Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0237

 

 

 

 

 

 

    2022          03           29                                    0237

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням  даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.Ц

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.О

Гуравдагч этгээд: Д.Б нарын хоорондын “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Бд олгосон 0000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Л.Ц хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсгийг, мөн түүнд олгосон 0000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч, анх 2005 онд дүүргийн 00дугаар хороо, С-0 дүгээр гудамжны зүүн урд талын жалганы ирмэг дээрх газарт хашаа барьж, С-0 дүгээр гудамжны 1302В тоот хаягтайгаар амьдарч байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар шийдвэрээр уг газрыг эзэмших эрхийг түүний ээж Л.Цгийн нэр дээр олгосон.

4. Уг газрын ар талын хэсэгт хэсэгхэн гурвалжин зай үүссэн бөгөөд Д.Б өөрийнхөө гэр бүлийн хамт эзэмшүүлэх зорилгоор бага зэрэг томсгож, энэ тухай Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичиж, уг өргөдөлдөө зохих журмын дагуу 00 дугаар хорооны дарга Ш.Ж цохолтыг авсан бөгөөд энэ газар авто зам тавихаар төлөвлөгдсөн газар бөгөөд үерийн уснаас хамгаалах далан барих шаардлага гарч магадгүй, эцсийн зураг батлагдтал хүлээх шаардлагатай учир хорооны Засаг дарга "Түр хойшлуулав" гэж дүүргийн Засаг даргад манай өргөдлийг уламжлаагүй тул бид одоо хүртэл хүлээж байтал уг талбайг тус дүүргийн 00 дугаар хороо, С-д суудаг Д.Б гэгчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож, газар эзэмших 0000000 дугаартай гэрчилгээг олгож, үүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс ээжид нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчаар татаж, нэхэмжлэл гардуулснаар мэдсэн. 

5. Ингээд нийслэлийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би болон миний ээж Л.Ц Д.Бд газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан бөгөөд нийслэлийн Газрын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны 07/43 тоот албан бичгээр Д.Б шүүхэд хүсэлт гаргасан уг асуудал иргэний хэргийн шүүхэд хянагдаж байх тул таны хүсэлтийг хянан үзэх, шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн тул шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1) Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичиж, уг өргөдөлдөө зохих журмын дагуу 00 дугаар хорооны дарга Ш.Ж цохолтыг авсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичиж, уг өргөдөлдөө зохих журмын дагуу 00 дугаар хорооны дарга Ш.Ж цохолтыг авсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл бичиж, уг өргөдөлдөө зохих журмын дагуу 00 дугаар хорооны дарга Ш.Ж цохолтыг авч түр түдгэлзүүлсэн мөртлөө Д.Бд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаартай захирамжаар 113 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж дүүргийн Газрын албанаас 0000дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус,  Д.Б нь 000 дугаар хашаанд амьдардаг мөртлөө "би С79 дүгээр гудамжны 0000тоот хашаанд амьдардаг бөгөөд амьдарч байгаа газраа хувьчлан авах хүсэлтэй байх тул уг газрыг өмчлөх эрх олгоно уу" гэсэн өргөдлийг 2016 оны 5 дугаар сард бичиж мөн өдрөө Хорооны Засаг дарга Ш.Ж цохолтыг авсан байна гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Ц нь 4 өнчин хүүтэйгээ Чингэлтэй дүүрэгт уулнаас бууж ирсэн хамрыг тэгшилж жижиг хашаа барьж 2005 оноос эхлэн анх амьдарч эхэлсэн. Ингээд тухайн газрын жалгыг тэгшилж томруулсаар байгаад Л.Ц өөрийнхөө нэр дээр газар авдаг. 2005 оноос хойш гэрчилгээг авахаар 13 жил хөөцөлдөж байж 2016 онд Д.Б ээж нь нэр дээрээ газар авсан. Тухайн үед 2015 онд гэрчилгээ авах хүсэлтийг хүү Д.Б нь өгч байсан боловч хорооны дарга н.Жаргалсайхан энэ газар засмал зам тавина цахилгаан шугам сүлжээ хийнэ, үерийн далангийн хаалт хийнэ энэ зургийг батлагдаж гарах ажлыг хийж дуусахад танай хашаанаас хэр зэрэг хасагдахыг мэдэхгүй байна. Иймд энэ асуудлуудыг шийдвэрлэж баталгаатай болгосны дараа чиний асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарлаад “түр хойшлуулав” гэсэн цохолт хийгээд дүүрэг рүү явуулаагүй.

Ингээд байж байх үед ээжийнх нь гэрчилгээ гарсан. Гэтэл 2017 онд гэнэт эдний хашааны хойд талыг хүмүүс эвдээд миний газар гэж орж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч манай газар багаасаа энэ газар дээр байгаа гэж ярьж байгаад маргалдсан. Гэтэл гэнэт ээжийг нь газар чөлөөлүүлэх өргөдөл бичиж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол өгснөөр Д.Б гэдэг хүн уг газрыг эзэмших эрхтэй болсон гэдгийг мэдсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд Д.Бы нэхэмжлэлтэй газар чөлөөлүүлэх хэргийг хянагдаж байх явцад бид захиргааны журмаар шийдвэрлэхээс нааш зөвхөн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхгүй гэдэг гомдлоо Нийслэлийн Засаг дарга, Газрын албанд гаргасан. Нийслэлийн Засаг дарга болон газрын албанаас шүүх хянаж байгаа учир бид шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрт бид зөвхөн давхцалын газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж харин захиргааны актыг хууль бус болох эсэх асуудлыг захиргааны шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэсэн шийдвэр гарсан.

Ингээд бид Д.Бы газар дээр яагаад хууль бус захирамж гарсан бэ гэдгийг судалж үзэхэд Д.Б бүх нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэдгийг нотолсон. Д.Б нь хамгийн эхлээд би С79 дүгээр гудамжны 113 дугаар хашаанд амьдардаг энэ тоот хаягт амьдардаг энд байгаа газраа өмчилж авна гэсэн өргөдлийг хорооны даргад өгсөн. Хорооны Засаг дарга 113 дугаар гудамжинд Д.Б амьдардаг гэж бичиж өгсөн байдаг. Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны өрх, хүн амын бүртгэлд Д.Б С98 дугаар гудамжны 1068 дугаар хашаанд амьдардаг гэдэг нь гарсан. 00 хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хаяг ч ийм байгаа. Д.Бы газар олгож өгөөч гэх өргөдөлд нь цохолт хийсэн. Уг цохолтыг хорооны дарга биш хорооны дотоод зохион байгуулалт хариуцаж байсан н.Ганбат гэдэг хүн цохолт хийж өгч даргадаа мэдэгдэлгүй тамга дарсан байдаг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон.

Д.Б тухайн эдлэн газар болон нэгж талбарын хэмжээ байршлыг дур мэдэн өөрчилж хуулийн заалтыг зөрчиж өөр газар кадастрын зураг хийлгэн амьдарч байгаа. Мөн хаягжуулалтын тухай хуулийг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл хаяггүй газарт газар авах гэрчилгээ гаргуулсан. Гэтэл үүний хажуу талын зассан хүний газрыг дур мэдэн авсан байдаг. Чингэлтэй дүүргийн газрын албаны эрх бүхий ажилтнууд кадастрын зургийг газар дээр нь очиж хийлгэж солбицол тэмдэглэлийг актаар хүлээлгэж өгөх үүрэгтэй байтал ийм ажиллагаа огт хийгээгүй. Иймд бид Захиргааны 497 дугаар захирамжийн Бхолбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Д.Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бус аргаар гэрчилгээ захирамж гаргуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан хууран мэхлэх аргаар гэдэгт хамаарч байгаа гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дөрвөн хүүхэдтэйгээ тухайн газар 10 гаруй жил амьдарч байсан. Д.Б эзэмшиж ашиглаж байсан газар дээр гэнэт хоёр залуу гарч ирээд хашааны тавьсан байсан суурийг буулгаж жорлонгийн нүр рүү хийгээд байхаар нь манай хүү цагдаа дуудсан. Цагдаа ирээд хүний эрх зөрчиж болохгүй гээд явуулсан. Гэтэл энэ газрыг авч болохгүй гэдгийг ойлгосон гэж бодож байтал иргэний шүүхэд албадан нүүлгэх хүсэлт өгсөн байдаг. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүхээр явж байна. Барьсан байсан хашааг нурааж дөрвөн ханатай гэрийг буулгаж, хана, унь, баганыг хуга цохисон байдаг. Эдгээр зургийг хавтаст хэрэгт өгсөн байгаа” гэв. 

9. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/496 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг дүүргийн газрын албанд хандаж гаргаагүй байдаг. Хэдийгээр хорооны Засаг даргад өргөдөл өгсөн гэдэг боловч энэ нь Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн тухайн иргэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу эрх бүхий байгууллага буюу дүүргийн Газрын албанд өргөдөл өгөх эрх нь нээлттэй байсан. Хорооны Засаг даргад өргөдөл өгч хойшлуулсан гэх үндэслэлээр хүлээж байсан гэж хэлж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Чингэлтэй Дүүргийн Засаг дарга нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийг газрын албаны саналыг үндэслэж баталгаажуулж шийдвэрлэсэн. Тус дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт С-0-1302В тоот хаягт оршин суух Л.Ц нь 2016 оны 6 дугаар сард дүүргийн Газрын албанд хүсэлтээ өгсний дагуу 700 м.кв бүхий талбай бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасныг судалж А/497 дугаар захирамжаар 700м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Мөн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар Б113 м.кв газар эзэмших эрхийг олгосон. Д.Б нь газрын албанд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд газрын албанд хүсэлт өгч, кадастрын зураг гаргуулж, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу хүсэлтээ гаргасан. Ингээд тус Засаг даргын захирамжийн Д.Бд холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх хоёр иргэдэд нэг захирамжаар нэг өдөр тухайн шийдвэрийг гаргуулж авсан байдаг бөгөөд үүн дээр хэн нэгэнд давуу эрх өгсөн зүйл байхгүй. Манай байгууллагаас газар олгохдоо кадастрын зурагт давхцал байхгүй байсан. Хорооноос ирсэн хаягжилтыг үндэслэж тухайн хаягийг өгсөн байдаг. Үндсэн гудамжинд хаягжилт нь олгогдоогүй өөр хаягаар өөр гудамны хаягаар олгогдсон хэсэгт Д.Б газар авсан байсан. Тухайн газар дээр хаяг талаас нь газрын давхцалтай гэж үзэхгүй байна. Манай байгууллага мэргэжлийн байгууллага бөгөөд бид зөвхөн кадастрын зургийн дагуу ярьж байна. Хорооноос ирсэн хаягжилтыг үзэхэд нэг гудам биш гэдэг нь ойлгогдож байна гэв.

11. Гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өмчилж авсан газрыг ямар ч нотлох баримт байхгүй, хүний нэр оруулж ирж зарга хийгээд 3, 4 жил боллоо. Хүний нэр төрд халдаад сонин зүйл яриад байна. Ямар ч асуудалгүй газар юм. Би журмын дагуу авсан. Намайг гүтгэж байна. Би авах ёстой гээд байх юм. Ямар ч утгагүй зүйл ярьж байна.” гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Р.Алтантуул шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэн Д.Б нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Д.Бы бүрдүүлсэн кадастрын зураг нь худал хуурамчаар үйлдсэн, баримт материал нь хангалттай биш санагдаж, иргэн Д.Б талд шийдвэр гаргах нь зөв гэж дүгнэлээ. Иргэн Д.Бы газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй гэж ойлгож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсгийг болон Д.Бд олгосон 0000000дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б ээж Л.Ц нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн 00 дугаар хорооны С-0-1302в тоот хаягт байрлах 2013 оноос оршин сууж буй гэх газрыг өмчлөх хүсэлтээ гарган тус хорооны Засаг дарга түүний өргөдөл дээр оршин суудаг газраа эзэмших хүсэлтийг нь уламжлан цохолт хийж,  2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөх үйлдүүлсэн 700 м.кв газрын кадастрын зургийг нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хамт хавсарган дүүргийн Газрын албанд гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар түүнд хүсэлт гаргасан байршил хэмжээгээр нь буюу С-0-1302в тоот хаягт 700 м.кв газар эзэмшүүлж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 000851607 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрыг мэдээллийн санд нэгж талбарын 18640315381848 дугаарт бүртгэжээ.

3. Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар түүний ээж Л.Цд эзэмшүүлсэн 700 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Бд эзэмшүүлсэн 113 м.кв газартай давхцалтай гэж маргаагүй бөгөөд харин эрх бүхий албан тушаалтанд газар өмчлөх хүсэлтээ уламжлуулахаар гаргахад “түдгэлзүүлэн” шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээдийн хүсэлтийг уламжилсаны улмаас түүнд хууль бусаар маргаан бүхий газрыг олгосон гэж маргажээ.

4. Нэхэмжлэгч нь 2015 онд өөрийн ээжийн эзэмшлийн газрын залгаа газартай хамтран хашаа хатган кадастрын зураг хийлгэж, тухайн газраа өмчилж авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан тус дүүргийн газрын албанд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргахад Засаг даргаас “түр хойшлуулсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл болон 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн кадастрын зургаар нотлогдож байна.                                                                                                  

    5. Харин гуравдагч этгээд Д.Б нь С78-1088 дугаар хашаанд амьдардаг атлаа С79-0000тоотод ам бүл хоёулаа оршин суудаг, өөрийн байгаа газраа хууль журмын дагуу эзэмших хүсэлтэй байна гэж тус хорооны Засаг дарга өргөдөл гаргахад, түүний оршин суудаг хаягтай огт хамааралгүй жалганы эсрэг талд 11 гудамжны цаана байдаг газрыг шалгахгүйгээр цохолт хийсэн болох нь  газрын байр зүйн зурагт тэмдэглэсэн баримтаар тогтоогдож байх тул түүнийг С-0 дүгээр гудамжны 1302В тоот хашааны газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

6. Нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий газрыг засч тэгшилэн 2005 оноос ээж, ах дүү нарын хамт амьдарч байсан газраа эзэмших хүсэлт гаргасныг түдгэлзүүлж, уламжлаагүй хүлээлгэсэн атлаа түүний хүсэлт гаргасан газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар Д.Бд эзэмшүүлээд, нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй гэж буруутгасан хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 Хариуцагчийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.           

7. Учир нь Газрын тухай хуулийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж зааснаас үзвэл газар эзэмших хүсэлт гаргахад зайлшгүй тухайн хорооны Засаг даргын цохолттой буюу дэмжсэн өргөдөл байх шаардлага тавигдаагүй ч бодит байдалд гэр хорооллын, тэр тусмаа хашааны газар олголтод Засаг даргын цохолт хийгдэж буй нь тухайн газрыг эзэмшүүлж болох эсэхийг газар дээр нь шалгаж буй ажиллагаа бөгөөд Газрын алба уг хаягжилтын үнэн зөвийг хянах үүрэг хүлээхээр байна.

8. Гуравдагч этгээд Д.Бы иргэний үнэмлэх болон Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэнээр тэрбээр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны С78 дугаар гудамжны 1088 тоотод оршин суудаг атлаа 2016 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа тус дүүргийн С79 дүгээр гудамжны 0000тоот буюу одоогийн маргаан бүхий байршилд оршин суудаг гэж өргөдөл гаргасан нь тухайн хорооны хаягжилтын алдаа биш бөгөөд анхаасаа гуравдагч этгээдийн оршин суудаг газар болон эзэмшихийг хүссэн газрууд нь хоёр өөр байршилд байсан болох нь Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны Засаг даргын 2018 оны 44 тоот албан бичигт “...С-00 үгээр гудамжинд байрлах 1302в тоотын дэргэд 000 тоот хаяг байрлах нь хаягжилтын тухай хуулийг зөрчсөн”, Ш.Ж “...иргэн Д.Б 000 тоотод газар эзэмших хүсэлт гаргасан өргөдөл иргэн Д.Б 000в тоотод газар эзэмших өргөдөл байршил зүйн хувьд хоорондоо хамааралгүй, Д.Бы өргөдөлд би цохолт хийгээгүй”, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны 11 дүгээр хэсгийн ахлагч Д.Зулцэцэгийн “...Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо С000 дүгээр гудамжинд 0000тоот байхгүй”, тус хорооны хэсгийн ахлагч Б.Б “...90 дүгээр гудамжинд 79-0000 гэсэн хаяг, тоот байхгүй нь үнэн болно” гэсэн тайлбаруудаар тогтоогдож байна.

9. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Д.Бы 79-0000тоот хаяг нь нэхэмжлэгч Д.Б тухайн үед өргөдөлд дурдсан 90-1302в тоот хаягаас байршлын хувьд зэргэлдээ бус, хамааралгүй болох нь шүүхийн үзлэг болон шинжээчийн дүгнэлт, сансрын зургуудаар тогтоогддог бөгөөд нэхэмжлэгчийн ээж Л.Цгийн хашаалсан газрын хэмжээ 2015 онд 922 м.кв, 2017 онд 700м.кв болж харин түүний зэргэлдээ газарт Д.Б 113м.кв газрыг эзэмших болсон үйл баримт мөн нотлогдож байна.                                                        

10. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж зааснаар тухайн үед хариуцагч нар гуравдагч этгээд Д.Бы хүсэлт түүнд хавсаргасан материалыг болон хүсэлт гаргасан газарт очиж судалгаа хийж үзэх үүргээ биелүүлсэн бол хүсэлт гаргасан газартаа гуравдагч этгээдийг амьдардаггүй болохыг мөн уг газрыг Л.Ц хүүхдүүдийнхээ хамт хашаалж газар эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулж, тэр хүсэлтийг түр түдгэлзүүлсэн зэрэг үйл баримтыг тогтоож, Д.Бы тухайн газар эзэмших хүсэлт шаардлага хангаагүй гэж үзэхээр байсан байна.

12. Тухайн үед хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ш.Ж нэхэмжлэгчийн өргөдөлд дээрх байдлаар цохолт хийхдээ авто зам барихаар төлөвлөгдсөн, үерийн усны хамгаалалтын далан барих магадлалтай тул эцсийн зураг батлагдахыг хүлээх шаардлагатай гэж тайлбарлаж байсныг Ш.Ж шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байх ба гуравдагч этгээд Д.Бы өргөдөлд цохолт хийгээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

13. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

“Д.Бы бүрдүүлсэн кадастрын зураг нь худал, хуурамчаар үйлдсэн баримт материал нь хангалттай биш санагдаж, иргэн Д.Б талд дүгнэлт гаргах нь зөв” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/497 дугаар захирамжийн Д.Бд холбогдох хэсгийг, мөн түүнд олгосон 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 0000000дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ

                                                    ШҮҮГЧ                             Г. МӨНХТУЛГА

                                                 ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ