Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Сд холбогдох,

Хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардалд 14,184,925 /арван дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга емөн зуун хоринн тав/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонгэрэл, М.Энхчимэг, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б А.Стай 2006 онд танилцаж, гэр бүл болон хамтран амьдарч байгаад 2008.04.30-нд охин С.Б төрсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2009 онд гэрлэлтээ цуцлуулсан, охин ээжийнхээ асрамжид байгаа. Энэ оны 10 сард охин эсийн дутмагшил оноштой, эмэгтэй даавар бага, хэвийн хэмжээнээс намхан, өсөлт нь алдагдсан. Энэхүү өвчинд сар бүр 1,500,000 төгрөгийн эмчилгээ хийх шаардлагатай бөгөөд мөнгө хүрэлцэхгүйгээс ээж нь охиноо өөрийн ээждээ үлдээгээд Польш улсад ажиллахаар явсан. Охин Хишигбүрэн дунд сургуульд сурдаг, төлбөр 3,500,000 төгрөгийг төлж чадаагүй байна, төлбөргүй сургуульд шилжүүлье гэхээр энэ сургуульд 6 жил сурсан, өөр сургуульд сурах гэхээр охин эмзэглээд байдаг юм. Өмнөх хугацааны сургалтын төлбөрт О.Б 10,500,000 төгрөг, унаа хоолны зардалд 1,461,225 төгрөг тус тус төлсөн. Иймд сургалтад төлөх 3,500,000 төгрөг, бусад зардалд 289,000 төгрөг, эмчилгээнд төлөгдсөн 4,500,000 төгрөг, шинжилгээ тариур зэрэг бусад зардалд 402,000 төгрөг, нийт 8,690,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сургалтын төлбөрийн нотлох баримт бичигт дурдсан уг мөнгөн дүнг нэхэмжлэгч өөрөө төлсөн эсэхийг нотлох харилцах дансны хуулга, гүйлгээний баримт байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, Эмийн компани, дансын дугаар, тушаагч, хүлээн авагч, төлбөр төлсөн эсэх нь тус тус тодорхойгүй, Зарлагын баримтад үндэслэн нэхэмжилсэн дүн бодитой бус. Дээрхи үндэслэлээс гадна би өөрийн амьдралын нөхцөл байдал болон О.Бийн талаар дараах тайлбарыг нэмж гаргах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: би одоо эхнэр, 3 настай хүүгийн хамт амьдарч байгаа, манайх 4 сард бүл нэмэх гэж байгаа тул өрхийн орлогын хүрэлцээ хангалттай биш байна. Үүнээс гадна С.Бгийн тэтгэмжийг хугацаандаа төлж өнөөдрийн байдлаар 700,000 төгрөгийн илүү төлөлт хийсэн, энэ оны 5 сард 15 сая төгрөгөөр нэг мөр дуусгахаар тохиролцон 2 сая төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдлийг 8 сард багтаан барагдуулахаар байсан ч байраа барьцаалан 35 сая төгрөгийн зээл авч, дүүгийнхээ компанид хөрөнгө оруулж, Японы сансрын агентлагтай хамтран төсөл хэрэгжүүлэх гэсэн ч амжилтгүй болсон. Одоо Инвесткор ХЗХ-д хүүгийн хамт 38,267 234 төгрөгийн өртэй. Би геодезийн инженер мэргэжилтэй, газрын зураг хийх, зам барилгын зураг төслийг газарт буулгах, гадна талбайд улирлын чанартай ажил эрхэлдэг нь өрхийн орлогыг тодорхой хэмжээгээр бууруулдаг, энэ оны 10 сараас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт мэргэжилтнээр ажиллаж, 1 сарын хугацаанд 590.000 төгрөгийн цалин аваад байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд би БНХАУ-д магистрын зэрэг хамгаалаад 7 сард ирсэн, дараа нь боловсролоо дээшлүүлэхээр Улаанбаатар Их Сургуульд Эрх зүйч мэргэжлээр элсэн суралцаж байгаа, сургалтын төлбөр 2.1 сая төгрөгийн тал хувийг одоогоор төлсөн, санхүүгийн хувьд хуримтлал орлогын эх уүсвэр бүрдээгүй байна. Би хүүхдийн тэтгэмж төлж байхад нэмэлтээр дахин мөнгө шаардаж байгаа, нэхэмжлэлийг өрхийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзвэл барагдуулах боломжгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б Хишигбүрэн дунд сургуульд 6 жил сурсан, 10,500,000 төгрөг, унаа хоолны зардалд 1,461,225 төгрөг төлсөн. Төлбөргүй сургуульд шилжүүлье гэхээр өсөлт нь зогссон, шилжилтийн насны охин тул шилжүүлэхээр сэтгэл зүйн хувьд эмзэглэх, хүүхдүүд ойлгохгүй шоолох зэрэгт хүргэхээр байгаа, сэтгэл зүйч өөр сургуульд шилжүүлбэл эмчилгээнд нөлөөлнө гэсэн тул үргэлжлүүлэн сургаж байна. Эмчилгээнд 2020.01.20-ныг хүртэл 2,923,700 төгрөг төлсөн тул 14,184,925 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Төлбөр нь 2014 онд 2,0 сая байснаа 3,5 сая болж нэмэгдсэн гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн хуулийн 16.7-д иргэн нь төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах эрхтэй гэж зааснаар би бүрэн бус дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмшсэн. Ийм өндөр төлБй сурж байгаатай холбогдон нотлох баримтад байгаа төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.4-т зохигч нотлох баримтаа үнэн зөв бүрдүүлэх, хуурамч баримт шүүхэд гаргахыг хориглосон. Гэтэл сургуулийн тодорхойлолтоор 2014-2019 онд 10,5 сая төгрөг төлсөн нь харагдаж байгаа ч нэхэмжлэлдээ жилийн 3,5 сая төгрөг төлдөг гэжээ. 5 жилээр тооцвол 17,5 сая төгрөг болж төлснөөсөө илүү дүнг шүүхэд мэдүүлжээ. Үүнээс үзвэл нотлох баримт, нэхэмжлэлд дурдсан тоо баримт зөрж, баримт нотлох чадвараа алджээ. Би гэрлэлт цуцлуулахдаа хариуцлага хүлээн хүүхдийн тэтгэлэг өгөхөөр шийдэгдсэн. Үүнээс өөр төлбөрийг төлөх үүргийг Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д заасны дагуу оногдуулаагүй байна. Мөн хуулийн 48.1-д заасан хүндээр өвдсөн нөхцөл эмнэлгийн дүгнэлтээс тогтоогдохгүй гэж үзэж байгаа, мөн үнэгүй болосрол эзэмших эрхээ эдлэхгүй сайн дураар төлбөр төлж надаас гаргуулах нь хуульд нийцэхгүй. Гэсэн ч талуудын хоорондын харилцаанаас болж хохирч үлдсэн охиндоо сэтгэлийн бэлэг 1,0 сая төгрөгийг өгөхийг хүсч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Б нь А.Сд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний гарах зардалд 8,690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний гарсан зардалд 14,184,925 төгрөг гаргуулахаар шаардлага, үндэслэлээ өөрчилжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2009 онд зохигчийн гэрлэлтийг цуцалж, охин С.Бг эхийнх нь асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг тогтоон шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

О.Б, А.С нарын дундаас 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин С.Б нь Анхдагч өсөлт хоцрогдол, Шерешевский Тернерийн хам шинж оноштой болсон нь Эмчийн тодорхойлолт, Анагаах ухааны удамзүйн лабораторийн шинжилгээний хариу баримт зэргээр, Хишигбүрэн дунд сургуулийн 6 дугаар ангид сурдаг болох нь Тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.

 

Тухайн тохиолдолд хүүхэд төлБй сургуульд суралцаж байгаа болон эмчлэгдэж байгаагаар нэхэмжлэгчээс нэмэлт зардал гаргасан байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан тул хүүхдийн сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг эцэг, эхэд тэнцүү хэмжээгээр хариуцуулж, 14,184,925 төгрөгийн тал хувь буюу 7,092,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, шаардлагаас үлдэх 7,092,452 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д иргэн төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах эрхтэй гэж заасан байгаа боловч хүүхдийг төлБй сургуульд сургаж байгааг буруутгах боломжгүй юм.

 

Хишигбүрэн дунд сургуулийн тодорхойлолтод 2014-2019 оны сургалтын төлбөр нэмэгдсэн, энэ хугацааны төлбөрт 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байх тул хариуцагчийн жилийн 3,5 сая төгрөгийг 5 жилээр тооцвол 17,5 сая төгрөг болох үндэслэлээр баримт нотлох чадвараа алдсан талаархи тайлбар үндэслэлгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шүүх тэтгэлгийн хэмжээг тогтоохоос гадна мөн хуулийн 48.1-д заасан нөхцөл буюу тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт орсон үйл баримт нь хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.

 

Хүүхдийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэгч нь хүүхдийн цаашдын сургалт болон эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг харгалзахгүй юм.

Хариуцагч нь хүндээр өвдсөн нөхцөл эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдохгүй гэж маргасан боловч шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй, харин өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасанд нийцүүлэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 153,990 төгрөг төлснийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 128,429 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан Сгаас 2008.04.30-ны өдөр төрсөн охин С.Бгийн сургалтын төлбөр, эмчилгээний зардалд 7,092,463 /долоон сая ерэн хоёр мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөг гаргуулан, Бт олгож, шаардлагаас үлдэх 7,092,462 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 153,990 төгрөг төлснийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 128,429 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Нэхэмжлэгч нь цаашид хүүхдэд гаргах нэмэлт зардлыг нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ