Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Б.И-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.И-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.И- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 39 жил ажиллаж байна. Үүнээс ханын материалын үйлдвэрт 1986 оны 7 сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд Ханын материалын үйлдвэрийн засварын цехэд засварчин байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул 1986 оны 7 сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдрийг дуустал Ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.И- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.И-ийн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 189 тоот “Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн иргэн Бямба овогтой Итгэлтийн 1979 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, тушаалын зөрчилтэй тул 1986.07.26-1992.11.16-ны өдрийн хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх албан бичиг /хх-3 дугаар тал/, Татварын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 08/367 тоот “Дундговь аймгийн Барилга угсралтын 6 дугаар трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 1 дүгээр сарын 29-нд Барилгын нэгтгэл болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан байна. Тус аймгийн Ханын материалын үйлдвэр нь 1991 оны 4 дүгээр сарын 30-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 дүгээр сарын 27-нд “Дээд буян” ХК болж өөрчлөгдсөн болно” гэх албан бичиг /хх-4 дүгээр тал/, Архивын тасгийн 2020.03.24-ний өдрийн 229 тоот “Тус архилын сан хөмрөгт Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт 1986 оны 7 сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл механик цехэд ажилчнаар ажиллаж байсан, ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэр байхгүй учир Бямба овогтой Итгэлттэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. ХМҮ-ийн 1986, 1992 оны ажилд томилсон, ээлжийн амралт олгосон тухай тушаалуудыг эх баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүргүүллээ” гэх тодорхойлолт /хх-5 дугаар тал/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Дундговь аймаг дахь ТТБ-ын VI трестийн дэргэдэн Ханын материалын үйлдвэрийн даргын 1986 оны 8 сарын 04-ний өдрийн 162 тоот “...Б.И-ийг 7 дугаар сарын 26-наас эхлэн механик цехэд засварчнаар ажиллуулсугай...” гэх тушаал /хх-6 дугаар тал/

- Барилгын матераилын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дундговь аймгийн ханын матераилын үйлдвэрийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай “Дараах хүмүүсийн 1992 оны ээлжийн амралтыг 2 дугаар сарын 01-ний өдрөөс олгосугай” гэх тушаал, тушаалын хавсралт /хх-7-8 дугаар тал/

- мөн Б.И-эд 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “ХМҮ-ийн даргын 1986 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 162 тоот тушаалаар ХНХ-ийн хэлтсийн шилжүүлгээр ирсэн тул механик цехэд 1986 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс засварчнаар авч ажиллуулав, ХМХК-ийн захирлын 1992 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 54 тоот тушаалаар 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК мэдэлд шилжүүлэв” гэх бичилт хийгдэж тамга тэмдэг дарагдсан байна /хх-ийн 10-11 дүгээр тал/

- Гэрч М.Санждоржийн “...Б.И- нь цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 сараас 1992 оны сүүл хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчнаар засварын бригадад орж ажилласан.  Би 1964 оноос 1992 он хүртэл Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт мастер, бригадын дарга гэх мэт ажил эрхэлж байсан гэв....” гэх мэдүүлэг /хх-15 дугаар тал/, гэрч Х.Цээсүрэнгийн “...Би 1971 оны 7 сараас Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт 1993 он хүртэл цахилгаан гагнуурчнаар ажилласан. Б.И- нь 1986 оны 7 сараас эхлээд Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж эхэлсэн. Б.И- нь 1992 оны сүүл хүртэл ажилласан. Б.И- нь тухайн байгууллагад засварчнаас өөр ажил эрхэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-16 дугаар тал/, гэрч С.Цолмонгийн “...Би цэргээс халагдаж ирээд 1988 оны 6 сард Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт туслах ажилтнаар орсон. Би 1992 он хүртэл тус байгууллагад ажилласан. Б.И- нь намайг ажилд ороход Ханын материалын механик цехэд ээлжийн засварчнаар ажилладаг байсан. Б.И- нь 1992 он хүртэл тус байгууллагад ажилласан хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1986 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.И-ийг 1986 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ