Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2020/00448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Ш.Т-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.                                    

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Т,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар  оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 58 нас хүрч байгаа. Улсад 1981 оноос хойш ажилласан. Үүнээс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл болон "Хөгжил" ХК-д бог мал маллаж байсан. Гэвч тухайн үеийн нэгдлийн хөдөлмөрийн дэвтэрт 1991, 1992 оын бичилт хийсэн боловч тамгагүй, 1993 оны бичилт хийгээгүй /шаардлага хангахгүй байгаа/ тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, архиваас авсан 1993 оны 70 дугаар дансны лавлагаа зэрэг баримт матщериалыг үндэслэн 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл "Хөгжил" нэгдэлд, 1992 оны 2 дугаар сарын 17-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "Хөгжил" бүрэн бус хувьцаат компанид бог мал маллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ш.Тод 1983 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэг, бичилтийн зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.04.20-ны өдрийн 266 тоот “Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн иргэн Ш.Т-ын 1991 оны хөдөлмөрийн дэвтэр тамгэ тэмдэг бичилтийн зөрчилтэй тул 1991.02.01-1993.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх албан бичиг /хх-4 дүгээр хуудас/, Татварын хэлтсийн 2020.04.21-ний өдрийн 08/465 тоот “Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл нь 1955 оны 8 дугаар сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд "Хөгжил" хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд “Далайн хөгжил” хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлт /хх-5 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.04.21-ний өдрийн 289 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд 1991 оны 2 сараас 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Ш.Т-той холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх архивын лавлагаа /хх-6 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газраас 2020.01.16-ны өдрийн 17 тоот архивын “Тус сумын ЗДТГ-ын архив нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "Хөгжил" нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг /бүрэн бус/ хүлээн авсан, 5 дугаар багийн иргэн Ш.Т-од сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсны 1993 оны цалингийн картыг хуулбарлан олгов. Хавсралт 1 хуудас” гэх лавлагаа, хавсралт /хх-7-8 дугаар хуудас/

- Ш.Т-од "Хөгжил" нэгдлийн зөвлөлөөс 1983 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгосон “1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 52 тоот тушаалаар “нэгдлийн тэжээлийн цехийн ажилчнаар томилон ажиллуулав”, “1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс нэгдлийн даргын 1991.03.20-ны өдрийн 06 дугаар тушаалаар МАН-ын үйлдвэрлэлд гарах тул "Хөгжил" нэгдлийн тэжээл цехийн ажилчнаас чөлөөлөв”, “1991 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс нэгдлийн даргын 1991.03.20-ны өдрийн 6 дугаар тушаалаар "Хөгжил" нэгдлийн “Цагаан-Овоо” бригадад малчнаар ажмллуулав” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9-11 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Б-ийн “...Би 1976 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овооны нүүрсний уурхайд жолоочоор ороод 1990 онд уурхайгаас гараад Цагаан-Овоо бригадын даргаар 1996 он хүртэл ажилласан. Ш.Т намайг бригадын даргаар ажиллаж байхад 1991 оноос 1993 он дуустал 3 жилийн хугацаанд мал маллаж байгаад Сангийн далай руу шилжсэн. Ш.Т нь Сангийн далай бригадын хүн. Манай багийн хүргэн байсан. Манай багт 1991-1993 он хүртэл мал маллаж байсан талаар нь л би сайн мэднэ. Дараа нь юу хийсэн талаар мэдэхгүй. Ш.Тын Цагаан-Овоо бригадаас хойш Хулст гэх газар нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/, гэрч Д.Б-ийн “...Би 1981 оноос 1994 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Цагаан-Овоо бригадад түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ш.Т 1991 оноос Цагаан-Овооны Цэрэнсамба гэх айлын хүргэн болоод тусдаа гарч айл болж мал маллаж эхэлсэн. Ш.Т нь 1993 он дуустал бог мал маллаж байсан. Ш.Тынх Хулст, Бүрхээрт гэх газруудаар нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-16 дугаар хуудас/, гэрч Д.Ц-ийн “...Би 1978 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Цагаан-Овоо бригадын уурхайн тосгонд эмнэлэг яслийн аж ахуйчаар ажиллаж эхэлсэн. Би 1995 он хүртэл Цагаан-Овоо бригадад аж ахуйчаар ажилласан. Ш.Т Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлийн Цагаан-Овоо бригадад 1991 оноос Цагаан-Овоо бригадаас баруун хойш байх Баянхошуу, Бүрхээр, Хулст гэх газруудаар бог мал маллаж байгаад 1994 онд шилжиж явсан. Бригад, уурхай хоёр нэг дор байдаг байсан учраас Ш.Тыг малчин байсан талаар нь сайн мэднэ. Ш.Тынх бригадаас 20 орчим километр зайтай нутагладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ш.Т нь 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс "Хөгжил" нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч түүнд "Хөгжил" нэгдлээс олгосон “1991 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс нэгдлийн даргын 1991.03.20-ны өдрийн 6 дугаар тушаалаар "Хөгжил" нэгдлийн “Цагаан-Овоо” бригадад малчнаар” гэх бичилт бүхий тамга тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрээр нэхэмжлэгч нь 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс "Хөгжил" нэгдэлд малчнаар ажилласан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны ажилласан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Т-ыг 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ