Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2020/00020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, байрны тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж, өөрийн байранд байрлах, /регистрийн дугаар /, Ба ХХК-нд холбогдох,

 

 дүүргийн дугаар хороо, Гудамж,  байрны тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У, хариуцагчийн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд болон төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ба ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын 69 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр  дүүргийн дугаар хороо, Гудамж, Д байрны 7 давхрын Ж тоотод байрлах 52,8 м.кв талбай бүхий орон сууцыг 52,800,000 төгрөгийг гэрээний нөхцөлд зааснаар Ба ХХК-д хэсэгчлэн төлөхөөр тохирч төлсөн. Ажил гүйцэтгэгч Ба ХХК нь ажлын үр дүн болох  дүүргийн дугаар хороо, Гудамж  байрны тоот хаягт байрлалттай 52,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сард  хүлээлгэн өгөхөөр тохиролцож орон сууцыг хүлээн авсан. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах албан бичиг, тодорхойлолт, хүсэлтийг  гаргаж өгөхгүй байгаагийн улмаас  дүүргийн бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж чадахгүйд хүрээд байна. Иймд  дүүргийн дугаар хороо, Гудамж,  байрны тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ба ХХК-ийн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банктай хамтран ажиллаж барилгын ажлыг явуулах шаардлагатай болсон. Улмаар тус банкнаас зээл авч баригдаж байгаа барилгаа барьцаалан зээл авсан. Тухайн зээлийн гэрээний дагуу барьцаанаас чөлөөлөх асуудал тус банкны дампууралтай холбоотой хойшилсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Эрх хүлээн авагчийн барьцаанаас чөлөөлөх шийдвэр гарахаар 2020 оны 2 дугаар сарын 20-ны дотор орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Ба ХХК-нд холбогдуулан  дүүргийн дугаар хороо, Гудамж,  байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, тус гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч ажил гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлаж байна.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардаж аваад хариу тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдааны үед Капитал банкны эрх хүлээн авагчийн барьцаанаас чөлөөлөх шийдвэр гарахаар орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх боломжтой” гэж мэтгэлцэж байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 69 дугаартай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагджээ. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч Ба ХХК нь  дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилгад D байрны 7 дугаар давхрын Ж тоот орон сууцыг м.кв талбайн үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон нийт 52,800,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн захиалагч буюу Т.Дгийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Зохигчид дээрх гэрээ байгуулагдсан болон барилга баригдаж дууссаны зэрэгцээ захиалагч Т.Д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан үйл баримтын тухайд маргаагүй. Гагцхүү тухайн барилгыг барихад Капитал банкнаас зээл авсантай холбогдуулан Капитал банкны барьцаанд байгаа тул өмчлөлд шилжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 69 дугаартай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан ба ажил гүйцэтгэгч гэрээний зүйлийг барьж дуусгасан боловч бусдын барьцааны эрх үүссэн гэх үндэслэлээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэхгүй байгаа нөхцөл байдал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд  дүүргийн дугаар хороо, Гудамж,  байрны тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Дг  тогтоож, хариуцагч Ба ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч Т.У 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэх Эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан боловч хариуцагчийн төлөөлөгч А.Мөнх-Өлзий 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэргийн материалтай танилцахад эвлэрлийн гэрээнд  байрны дугаар, хэдэн тоот, талбайн хэмжээ зэрэг бичигдээгүй байсан гэж мэтгэлцэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ууганбаяр “өнөөдөр нөхөн бичсэн” гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.6.Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно” гэсэн зохицуулалттай нийцээгүй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан  дүүргийн дугаар хороо, Гудамж,  байрны тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Дг тогтоож, хариуцагч Ба ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ба ХХК-иас 421,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2дахьхэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ