| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2020/00321/И |
| Дугаар | 133/ШШ2020/00492 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 133/ШШ2020/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 5-р баг, Сайн Устад оршин суух, Ө овогт Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын гаргасан нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ***, Говь-Алтай аймгийн ***т холбогдох,
2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Д нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчийн ажилд томиглогдон ажиллаж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаартай захирамжаар түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн учир Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засан дарга нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжаа хүчингүй болгож, Д.Д-ийн гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах бүхий нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Д.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн атлаа Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2020/0006 дугаартай шийдвэрийг одоог хүртэл биелүүлэхгүй, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй байна. Иймд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардаж авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т ...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй... гэж заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн талаарх тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Д нь Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч Д.Д нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2020/0006 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Д.Д-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажил албан тушаалаас нь үндэслэлгүй бууруулсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар ...Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно... гэж заасан байх бөгөөд ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Иймд Д.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу Д.Д-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 4 сар 5 хоногийн олговор 5.806.386 /таван сая найман зуун зургаан мянга нэг зуун ерөн хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Д-ийн 0523662 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019 оны 09, 10, 11 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.
Мөн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 112/ШШ2020/0006 дугаартай шийдвэр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан байх тул түүнээс хойшхи буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар шүүхийн эрхэм зорилгод ...шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооно... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Д.Д-ийн зөрчигдсөн эрх буюу ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх эрхийг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.870.192 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 107.852 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 5.806.386 /таван сая найман зуун зургаан мянга нэг зуун ерөн хоёр/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Д-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5.806.386 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 107.852 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ