Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 222

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Ч.Булган, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, А.Ариунаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, 201409000812 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Б, шүүгдэгч Б.А нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилж авсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 2 жил 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Г.Б гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх шүүгдэгч Б.А-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь энэ зүйл, хэсэгт бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр заажээ. Шүүгдэгч Б.А нь 90,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлөх санаачлага гаргадаггүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болно. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял хөнгөдсөн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.А гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнөөс гадна нэг талыг барьж нотлох баримтыг үнэлж, ташаа дүгнэлт хийсэн. Би 40,000,000 төгрөгөнд хүү гэж сар бүр 2,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгөнд хүү гэж сар бүр 2,500,000 төгрөгийг 6 сарын хугацаанд тус тус төлж байсан маань Г.Б-ийн мэдүүлэг болон тооцоо нийлсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байхад огт мөнгө өгөөгүй гэж үзэж нэг талыг барьсан дүгнэлт хийлээ. Зээлийн хүү төлж байсан маань мөнгөний хүүний дүн, төлөлт хийсэн он сар өдрөөр тодорхой ялгагдана. Энэ талаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй байж огт мөнгө өгөөгүй гэж буруу дүгнэлт хийлээ.

Улсын дээд шүүхийн 2017 оны 95 тоот тогтоолд дурдсан зүйлүүдээс нэг нь ч бүрэн шалгагдаагүй байхад намайг хохирогчийн хуучин мэдүүлгүүдийг үндэслэн хариуцлага тооцлоо. Болдхуяг надад эхнээсээ залилуулах гэж байсан бол 6 сарын хугацаанд хүү авч суухгүй байсан. Би мөнгө болон граж, газар зэргийг зээлд тооцож хохирогчид өгөхгүй байсан бөгөөд энэ бүгдийг шүүх анхаарч үзсэнгүй. Гэрч Ц.С-ийн мэдүүлгээр хохирогч Б-аас мөнгө зээлж, хүү өгч байсан нь нотлогдоно.

Хохирогч Г.Б-аас 90,000,000 төгрөгийг залилах сэтгэлээр аваагүй, амаар тохиролцон 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж, хүүнд 15,000,000 төгрөг төлсөн. Мөн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж хүүнд 13,750,000 төгрөг тус тус төлсөн ба нийтдээ хүүндээ 28,750,000 төгрөг төлчихөөд байна. Уг үнийн дүн дээр хохирогч маргадаггүй. Зээлсэн мөнгөнд хүү төлж байсан маань анхнаасаа залилах санаа байхгүйг нотолж байна.

Мөн 90,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 20,000,000 төгрөгийн үнэ бүхий байрлал сайтай гражийг 2014 оны дундуур Г.Б-т өгсөн боловч Л.Б гэгчид барьцаалж зээл авсан тул уг зээлийн хүүний мөнгө болох 2,800,000 төгрөгийг би төлсөн. Үүнээс гадна Г.Б-ийн эхнэр Б.Х надаас 4,000,000 сая төгрөг өгчих Болдхуягт хэлээд өгөх мөнгөнөөс чинь хасуулъя гэхээр нь итгээд өгсөн боловч үнийн дүнгээс хасаагүй байна. Надад бусдыг залилах санаа байсан бол өөрт ашиггүй дээрх үйлдлүүдийг хийж нийт хүү, зээл гэж 70,000,000 гаруй төгрөгийг Болдхуягт өгөх шаардлага байхгүй.

Түүнчлэн Г.Б-ийн бүх зээлийг барагдуулчих 2 ширхэг 10 давхар байр баригдах эскиз зураг нь хийгдсэн газрыг Б-тай тохиролцон түүнд шилжүүлсэн боловч харамсалтай нь Аймгийн газрын алба хууль бусаар эзэмших эрхийг хүчингүй болгосныг Захиргааны хэргийн шүүхээр сэргээлгэж авсан. Зээлийг барагдуулах талаар бололцоотой бүхий л үйлдлийг хийж байсан.

Шүүх Г.Б-гаас авсан 40,000,000 төгрөгийг С.О 3 хоногийн дараа буцааж өгсөн байхад авч ашигласан гэж үзжээ. Гэвч Г.Б зээл авчих найдвартай хүн байна уу? чи зээлэх үү, хүүгээ өгч л байвал хэрхэн зарцуулах нь хамаагүй гэж хэлж байсан. Зээлсэн нийт мөнгөнийхөө 70,000,000 гаруй төгрөгийг төлсөн байхад залилсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Надад бусдыг залилах санаа байгаагүй бөгөөд бид хоёр өмнө нь найз нөхөд байсан тул мөнгө өгч, авалцах асуудал байсан. Иймд миний энэ асуудлыг ойлгож шүүж өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган хэлсэн саналдаа “...Хохирогч Г.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба хэлсэн саналдаа “Шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй орхигдуулсан. Шүүгдэгч Б.А-ийн зүгээс  хохирогч Г.Б-аас зээлсэн мөнгөнд хүү төлж байсан баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй. Үүнээс гадна Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 95 тоот тогтоолд заасан ажиллагааг огт хийгээгүй учраас хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Б.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэв.   

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа хэлсэн саналдаа “...Б.А, Г.Б нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн хэлцлийг эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үзсэн үндэслэлээ шүүх тайлбарлаагүй байна. Хэрэв шүүх эрүүгийн гэмт хэрэг үзвэл шүүгдэгч Б.А-ийн төлж байсан мөнгийг хохирлоос хасч тооцох  ёстой байтал хасаагүй. Энэ хэрэгт эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй тул иргэдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаан гэж үзэж байна. Иймд Б.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах эсхүл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.А-ийн үйлдсэн гэмт хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Б.А нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз Ононгийн нэрийг барьж 40,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Алтан тос” ХХК-ийн захирал цалингаа тавьж чадахгүй байна он гаргаад өгье гэж 50,000,000 төгрөг нийт 90,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байх санаа зорилгоор, зохиомол байдлыг бий болгон худал хэлж, Г.Б-ийг төөрөгдүүлж их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Тухайлбал хохирогчид учруулсан хохирлыг төлөх санаа зорилго байхгүй гэдэг нь шүүгдэгчийн мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би уг мөнгийг хүмүүст зээлсэн, бичиж тэмдэглэсэн дэвтрээ гээсэн тул ямар хүмүүст өгснөө санахгүй байна” гэж бодит байдалд нийцэхээргүй зүйлийг ярьж байгаа нөхцөл байдал, дээрх мөнгийг хууран мэхэлж авснаас хойш 4 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байхад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, энэ талаар санаачлага гаргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг давж заалдах шатны шүүх хорих ял болгож хүндрүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Г.Б, шүүгдэгч Б.А нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.А нь Г.Б-тай өмнө үүссэн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “манай найз Онон банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна, найздаа туслаач” гэж 40,000,000 төгрөг,

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Алтан тос ХХК-ийн захирал мөнгө олоод өгөөч гэсэн тул удаахгүй өгнө” гэж 50,000,000 төгрөг нийт 90,000,000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан залилан мэхлэж иргэн Г.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь оногдуулах ялыг хөнгөрүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул Б.А-т холбогдох хэргийг  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-т оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр торгох ялыг хорих ял болгон хүндрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б, шүүгдэгч Б.А нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б, шүүгдэгч Б.А нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН