| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03001/И |
| Дугаар | 2584 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** сууц өмчлөгчдийн холбооны /гэрчилгээний дугаар *******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Ц.Э-д /РД: 0000/ холбогдох
1.235.880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.Д*******,
Хариуцагч Ц.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******“ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүрэг, **** тоотын оршин суугч Ц.Э хуульд заасны дагуу төлөх ёстой орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 2017-2019 он, 2020 оны 1-5 дугаар сарыг дуустал нийт 1.235.880 төгрөгийг төлөхгүй өдий хүрлээ.
Хариуцагч Ц.Эгийн орон сууц 58.11 м.кв талбайтай бөгөөд сард 31.147 төгрөг төлөх ёстой ба тус холбоо дундын эзэмшлийн талбайн засвар үйлчилгээнд 1 м.кв тутамд 150 төгрөг, орцны гэрэл 1.000 төгрөг, цэвэрлэгээний материал авахад 1.500 төгрөг, үйлчлэгч 5.130 төгрөг, жижүүр 7.700 төгрөг, лифт ашиглалт 7.000 төгрөгийг Ц.Эгаас авч үйл ажиллагаандаа зарцуулах ёстой.
Оршин суугч Ц.Э холбооны явуулж байгаа үйлчилгээг бусад өрхийн хугацаандаа төлсөн төлбөрийн үр дүнд авч бусад оршин суугчаа хохироож байгаагаас гадна ажлаа хийж байгаа ажилтануудын цалинг өгөх боломжгүй нөхцөлд хүрээд байна.
55а байрны гадна хашаа болон орц руу ороход тусгай чиптэй бөгөөд 2019 оны 2 сард цахилгаан шатыг чиптэй болгосон ба 11 сард гадаа хаалгыг чиптэй болгосон.
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлдөггүй болохоор цахилгаан шатны чипийг Ц.Эд өгөөгүй. Би 2018 оны 5 дугаар сараас энэ холбооны гүйцэтгэх захирлаар ажилласан ба 1 жилийн төлбөр 373.764 төгрөгийг Ц.Эгаас нэхэмжлэхгүй.
Оршин суугч Ц.Э удаан хугацаагаар төлбөрөө төлөхгүй байгаа нь иргэдийн болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хохиролтой тул Ц.Эгаас үлдэх төлбөр 862.116 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Э би 2016 оны сүүлчээс энэ байранд амьдарч байна. Манайх 12 давхар орон сууцны 12 давхарт байдаг ба байр маань 58.11 м.кв талбайтай. 2017 оноос сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй.
А.Д******* гуай холбооны захирал болоод ажил сайжирсан нь үнэн ч дуртай үедээ айлуудын цахилгааныг тасалдаг, гадна хаалга, орцны хаалга, цахилгаан шат зэрэг бүгдийг чиптэй болгосон. Эмнэлэг, цагдаа ирэх нөхцөл байхгүй.
Сууц өмчлөгчдийн холбоог байгууллахад иргэдийн төлөөлөл хэн байсан, хурлын тэмдэглэл болон жилийн төлөвлөгөө, тайланг үзье гэхээр үзүүлдэггүй, үг хүлээж авдаггүй.
Дураараа цахилгаан таслах үед 50 инчийн телевиз маань шатсан, манаачийн мөнгө авдаг ч эд хогшил авто машиныг маань хардаггүй. Машиныг маань зурсан байсан.
2019 оны 2 сард цахилгаан шатыг чиптэй болгосон ба надад чип өгөөгүй. Би гэртээ хүүхдээ хардаг, сард төрөөс өгдөг 120.000 төгрөгийн орлоготой, өөр орлого байхгүй. Миний хувьд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 650.000 төгрөг төлөх саналтай гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******“ сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Эд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1.235.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал сард 31.147 төгрөг, 2017 оны 3-8 сар 29.147 төгрөг/
-2017 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2018 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2019 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар,
-2020 оны 1, 2, 3, 4, 5 сар/
Баянзүрх дүүргийн ***** р байрны оршин суугчдын хурлын тогтоол, материалыг үндэслэн “*******“ сууц өмчлөгчдийн холбоог 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байх ба холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот тогтоолыг үндэслэн А.Д******* тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.
Баянзүрх дүүргийн ***** байруудын оршин суугчдын 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар тус байрууд нь “С*******” сууц өмчлөгчдийн холбоонд нэгдэн орсон талаар талууд маргаагүй.
/ХХ-ийн 3, 7-9 дүгээр тал/
“*******“ сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал сард:
-засвар үйлчилгээг тухайн айлын талбайн хэмжээний 1 м.кв тутамд 150 төгрөг,
-орцны гэрэл 1.000 төгрөг,
-цэвэрлэгээний материал авахад 1.500 төгрөг,
-үйлчлэгчид 5.130 төгрөг,
-жижүүр 7.700 төгрөг,
-цахилгаан шат 7.000 төгрөг байхаар тогтоосон ба 33.28 м.кв талбай бүхий орон сууцтай айл өрх сард 27.322 төгрөг, 52.37 м.кв талбайтай айл өрх 30.186 төгрөг, 58.11 м.кв талбайтай айл өрх 31.147 төгрөг, 110.48 м.кв талбайтай айл өрх 38.902 төгрөг, 254.84 м.кв талбайтай айл өрх 127.457 төгрөг төлдөг тухай тооцоо ирүүлжээ.
Хариуцагч Ц.Э төлбөр тогтоосонтой болон тооцоололтой холбоотой маргаагүй тул төлбөр тогтоосон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй гэж үзэв.
/ХХ-ийн 4-6, 10 дугаар тал/
Хариуцагч Ц.Э нь гагцхүү төлбөрийн хэмжээний талаар маргасан болно.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заажээ.
Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өргөдөл, гомдлоо харьяалах газарт нь хандаж шийдвэрлүүлж байгаагүй атлаа хожим буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой зардлаа нэхэмжлэхэд дээрхи асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагч Ц.Э нь “*******” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох албан тушаалтан, байгууллагад хандаж байгаагүй нь түүний тайлбараар тогтоогдсон болно.
Хэрэг авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд орон сууц өмчлөгч иргэн Ц.Э Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан эрхээ буюу тухайлбал дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах гэх зэргээр эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайн иргэн эрхээ эдэлж буй тохиолдолд мөн үүргээ ухамсарлан биелүүлэх учиртай.
Хариуцагч Ц.Э Баянзүрх дүүрэг, ***** тоотын 58.11 м.кв талбайтай орон сууцанд 2016 оны сүүлч үеэс амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооны захирал А.Д******* 2017-2020 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд төлөх төлбөр 1.235.880 төгрөгөөс 1 жилийн төлбөр 12*31.247 төгрөг=373.764 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
“*******“ сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.Д******* 2019 оны 2 дугаар сард 55А байрны цахилгаан шатыг автомат удирдлагатай /чип/ болгон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлдөггүй учир удирдлагыг Ц.Эд өгөөгүй талаараа тайлбарласан ба дээрхээс үзэхэд цахилгаан шатны 2019 оны 2 сараас 2020 оны 5 сарыг дуустал 16 сарын төлбөр 112.000 төгрөгийг төлөх үүргээс хариуцагч Ц.Эг чөлөөлөх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ц.Эрдэнэтуягаас 750.116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******“ сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 112.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Ц.Эгаас 750.116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******“ сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 112.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эгаас 22.552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******“ сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН