Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00275

 

                             “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

                                                                          нэхэмжлэлтэй иргэний  хэргийн тухай                                           

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02715 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 47 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,100,036.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,  нарт (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ээс татгалзсан) холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 16,100,036.64 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,  нь зээл 6,397,473 төгрөгийг төлөхийг зөвшөөрч хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02715 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , гээс зээлийн гэрээний үүрэгт 16,100,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,100,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 47 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,гээс 6,397,473 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,702,563 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “үлдээсүгэй.” гэснийг үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , гээс улсын тэмдэгтийн хураамжид 117,309 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ 2022.02.08-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.02.25-ны өдрийн 001/ШХТ2022/00221 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.03-ны өдрийн 47 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй ч нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2021 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргаж, энэ хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлнө гэх тайлбар гаргаагүй” гэжээ.

5.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй...бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ. Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “Зээлдэгч зээл авсан өдрөөс түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн өрийн үлдэгдэлд сарын 1,7 хувийн үндсэн хүү төлнө”, 11.3-д “...Зээлийн сарын төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдлээс энэхүү гэрээний 1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногоор тооцож авна” хэмээн харилцан тохиролцсон байна. Талууд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан гэрээгээр тохиролцсон бөгөөд хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөн төлж байсан. Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн банкинд гаргасан 2019.05.25-ны өдрийн хүсэлтэд зээлийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч барагдуулах болохыг илэрхийлсэн байдаг. Харин шүүхийн шатанд гаргасан хариу тайлбартаа хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй тул зөвхөн чөлөөлж өгөхийг хүссэн боловч чухам ямар үндэслэлээр чөлөөлөгдөх тухай тайлбар нотлох, баримт огт гаргаагүй. Талуудын байгуулсан гэрээ нь дээр дурдсан Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр тохиролцоо байх тул хариуцагчийн шүүхийн шатанд гаргасан тайлбарын агуулгаас үл хамааран нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан байхад шүүхээс зөвхөн “хариуцагч тайлбар гаргаагүй тул шаардах эрхгүй” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх нээгдсэн ч шаардаагүй үйл баримт байна... хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018.02.07-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагаар зохион байгуулсан 2019.05.22-ны өдрийн талуудын уулзалтаар хариуцагч зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч 2019.05.25-ны өдрөөс сар бүр 50,000 төгрөг төлөх замаар барагдуулах болохыг илэрхийлсэн. Иймд 2019.05.22-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийг дахин шинээр эхлэн тоолох эрх зүйн зохицуулалттай. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан баримтыг анхааралгүй, гэрээний хугацаа болон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн дүгнэсэн нь алдаатай болжээ. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар гэрээний хугацаа дуусах нь хариуцагчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн 2022.01.03-ны өдрийн 47 дугаар магадлалын шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,702,563 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,100,036.64 төгрөг гаргуулахаар шаардсаныг (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ээс татгалзсан) анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , гээс 6,397,473 төгрөгийг гаргуулж, үлдэх 9,702,563 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

9. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,  нар нь тус банктай 2015.12.09-ний өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 8,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр 26 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан, энэ талаар зээлдэгчид мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. 2021.06.16-ны өдрийн байдлаар зээл 6,397,473.17 төгрөг, хүү 8,649,490.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,053,072.93 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нийт 16,100,036.64 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , гээс гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,  “...Зээл авах өдөр ээж ,,,,,,,,,,,,,,, дуудаад очиход банкны зээлийн мэргэжилтэн энэ гэрээнд гарын үсгээ зурчих гэсэн. Яг ямар үүрэг, хариуцлагатай гэрээнд гарын үсэг зурж байгаагаа тухайн үед мэдээгүй, би тэр үед оюутан байсан... Мөн дээрх мөнгийг би огт хэрэглээгүй, ээж ,,,,,,,,,,,,,,, 2017.02.13-ны өдөр өвчний учир нас барсан, ээжийг нас барсны дараа энэ тухай мэдсэн. ... хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан болохоор хэн хэндээ буруу өгөөд яах вэ гээд би зөвхөн үндсэн зээлийг нь төлж чадна гэж хэлсэн. Одоо бол үндсэн зээлийг ч төлөхөд хэцүү байна. Би өөрөө 600,000 төгрөгийн цалинтай, бас цалингийн зээлтэй...” гэжээ.

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,ийн цалинг барьцаалсан байх бөгөөд тухайн хүний хөдөлмөрлөж олж байгаа орлого нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой, иймд зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-ийн дагуу түүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,  нь өөрийн эх ,,,,,,,,,,,,,,,ийн цалингийн зээлийн гэрээнд банкны шаардлагаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь цалингийн зээлийн үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , гийн ажил эрхэлж, цалин хөлс авдаг эсэх талаар баримт зээлийн хувийн хэрэгт авагдаагүй, тэрээр тухайн үед оюутан байсан гэж тайлбарласан ба зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,ийн хөдөлмөрийн хөлсөөр зээлийн төлбөрийг төлөхөөр банктай тохиролцсон зээлийн гэрээний үүргийг тухайн цалинг авдаггүй этгээдэд хамааруулах боломжгүй...”  гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

11. Давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүх “хүний хөдөлмөрлөж олж байгаа орлого нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой, ,,,,,,,,,,,,,,, нас барснаар үүрэг дуусгавар болсон” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талууд мөнгөн төлбөрийн нийтлэг үүргийн талаар тохиролцсон тул хариуцагч нарын нэг нь нас барснаар үүрэг дуусгавар болохгүй, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагад нийцүүлэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан ... байхад шүүхээс гэрээнд гарын үсэг зурсан нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэх агуулгатай, ойлгомжгүй, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн... гэрээний хугацаа 2018.02.07-ны өдөр дууссанаар нэхэмжлэгчийн шаардах эрх эхэлсэн байхад хүү, алдангийг шаардаагүй, 2021 оны 7 сард нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, гэвч талуудын зарчмыг үндэслэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , гийн “үндсэн зээлээс 6,397,473 төгрөг төлнө” гэсэн хүлээн зөвшөөрсөн хэсгээр хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

12. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч “хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан.

13. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

14. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв байна. Тодруулбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2. дахь хэсгийн дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

15. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан бөгөөд уг гэрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,  болон түүний эх ,,,,,,,,,,,,,,, нар гарын үсэг зурсан, зээлийг хувийн зорилгоор (машин авах) авсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний холбогдох заалт болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

16. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа нэг зээлдэгчийн үүрэг дуусгавар болсноор нөгөө буюу хамтран зээлдэгчийн үүрэг дуусгавар болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулсан боловч “...нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ биелүүлэхийг шаардах эрх нээгдсэн ч шаардаагүй үйл баримт байна... хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна...” гэсэн дүгнэлт хийн хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь мөн холбогдох хуулийг буруу тайлбарласан, зөрчилтэй дүгнэлт байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

17. Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй...бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 11.3-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, үүний дагуу хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдсон. Зээлдэгч буюу хариуцагчийн хувьд энэ үүрэг нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуустал үргэлжилнэ.

18. Хэрэв шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзвэл, хариуцагчийг үндсэн зээлийн төлбөрөөс ч чөлөөлөх учиртай. Гэвч хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018.02.07-ны өдөр дууссан бөгөөд үүнээс хойш жил гаруйн дараа буюу 2019.05.22-ны өдөр талууд уулзаж, гэрээний үүргийг биелүүлэх талаар харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,  нь “... энэхүү зээлийг хоёр тал хэлэлцэж сар бүр боломжоороо 50,000 төгрөгийг төлж байя... танайд байгаа зээлийг төлж дуусганаа...” гэжээ. Уг баримтын агуулгаас, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,, , гийн хүлээсэн гэрээний үүргийг талууд 2019.05.22-ны өдрөөр дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

19. Иймд, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэг энэ хүртэл үргэлжлэх ба зээлдэгчийн хамгийн сүүлд төлбөр хийсэн 2016.07.08-ны өдрийн байдлаар төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 6,397,473 төгрөг, үүнээс хойш 2019.05.22-ны өдөр хүртэлх 36 сар, 14 хоногийн хүү 3,966,006 төгрөг (сарын 1,7 хувь), нэмэгдүүлсэн хүү 793,201 төгрөг, нийт 11,156,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 4,943,356.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

20. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 47 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,гээс 11,156,680 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,943,356.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, гээс улсын тэмдэгтийн хураамжид 193,457 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 170,192 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ                        

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                       Б.МӨНХТУЯА                                                                                                

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД