Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 148/2018/00138/И |
Дугаар | 36 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 36
Д.Мядаггаравын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 148/2018/00138/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 225 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн Ж.Намжилын давж заалдсан гомдлоор Д.Мядаггаравын нэхэмжлэлтэй Ж.Намжил, Ц.Батмөнх нарт холбогдох “10.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мядаггарав анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би өөрийн улсын бүртгэлийн Ү-13170043399 дугаарт бүртгэгдсэн 000122767 гэрчилгээтэй 1 дүгээр 60-н айлын 06 тоот 2 өрөө орон сууцаа 2013 онд Ж.Намжил, Ц.Батмөнх нарт худалдаж 23.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Бид 2017 оны 09 сарын 06-нд харилцан тохиролцоод 9 сарын 20-ны өдөр 13.000.000 төгрөг, 11, 12 дугаар сард үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 5.000.000, 5.000.000 төгрөгөөр хувааж төлөхөөр болж нотариатаар баталгаажуулсан. Ингээд 13.000.000 төгрөгийг зохих хугацаанд нь өгсөн. Үлдэгдэл 10.000.000 төгрөгөө одоо болтол өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү. ...Төлбөрийг увуулж, цувуулж өгсөөр 2017 оны 09 дүгээр сард гэрчилгээг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч Ж.Намжил нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Намжил нь нэхэмжлэл дээр дурдсан байрыг 55 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч 45 сая төгрөгийг шилжүүлж өгсөн болно. Гэхдээ тухайн үед энэ асуудалд Мядаггарав гэдэг хүний оролцоо байгаагүй, үл хөдлөх хөрөнгө нь хүртэл нэхэмжлэгчийн нэр дээр байгаагүй юм. Харин түүний хүү Сүхбатын эхнэрийнх нь нэр дээр байсан ба Худалдах, худалдан авах асуудлаар Сүхбаттай ярилцаж мөнгө төгрөгөө өгч авалцаж байсан. Сүүлд нь өөрийн нэр дээр шилжсэн байсан. Ж.Мядаггаравын хүү Сүхбат нь надад машин худалдсан ба тухайн машины үнэ 30 сая төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн байхад машинаа өгөхгүй цааш нь өөр хүнд зарсан байсан. Энэ асуудлаар би Цагдаагийн байгууллагад хандах болно. Нэхэмжлэгчтэй холбоотой асуудалд ээж нь ямар ч хамааралгүй юм. Би харин ч хүүхдээс нь машиныхаа зөрүү мөнгийг авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 225 дугаартай шийдвэрээр:
- Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Ж.Намжил, Ц.Батмөнх нараас 10.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Д.Мядаггаравт олгож ,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 174.950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хариуцагч Ж.Намжил нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.15 ны өдрийн 225 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
1рт: нэхэмжлэлийн шаардлагад дурьдснаар орон сууц худалдах, худалдан авах асуудалтай холбоотой мөнгө төлбөрийг нэхэмжилж байгаа юм бол дан ганц Мядаггарав гэдэг хүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн үеийн маргаан бүхий байр буюу Ү-13170004334 дугаартай гэрчилгээ дээр С.Сүхсайхан гэдэг хүниий нэр давхар бүртгэлтэй байгаа ба тэр хүнийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх Д.Мядаггаравт байхгүй, итгэмжлэл хавтас хэрэгт байхгүй юм. Учир нь байр худалдах, худалдан авах асуудал нэхэмжлэгчийн хүү болох С.Сүхбаттай холбоотой ба тухайн буюу 2010 онд байрыг худалдах, худалдан авах асуудлыг түүний хүүтэй нь тохиролцож мөнгө төгрөгийг шилжүүлж өгч авалцдаг байсан юм. Сүүлд нь байрыг М.Ганболдын нэр дээр шилжүүлж авахад нэхэмжлэгч Д.Мядаггарав болон С.Сүхсайхан нарын нэр дээр байсныг мэдсэн болно.
2рт: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. ...Д.Мядаггарав нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2013 онд байраа худалдсан гэсэн боловч шүүх хуралдаан дээр 2010 онд болсон асуудал гэж хэлсэн нь анхнаасаа энэ асуудлыг мэдэхгүй байсан. Уул нь бид түүний хүү Сүхбаттай нь 2010 онд худалдаж авахаар амаар тохиролцсон юм. Гэтэл үүнээс хойш 8 жил өнгөрсөн байхад гэнэт төлөгдсөн мөнгийг нь нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ хэзээ, хаана хэнтэй хэдэн төгрөгөөр худалдаж аваад хэдийг буцааж өгөөд, хэдийг буцааж өгөөгүй талаар тодорхой дурьдаагүй байгаа нь энэ хэргийн учир явдлыг сайн ойлгоогүй болно. Бид үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор хуулинд заагдснаар худалдах худалдан авах гэрээг хийгээгүй. Харин албан ёсоор М.Ганболд гэдэг хүнтэй нэхэмжлэгч нь гэрээ хийсэн. Миний бие нь түүний хүү С.Сүхбаттай байрыг худалдаж авахаар тохиролцож байсан ба мөн энэ асуудал нэмж машин худалдаж авах асуудал давхар байсан юм. Гэтэл намайг хүү нь залилсан асуудал гаргасан тул энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан ба одоогоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм.
Зрт: 2017.09.06-ны өдөр хийгдсэн хэлцэл нь тухайн үед хийгдсэн боловч цаагуураа өөр мөнгөний тооцоо хүү Сүхбат нарын хооронд байсан юм. Тиймдээ ч тухайн хэлцэл гэх зүйлд тодорхой зүйлийг тусгаагүй, байрыг худалдаж байгаа талаар тусгаагүй, хэнд мөнгө өгөхийг ч тусгаагүй байхад шүүх энэ баримтыг үндэслэл болгосон нь миний бодлоор буруу гэж үзэж байна. Мөн дээрхи хэлцэлийг хийснээс хойш маргаж байгаа байр нь М.Ганболдод шилжсэн. Хэрвээ дээрхи мөнгө төлөгдөөгүй байсан бол байрны гэрчилгээ М.Ганболдод шилжихгүй байсан юм. Гэтэл бүх зүйл дууссаны дараа энэ асуудлаар шүүхэд хандаж байгаад гомдолтой байна.
4рт: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Ц.Батмөнх бид хоёроос хувь тэнцүүлэн гаргуулах гэдгийг сайн ойлгохгүй байна. Хувааж төлөхдөө яаж хувь тэнцүүлэхээр тооцох ёстой гэдгийг нарийвчлан тусгаагүй учраас гомдол гаргахад хүртэл тэмдэгтийн хураамжийн асуудал төвөгтэй байна. гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч Д.Мядаггарав нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Худалдасан гэх орон сууц нь хүү С.Сүхсайханы өмчлөлийн хөрөнгө бөгөөд орон сууцыг С.Сүхсайхан М.Ганболд нарын хооронд байгуулагдсан байдаг. Гэтэл С.Сүхсайханы ээж Д.Мядаггарав нь хариуцагч нарт холбогдуулан түүний төлөөлөлгүйгээр нэхэмжлэл гаргаад байгаад шүүх дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Мядаггарав нь хариуцагч Ж.Намжил, Ц.Батмөнх нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Ж.Намжил эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргийн хариуцагч Ж.Намжил нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ нэхэмжлэгч Д.Мядаггаравтай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, орон сууцыг түүний хүү С.Сүхбаттай худалдах худалдан авахаар тохирсон, С.Сүхбат бидний хооронд автомашин худалдан авах гэрээтэй холбоотой маргаан байгаа тул орон сууцны үнийг тус гэрээнд оруулан тооцсон байхад шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.
Хэргийг судлан үзвэл тус хэргийн нэхэмжлэгч Д.Мядаггарав түүний төрсөн хүү С.Сүхсайхан нар нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3-р баг 1-р 60 айлын 06 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2017 оны 09 сарын 08-ны өдрийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээгээр тухайн орон сууцаа иргэн М.Ганболдын өмчлөлд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Мядаггарав нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ж.Намжил гэр бүлийн хүн болох нөхөр Ц.Батмөнх нарт 55.000.000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч нар орон сууцны үнэ 45.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 10.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцон баталгаа гарган өгсний дагуу орон сууцыг Ж.Намжилын хүсэлтээр түүний төрсөн дүү болох М.Ганболдын нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ.
Хэргийн хариуцагч нар нь орон сууцыг худалдан аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан орон сууцны үлдэгдэл үнэ төлөх талаар гаргасан нотариатаар гэрчлүүлсэн баталгаа, М.Ганболдын нэр дээр шилжүүлэн авсан орон сууцанд хариуцагч нар нь гэр бүлийн хамт оршин суудаг тухай багийн засаг даргын тодорхойлолт, орон сууц худалдан авсан гэх М.Ганболд нь хариуцагч Ж.Намжилын төрсөн дүү мөн талаар иргэний бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар хариуцагч нарын татгалзал үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Д.Мядаггарав нь М.Ганболдтой орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн боловч бодит байдал дээрээ хариуцагч Ж.Намжил, Ц.Батмөнх нартай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авагч нарын хүсэлтээр орон сууцыг түүний төрсөн дүү болох М.Ганболдын өмчлөлд шилжүүлсэн байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь эд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул худалдагч тал нь орон сууцыг худалдан авагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нар нь орон сууцыг хүлээн авсан атлаа үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Д.Мядаггаравын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Мядаггаравыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч нь Д.Мядаггарав мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул Д.Мядаггаравыг нэхэмжлэх эрх бүхий этгээд бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин хариуцагч нь нэхэмжлэгч Д.Мядаггаравын хүү С.Сүхбаттай автомашин худалдан авсан үнийг нь төлөөгүй тул орон сууцны үнийг суутган тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээнд С.Сүхбат нь оролцоогүй, тус гэрээний үүргийг суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх төлбөр хийх хугацааг тухайлан заасан худалдах-худалдан авах гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэн Иргэний хуулийн 262.1, 263.1, 263.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 225 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн
1 дүгээр заалтыг
“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж.Намжил, Ц.Батмөнх нараас 10.000.000 төгрөгийг гаргуулж Д.Мядаггаравт олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН