Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00104

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00553 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24ий өдрийн 926 дугаар магадлалтай,

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

“Ф К” ХХК-д холбогдох

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 58,215,000 төгрөг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00553 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E0000000арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Ф К ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Оээс 38,500,000 төгрөгийг гаргуулан Ф К ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19,715,000 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 926 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E0000000арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Ф К ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б.Оээс 53 250 000 төгрөгийг гаргуулан Ф К ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 4 965 000 төгрөг, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “350 450 төгрөг” гэснийг “424 200 төгрөг” гэж тус тус өөрчил, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир хяналтын гомдолдоо: ...Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Иргэн Б.О нь Ф К ХХК-иас 2018.01.09-ний өдрийн гэрээ байгуулж, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байх боловч уг зээлийн гэрээний хүүг бууруулах зорилгоор талууд 5 хувьтай зээлийн гэрээнээс татгалзсан байдаг. Энэ талаар талууд 5 хувийн гэрээнээс татгалзсан эсэх асуудалд маргадаггүй юм. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс энэхүү татгалзсан гэрээний хүү, алдангийг шийдвэрлэж байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Бид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3-т зааснаар талууд хамтран гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа бөгөөд нэгэнт талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 /Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй/-т заасан журмыг шүүх хэрэглээгүй юм. Түүнчлэн Ф К ХХК нь 2018.01.09-ний өдөр гэрээ байгуулагдах үед тусгай зөвшөөрөлгүй байсан байх бөгөөд энэ талаар шүүх огт дүгнээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээх агуулгатай гомдол гаргасан байна.

 

5. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ф К ХХК-д холбогдуулан 07-08 УБИ улсын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашины өмчлөх эрхийг  шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргажээ. БЗГ/18/01/13-1 дугаартай 2018.01.13-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөн өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага бус үндэслэл болохыг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

6. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 12,115,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардалд 1,100,000 төгрөг, нийт 58,215,000 төгрөгийг гаргуулах, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E0000000арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах 2 шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

7.Хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч сөрөг нэхэмжлэлийн талаар өөр өөр эрх зүйн дүгнэлт хийсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, энэ тухайд хэрэгт байгаа баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

 

8. Нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд бүртгэлтэй байсан 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашины өмчлөх эрх 2017.04.25-ны өдөр Ф К ХХК-д шилжсэн, “Ф К ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээл олгохдоо хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй байтал  фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн, фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй болжээ. /1хх 33-36 дугаар тал/

 

9. Хэрэгт 2018.01.09-ний өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13-1 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнээс гадна мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай сарын 4.5 хувийн хүү, мөн өдрийн 5 хувийн хүү тохирсон 30,000,000 төгрөгийн зээлийн үнийн дүн бүхий 2 өөр зээлийн гэрээ авагджээ. /хэргийн 1хх 167-172 тал/, 200-204, 2хх 5-7 дугаар тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.08.09-ний өдрийн 3596 дугаар дүгнэлтэд “...сарын 4.5 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь Б.Оийн гарын үсгийн загвартай тохирохгүй, харин сарын 5 хувийн хүү тогтоосон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээнд зурсан гарын үсгүүд нь Б.Оийн гэх гар бичвэр, гарын үсгийн уншигдах болон үл уншигдах загвартай тохирсон”, мөн тус газрын 2019.12.31-ний өдрийн 209 дугаар дүгнэлтээр 5 хувийн хүү тогтоосон зээлийн гэрээнд Б.О гарын үсэг зурсан болохыг тогтоосон байна. /1хх 142-143, 242-244 дүгээр тал/

 

Ф К ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлжээ.

 

Талууд 2018.01.09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсгээ зурсан, хариуцагчид гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ...”, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч нь 30,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан тул зээлийг буцааж төлөх үүрэгтэй.

 

10. Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгох үйл ажиллагааг явуулдаг этгээд болохыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т тус тус заажээ. Уг үйл ажиллагааг явуулахын тулд Барьцаалан зээлдэх газар нь тусгай зөвшөөрөл авч, зээлийн үйл ажиллагааг явуулдаг ба барьцааны зүйлээс үүргээ хангуулах болохоос өөр аргаар буюу фидуцийн зүйлээр хангуулах үүргийн гүйцэтгэлийг хэрэглэх эрхгүй, барьцаалан зээлдүүлэх гэрээний энэ хэсэг хүчин төгөлдөр бус талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

11. Харин барьцаалан зээлдүүлэх гэрээний мөнгө зээлсэн хэсэг нь хүчин төгөлдөр ба уг гэрээ нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон, хоёр шатны шүүх алдангийг гаргуулах эсэх талаар зөрүүтэй дүгнэлтийг хийсэн, энэ тухайд залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх үндсэн зээл 30,000,000 төгрөг, 12 сарын хүү 18,000,000 төгрөг нийт 48,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 9,500,000 төгрөгийг хасч 38,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх алдангийг тооцож  хариуцагчаас 53,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Гэрээгээр алданги төлөх нөхцөлийг тохирсон байхад алдангийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус хуульд нийцсэнгүй.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болох барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний 2.7 дах заалтад зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөхтохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийг тогтоосон агуулсан байна. /1хх 33 дугаар тал/

Гэвч барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээл олгодог, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахдаа энэ тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгох үйл ажиллагааг явуулдаг этгээд байдаг тул алдангийг гаргуулах хугацаа онцлогтой байдаг байна. Учир нь мэдэгдсээр байхад зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул барьцаалан зээлдүүлэх газар барьцааны зүйлийг борлуулах эрхтэй болдог, энэ үеэс үүргээ хангуулж байгаа тул үндсэн үүрэг дуусгавар болж алданги шаардах үндэслэл ч дуусгавар болно. Хэрэгт байгаа баримтын хүрээнд барьцааны хөрөнгө байхгүй, зээлдэгч үүргээ биелүүлээгүй байгаа боловч “Ф К” ХХК хөдлөх хөрөнгө барьцаалаагүй, үйл ажиллагааны журмаа зөрчсөн буруутай тул эрсдлээ өөрөө хариуцах ёстой байна.

 

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т тус тус зааснаар барьцаалан зээлдүүлэх газар үүргээ биелүүлэхийг зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргээ хангуулдаг тул зээлдэгч үүргээ биелүүлээгүй 10 хоногийн хугацааны алдангийг төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр гүйцэтгээгүй үүрэг 38,500,000 төгрөгөөс 10 хоногийн алданги тооцоход  1,925,000 төгрөг нийт 40,425,000 төгрөгийг гаргуулж магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр “алдангийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн 926 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...53 250 000” гэснийг “...40,425,000” гэж, “4 965 000” гэснийг “17,790,000” гэж, “424 200” гэснийг “246,900” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.25-ны өдөр төлсөн 303,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД