| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0305/И |
| Дугаар | 05 |
| Огноо | 2020-01-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч У.Э, Э.Х, Б.А нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 4.979.288,99 төгрөг, зээлийн хүү 3.323.163,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.841.654,83 төгрөг, нийт 10.144.107,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагч У.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч У.Э, Э.Х, Б.А нар нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/4735 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /Таван сая төгрөг/-н зээлийг сарын 5% /жилийн 60%/-ийн хүүтэй 12 сар /1 жил/-ийн хугацаагаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж бараа татан авахаар зээлж авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2018 оны 08 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдсэн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 10.144.107,65 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөрийн өр 4.979.288,99 төгрөг, зээлийн хүүгийн өр 3.323.163,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.841.654,83 төгрөг бүгд 10.144.107,65 төгрөгийг У.Э-н дэлгүүрийн тоног төхөөрөмж /шилэн хөргүүр, хөлдөөгч, айр кондейшн, касс машин дэлгэц/ гэх барьцаа хөрөнгө Э.Х, Б.А нарын бизнесийн орлого цалингийн орлогоор хангуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Х-г хамтран хариуцагчаас чөлөөлж үлдэх хариуцагч нар болох У.Э, Б.А нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 4.979.288,99 төгрөг, зээлийн хүүгийн өр 3.323.163,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.841.654,8 төгрөгний 60 хувь буюу 1.104.993 төгрөгийг чөлөөлж, 736.661,83 төгрөг бүгд 9.039.144,65 төгрөгийг У.Э-н дэлгүүрийн тоног төхөөрөмж /шилэн хөргүүр, хөлдөөгч, айр кондейшн, касс машин дэлгэц/ Б.А цалингийн орлогоор хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сард Д манай охинтой харилцан зөвшилцөөд дэлгүүрийн эргэлтийн хөрөнгө байхгүй болчихоод охиныхоо эргэлтэд нэмэр болох гэж гарын үсэг зурж зээлийг авч өгсөн. Манай охин цаг тухайд нь төлөөд 3.500.000 төгрөг болгосон байсан. Тэр үеэс хойш охин маань хүүхэд төрүүлээд төлөх боломжгүй болсон. Тэр үед би өндөр насны тэтгэвэрт гараагүй байсан. Охин маань дэлгүүрээ ажиллуулдаг байсан. Охин маань сүүлдээ зээлээ төлж чадахгүй болоод төлж чадаагүй хүүг нь нэмэгдээд 4.900.000 төгрөг болчихлоо төлж чадахгүй гэж хэлж байсан. Тэр үед мөн би очиж гарын үсэг зурсан байгаа үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Г зээлийг төлөх боломжгүй болсон шалтгаан нь охин маань хүүхэд төрүүлсэн юм. Анх зээл авах үед А, Х гэдэг хоёр хүүхэд манай хашаанд бууж байсан юм. Бид хоёр танихгүй шахам хоёр хүнийг гуйж байгаад хамтран хариуцагчаар гарын үсэг зуруулж байсан. Манайд төрийн албан хаагч байхгүй. Хамтран хариуцагч болох Б.А, Э.Х хоёртой би ямар ч холбоогүй, энэ зээлээс тэр хоёр нэг ч төгрөг аваагүй. Зээлийн хугацаа хязгаар гэж байдаггүй юм уу, 1 жил 6 сарын хугацаа өнгөрчихөөд байхад яагаад хүүг нь ийм өндөр болгож байгаад шүүхэд өгч байгаа юм бэ? манай талаас төлөхгүй гэх ямар нэгэн маргаан байхгүй. Одоо төлөх боломжгүй байхад хүү болон нэмэгдүүлсэн хүүг буруулж өгөөч гэсэн саналтай байна. Төлөхгүй гэх зүйл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч У.Э, Э.Х, Б.А нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 4.979.288,99 төгрөг, зээлийн хүү 3.323.163,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.841.654,83 төгрөг, нийт 10.144.107,65 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:
Хариуцагч У.Э, Э.Х, Б.А нар нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г ХЗХ-ноос зээлийн ЗГ/4735 дугаар гэрээ байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр БГ/4735 тоот барьцааны гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн /жилийн 60 хувь/ хүүтэйгээр зээлсэн нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн ЗГ/4735 дугаар гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр БГ/4735 тоот барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч У.Э, Э.Х, Б.А нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Г ХЗХ нь зээлдэгч У.Э, Э.Х, Б.А нартай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн ЗГ/4735 дугаар гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр БГ/4735 тоот барьцааны гэрээ байгуулж 5.000.000 /таван сая төгрөг/-ийн зээлийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлийн шугам зориулалтаар байгуулж зээлсэн боловч зээлдэгч У.Э, Э.Х, Б.А нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тус тус батлагдаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байх бөгөөд хариуцагч У.Э, Э.Х, Б.А нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Э.Х-г хариуцагчаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй, хариуцагч У.Э, Б.А нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 4.979.288,99 төгрөг, зээлийн хүүгийн өр 3.323.163,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736.661,83 төгрөг бүгд 9.039.144,65 төгрөгийг У.Э-н дэлгүүрийн тоног төхөөрөмж /шилэн хөргүүр, хөлдөөгч, айр кондейшн, касс машин дэлгэц/ Б.А цалингийн орлогоор хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул нэхэмжлэгч байгууллага нь хамтран хариуцагч нарын хэнээс нь ч уг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж ойлгож байна.
Хариуцагч Б.А нь “Э гэдэг хүн гарын үсэг зураад өг гэж гуйсны дагуу гарын үсэг зуруулсан, би энэ зээлийг аваагүй, хэрэглээгүй тул уг зээлийг төлөх учиргүй” гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй байна.
Зохигч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4735 дугаартай зээлийн гэрээний 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан тул хамтран зээлдэгч Б.А нь уг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч У.Э, Б.А нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 4.979.288,99 төгрөг, зээлийн хүүгийн өр 3.323.163,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736.661,83 төгрөг бүгд 9.039.144,65 төгрөгийг У.Э-н дэлгүүрийн тоног төхөөрөмж /шилэн хөргүүр, хөлдөөгч, айр кондейшн, касс машин дэлгэц/ Б.А цалингийн орлогоор хангуулж Г ХЗХ-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б овогт У.Э, Ц овогт Б.А нараас зээлийн үндсэн төлбөр 4.979.288,99 төгрөг, зээлийн хүү 3.323.163,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736.661,83 төгрөг бүгд 9.039.144,65 төгрөгийг У.Э-н дэлгүүрийн тоног төхөөрөмж /шилэн хөргүүр, хөлдөөгч, айр кондейшн, касс машин дэлгэц/ Б.А цалингийн орлогоор хангуулж нэхэмжлэгч Г ХЗХоршоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 177.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Э, Б.А нараас 159.576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХЗХ-нд олгосугай.
3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Ц