Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2022/0011

 

 

 

 

 

 

 

                                     

    

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Б-гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэндээ: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаснаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу уг нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Д.Б миний бие гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 115 дугаартай актаар тогтоогдсон төлбөрийг тэтгэврээсээ сар бүр 50 хувиар суутгуулж төлнө. Надад өөр төлөх боломж байхгүй гэжээ.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 115 дугаартай актаар тогтоогдсон 10.876.791 төгрөгийг барагдуулах учир ирсэн Д.Б-гээс өөрөө хүлээн зөвшөөрсөн тул сар бүрийн тэтгэврээс 50 хувиар суутгал хийх хүсэлтийг хүлээн авлаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх иргэн Д.Б-гээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 115 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            3. Маргааны үйл баримтаас үзэхэд: Иргэн Б овогт Д-гийн Б нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн бөгөөд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай шийдвэрээр 1972 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт ажилчин, 1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тус салбарт шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоолгож 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байжээ. /1х.х-н 32, 34/

4. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдээр үндэслэлгүй олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх чиглэл хүргүүлсэн байна. /1х.х-н 35-36, 48/

            5. Улмаар дээрх хяналт шалгалтын дагуу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 115 дугаар актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 6/301 дүгээр албан бичгийг үндэслэн иргэн Д.Б-гээс илүү тогтоолгон авсан 10.876.791 /арван сая найман зуун далан зургаа долоон зуун ерэн нэг/ төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ. /1х.х-н 2/

   6. Ийнхүү иргэн Д.Б-гээс дээрх улсын байцаагчийн 115 дугаартай актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

            7. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./2х.х-н 102/

            8. Тодруулбал, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаснаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу уг нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Д.Б миний бие гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 115 дугаартай актаар тогтоогдсон төлбөрийг тэтгэврээсээ сар бүр 50 хувиар суутгуулж төлнө. Надад өөр төлөх боломж байхгүй гэжээ.

            9. Мөн хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар нэхэмжлэгч Д.Б-гээс гаргасан дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч, иргэн Д.Б-гийн өндөр насны тэтгэврээс сар бүр 50 хувиар /хэтрэхгүй/ суутгал хийхээр болсон байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ... татгалзаж болно.”, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

11. Иймд нэхэмжлэгч Д.Б-г Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 115 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

12. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 115 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Д.Б-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Т нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА