| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00310/и |
| Дугаар | 357 |
| Огноо | 2020-05-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 357
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Ө.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Т-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э миний бие С.Т-тэй 2013 онд анх танилцан хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 онд охин Т.Н төрсөн. Хамтран амьдрах хугацаанд С.Т- нь өөр хүнтэй дотно харилцаа үүсгэн бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Биднийг тусдаа амьдарснаас хойш охин Т.Н нь миний асран хамгаалалтад байсан. Тийм учраас охин Намуунгоод төрсөн эцэг болох С.Т-гээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид 2017 оны 10 сар хүртэл хамтран амьдраад салсан. С.Т- охин дээрээ 2-3 удаа ирсэн гэв.
Хариуцагч С.Т- шүүхэд гаргасан тайлбартаа: Охин Т.Н-д хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч С.Т-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
С.Т-, Ө.Э нар нь гэр бүлийн харилцаатай хамтдаа амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2016.09.25-ны өдөр охин Т.Н төрсөн болох нь 4801000314 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь гэр бүлийн баталгаагүй, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Б.Мөнххүслэн нь эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн асрамж, тэтгэлэг төлөх талаар хариуцагч маргаагүй зэргийг харгалзан 2016.09.25-ны өдөр төрсөн охин Т.Н-д эцэг С.Т-гээс тэтгэлэг тогтоож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33.105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагчийн хүсэлтээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Т.Н-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Т-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 31,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ