Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2022/0014/з |
Дугаар | 121/ШШ2022/0023 |
Огноо | 2022-05-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 121/ШШ2022/0023
2022 оны 05 сарын 09-ний өдөр Дугаар 121/ШШ2022/0023 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Х овогт Шн Э,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бт овгийн Бын М,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Д
Хариуцагчийн өмгөөлөгч: П.А /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0846/ нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Э нь тус шүүхэд хандан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ш.Эыг ажлаас халах тухай **дугаар тушаал хууль бус акт тул уг актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Анх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 тоот “Ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтаар Засаг даргын Тамгын газрын Мэл эмнэлэг үржлийн тасгийн мал, аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил хариуцсан мэргэжилтнээр Ш-Оын Эыг 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг жилийн туршилтын хугацаагаар томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Харин Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар “...Х овгийн Ш-Оын Эыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Ш-Оын Эыг хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, 7 дахь заалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 8 дахь заалтаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг ... тус тус дурдаж” шийдвэрлэсэн байна.
Улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ш.Эыг ажлаас халах тухай” **дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь хэсгийн 1 дэх заалтаар Засаг даргын Тамгын газрын Мал, аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш-Оын Э нь Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдон шийтгэгдсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халж шийдвэрлэсэн байна.
3. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн захиргааны шийдвэрийг мэдэгдэх /гардуулах/ хуудсаар/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **дугаар тушаалыг Ш.Эын хүсэлтээр түүний .......... гэсэн facebook хаягт хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг дээд шатны байгууллагад гаргах эрхтэй болохыг дурдсан талаар тэмдэглэл үйлджээ.
4. Нэхэмжлэгч Ш.Э нь дээрх тушаалыг эс зөвшөөрч анх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 121/ШЗ2022/0032 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх 14 хоногийн хугацаа тогтоосон бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын02-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж дахин нэхэмжлэлээ ирүүлснийг шүүх хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр захиргааны үүсгэжээ.
5.Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ш.Э миний бие 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай тушаалаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **тоот тушаалаар ажлаас халагдсан. Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **тоот тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуулиар тодорхойлсон байна. Хархорин сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 02- ны өдрийн А/07 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын “Хөдөлмөрийн сахилга бат” гэсэн 7 дугаар бүлгийн 7.3 дах хэсэгт сахилгын сахилгын шийтгэл оногдуулах журмын талаар заасан байна. Тус журмын 7.3.1-д "Ажилтан нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, дотоод журмыг зөрчсөн, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, байгууллагын дотоод журам зөрчсөн болон дараах тохиолдлуудад зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан холбогдох хуульд заасныг үндэслэн шийтгэлийг оногдуулна, мөн 7.3.5-д дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгоно гээд 7.3.5 в-д хэрэг зөрчилд холбогдсон бол ноцтой зөрчилд тооцож, 7.3.6-ийн в-д төрийн албанаас хална гэж журамласан байна. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **тоот тушаалын үндэслэх хэсэгт тус байгууллагын дотоод журмын заалтыг хэрэглээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан журамтай нийцээгүй.
Дээрх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **тоот тушаал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 -д заасан эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны Зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36, 32 тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулахад харгалзаж үзэх зөрчил гаргахад хүргэсэн нөхцөл байдал үр дагавар, албан хаагчийн ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүрэг болон үйлдэл эс үйлдэхүйн хоорондын чиг хамаарал, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, төрийн албаны тухай хуульд олон төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байтал аль хүнд хэлбэрийг нь сонгож оногдуулсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана” гэж хуульчилсан бөгөөд дээрх тушаалд уг актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй, Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 буюу захиргааны актыг мэдэгдэх тухай заалтыг үндэслэх хэсэгт дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн авч үзвэл Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **тоот тушаал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй тул Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Нэхэмжлэгч нь шүүхээс гэм буруутайд тооцогдсон. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Гол нь үүнтэй холбогдуулж ажлаас халах шийдвэр гаргаж байгаа процесс нь өөрөө хуульд заасан журмын дагуу явагдсан гэдэгт шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч өөрөө хэлж байх шиг байна. Энэ хүнийг гэмт хэрэгт холбогдсон талаар хүмүүсийн дам ярианаас сонссон тухайгаа хэллээ.
Төрийн алба иймэрхүү байдлаар явах боломжгүй. Хэн нэгэн хэрэг төвөгт холбогдсон талаар албан бичиг ирсэн бол албан тушаалаас нь түдгэлзүүлэх байсан уу? хуульд өөрөөр заасан боломжуудыг ашиглах боломжтой байсан. Мөн өөрийн эрх хэмжээний хүрээнд ийм тушаал гаргахад ямар баримт бүрдүүлэх вэ? гэдэг нь өөрөө тодорхой актуудаар зохицуулагдсан байгаа. Ямар нэгэн байдлаар ийм зүйл хийсэн талаар харагдахгүй байна. Тамгын газар руу бичиг явуулаад шийтгэх тогтоол ирэнгүүт хүнийг ажлаас халж байгаа нь өөрөө хуульд заасан акт мөн үү? гэдэгт эргэлзээ төрсөн. Өнөөдөр энэ актыг хүчин төгөлдөр акт мөн үү? гэдэг нь эргэлзээтэй байна. Хуульд гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж заасан байгаа. Энэ хүн тушаал, шийдвэрээ яаж авсан байх юм бэ? Цахимаар авч байгаа нь зүгээр мэдэгдэж байгаа гэсэн үг. Гардуулна гэдэг нь арай өөр зүйл байгаа. Гардаж авч гарын үсэг зурж баталгаажуулна. Үүнийг захиргааны актыг албан ёсоор гардуулж, мэдэгдсэнд тооцно гэж заасан байгаа. Энэ журмын дагуу мэдэгдсэнийг акт хүчин төгөлдөр болсонд тооцох ёстой. Иймд энэ акт өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр акт мөн эсэх нь эргэлзээтэй болж байна. Би Ш.Э гэдэг хүнтэй хэргийн материалтай танилцаад дараа нь өөртэй нь уулзаад асуусан. Танд энэ актыг гардуулж өгсөн үү? гэхэд гардуулж өгөөгүй, хүнээр явуулсан гэж хэлдэг. Бичиг хэргийн ажилтны тайлбараас харахад хүнээр явуулсан юм шиг байна. Хүнээр явуулна гэсэн ойлголт огт байхгүй. Нэг хүн аваад нөгөө хүнд өгснийг гардуулсан гэж ойлгох ямар ч хуулийн боломж байхгүй. Өөр нэмэлт тайлбаргүй” гэв.
7. Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ш.Эын хэрэгт холбогдсон талаар 09 дүгээр сард бид мэдсэн. Би өөрөөс нь 2 удаа ийм яриа явагдаад байна гэх талаар лавласан. Би өөрөө цагдаагийн газраас ямар нэгэн байдлаар ажлын байранд юм уу? ажлын бус цагаар архи уухад албан газарт бичиг ирээд 400.000 төгрөгөөр торголоо, албан хаагчдаа сургалтын ажиллагаа, нөлөөллийн ажил хий гэх талаар бичиг ирдэг учраас төрийн жинхэнэ албан хаагч ял авсан учир бичиг ирэх байх гэж бодоод 2 сар гаран харсан. Гэтэл бичиг ирээгүй. Ш.Этай 2 удаа уулзахад эхний удаа үнэн гэж хэлээд дараагийн удаад давж заалдаж байгаа, надад тогтоол ирээгүй байгаа гэсэн хариу өгсөн. Нэг нь шоронд орсон, нэг нь ял аваад ингээд яваад байдаг. Хүмүүсийн амаар ажил явуулахад хэцүү байсан. 12 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Шүүхийн тамгын газарт ял, шийтгэлтэй эсэх талаар лавлагаа өгнө үү? гэсэн хүсэлт явуулсан. Гэтэл 01 дүгээр сарын 04-ний өдөр гэм буруутайд шийтгэгдсэн нь үнэн гэсэн бичиг ирсэн. Төрийн албаны тухай хуулийн 47.1 дүгээр зүйлийн 2-т шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн бол төрийн албанаас хална гэсэн заалт байсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар бид нар ажлын байран дээр хариуцлага алдсан бол өөрийнх нь хэлснээр бид ямар нэгэн байдлаар нотлох үйл ажиллагаа явуулж, баримт цуглуулах боломжтой байсан гэж үзэж байгаа. Гэтэл надаас өмнө шүүх үйл ажиллагаа явуулаад бүх гэм буруутайг нь тогтоосон.
Надад тэр тогтоол нь ирэхгүй байсан учир үүнийг цахимаар олж үзсэн. Надаас өмнө шүүх тогтоогоод нэгийг нь 1 жилийн хугацаагаар тэнсээд, нөгөөг нь 7 сарын хугацаагаар хорих ял авсан. Гэм буруутай нь үнэн гэсэн 61 дугаартай тогтоол ирсэн учраас ажлаас халах үндэслэл болсон. Надад хэн байх нь сонин байгаагүй. Хамгийн гол нь төрийн жинхэнэ албан хаагч ял шийтгүүлсэн учир 3 сар гарангын дараа энэ шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг мэдэгдсэн талаар 01 дүгээр сарын 20-нд бид сонсох ажиллагаа явуулаад гарын үсэг зураад 01 дүгээр сарын 20-ны өдрийн үдээс хойш энэ тушаалыг гаргасан. Бид энэ тушаалыг гардуулдаггүй учир бичиг хэргийн ажилтандаа үүрэг өгсөн. Энэ тушаалыг гардуулаад мэдэгдэх хуудсан дээр гарын үсэг зуруулаарай гэж хэлсэн. Тэр өдөр Ш.Э ажилдаа ирээгүй. Утас руу нь залгахад өөрөө утсаа аваагүй гэсэн. Залгаад авахгүй болохоор нь чат бичтэл эгчийнхээ фэйсбүүк рүү явуулчих дүү гэсэн хариу ирсэн. Би заавал гардуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед ковидтой холбоотой нөхцөл байдлын улмаас болж айлаар очих боломж байгаагүй. Манай бичиг хэргийн ажилтан ажилдаа ороод 3 сар болж байсан шинэ ажилтан байсан. Таны гэр чинь хаана вэ? би аваачаад өгье гэхэд Ш.Эаас би орон гэртээ албаны энэ асуудлыг авмааргүй байна. Би өөрөө очоод авчихна гэж хэлсэн. Үүний дараа 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 25 минутанд ажлаас халсан тухай тушаалыг дагалдах хуудастай цуг явуулсан. Түүн дээр өөрийн хүсэлтээр фэйсбүүк хаягт нь гээд Э Шадав-Очир гээд англиар бичсэн фэйсбүүк хаяг руу нь явуулав гэсэн тайлбарыг бичсэн. Үүнийг яг тэр өдөртөө үзсэн. 17 цаг 25 минутанд дээрх 2 тушаалыг явуулаад Ш.Э өөрөө 17 цаг 42 минутанд харсан байдаг. Үүнээс хойш 2, 3 хоногийн дараа гээд байгаа.
Энэ талаар манай бичиг хэргийн ажилтан сайн санахгүй байгаа. Ирээд шийдвэрийн дагалдах хуудсыг аваад би өөрөө энийг Д даргад өгчихье гээд аваад гарсан. Манай бичиг хэргийн ажилтан өгчихлөө гэж бодсон. Нэлээд хэд хоногийн дараа би хоногийг нь сайн санахгүй байна. Манай газрын даамал Л гээд эмэгтэй байгаа. Ш.Э эгч өөрөө аваад ир, нийгмийн даатгалаар хөөцөлдөх ажилтай байгаа гэсэн гээд тушаал авсан. Үндсэндээ ийм процесс болсон. 17 цаг 25 минутанд тушаалыг явуулсан. Өөрөө 17 цаг 42 минутанд хүлээж авсан буюу үзсэн харагддаг. Өөрийнх нь хүсэлтээр фэйсбүүк хаяг руу нь явуулсан процесс болсон. Миний хувьд тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн албан ёсоор мэдэгдэж гардуулсан гэж үзэж байна” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Уг тайлбарт гардуулахдаа процессын зөрчил гаргасан гэж дүгнэж байна. Ажлаас халсан тушаалыг ерөнхийд нь зөвшөөрч байгаа юм байна гэж мөн ойлголоо. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллах ямар ч боломжгүй болдог. Төрийн жинхэнэ албатай холбоотой энэ бүх харилцаануудыг хуулиар болон хуульд нийцүүлэн гаргасан журмаар зохицуулдаг. Журмаар яах гэж зохицуулдаг вэ? гэхээр хуулиар зохицуулаагүй харилцаа байвал түүнийг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулдаг. Нэгэнт хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг ажиллуулахгүй гэж заасан байгаа учир хуулиар зохицуулагдсан харилцаа байгаа учир ажлаас нэхэмжлэгч Ш.Эыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Гардуулсан гэх дээр мөн тайлбар хэлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан захиргааны актыг мэдэгдэхэд утсаар, факсаар, шуудангаар, цахимаар болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гээд 10 гаран арга зааж өгсөн байгаа.
Цахимаар мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийн дагуу хүсэлтийг хангаж ирсэн баримт байгаа. 43.5-д юу гэж заасан бэ? гэхээр захиргааны актыг авахаар зайлсхийсэн тохиолдолд өөрөөр хэлбэл захиргааны актыг гардаж авахаас Ш.Э зайлсхийсэн гэж үзэж үндэслэлтэй байгаа. Яагаад гэвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа шууд ажлаа орхиод явсан. Хэрэв энэ хүн акт аваагүй, ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээгүй гэж байгаа бол акт гарч байхад, цахимаар явуулж байхад ч бүх өдрүүдэд ажлын цагаа бүртгүүлээд ажил дээрээ байж байх ёстой байсан. Гэтэл ажилдаа ирээгүй явдал нь ийм акт гарсныг мэдсэн, цаашдаа ажиллах боломжгүй болсон талаар ойлгож захиргааны актыг гардаж авахаас зайлсхийсэн. Тийм учраас мэдээллийн хэрэгслээр энэ актыг гардуулахаас өөр боломж байгаагүй. Иймд энэ хэргийн хариуцагч гэгдэх Хархорин сумын Засаг даргын тамгын газар хуульд заасны дагуу буюу өөрөөр хэлбэл авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллахгүй гэх зохицуулалтын дагуу ажлаас чөлөөлсөн.
Ажлаас халсан энэ актыг мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Мэдэгдсэний үндсэн дээр энэ хүн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хэрэв өнөөдрийг хүртэл тэр хүн актыг хүлээж аваагүй бол шүүхэд өргөдөл бичихгүй, ажлын цагаа бүртгүүлээд байж л байх ёстой. Ийм үүнийг үндэслэл муутай тайлбар байна гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг тус тус үндэслэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын Мал, аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш-Оын Э нь Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдон шийтгэгдсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халж шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч талаас ... маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **тоот тушаалын үндэслэх хэсэгт байгууллагын дотоод журмын заалтыг хэрэглээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан журамтай нийцээгүй, дээрх үндэслэлээр тус тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулахад харгалзаж үзэх зөрчил гаргахад хүргэсэн нөхцөл байдал үр дагавар, албан хаагчийн ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүрэг болон үйлдэл эс үйлдэхүйн хоорондын чиг хамаарал, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, төрийн албаны тухай хуульд олон төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байтал аль хүнд хэлбэрийг нь сонгож оногдуулсан үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана” гэж хуульчилсан бөгөөд дээрх тушаалд уг актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй, Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 буюу захиргааны актыг мэдэгдэх тухай заалтыг үндэслэх хэсэгт дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй ... гэж тайлбарлан маргажээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: ...12.1.7 аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мал аж, ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил хариуцсан мэргэжилтэн нь төрийн төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч байна.
5. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “...Шүүгдэгч Х овгийн Ш-Оын Эыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай, 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Эыг хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй гэжээ.
6. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас Хархорин сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичигт “Ш-Оын Э нь тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай шийтгэл тогтоолоор шийтгэгдсэн нь үнэн болно” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч талаас уг шийтгэх тогтоолтой холбоотой асуудлаар маргаагүй болно.
7. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: ... 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ... гэсэн зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албанаас шууд халахаар хуульчилсан байна.
Хуулийн дээрх зохицуулалт нь тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын аль хэлбэрийг хүлээлгэснээс үл хамааран гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нь шүүх тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрийн албанаас халахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн “ байгууллагын дотоод журмын заалтыг хэрэглээгүй нь захиргааны ерөнхий хуульд заасан журамтай нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй акт” гэх гомдлоор маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
8. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол ажлаас нь шууд халахаар хатуу хуульчилсан зохицуулалт бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах” хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.
9.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: ... ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах гэжээ.
Уг хуульд заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахын өмнө нотлох баримт цуглуулах ажиллагаа хийсэн гэдэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсэн “Сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Эыг шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон эсэх талаар мэдээллийг гаргаж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03/346 тоот албан бичиг, түүний дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот хариу албан бичгээр тогтоогдож байна.
10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу маргаан бүхий актыг гаргахын өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа явуулж Ш.Эын тайлбар, саналыг сонссон байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” ...43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан.
12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн **дүгээр тушаалыг өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний Enkhjargalshadavochirгэсэн facebook хаягаар хүргүүлсэн талаах тэмдэглэл, болон фото зургаар ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш.Эд мэдэгдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын “уг актыг албан ёсоор гардуулж гарын үсэг зуруулаагүй, процессын алдаа гаргасан гэсэн” нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл захиргааны актыг зөвхөн өөрт нь гардуулж гарын үсэг зуруулснаар мэдэгдсэн гэж үзэхгүй бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас харахад захиргааны актыг өөрт нь гардуулахаас гадна утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох талаар хуульчилсан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснуудыг баримтлан нэхэмжлэгч Ш.Эаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Ш.Эыг ажлаас халах тухай **дугаар тушаал хууль бус акт тул уг актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ