Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 182/2018/00475/И/ |
Дугаар | 1116 |
Огноо | 2018-05-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 1116
Л.Дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00555 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт “ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцааны газар”-т цахилгааны инженерээр, 2016 оны 3 дугаар сард байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр “Зураг төсөл, төлөвлөлтийн хэлтэс”-т ахлах мэргэжилтнээр, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тоот тогтоолоор “Төрийн өмчийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог өөрчилснөөр миний ажиллаж байсан “Зураг төсөл” төлөвлөлтийн хэлтэс”-ийг “Ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагчийн газар” болгон өөрчлөн зохион байгуулж намайг тус газрын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний Б/145 тоот ерөнхий захирлын тушаалаар томилон тус тус ажиллаж байсан болно. Миний бие анх ажилд орсон цаг хугацаанаасаа эхлэн дарга болтлоо дэвшин ажиллахдаа эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, санаачилгатай, ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ж.Хичээнгүй нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Ажилд эгүүлэн томилох, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” агуулга бүхий Б/43 тоот тушаал гаргаж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэр гаргаж улмаар ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Тухайн үед миний бие байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байсаар байтал урьдчилан мэдэгдэж, зөвшилцөх, ажил санал болгосон зүйлгүй, ярилцаж хэлэлцэлгүй иргэн хүний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчин дээрх хууль бус тушаалаа гаргасан. Ингээд миний бие тухайн тушаалтай танилцаад ерөнхий захирал Ж.Хичээнгүйтэй уулзаж, Хөдөлмөрийн хууль болон хүний эрх зөрчсөн хууль бус тушаал шийдвэр гаргасан талаар хэлэхэд “танд өөр ажил өгнө, та жаахан хүлээж бай, тэгээд хоёулаа ярилцаж байгаад өөр ажилд таныг томилох болно” гэж хэлсэн. Миний бие дарга, удирдлагууддаа итгэн дээрх хууль бус тушаал шийдвэрийн талаар холбогдох байгууллага, шүүхэд гомдлоо гаргаж чадаагүй ба ажилд томилох байх гэж хүлээж, итгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий захирал Ж.Хичээнгүй нь олон удаа уулзахдаа “би удахгүй томилно” гэж хэлж хуурсаар өнөөдрийг хүргэж, өөр ажилд томилолгүй шүүхэд гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ хамгаалах, сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацааг зориудаар, санаатайгаар алдагдуулсанд маш их гомдолтой байна. Миний ажлын байранд томилогдсон М.Оригжав нь 2016 оны 11 дүгээр сард бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 2017 оны 5 сард Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргуулсан байдаг. М.Оригжавыг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсний дараа ерөнхий захирал Ж.Хичээнгүй нь М.Оригжавыг төслийн удирдагч эсвэл зөвлөхөөр авна гэж тохиролцсон боловч, амлалтандаа буюу аман хэлцэлдээ хүрэлгүй өөр гадны хүмүүсийг ажилд авч, байдлыг хүндрүүлж эцэст нь намайг хохироосонд гомдолтой байна. Иймд “Төрийн орон сууцны корпораци”-ийн захирал Ж.Хичээнгүйн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд эгүүлэн томилох, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай Б/43 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулан авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Л.Д нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийн ерөнхий захирлын Б/43 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд тушаалыг тухайн үед гардуулан өгсөн боловч хүлээн авсан тэмдэглэлд гарын үсэг зураагүй, ажлаа хүлээлцээгүй болно. Нэхэмжлэгч Л.Д 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тушаалтайгаа танилцаж, гардан авсан байтал нэхэмжлэлээ тус шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлдээ уг тушаалыг тухайн үед гардан авсан, танилцсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хуульд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байна. Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлийн шаардлагадаа “Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд томилох, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай Б/43 тоот тушаалыг хүчингүй болгуулах ...” гэжээ. Тухайн тушаалыг гаргахдаа байгууллагын ерөнхий захирал өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01088 дугаартай шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн “Ажилд эгүүлэн томилох, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаа гаргасан байна. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг байгууллага биелүүлэх үүрэгтэй, түүнийгээ хэрэгжүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “... шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан байдаг хэдий ч энэ нь Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 16-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ” гэж тайлбарласан бөгөөд өнөөдрийг хүртэл “Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-т орон тоо байхгүй бөгөөд цаашлаад бүтэц орон тоо хийх, багасгах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас чиглэл ирсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох “Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд эгүүлэн томилох, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох” тухай Б/43 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор гаргуулан авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч Л.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах, хамгаалуулахаар шүүхэд хандах гэтэл Төрийн орон сууцны ерөнхий корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нь “та байж бай, би танд өөр ажил өгнө” гээд хүлээсээр олон сар болсон. Энэ хугацаанд нь миний хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашиг сонирхлоо шүүхээр хамгаалаалуулах эрхийг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг зориудаар дуусгуулсан байсан. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар Ж.Хичээнгүй нь намайг ажлаас хууль бусаар халсан үйл явдал, нөхцөл байдал бүрэн тогтоогддог. Гэтэл шүүхээс эдгээр нөхцөл байдлыг шийдвэртээ огт тусгаагүйн зэрэгцээ холбогдох нотлох баримтыг үнэн зөв, бүрэн үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч Л.Д нь ажлаас халагдсанаа 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаагүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ. Үүнийг миний бие хавтаст хэрэгт авагдсан баримтаар харин ч тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь гэрчээр оролцсон М.Батын мэдүүлэгт дурдагдсанаар өөр ажил, албан тушаалд томилно гэдэг нөхцөл байдлыг 3, 4 удаа сонссон, мэдэж байна, Ж.Хичээнгүй захирал томилно гэж ярьж байсан гэх мэдүүлэг, хариуцагчийн тайлбарт дурдсанаар одоогоор томилох ажил гарч ирээгүй байгаа учир томилоогүй байна гэх тайлбар, мөн намайг ажилд томилно гээд амралтаа ав гэж хэлээд амралт олгож, амралтын цалин хөлс бодож олгосон баримт буюу нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгаагүйн зэрэгцээ хэт нэг талыг барьж хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй мэтээр тайлбарлаж нотлох баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж гомдолтой байна. Намайг ажилд томилно гэж байлгаж байгаад хөөн хэлэлцэх хугацааг хожимдуулсан, шүүхээр эрхээ хамгаалуулах боломжгүй болгосон, надаас үл шалтгаалах нөхцөл байдлаар хугацаа дууссан гэдгийг миний бие нэхэмжлэлдээ тодорхой тайлбарласан. Гэтэл хэргийг зөвхөн тухайн хугацааны нөхцөлөөр дүгнэн шийдвэр гаргасанд харамсаж байна. Бодит нөхцөл байдал, хэргийн үйл явдлыг зөв тогтоож, зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүйд харамсаж байна. Түүнчлэн хуульд зааснаар ... зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ... хэмээн бусад шалтгаан, нөхцлөөр хугацааг алдагдуулсан байж болзошгүй бусад тохиолдлуудыг дурдалгүй орхисон байна. Гэтэл хуулийг буруу ойлгож тайлбарлан хэрэглэж, хууль мэдэхгүй нь хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй мэтээр дүгнэж, нотлох баримтаар тогтоогдохгүй байна хэмээн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн хуульд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шатлгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Гэтэл эхлээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг хянан шийдвэрлэсний үндсэн хугацааг тогтоох эсвэл сэргээн тогтоогоогүй нөхцөл байдлын дараа хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулж зааж өгчээ. Шүүх асуудлыг хамтатган шийдэж улмаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх буюу өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хугацаа хожимдуулсан үйл явдал тодорхой байсаар байтал ийм нөхцөл байдал огт тогтоогдохгүй байна хэмээн үзэж хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг бүхэлд нь дүгнэж шийдвэрээ гаргасанд харамсаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 182/ШШ2018/00555 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан тус байгууллагын захирлын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Ажилтан Л.Д нь 2015 оны 7 сарын 02-ны өдрөөс “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газарт цахилгааны инженерээр, 2016 оны 11 сарын 11-ний өдрөөс тус газарт барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын албан тушаалд томилогдон ажилласан байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
Ажил олгогч “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 6 сарын 14-ний өдрийн Б/43 тоот тушаалаар ажилтан Л.Дыг барилга байгууламжийн захиалагчийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01088 дугаар шийдвэрийг тус тус үндэслэжээ. /хх-ийн 27 дугаар тал/
Ажилтан Л.Дт ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг 2017 оны 6 сарын 14-ний өдөр гардуулахад тэрээр гардаж авсан баримтад гарын үсэг зурахаас татгалзсан болох нь тушаал хүлээлгэн өгөх тухай баримтаар тогтоогдож байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2017 оны 6 сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулсан талаархи үйл баримтад маргаагүй байна. /хх-ийн 51-р тал/
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлоо 2018 оны 2 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэж заасныг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
Ажилтан Л.Д нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ “ажил олгогчоос түүнийг дахин өөр ажилд удахгүй томилоно гэдэгт итгэсэн” гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан эрхийн зөрчилтэй холбоотой шүүхэд хандах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлснийг зөвтгөх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хэдийгээр ажил олгогчоос ажилтны ажиллаж байсан ажил, албан тушаал цомхотгогдсоны улмаас түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд өөр хүнийг томилсноор уг ажилтныг ажлаас чөлөөлсөн тохиолдолд адил чанарын өөр ажил, албан тушаалд томилох үүргээ биелүүлээгүй байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар ажилтан Л.Дын шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ДАВААДОРЖ