| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00370/и |
| Дугаар | 349 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 349
2020 оны 05 сарын 07 өдөр Дугаар 139/ШШ2020/00349 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Э сумын дугаар баг, Сангийн далай гэх газар оршин суух, Ж овогт Оын М /ЗП/-ын Х.Гтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00370/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.М миний бие 1970 онд төрсөн. Эмэгтэй, энэ жил 50 нас хүрч байна. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн иргэн Хорлоогийн Гтай 1992 танилцаж улмаар 1993 оноос гэр бүл болсон юм. Бид 1993 онд гэр бүл болсноос хойш 1994 оны 2 сарын 26-нд охин Г.О, 1996 оны 7 сарын 7-нд хүү Г.М 2002 оы 5 сарын 9-нд хүү Г.М нарыг төрүүлсэн. Одоо хүүхдүүд тус тусдаа гарсан, бага хүү Г.Мын хамт Эрдэнэдалай суманд амьдарч байна. Миний бие энэ жил 50 нас хүрч байгаа бөгөөд малчнаар ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгох шаардлагатай гэсэн. Бид энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж , гэрлэлтийн гэрчилгээ аваагүй байсан юм. 1993 оноос одоог хүртэл бид гэр бүл болон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэн хамт амьдарч байгаа тул 1993 оноос одоог хүртэл бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Оын М нь 1970 онд төрсөн. Одоо 50 настай, тэтгэвэр тогтоолгох насанд хүрчихээд байгаа. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн иргэн Хорлоогийн Гтай 1992 онд танилцаж 1993 оноос гэр бүл болж амьдарсан. Гэр бүл болж амьдрахдаа 1994 оны 2 сарын 26-ны өдөр охин Г.О, 1996 оны 7 сарын 7-ны өдөр хүү Г.М, 2002 оны 5 сарын 9-ний өдөр хүү Г.М нарыг тус тус төрүүлсэн. 1995 он хүртэл нэхэмжлэгч О.М нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилчнаар ажиллаж байгаад 1995 оны 1 сарын 1-нээс мал малласан. 1995 оноос хойш малчнаар тэтгэвэр тогтоолгох болсон боловч малын А данс нь гэр бүлийн хүн болох Хорлоогийн Гийн нэр дээр гарч ирсэн. Тэгээд малчнаар тогтоолгох шаардлагатай болохоор гэр бүлийн баталгаа шаардсан. Гэр бүлийн баталгаагаа батлуулсан эсэхээ тэр хүмүүс тодорхой мэдэхгүй улсын бүртгэлийн хэлтсээс шүүлгэсэн чинь гэр бүлээ батлуулаагүй гэж гарч ирсэн. Ийм учраас Х-гийн Гтай 1993 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт хүүхдүүд болох Г.О, Г.М, Г.М нарын төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхний хуулбарууд авагдсан. Мөн гэрчээр Ц.О , С.Л нар мэдүүлэг өгсөн. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн Засаг даргын 2020 оны 4 сарын 22-ны өдрийн 6/47 тоот албан бичиг тус тус авагдсан. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн 1993 оноос өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч О.Мыг Х-ийн Гтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь Х.Гтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 104/000169 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 3-р хуудас/
-Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 104/000166 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн засаг даргын 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 6/47 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
Гийн М /ЗП96070711/-ийн цахим үнэмлэхний хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Гийн М /ЗП02250911/-ын цахим үнэмлэхний хуулбар /хэргийн 8-р хуудас/
-Гэрч Ц.О-ын “ О.М нь Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид нарийн боовны цехэд ажиллаж байхдаа Гтай гэр бүл болж байсан. М нь Гтай 1993 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг эх болж амьдарч байгаа. М Г нар нь хувьчлал тарснаас хойш Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдарч Тэнгэлэг бригадад мал маллаж байгаа. М, Г нарын дундаас энэ хугацаанд хүү О, М, М нар төрсөн. 1993 оноос өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. М нь Х.Гаас өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй, насаараа л хамт амьдраад 30-аад жил болж байна. Эрдэнэдалай суманд амьдардаг байхад манайхтай Гийнх ойр айл саахалт амьдардаг байсан болохоор энэ гэр бүлийн талаар мэдэж байгаа юм. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
-Гэрч С.Л-гийн “ О.М, Х.Г нар нь Эрдэнэдалай сумын Худалдаа бэлтгэлийн ангид нарийн боовны цехэд хамт ажиллаж байсан. 1986 оны үед сургууль төгссөн 4 хүүхэд Худалдаа бэлтгэлийн ангийн цехэд ажиллахаар ирж байсны нэг нь М юм. Г, М нар нь 1993 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг эх болж амьдарч байгаа. М Г нар нь хувьчлал тарснаас хойш Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд амьдарч Тэнгэлэг бригадда мал маллаж байгаа. М, Г нарын дундаас энэ хугацаанд хүү О, М, М нар төрсөн. 1993 оноос өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. М нь Х.Гаас өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй, насаараа л хамт амьдраад 30-аад жил болж байна. Эрдэнэдалай суманд амьдардаг байхад манайхтай Гийнх ойр айл саахалт амьдардаг байсан болохоор энэ гэр бүлийн талаар мэдэж байгаа юм. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар О.М нь Х.Гтай 1993 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ж овгийн Оын М /ЗП / нь Б овгийн Х-ийн Г /УД /-тай 1993 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У