Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001680046 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,, ******* овогт *******ын *******, / РД:******* / ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******т Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт дэвсгэрт хуулиар хүлээсэн үүрэг болох:

-Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйл “Насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлт”-ийн 142.1 “15 насанд хүрээгүй хүнээр энэ хуулийн 142.3 “Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй нөхцөлд 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно”, 142.5 “15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн бичгээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болно” гэж зааснаас бусад тохиолдолд хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно”,

-142.2 “Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно”,

-142.6 “Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ”,

-142.7 “Ажил олгогч энэ хуульд заасны дагуу 15-18 хүртэлх насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон тухайн насанд хүрээгүй хүнтэй гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж тус тус заасныг,

- Мөн хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Үндэсний морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандартын 1.2 дугаар зүйлд заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилалтын үед өмсөж хэрэглэнэ, мөн стандартын 2.2-т Уяач... нь стандарт норматив шаардлагыг биелүүлж ажиллана” гэснийг болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан “...уралдаанч хүүхэд нь ...морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна” , Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д заасан “унаач хүүхдийг ослын даатгалд хамруулсан байдал, тусгай зориулалтын малгай, цээживч, өвдөг тохойны хамгаалалт, хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөөтэй эмээл зэргээр хангасан эсэхийг хянаж уралдааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж өөрийн их насны хурдны морийг хөлслөхдөө 12 настай буюу бага насны хүүхэд болох *******д хамгаалалтын малгай, хантааз, гутал, морины хэрэгсэл өмсүүлэлгүйгээр хурдны морийг унуулах явцад ******* нь мориноос унаж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, бөөрний язрал, хальсан доорх цусан хураа /1500 мл/ бүхий хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна насанд хүрээгүй хохирогч *******ы мэдүүлэг, хх-ийн 15-16 дугаар хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, хх-ийн 18-19, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мэдүүлэг, хх-ийн 101-102 дугаар хуудас, насанд хүрээгүй гэрч Э.Алтаншагай, гэрч Э.Жанчивдорж нарын мэдүүлэг хх-ийн 26-28, 148-149 дүгээр хуудас Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 492 дугаартай дүгнэлт,  63-66 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******ы, хууль ёсны төлөөлөгч С.Мягмарсүрэн нарт эмчилгээний зардал 4.300.000 нөхөн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин уг ослын улмаас насанд хүрээгүй хохирогч ******* нь Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэж уг үйлчилгээний зардал 14.379.470 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч *******өөс 14.379.470 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн  1-т зааснаар, хурдан морь уях эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Харин насанд хүрээгүй хохирогч түний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хоёр  / 02 / жилийн хугацаагаар хурдан морь уях эрхийг хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар  хоёр / 02 / жилийн хугацаагаар хурдан морь уях эрхийг хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг     болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 14.379.470 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар насанд хүрээгүй хохирогч ******* түүний хууль ёсны төлөөлөгч нараас цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ