьдчилгаанд 19,450,000 төгрөг өгсөн, үүнээс би 12,000,000 төгрөг гаргасан, ипотекийн зээлээ 20 жилийн хугацаатай авсан. Байрныхаа лизингийг би өөрөө төлж байсан. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний нэхэмжлэлийн шаардлагаас харахад манай нөхөр ******* нь энэ охиныг тэжээн тэтгэх үүргээ насанд хүртэл нь биелүүлсэн байна. Нөгөө талаар ээж нь хүнтэй сууж Н-ийг Б.Б гэж хүнд 2008.08.27-нд хууль ёсоор үрчлүүлсэн байдаг. Энэ нь төрсөн аавынхаа харьяаллаас гарч өөр эцэгтэй болсон нь нотлогдож байна. Тиймээс эд хөрөнгө өвлөгдөх асуудлыг манай нөхөр болох *******-аас биш Б.Б гэгч хүнтэй хамааруулж ярих ёстой гэж үзэж байна. Хэдий хууль мэдэхгүй ч, нэхэмжлэгч нэгэнт н.Б гэх хүнд үрчлэгдсэн учраас нэхэмжлэх эрхгүй гэж бодож байна. ” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Өвөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжилж болно. Гэхдээ хууль ёсны өвлөгч мөн үү? гэдгийг эхлээд тодорхойлох ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хуулийг буруу тайлбарлаж яриад байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн хүүхэд, үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд гэж байна. Нэхэмжлэгчийг талийгаачийн төрсөн хүүхэд гэдэг дээр бид огт маргаагүй. Харин хуульд үрчлэгдсэн хүүхэд хууль ёсны өмчлөгч гэж заагаагүй байна. Нэхэмжлэгчийг талийгаач үрчилж авагдаагүй, н.Б гэж хүн үрчилж авсан. Нэхэмжлэгч бол үрчлэгдсэн хүүхэд юм. Хуульд бол төрсөн хүүхэд, дараа нь үрчилж авсан гэж заасан байна. Тэгэхээр нэхэмжлэгч өвлөх эрхэд огт хамааралгүй юм. Нэхэмжлэгч 8 жилийн өмнө н.Б гэж хүнд үрчлэгдсэн байна. Тэгэхээр төрсөн хүүхэд шиг өсгөх нь н.Б юм. Үрчлэгдсэн хүүхдийг төрсөн эцэг нь 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ талаар хуульд заасан. Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь өвлөх эрх, нэхэмжлэх эрхээ алдсан талаар тодорхой заасан байна. Яахав хүний итгэл утгаар хэдэн төгрөг өгч болох байх, гэхдээ нэхэмжлэгч талийгаачийн оршуулгад ирж байгаагүй, хариуцагчтай нэг ч удаа ирж уулзаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ихэсгэсэн байх боломжтой, нэхэмжлэгчийн нэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санаа зорилго өөр байна уу? гэж харахаар байна. Учир нь талийгаачийн оршуулга дээр ажлын хамт олноос нв 3,000,000 төгрөг өгсөн байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 20,000,000 төгрөг өгсөн гэх мэтээр худал зүйл ярьж байсан. Гэр бүлийн дундын хөрөнгө бол гэр бүлийн гишүүдэд хуваагддаг. Тэгэхээр бүх хөрөнгө 2 хуваагдаад түүнээс хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн дагуу нэхэмжлэх эрхтэй. Гэхдээ хуваарьт хөрөнгө гэж бас байна. Бид талийгаачийн барьж байсан хүнд даацын Норд бенз маркийн машиныг яагаад нэхэмжлэхгүй байна вэ? гэхээр машин нь нэг байгууллага дээр байгаа юм. Гол нь талийгаач машинд нь зөвхөн урьдчилгаа төлж аваад ажлаа хийж байсан гэх мэт асуудлуудыг ойлгож байгаа учраас нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар эрхээ алдсан.” гэв.                                                                    

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эрэлцэцэгт холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нас барсан *******-ын өвлөгдсөн хөрөнгөөс ногдох хэсэг 29,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлөөлөгч *******-д нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******агмадулам нь 36,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч *******нь приус-30 автомашин миний өмчлөлийн хуваарьт хөрөнгө, орон сууц авахад би өөрийн хөрөнгийг оруулсан, мөн ******* нь Б.Батболдод үрчлэгдэж төрсөн аавынхаа харьяаллаас гарч өөр эцэгтэй болсон, эд хөрөнгө өвлөх асуудлыг манай нөхөр болох *******аас биш, Б.Батболдод хамааруулж ярих ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч ******* 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд түүний эх ******* төрсөн эцэг *******тай Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байх үедээ төрүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэснээр эх *******ээр овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 7 дугаар хуудас/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 497 тоот шийдвэрээр ...******* охин Э.Номин-Эрдэнийн эхтэй 1999 оны 12 дугаар сараас 2002 оны 7 сар хүртэл хамт амьдарч байсан, хүүхдийн олдсон, төрсөн хугацаа зэргээс  дүгнэлт хийхэд 2001-01-14-нд төрсөн охин Э.Номин-Эрдэнийн эцэг ******* мөн болох нь тогтоогдож байна... гэж дүгнэн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д ...хүүхдийн эхийн өргөдлийг үндэслэн эцгийг шүүх тогтооно... гэснээр Э.Номин-Эрдэнийн төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоож, 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 12-13 дугаар хуудас/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үр дагавраар ******* охин ******* нарын тухайд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 ...Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэж, шүүхийн шийдвэрээр тогтоосон үүрэг болох хүүхдийн тэтгэлгийг сайн дураар болон  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлөх үүрэг үүссэн байна.  /хэргийн 11, 14-15 дугаар хуудас/

Мөн  Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар эцэг болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Э.Номин-Эрдэнийг эцэг *******аар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлэх эрх үүсжээ.

Харин 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тэжээн тэтгүүлэгч охин Э.Номин-Эрдэнэ Боржигон овгийн Батцагааны Батболдод үрчлэгдэн, иргэний гэр бүлийн байдлын үрчлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг авч болно” гэснээр үрчлэгч Б.Батболдоор овоглосон байна. /хэргийн 8 дугаар хуудас/

Шүүхийн шийдвэрээр төрсөн эцэг гэж тогтоогдсон, тэжээн тэтгэх үүрэг хуулиар хүлээсэн ******* 2017 оны 12 дугаар сарын 14-ний нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ. /хэргийн 9 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр, төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх өвийг өвлөх эрхтэй.

2017 оны 12 дугаар сарын 14-ний нас барсан *******, хариуцагч *******эрэлцэцэг нар нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 4501000028 дугаарт бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна. /хэргийн 134 дүгээр хуудас/

 Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана гэснээр хууль ёсны өвлөгч *******эрэлцэцэг нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гарган 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 17 дугаар хороолол 17/1 дүгээр байр 82 тоотод 48,1 м.кв орон сууцны ногдох хэсгийг буюу өв өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. /хэргийн 133 дугаар хуудас/

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэх бөгөөд эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдсэн байх бөгөөд энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлнэ гэснээр болон хөдлөх хөрөнгийн тухайд хуулиар бүртгүүлбэл зохих бүртгэлийг үндэслэн хөрөнгийн өмчлөх эрхийг тогтооно.

Иймд Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 17 дугаар хороолол 17/1 дүгээр байр 82 тоотод байрлах 48,1 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ бичигдэн өвлөгч *******эрэлцэцэгт шилжих хүртэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан *******ын өмчлөлд байсан тул өвлөгдөх хөрөнгө болно. /хэргийн 45, 48, 51 дүгээр хуудас/

2019 оны 01 дүгээр 22-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгч *******эрэлцэцэгт шилжсэн Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 17 дугаар хороолол 17/1 дүгээр байр 82 тоотод байрлах 48,1 м.кв орон сууц нь өвлөгч *******эрэлцэцэг, өвлүүлэгч ******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн тохиолдолд гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно.

Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь нийт гишүүдэд  адил  ногдох буюу тухайн хөрөнгийн хувьд  2 гишүүнд тэнцүү байх бөгөөд талийгаач *******д ногдох хэсэг нь бусдад өвлөгдөх зарчимтай.

Өвлөгдвөл зохих хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 17 дугаар хороолол 17/1 дүгээр байр 82 тоотод байрлах 48,1 м.кв орон сууц бүхэлдээ өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр шилжсэн тохиолдолд бусад хууль ёсны өвлөгч нар өвлүүлэгч *******ын ногдох хэсгээс өөрт ногдох өвийг *******эрэлцэцэгээс шаардах эрхтэй,  *******эрэлцэцэг хууль ёсны эхнэрийн хувьд мөн ногдох хэсгийг өвлөх эрхтэй байжээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.5-д зааснаар гэрлэгчдийн хуваарьт хөрөнгийг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлох буюу иргэний оршин суугаа газарт хамт амьдарч байсан, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан гэр бүлийн гишүүд өвлөх эрхтэй болно.

Мөн зүйлийн 520.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд ногдох хэсгийг нас барагчийн эхнэр, төрүүлсэн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.

Харин нэхэмжлэгчийн шаардаж буй 43-50 ДАХ улсын дугаар бүхий Приус-30 маркийн автомашин 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос одоог хүртэл *******эрэлцэцэгийн нэр дээр бүртгэлтэй байгаа тул өвлөгдөх хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хэргийн 41 дүгээр хуудас/

Иймд А.Сайханзулын өвлөгдвөл зохих хөрөнгө гэж үзэн Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 17 дугаар хороолол 17/1 дүгээр байр 82 тоотод байрлах 48,1 м.кв орон сууцыг 52,910,000 төгрөгөөр, 43-50 ДАХ улсын бүртгэлийн дугаартай приус-30 маркийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэлгээгээр тооцон 50 хувийн хэсгийг мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тэжээн тэтгүүлж байсан, төрсөн хүүхэд нь учраас өвлөгдвөл зохих хөрөнгөөс ногдох хөрөнгөөс авах эрхтэй гэж шаардаж байгаа нэхэмжлэгч *******омин Эрдэнэ нь 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Боржигон овгийн Батцагааны Батболдод үрчлэгдсэнээр Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 59.2-д үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдах хуулийн зохицуулалттай.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ...Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 497 тоот шүүхийн шийдвэрээр тэжээн тэтгэх үүргээ 2007 оны 08 дугаар сарын 20-ноос 2017 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар биелүүлж байсан тул шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. /хэргийн 14-15 дугаар хуудас/

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд түүнийг хадгалах үүрэгтэй, 60.2-д Үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээсэн, Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар үрчлэлтийн нууц нь гэр бүлийн нууцад хамаарах бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хувь хүн нууцаа өөрөө хамгаалах бөгөөд тухайн үедээ тэжээн тэтгэгч байсан төрсөн эцэг ******* төрсөн охин Э.Номин-Эрдэнийг Батболдод үрчлэгдэн, овоглосон гэдгийг мэдэх боломжгүй байсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д зааснаар *******, Э.Номин-Эрдэнэ нарын тэжээн тэтгэх харилцаа тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэнээр дуусгавар болох атал дуусгавар болгоогүй нь үрчлэлтийн нууцыг мэдэх боломжгүй хуулийн хязгаарлалттай холбоотой, нөгөө талаар нэхэмжлэгчийн төрсөн эцэг, нас барсан *******ын хүсэл зориг байсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т эцэг, эх байх эрхийг хассан хүний хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй хязгаарлалт тогтоосноос Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар иргэн овог, эцэг /эх/-ийн нэрээ өөрчлөх бол холбогдох баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх,  өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргах эрх нээлттэй байсан болно.

Иймд хариуцагч *******эрэлцэцэгийн ...приус-30 автомашин миний өмчлөлийн хуваарьт хөрөнгө учраас өвийн журмаар өмнгө гаргуулах, н.Батболд гэгч хүн хууль ёсоор үрчлэн авсан, энэ нь төрсөн аавынхаа харьяаллаас гарч өөр эцэгтэй болсон, эд хөрөнгө өвлөх асуудлыг манай нөхөр болох *******аас биш, н.Батболд гэгч хүнтэй хамааруулж ярих ёстой, ааваасаа татгалзаж өөр хүнийг эцгээ болгосон байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх татгалзал үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******омин-Эрдэнийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нас барсан *******ын өвлөгдсөн хөрөнгөөс ногдох хэсэг 36,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******агмадулам түүнд олгосон итгэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэгчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч нэхэмжлэгч ******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нас барсан *******ын өвлөгдсөн хөрөнгөөс ногдох хэсэг 36,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******омин-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******омин-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ХААН банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 307,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 17,500 төгрөг, 109,500 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОЮУНДАРЬ