Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00299

 

                           

                                  “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч,  П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 2280 дугаар магадлалтай,

“ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 66,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч  ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хутагт овогт ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33,560,016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32,839,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 2280 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, ...” гэсний дараа “232.4,” гэж нэмж, “... 33,560,016 ...” гэснийг “39,560,016” гэж, “... 32,839,984 ...” гэснийг “26,839,984” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч  ,,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “... 325,750 ...” гэснийг “355,750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитойгоор тогтоож чадалгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Магадлалд “Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан тул хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийг хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг 2 удаа сунгасан гэж үзнэ” гэх хэргийн бодит нөхцөл байдалд тохироогүй хууль зүйн, үндэслэлгүй дүгнэлтийг хийж давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний сунгалтуудыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний хугацаа Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон өдөр буюу 2018.01.11-ний өдрөөс эхэлж, 2018.04.11-ний өдөр дуусгавар болсон байна. Гэрээний сунгалт нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний адил үйлдэгдэх байтал эхний сунгалт нь хугацаа дууссанаас 16 хоногийн дараа, 2 дахь сунгалт нь 1 жил, 1 нэг сарын дараа хийгдсэн байгааг гэрээний сунгалт гэж үзэх боломжгүй.

4.2. Мөн хариуцагч  ,,,,,,,,,,,,, нь гэрээний хугацааг сунгах хүсэл зориггүй байсан боловч зээлдүүлэгч “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь  ,,,,,,,,,,,,,ийг зээлийн дарамтад байгааг ашиглаж түүнийг гэрээнд гарын үсэг зурахгүй байхын аргагүй байдалд оруулан “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нд гарын үсэг зуруулсан нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар илэрхийлэгдэж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа тул уг гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийг 27,000,000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ. 

5. Нэхэмжлэгч тал “гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч  ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч  ,,,,,,,,,,,,,ээс 33,560,016 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 32,839,984 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч  ,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх  хариуцагч  ,,,,,,,,,,,,,ээс 39,560,016 төгрөг гаргуулж, үлдэх 26,839,984 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.

8. Нэхэмжлэгчээс “...  ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,нар нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2017.10.27-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд автомашин барьцаалсан, зээлдэгч нарын хүсэлтээр гэрээг 2 удаа сунгасан. Гэвч үүргээ биелүүлэлгүй, зээлээ төлөөгүй... Гэрээний хугацаанд төлбөл зохих хүү 21,600,000 төгрөг болсон ба үүнээс зээлдэгч нар нь 4,400,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаанд алдангийг 0,3 хувиар тооцохоор, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Иймд хариуцагч нараас үндсэн зээл, хүү, алданги нийт 66,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч  ,,,,,,,,,,,,, “... ,,,,,,,,,,,,, нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Үүнд  ,,,,,,,,,,,,,ийн эхнэр  ,,,,,,,,,,,,,нь ямар нэгэн байдлаар оролцоогүй, энэ хэргийн хариуцагч биш, зээлийн гэрээг 2018.01.11-ний өдөр 3 сарын хугацаатайгаар байгуулсан, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний дуусах хугацаа нь 2018.04.11-ний өдөр байна. Гэтэл талууд гэрээний сунгалт гэдэг баримтыг үйлдэж мөнгө нэхэмжилсэн. Уг сунгалт нь 2018.04.27-ны өдөр буюу үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш 16 хоногийн дараа, ... 2 дахь сунгалт нь 2019 оны 11 дүгээр сард буюу 2018 оны 11 дүгээр сараас хойш 13 сарын дараа байна. Гэрээний хугацаа дууссан хойно сунгах тухай ойлголт байхгүй тул гэрээг сунгасан гэж үзээд хүү нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, сунгая гэдэг хүсэл зориг байгаагүй. Гэрээг шинээр байгуулах л ойлголт байна. Бидний төлсөн 4,400,000 төгрөг нь 3 сарын үндсэн хүү гэж үзэж байгаа. Зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, үүнээс хуульд заасны дагуу алданги 50 хувиар тооцож 9,000,000 төгрөг болно, нийт 27,000,000 төгрөг төлөх нь хуульд нийцнэ, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

хариуцагч  ,,,,,,,,,,,,,“...нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн байдлаар хэлцэл болон гэрээ байгуулаагүй, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргажээ.

9. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч болон хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн хооронд 2018.01.11-ний өдөр 363 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, тогтоосон хугацаанд хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, гарын үсэг зурсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж зээлийг шилжүүлсэн, гэрээний хугацаа дууссанаас хойш 16 хоногийн дараа буюу 2018.04.27-нд 363 тоот зээлийн гэрээг 2018.10.11-ийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан, мөн үүнээс хойш 1 жил, 1 сарын дараа буюу 2019 оны 11 сард 363 тоот гэрээг 2018.10.11-ээс 2020.04.11 хүртэл сунгасан, хариуцагч нар зээлийн төлбөрт нийт 4,400,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.      

10. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, талууд гэрээндээ хүү, алдангийг тохиролцсон, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй. Мөн хариуцагч  ,,,,,,,,,,,,, нь дээрх гэрээний нэг тал биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

11. Харин талуудын хооронд 2019 оны 11 сард байгуулагдсан “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний хувьд анхан болон давж заалдах шатны шүүх ялгаатай шийдвэрлэсэн байна.

12. Тодруулбал, анхан шатны шүүх “...уг гэрээний огноог 2019.11 гэж бичсэн байх ба өмнөх зээлийн гэрээний хугацаа 2018.10.11-ний өдөр дууссанаас хойш 1 жил, 1 сарын дараа сунгасан мэтээр гэрээг хийсэн нь бодит үнэнд нийцээгүй, эргэлзээтэй, ... ,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,э нар нь 2019.11.11-ний өдөр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д мөнгө төлөх талаар хүсэлт гаргасан боловч 2019 оны 11 сард хийсэн гэх гэрээ нь үнэнд нийцээгүй, эргэлзээтэй тул зээлдэгч нарын гаргасан хүсэлт ч мөн адил хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэн, тухайн гэрээний хугацаанд хамаарах хүү, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

13. Учир нь, талууд өөрсдийн хүсэл зоригоор анхны гэрээгээ сунгаж “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж, гарын үсэг зурсан (үүнийг шинэ гэрээ ч гэж үзэж болно) эрх зүйн үр дагавар бүхий үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй буюу хуулиар хориглоогүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 286 дугаар зүйлийн 286.5.-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

14.  Иймд, хариуцагч нь үндсэн зээл 20,000,000 төгрөг, өмнөх гэрээний (2018.01.11 болон 2018.04.27-ны өдрийн) хүүгийн үлдэгдэл 2,373,344 төгрөг, 2019.11.11-2020.04.11-ний өдөр хүртэлх хүү 4,000,000 төгрөг, нийт 26,373,344 төгрөгийг төлөх үүрэгтэй.

15. Харин давж заалдах шатны шүүх алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 13,186,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь, нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд Иргэний хуулийн 286 дугаар зүйл болон эрх бүхий этгээдээс баталсан холбогдох дүрэм, журам, стандартыг баримтлах ёстой. Уг зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох” үүрэгтэй. Энэхүү тусгайлсан журмын дагуу аливаа барьцаалан зээлдүүлэгчийн алданги шаардах эрх нь уг зүйлд заасан хугацаагаар хязгаарлагдах учиртай.

16. Гэвч энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны журмаа баримтлаагүй, хариуцагч зээлийн барьцааны зүйлийг худалдан борлуулснаас нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д “Анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсний дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 6,593,336 төгрөг, нийт 32,966,680 (үндсэн зээл 20,000,000+хүү 6,373,344+алданги 6,593,336) төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

17. Харин “зээлийн гэрээ сунгагдаагүй тул хүү, алданги тооцох үндэслэлгүй, зээлийн төлбөрийг 27,000,000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 2280 дугаар магадлалын тогтоох хэсгийг 1 дэх заалтын “... “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, ...” гэсний дараа “232.4, гэж нэмж,...” гэснийг “...Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., 232 дугаар зүйлийн 232.8. ...” гэж, “39,560,016” гэснийг “...32,966,680 ...” гэж, “26,839,984” гэснийг “... 33,433,320 ...” гэж, 3 дахь заалтын “355,750” гэснийг “... 322,783 ...” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 216,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ