| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 135/2019/03221/и |
| Дугаар | 2632 |
| Огноо | 2019-12-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2632
| 2019 12 16 | 181/ШШ2019/02632 |
|
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.С холбогдох,
Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Н миний бие 2015 онд тус сургуулийн Санхүүгийн албанд Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех, Инноваци гэсэн 3 жижиг аж ахуйн нэгжийн нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллах хугацаандаа 2016 оны 07 сарын 18-ны өдрөөс жирэмсэний амралтаа авах ёстой байсан ч хагас жилийн тайлан гаргаж байгаад 2016 оны 07 сарын 06-ны өдөр ажил дээрээ цус алдаж эх нялхасын дутуу төрөлтийн тасагт хүргэгдэж генепрал гэдэг тариаг гараасаа нэг ч цаг салгалгүйгээр 18 хоног залгаж байгаад сүүлдээ тариандаа дийлдэхээ байгаад 2016 оны 07 сарын 25-ны өдрийн шөнө 22 цаг 05 минутанд яаралтай хагалгаанд орж хүүхдээ дутуу төрүүлсэн. Хугацаагаараа бол 09 сарын дундуур төрөх ёстой байсан юм. Хүндрэлтэй дутуу төрсөнөөс болж хүүхэд жин багатай, бие сул, эхийн бие маш сул дорой байсан учир удаан хугацаагаар эмнэлэгээр явсан. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны дарамтанд маш ихээр өртөж байсан нь дутуу төрөхөд нөлөөлсөн гэж би боддог.
2018 оны 01 сард хүүхдээ 3 нас хүртэл асрах өргөдөл гаргаснаар 2018 оны 01 сарын 31-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацааг 2019 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл олгож ИС-ын захирлын тушаал гарсан. Миний бие чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор 2019 оны 07 сарын 24-ний өдөр ажил дээрээ очсон. Тухайн үед сургууль амралтын байдалтай захирал эзгүй байсан. Үүний дараа 2 удаа ажилдаа орохоор ИС-ийн төв байранд очсон боловч захиралтай таараагүй учир чадаагүй. Би энэ сургуульд ажиллаад 14 жилийн нүүрийг үзэж байна. Сургуулийн бүх ажилчид амарсан энэ үед Захирал эзгүй, намар бүх ажилчид ажилдаа орохоор асуудал шийдэгддэгийг би мэднэ. Иймд би ажилд орох өргөдөлөө 09 сарын 04-нд өгсөн юм. Үүний дараагаар хүүхдийн төрсний гэрчилгээ бусад холбогдох материалыг бүрдүүлж авч ир гэсэний дагуу бүрдүүлж өгсөн. 2019 оны 09 сарын 27-ны өдрийн албан бичгэн дээр 7 сарын 22-ны өдөр хүртэл хуулийн дагуу 3 жил ажлын байрыг хадгалсан боловч хуулийн хугацаанд ажилдаа ороогүй тул ажлын байраар хангах боломжгүй гэж бичсэн байна. 10 сарын 10-ны өдөр би хариу бичиг хүргүүлсэн бөгөөд 2019 оны 11 сарын 01-ний өдрийн тушаал чинь гарсан нарийн бичгээс аваарай гэж хүний нөөцийн албаны мэргэжилтэн Эрдэнэчимэг хэлсэний дагуу очиж авахад 2019 оны 10 сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн ИС-д хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэсэн тушаалыг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байдаг. Надад энэ тухай хуулийн дагуу нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан боловч огт мэдэгдээгүй хууль зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан гэж үзэж байна. ИС-ын Захиргааны хувьд миний ажилд орох хүсэлтгүйгээр намайг шууд ажилд томилох ёстой байсан. Миний ажлын байр байхгүй болсон гэдгийг мэдсэн. Сая өөр ажлын байр санал болгосон ч тухайн ажлын байранд ажиллах боломжгүй, 6 сарын тэтгэмж өгвөл эвлэрэх боломжтой гэдгийг хэлсэн боловч эвлэрээгүй
Хөдөлмөрийн хууль зөрчиж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул намайг ИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч И.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Н нь 2015 онд ИС-ийн Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв, Инновацийн төв зэрэг аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг нэгжүүдийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрж түүнээс хойш 3 жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2016 оны 07 дугаар сарын 25-наас 2019 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл 3 жилийн хугацаанд ИС-ийн зүгээс З.Нын ажлын байрыг хадгалж нийгмийн даатгалыг тасралтгүй төлж ирсэн. З.Н нь 2019 оны 07 дугаар сарын 25-нд ажилдаа орох ёстой чөлөөний хугацаа дууссан байтал 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг ИС-ийн захиргаанд ирүүлсэн. Энэ үеэр ИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 тоот тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгдэж Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв нь олон жил үр ашиггүй ажилласан нь тогтоогдож татан буугдсан тул тоног төхөөрөмжүүдийг Дүрслэх урлаг технологийн сургууль, Ерөнхий боловсролын сургуульд тус тус шилжүүлснээр нягтлан бодогч З.Нын ажлын байр байхгүй болсон.
Иймд ИС-ийн зүгээс 2019 он 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 тоот албан бичгээр ажлын байраар хангах боломжгүй болохыг мэдэгдсэн. ИС-ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар З.Ныг ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-д заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгосон. Ажилд орох өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал гарах хүртэлх хооронд завсардсан 08, 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудлыг бид Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хандсан боловч шийдвэрлэх боломжгүй хариуг өгсөн.
З.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу ИС-ийн зүгээс ажлын байраар хангах зорилгоор түр жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллуулж байгаад өөр ажлын байр гарахаар шилжүүлээд ажиллуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Төрийн албаны тухай хуулиараа 6 сарын тэтгэмж өгөх боломжгүй учраас бид эвлэрэх боломжгүй байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Н хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч З.Н нь ажлаас үндэслэлгүйгээр халсан гэх үндэслэлээр ИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч З.Н нь И.С-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/163 дугаар “З.Ныг ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” тушаалыг 2019.10.30-ны өдөр гардан авч, шүүхэд 2019.11.06-ны өдөр гомдлоо гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
И.С захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 ны 10 сарын 30-ны өдрийн Б/163 дугаар “З.Ныг ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, “ИС-ийн дүрэм”-ийн 4.4.1, ИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолыг үндэслээд ИС-д хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн дагуу З.Ныг Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2019 оны 10 сарын 28-ны өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-13х/
З.Н нь ИС-ийн Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв, Инновацийн төвийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан, 2019 оны 09 сарын 04-ны өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул ажилдаа орох хүсэлтээ гаргасан, Монгол Улсын Боловсролын Их сургууль нь З.Нд 2019.09.27-ны өдөр ажлын байраар хангах боломжгүй гэх мэдэгдлийг өгч, 2019 ны 10 сарын 30-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-5-6, 10-13х/
И.С-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 12 сарын 14-ний 03 дугаар тогтоолоор “Инноваци үйлдвэрлэлийн алба”-ыг 2015-2016 оны хичээлийн жилийг дуусгаж татан буулгасан, И.С-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 08 дугаар “Бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Санхүүгийн албад харъяалагдаж байсан Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төвийг татан буулгаж, Сургалт үйлдвэрлэлийн төвийг Захиргаа аж ахуйн харъяалалаас Дүрслэх урлаг технологийн сургуулийн Хэвлэх цехийг Лаборатори Ерөнхий боловсролын сургуулийн харъяалалд тус тус шилжүүлсэн байна. /хх-22-25х/
Иймд З.Нын 2015 онд эрхэлж байсан ИС-ийн Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв, Инновацийн төвийг хариуцсан нягтлан бодогчийн ажлын байр нь “татан буугдсан” гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: ИС-ийн Захиргааны бүтцэд байсан ажлын байрыг татан буулгаж буюу байхгүй болгож, Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн хоёр нэгжийг салгаж бие даасан сургуулийн харъяалалд шилжүүлсэн байх тул “Хэвлэх цех, Сургалт үйлдвэрлэлийн төв, Инновацийн төвийг хариуцсан нягтлан бодогчийн ажлын байр”-ыг ИС-ийн Захиргааны бүтэц байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч З.Н нь өөрийн ажлын байрыг ИС-ийн Захиргааны бүтэц байхгүй болсон талаар маргаагүй.
Хариуцагч ИС нь З.Нд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “ажлын байраар хангах боломжгүй” талаар мэдэгдэж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасныг зөрчөөгүй байна.
Дээрхи үндэслэлээр И.С-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Б/163 дугаар “З.Ныг ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул
нэхэмжлэгч З.Нын ИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч З.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан гаргасан тул түүний ажлаас чөлөөлөгдөх /2019.10.28-ны өдөр/-өөс өмнөх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч З.Нын И.С-д холбогдуулан гаргасан ИС-ийн хэвлэх цех, сургалт үйлдвэрлэлийн төв, инновацийн төвийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Нын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА