| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/0347/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2019-06-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 404
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, И овгийн Тын А /рд:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай, М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Б аймгийн газар /дарга Х.А, утас: /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.А, гэрч Б.Р, Х.Н, Х.С, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Т.Аэд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай А\06 дугаартай тушаалыг хүчингүй болгож Т.А намайг тус газрын цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд эгүүлэн томилох тухай.
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А би М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б\25 дугаар тушаалаар тус газрын харьяа радио релейн 138 дугаар станцад цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд орсон юм. Т.А би тус байгууллагад ажилдаа байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэн ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Би архи согтууруулах ундаа, хэрэглэдэггүй, 15 хоногт ээлжийн ажилд гарч үүрэг гүйцэтгэн 15 хоног гэртээ амардаг журамтай юм. Ер нь тус газрын дарга Х.А нь тус газрын даргын ажилд томилогдсон цагаас хойш намайг хавчин гадуурхах байдалтай хандаж ирсэн юм. Би энэ бүхнийг тэвчиж өнгөрдөг байсан юм. Миний хариуцаж буй ажилд ямар нэгэн алдаа дутагдал гараагүй юм. Би залуу өрх учраас эхнэр, хүүхдээ асрахын тулд байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажлын байранд хариуцлагатай байхыг хичээдэг байсан юм. Би ажлын байрыг эзэнгүй орхиж байгаагүй юм. Тухайн ажлын байрыг тэгж эзэнгүй орхих ямар ч нөхцөлгүй юм. Гэтэл ажил олгогч буюу М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Б аймгийн газрын даргын 2019 оны 14 дүгээр сарын 24-ний өдрийн Т.Аэт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай А\06 дугаартай тушаалаар хууль бусаар ажлаас халсан явдалд гомдолтой байна. Иймээс Т.А би өөрийгөө хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Т.Аэт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай А\06 дугаартай тушаалыг хүчингүй болгон Т.А тус газрын цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.А шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Т.А нь М ХХК-ийн Бн аймгийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар радио релейний 138 дугаар станцын цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд томилогдон ажилласан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь чөлөөлсөн. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай газрын РРС-ын элжинд гарч байсан ажилтан ажлын байраа орхиж явснаас амь нас нь хохирсон хэрэг гарсан. Энэ хэрэг учрал гарсны дараа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн газрын дарга миний бие ерөнхий инженерийн хамт радио релейн станцуудаар явж хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар Т.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлдэг нь илэрсэн. Мөн Т.А нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хагас дутуу өгдөг, цахилгаан зай тэжээлийн монтёр, гэрээтүүд ажлын байраа орхиж явсныг нуун дарагдуулдаг, хажуудаа гарч байгаа гэрээт ажилтанд чөлөө олгож саахалт айлд ажил хийлгэдэг, өөрөө дур мэдэн ажлын байраа орхиж явдаг зэрэг дутагдал зөрчил илэрсэн. Радио релейн 138 дугаар станцад үүрэн холбооны Мобиком, Юнител, Жи-Мобайл компаниудын төхөөрөмжүүд ажилладаг ба цахилгаан эрчим хүчний байнгын бэлэн байдлыг ханган ажилладаг үүрэг хүлээдэг. Гэтэл Т.А нь ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө авалгүй орхиж явсан явдал нь засварын станцуудын цахилгаан зай тэжээлийн монтёр, гэрээтүүд ямар ч хараа хяналтгүй орхиж, гэмтэл саатал гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Т.Аийн ажлын байрны тодорхойлолтод Станцын тоног төхөөрөмжийн ажиллагааны талаар ШУТ-д тогтоогдсон хугацаанд мэдээлэх, 2 цаг тутам бүртгүүлэх... гэсэн ажлын байрны зорилтыг биелүүлээгүй байсан болно. Мөн бусад станцуудаас 2 цаг тутам мэдээ авч байх ёстой байсан боловч энэ үүргийг биелүүлээгүй. Т.Аэд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлэхийг үүрэг болгож өгсөн боловч удирдлагын зүгээс өгсөн үүргийг мөн биелүүлээгүй. Тэр өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн даргын ажлын зөвлөлийн хурал дээр Т.А нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр элжинд гарч байх үедээ ажлын байраа орхиж явсан тухайгаа Би Наурыз көже уухаар ажлын байрыг орхиж ойролцоох айлуудад очсон нь үнэн. Би станцын ойролцоох айлд ажлын байрыг орхиж 1 удаа М.Бтэй хамт явсан гэж өөрөө ярьж, хүлээсэн байдаг. Т.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний Зургаадугаар зүйлийн 6.3 дугаарт Хөдөлмөрийн тухай хууль болон дотоод журамд зааснаас гадна дараах ноцтой зөрчил нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Үүнд: -Ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүй чөлөө авалгүй орхиж явсан гэж зааж өгсөн. Иймд Т.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ....эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн нь Монгол улсын Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Иймд Т.Аын шүүхэд гаргасан Газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/06 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Т.Аыг цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М ТӨХХК-ийн Б аймгийн газарт анх 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Ямар ч асуудал болоогүй байхад намайг ажлаас халсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би тухайн өдөр ажлын байраа орхиж яваагүй. Наурызын баярын үеэр Н бид хоёр Наурыз көже уухаар чөлөө асуухад ...нэг нэгээр ээлжлээд яваад ир гэж зөвшөөрсөн. Бид хоёр хамт яваагүй, ээлжилж яваад ирсэн гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Т.Аийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтад ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсан талаар заасан. Би Т.Аийг ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсан мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх 2 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Т.А нь Наурызын баярын үеэр гэрээт ажилтан Нийн хамт ажлын байраа орхиж 138 дугаар станцын зүүн доод талд байдаг айлд очсон үйлдэл гаргасан. 2018 оны намар А хүрзэн гаргах үеэр Мгийн гэрт очиж байсан. Энэ талаар өөрөө бид нар Мгийн гэрт очоод 2-3 цаг болоод буцаж ирсэн гэж хэлсэн. Станцад гэрээт ажилтнаас өөр гэрээт ажилтан ажиллуулдаг болсон нь шалтгаантай. 2016 оны 138 дугаар станцын ажилтан Бейбит цус харваж мэдээлж чадаагүй 2-3 цаг удсанаас болж тахир дутуу болсон. Бейбит нэг хүн ажиллаж байсан тул цус харвах үед мэдээлж чадаагүй, би тэтгэмж авах ёстой, би тахир дутуу болсон тул үйлдвэрийн осол болохыг тогтоож өг гэх нэхэмжлэлийн шүүхэд өгсөн. Улсын дээд шүүхээр Бейбит нь үйлдвэрийн осолд өртсөн гэдгийг тогтоосон. Уг үйл явдлаас болж бид нар 135, 136, 137, 138 дугаар станцад тус бүр нэг нэг гэрээт ажилтан нэмж өгсөн. 2 хүн ажиллуулбал ямар нэгэн асуудал гарлаа гэхэд хэл дуулгах зорилгоор гэрээт ажилтан нэмж авсан. 04 дүгээр сарын 06-ны өдөр урьд нь Атай хамт ажиллаж байсан Бугат сумын Хатуу багийн иргэн А.Б, А.Т нар Мгийн шар шаврыг ачиж яваад замдаа осолд орж хүн нас барсан асуудал байна. Бид осол гарсан өдрийн 11 цагийн үед ажлын бүрэлдэхүүн очиж үзлэг хийж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, Аед ажил хүлээлгэж өгсөн. Тухайн үед нас барсан ажилтан ажлаа орхиж явах үед цагийн бүртгэлийг урьдчилж нөхөж бичсэн байсан. Осол 4 цагийн үед гарсан, гэтэл 8 цаг хүртэл мэдээ өгсөн талаар бүртгэлийн дэвтэрт нөхөж бичиж гарын үсэг зурсан байсан. Би нөхөж бичсэн тэмдэглэлийн дэвтрийн Аэд харуулж, та нар дандаа худал бүртгэл хөтөлдөг юм байна, ингэж болохгүй гэж сануулаад хэлсэн. Би үүнээс хойш 2-3 хоногийн дараа ерөнхий инженерийн хамт станцуудын цагийн бүртгэл утасны биллийг тулгасан. 35-37 дугаар станц 2 цаг тутамд 138 дугаар станцад бүртгүүлж мэдээ өгөх ёстой. Цаасан дээр мэдээ өгснөөр бүртгэсэн ч утасны биллээс утасдаж мэдэгдсэн нь нотлогдохгүй байгаа. Утасны биллээс ажилчид өглөө 10 цаг, орой 17, 18 цагийн үед ярьж мэдээ өгсөн гэдэг нь харагддаг. Би Т.Аэд та нар яагаад хуурамч бүртгэл хөтөлдөг юм бэ гэж асуухад би 2 цаг тутамд бүртгэж байгаа гэж гүрийсэн. Би даргын ажлын зөвлөлийн хуралд ороход утасны бэлийг үзүүлж, та нар хэлж байна гэхэд 2 станцын ажилтан бид нар 2 цаг тутамд бүртгүүлдэг гэж хэлсэн. Харин 1 станцын ажилтан нар өглөө 1, орой 1 ярьдаг, яг 2 цаг тутамд бүртгүүлж чадахгүй байгаа гэж үнэнээ хэлсэн. Би дээрх байдлаар алдаа гарсан 3 хүний 2-т нь цалин бууруулах сахилгын арга хэмжээ авсан, нэг хүнийг ажлаас халсан. Т.Аэд нэхэмжлэлдээ ганцхан намайг ажлаас халсан, бусад хүмүүсийг ялгаж харьцаж байна гэж бичсэн байна. 138 дугаар станц үндсэн станц ба цаад талд байрлах 3 станцаас мэдээ аваад аймгийн төв рүү мэдээлдэг. Мөн цаад талын 3 станцад хөдөлмөрийн зааварчилгаа өгөх ёстой. Осол гаргахаас өмнө гаргаж байсан алдаануудыг осол гарсны дараа мөн адил давтсан. Би өөрийн биеэр очиж хэлээд зааварчилгаа өгөөд байхад урд гаргасан алдаагаа давтсан. Миний бие очих үед мэргэжлийн хяналтын байцаагч хамт очсон. Би явах үедээ шинэ бүртгэлийн дэвтэр өгч үнэн зөвөөр бүртгэхийг даалгасан. Гэтэл намайг дахиж 10 цагийн үед очиход 3 цаг хүртэл урьдчилж бүртгэсэн байсан. Би ганц Аийг ажлаас халаагүй, би 4 гэрээт ажилтныг ажлаас халсан. Ажилчид харилцан тохиролцож станцыг орхиж явдаг асуудал байна. Бид ээлжид гарч байгаа ажилтныг өөрсдийн машинаар ус, хоол хүн, түлээний хамт аваачиж өгдөг. Осол гарснаар станцын ажилтан нар станцыг орхиж явдаг гэдэг нь тогтоогдож байна. Атай урьд нь хамт ажиллаж байсан Б нь түүний хамт 2018 оны 8 дугаар сарын үеэр Мгийн гэрт очиж хүрзэн гаргахад тусалж байсан байна. Иймд Т.Аийг ажлын байрыг удаа дараа орхиж явсан, шаардлага тавьсны дараа дахин алдаа гаргаж хуурамч бүртгэл хөтөлсөн тул түүнийг ажлаас халсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх саналтай байна. Нотлох баримтыг хангалттай цуглуулсан, өнөөдрийн шүүх хуралдаанд шатанд гэрч нарыг асууж зохигчид мэтгэлцлээ. Т.Аийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна. Т.А нь М ТӨХХК-ийн Б аймгийн газарт 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар мониторын ажилд томилогдож гэрээ байгуулан ажиллаж байсан. М ТӨХХК-ийн Б аймгийн газрын дарга 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А/06 дугаар тушаалаар Т.Аийг ажлаас халсан. Т.Аэд ажлаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулахдаа 2 төрлийн үндэслэл дурдсан. Үүнд, нэгдүгээрт: удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх, хоёрдугаарт, ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөө авалгүй орхиж явсан гэх үндэслэл дурдсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг Т.А нь биелүүлээгүй гэх үндэслэл нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл удирдлагаас чухам ямар үүрэг даалгавар өгсөн, үүрэг даалгавар нь ямар байдлаар биелэгдэхгүй орхигдсон, мөн үүрэг даалгаврын биелэлтийг тооцож гаргасан болон үүрэг даалгавартай холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Шүүх үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй.
Хоёрдугаар үндэслэл нь Т.А нь ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөө авалгүй орхиж явсан гэх асуудал байгаа. Т.А нь туслах гэрээт ажилтан Нийн хамт 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хөрш М гэх хоч нэртэй Сыг гэрт Наурызын баярын көже /шөл/ уусан болох нь нотлогдож байна. Гэхдээ энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох уу гэх асуудал байна. Т.А нь ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсан гэдэг нь нотлогдохгүй байна. Т.Аийн Мгийн гэрт очсон үйл явдлаас болж байгууллагад ямар нэгэн эрсдэл хохирол учирсан асуудал нотлогдохгүй байна. Тухайн үед Т.А ажлын байрыг орхиж явсан гэдэг нь эрх бүхий албан тушаалтын бүртгэл зэрэг нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Р би цагийн бүртгэл хөтөлдөг гэж мэдүүлж байгаа ч тухайн өдөр А нь ажил тасалсан, ажлын байрыг орхиж явсан асуудлыг нотолж чадахгүй байна. Тухайн өдөр байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, зөрчлийн үр дагавар бий болоогүй гэдэг нь нотлогдож байна. Уг асуудлаас болж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний үр дагавар бий болоогүй учир сахилгын шийтгэл үндэслэлгүй гэж үзэж байна. Аливаа сахилгын шийтгэл нотлогдон тогтоогдсон ба сахилгын зөрчлийн улмаас ямар нэгэн үр дагавар үүссэн байхыг шаардаж байгаа. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2007 оны 135 дугаар тогтоолд дурдсан. Гаргасан зөрчил бүрийг хөдөлбөргүй тогтоож байж зөрчил тус бүрд сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Иймд сахилгын шийтгэл авсан нь зөрчилтэй гэж үзэж байна.
Тухайн өдөр 2 ажилтан хамт ажиллаж байсан. Тухайн 2 ажилтан хоёулаа ажлаа байраа орхиж Мгийн гэрт очсон. Гэтэл зөрчил гэж үзэж 2 ажилтны нэгэнд нь ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан мөөртлөө нөгөөд нь ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ нь ажилтанд тэгш хандах бодлого алдагдсан гэж үзэж байна. Аливаа сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэг бүрчлэн зааж, зөрчил тус бүрийг ялгамжтай заахын Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Ажлын байрыг орхиж явсан гэх заалтыг хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд тусгасан атлаа чухам ямар байдлаар ажлын байрыг орхиж явахыг ойлгох, цаг хугацааны хувьд ямар байх, орхиж явснаас ямар үр дагавар учирсан нөхцөлд ноцтой зөрчилд тооцох талаар тусгаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг зөрчиж байна. Иймд Т.Аэд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй байна. Мөн хариуцагч 2018 оны 05 дугаар сард А нь Мгийн гэрт Бтай хамт очиж хүрзэн гаргасан, ажлын байрыг орхиж явсан зөрчлийг давтан гаргасан ба үүнийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл болгосон гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Хүрзэн гаргах зөрчил нь 2018 оны 5 дугаар сард гарсан болох нь зохигчдын мэдүүлэг, гэрч Сын мэдүүлгээр нотлогдож байх тул Т.Аэд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Уг зөрчилтэй холбогдуулж Т.Аэд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар арга хэмжээ авах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох тус газрын цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Т.А нь М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар тус газрын радио релейн 138 дугаар станцын цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд томилогдсон байна.
М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/06 дугаартай тушаалаар Т.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалт, газрын даргын ажлын зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө авалгүй орхиж явсан сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ажил олгогчоос ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлээ Т.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлдэг, цахилгаан зай, тэжээлийн монтёр, гэрээтүүд ажлын байраа орхиж явсныг нуун дарагдуулдаг, хажуудаа гарч байгаа гэрээт ажилтанд чөлөө олгож саахалт айлд ажил хийлгэдэг, өөрөө дур мэдэн ажлын байраа орхиж явдаг зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.
Ажилтан Т.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлдэг, цахилгаан зай, тэжээлийн монтёр, гэрээтүүд ажлын байраа орхиж явсныг нуун дарагдуулдаг, хажуудаа гарч байгаа гэрээт ажилтанд чөлөө олгож саахалт айлд ажил хийлгэдэг гэж тайлбарлаж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар нотлох баримтгүй, тухайн зөрчлүүдийг цаг хугацааны хувьд хэзээ гаргасныг тодорхой болгож шууд нотлох баримтуудаар нотолж чадаагүй байх тул зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн ажлаас халах сахилын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй байна гэж үзэх боломжгүй байна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэзээ ямар үүрэг даалгавар өгөгдсөн, түүний биелэлтийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.
Хариуцагч талаас Т.А нь ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон уг ажилтны үйлдэл, эс үйлдэл бөгөөд Т.А нь эд хөрөнгийн хохирол учруулсан ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц үйлдэл эс үйлдхүй гаргасан нь тогтоогдохгүй байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх бөгөөд Т.Аийн Наурыз байрын үеэр станцын ойролцоо айлд очиж ирсэн нь ажил олгогчийн эрх ашигт нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгоогүй, эд хөрөнгийн ямар нэгэн хохирол учраагүй байх тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
Иймд М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.Аийг урьд эрхэлж байсан ажил болох тус газрын цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 угаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.Аийг урьд эрхэлж байсан ажил болох тус газрын цахилгаан зай тэжээлийн монтёрын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн харьяа Б аймгийн газраас 70200 төгрөг гаргуулан улсын орлого боолгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК