Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо,  Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо,  Г.Б холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, автомашиныг бэлэглэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 10-р сарын 16-нд Г.Б-ээс гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулахдаа би төлбөр төлөхгүй гэдэг байдлаар хандаагүй. Гэтэл Г.Б нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсан. 2018 оны 11-р сарын 26-нд улс тунхагласны баяраар би Г.Б-т УБ дугаартай Приус 30 маркийн автомашиныг бэлэглэсэн. Гэр бүл цуцалснаас хойш Г.Б-ийн гэр бүлээс гадуурх харилцаа, мөн 2 өрөө байрны урьдчилгаа 20 гаруй сая төгрөгийг нууцаар хураасан байсан. Би сахарын өвчин тусаад 11 жил болж байна. Энэ хугацаанд сахарын өвчин хүндэрч, тарианд орсон. Г.Б намайг сахарын тариа байхгүйгээр 7 хонож чадахгүй гэдгийг мэдсээр байж, би 2019 оны 12-р сарын 12-нд Чингэлтэй дүүргийн эмнэлгээс тариагаа авахаар очиход 10,11 дүгээр сарын сахарын тариаг авсан байсан. Сахарын тариаг авч миний амь насанд аюултай, ноцтой үйлдэл хийсэн байна. Иймд машин бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар тухайн нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээ хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж ярьсан. Гэтэл тариаг авснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ямар хор хохирол учирсан нь харагдахгүй байна. Тухайн машиныг гэр бүлийн хэрэгцээнд хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх зорилгоор авсан, гэр бүлийн гишүүний хэний нэр дээр байхаас үл хамаараад дундын өмчид тооцогддог. Анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 16-ны өдрийн 02737 тоот шийдвэрээр гэрлэлт цуцалсан, шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Шийдвэрийн 3 дахь заалтад Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно заасныг баримтлан УБ 00-00 дугаартай Приус 30 маркийн автомашиныг Г.Б-т үлдээсэн. Эрүүл мэндэд нь ноцтой хор хохирол учруулсан гэдгийг эмнэлгийн байгууллага тогтоогоогүй. Бэлэглэсэн нотлогдоогүй, бэлэглэгчийг гомдоосон гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь Г.Б-т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 16-ны өдрийн 02737 дугаар шийдвэрээр Д.Э, Г.Б нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох 00-00 УБ дугаартай Toyoto Prius маркийн машиныг Г.Б-т, 00-00 УБ дугаартай Nissan Terrano машиныг Д.Э нарт өөр өөрт нь үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр /хх 34-36/ байна.

 

Иргэний хуулийн 276-р зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг байна.

 

Нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 11-р сарын 26-нд улс тунхагласны баяраар бэлэглэсэн, 2019 оны 10, 11-р сарын сахарын тариаг авч ноцтой гомдоосон, эрүүл мэндэд аюул учруулсан..., хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ ...надад бэлэглэлийн гэрээгээр авч өгөөгүй, бид зээ хүүгээ цэцэрлэгт, бага охиноо сургуульд нь хүргэж өгөх амьдарлын шаардлагаар авсан... гэж тус тус маргажээ.

 

Харин Д.Э нь бэлэг хүлээн авагч Г.Б-ийн зөвшөөрснөөр Приус машиныг бэлэглэсэн нь тогтоогдоогүй байх ба шүүх гэр бүлийн хэрэгцээний зорилгоор бий болгосон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж Г.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн дээрх машиныг түүнд ногдох хэсэгт үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Д.Э нь Д ХХК-ний шугамаар П ХХК, Т ХХК-тай гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж, олсон орлогоороо гэр бүлийн хэрэгцээний эд хөрөнгө худалдан авсан нь /хх 6-8, 10-16/ бэлэглэсэн гэх үндэслэл, Г.Б нь Д.Э-ийн хэрэглэдэг чихрийн шижингийн эмийг 2019 оны 10, 11-р сард авсан нь /хх 60/ бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Хэргийн 9 дэх талд авагдсан 3.6-6.2 заалттай гэрээний хэсэг нь хэн хэнтэй байгуулсан гэрээний хэсэг болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн 17-20, 61-63 дахь талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул энэ шийдвэрийн үндэслэл болоогүй, 64-67 дахь талд авагдсан хөдөлмөрийн чадвар алдсан тухай магадлал, эрүүл мэндийн дэвтэр зэрэг баримтууд нь Д.Э нь өөр өвчний улмаас 2019 оны 9-р сар хүртэл хяналтанд байсныг нотолсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 16-ны өдрийн 02737 дугаар шийдвэрийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 276-р зүйлийн 276.1, 280-р зүйлийн 280.1.1, 280.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г-Б-д 00-00 УБМ дугаартай Toyoto Prius маркийн машиныг бэлэглэсэн гэх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг хүссэн Д.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА