Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 181/2017/03188/И/ |
Дугаар | 650 |
Огноо | 2018-02-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 650
“ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00078 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ИҮ” ХХК болон М.Ц нарт холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, дугуйт ачигч буцаан гаргуулах, гэрээ цуцлагдсаны хохиролд 95 047 915 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,
Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МД” ХХК нь 2015 оны 009/2015 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг ”ЭБ” ХХК-аас авсан. 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “М” ХХК болон “ИҮ” ХХК-ийн хүсэлтээр 2015 оны 009/2015 дугаар гэрээний худалдан авагчийн эрх үүргийг ”ИҮ” ХХК эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр “МД” ХХК-иас шилжүүлэн авсан боловч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөг төлснөөс өөрөөр гүйцэтгээгүй. Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 009/2015 дугаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, “ИҮ” ХХК-аас 10161 арлын дугаартай SD300 дугуйт ачигчийг буцаан шаардаж байна. 2015 оны 009/2015 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1-д гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг 18 690 000 төгрөгөөр тооцно, эрх шилжүүлэх гэрээний 1.5-д гэрээ цуцлагдсан тохиолдолд эрх хүлээн авагч нь тоног төхөөрөмжийг энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойшхи ашигласан хугацааны түрээсийн (гэрээний 4.1-т заасан) төлбөрийг тоног төхөөрөмжийг өөрөө ашигласан эсэхээс үл хамааран бүрэн төлнө гэж заасны дагуу худалдан авагч нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэг cap тутамд 18 690 000 төгрөгөөр тооцож манайд төлөх үүрэгтэй. Үүний дагуу тооцож үзвэл 10161 арлын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл буюу нийт 260 өдөр тэнцүү 8.67 сарын хугацаагаар ашигласан тул түрээсийн төлбөр нь 161 980 000 төгрөг болж байна. Үүнээс 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөг болон нэхэмжлэгчээс үзүүлж буй хөнгөлөлт 61 932 085 төгрөгийг хасвал хариуцагч нь түрээсийн төлбөр 95 047 915 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Хариуцагч М.Ц нь 2017 оны Э001/2017 дугаар батлан даалтын гэрээний дагуу худалдан авагчийн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй тул бид дугуйт ачигчийг хариуцагч “ИҮ” ХХК-иас, харин гэрээгээр тооцсон дугуйт ачигч ашигласны төлбөрийг “ИҮ” ХХК, М.Ц нараас гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нараас хувь тэнцүүлэн шаардаагүй, харин төлбөрийг дундаас нь гаргуулахаар шийдвэрт тусгуулж, хэн төлөх боломжтой нь үүргийг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ачигчийг өгөхийг зөвшөөрнө, анх авахад л эвдэрхий байсан бөгөөд эвдрэлийг нь засаад буцаан өгье гэж санал гаргаж байсан ч нэхэмжлэгч авахгүй өдийг хүргэсэн. Харин түрээсийн төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээ байгуулаагүй. Тоног төхөөрөмжийг огт ашиглаагүй, тул төлбөрийг төлөхгүй. Батлан даалтын гэрээг дуусгавар болгох саналыг М.Ц 2017 оны 7 дугаар сард гаргасан тул Иргэний хуулийн 463 дугаар зүйлийн 463.1-т зааснаар батлан даалтын гэрээ дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлээс төлбөр шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус заасныг баримтлан “ИҮ” ХХК-иас арлын 10161 дугаартай “Doosan SD300” маркийн 17,3 тонн жинтэй, 3.0 м.куб багтаамж бүхий шанагатай дугуйт ачигч болон 92 555 915 төгрөгийг гаргуулж ”ЭБ” ХХК-д олгож, ”ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 492 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасныг баримтлан “ИҮ” ХХК нь дээрх төлбөрийг төлөөгүй, эсхүл төлбөр төлж чадахгүй нь илт тодорхой болвол төлбөрөөс үлдсэн хэсгийг М.Цгоос гаргуулж “ЭБ” ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 364 663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИҮ” ХХК-иас 1 352 202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан түрээсийн төлбөр гэх 92 555 915 төгрөгийг хариуцагч "Их мандах үйлст" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйл болон 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус нийцээгүйгээс гадна бидний байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний агуулгад нийцээгүй тул зөвшөөрөх боломжгүй байна. Манай компани нь нэхэмжлэгчтэй ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний эрх, үүргийг хүлээж хэрэгжүүлэх зорилго байгаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар заасан заасан тул хүчин төгөлдөр бус гэрээний төлбөр гэх шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүхээс дээрх төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан "хохирол" гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэхээр болсон. Учир нь нэхэмжлэгчийн шаардсан cap бүрийн 18 690 000 төгрөгөөр тооцож нийт 9 сарын хугацааны түрээс /эсхүл хохирол/ гэх төлбөр нь холбогдох хуулийн агуулга буюу "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого .."-ын алинд ч хамаарахгүй, түүнчлэн дээрх хохирол /түрээсийн ханш/ гэгч нь хэрхэн тогтоогдсон, яаж учирсан нь тодорхойгүй байхад энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болсон. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00078 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн 92 555 915 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “ЭБ” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, дугуйт ачигч буцаан гаргуулах, гэрээ цуцлагдсаны хохиролд 95 047 915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсантай холбоотой хохирол гэж 95 047 915 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагын үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр гэж тайлбарласан байна. Түрээсийн гэрээний төлбөрөөр шаардаж байгаа гэх 95 047 915 төгрөгийн хохирол нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээр шаардаж байгаа эсэх, эсхүл уг гэрээний үүргийг сольж түрээсийн гэрээний үүргээр шаардаж байгаа аль болох нь тодорхой бус байна.
Хэрвээ нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх зохицуулалт хамаарна. Нөгөө талаар түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээслэгчийн эрх үүрэг, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн эрх үүргээс ялгаатай бөгөөд харилцан тооцох үүрэг байгаа эсэх асуудал нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд, түрээсийн гэрээний үүрэг болж өөрчлөгдсөн бол гэрээний хүчин төгөлдөр байдал, ашиглалт зэргийг тодруулах нь ач холбогдолтой юм.
Нэхэмжлэгч нь хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа ямар гэрээний үүргийн дагуу шаардаж байгаа нь тодорхой бус байхад хариуцагчийг тайлбар, татгалзлаа бүрэн гаргасан гэж үзэхгүй, тодорхой бус үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудыг мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 730 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ