Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2020/000252

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхин баг, Холбооны ард өөрийн байранд байрлах “З- Р-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, ___ орон сууцны ___ тоотод оршин суух, Х- овогтой Б-ын Б-д /РД:___/ холбогдох

6 441 248  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З- Р-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.Б- нь “З- Р-” ХХК-д түгээгч албан тушаалд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байхдаа 10 719 708 төгрөгийн дутагдал гаргаж 6 028 460 төгрөгийг барагдуулж үлдэгдэл 4 691 248 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон болно. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 28-нд ___ дэлгүүрээс тушаагдсан 1 750 000 төгрөгийг бусад харилцагчаас тушаагдсан мэт тооцоондоо тусгаж, тушаах ёстой мөнгөнөөсөө 1 750 000 төгрөг дутуу тушаасан байсныг 2019 оны 11 дүгээр сард тооцоог нь дахин шалгахдаа илрүүлсэн болно. Б.Б- нь 2020 оны 01 дүгээр сард Япон улс руу явахаар төлөвлөж байгаа тул Б.Б-аас 6 441 248 төгрөгийг яаралтай гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага болох 6 441 248 төгрөг гаргуулж авахаа дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан материал дээр Б.Б-, Ц.Ю- хоёр сар сууж дутагдлын тооцоог гаргасан байдаг юм. 2020 оны 01 дүгээр сард гадагш явах болсон тул батлан даалтад өөрийн дүү болох О-г үлдээж би үлдэгдэл мөнгийг төлнө гэж гарын үсэг зурсан байдаг гэв.

Хариуцагч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Гандөш би Б.Б-ын итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа илэрхийлсэн байна. Өмнө хариуцагчтай ярьж холбогдож чадаагүй байсан. Амралтын өдрүүдээр хариуцагчтай ярьсан ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар тодруулсан. Гадаад явах гэж визинд орох гэж байсан учраас шүүхэд өгнө үүн дээр гарын үсэг зур гэсэн байдлаар гарын үсэг зуруулсан. Ямар нэгэн байдлаар зөвшөөрсөндөө гарын үсэг зураагүй. Хариуцагч Б.Б- нь миний төлөх ёсгүй мөнгө энэ дансны хуулгаар тогтоогдоно гэсэн. Ер нь хувийн дансаар байгууллагын мөнгийг оруулж гаргаж байсан байдаг. Захирлын даалгавраар Ц.Ю гэдэг хүний дансаар оруулж гаргаж байсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг шалгавал ямар нэгэн төлөх төлбөргүй гарна гэдэг тайлбар хэлдэг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З- Р-” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулж 6 441 248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Б- нь манай байгууллагад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн хооронд манай компанид түгээгчээр ажиллаж байхдаа нийт 6 441 248 төгрөгийн дутагдал гаргасан тул дээрх мөнгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш нь тодорхой хэмжээний дутагдал гаргасан түүнийгээ төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар өгч маргажээ.

Хариуцагч Б.Б- нь дээрх хугацаанд нэхэмжлэгч “З- Р-” ХХК-д түгээгчээр ажиллаж байсан, тодорхой хэмжээний дутагдал гаргаж байсан, ажиллаж байх хугацааны цалин зэргээс дутагдлаа төлж байсан зэрэг үйл баримтуудад талууд маргаагүй байна. 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “З- Р-” ХХК-ийн түгээлт хариуцсан ажилтан Б.Б-ын цалингийн тооцоо, тооцоо нийлсэн акт, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дутагдал гаргасан тухай акт, хариуцагч Б.Б-аас нийт 2 удаа нэхэмжлэгчид гаргаж өгсөн баталгаа зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан ба хуурамч хууль бусаар цуглуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.Б-аас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “З- Р-” ХХК-д гаргасан баталгаа баримтаар тэрээр нийт 10 719 708 төгрөгийн дутагдал гаргаж нийт төлбөрөөс 6 028 460 төгрөгийг төлж 4 691 248 төгрөгийг дутагдал үлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч талаас хариуцагчийн дутагдлын тооцоог 2019 оны 11 дүгээр сарын байдлаар дахин шалгахад нэмж 1 750 000 төгрөгийг тушаасан мэтээр тооцоонд оруулсан байсан гэж тайлбарлан хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсан дахь баримтыг гаргасан боловч уг баримтыг туйлын үнэн, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд учир дутагдалтай, учир нь энэ талаар хариуцагч Б.Б- мэдсэн эсэх нь тодорхойгүй, зөвхөн нэхэмжлэгч “З- Р-” ХХК-ийн нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгчөөс дутагдал гаргасан байснаа төлсөн гэж нотлох баримтаар “З- Р-” ХХК, Б.Б- нарын банкны дансны хуулга, Б.Б-ын хувийн бүртгэлийн дэвтрийг хэрэгт хавсаргасан боловч уг баримтуудаар татгалзлын үндэслэл нь нотлогдохгүй, уг баримтуудыг үндэслэн тооцоог гаргах хууль зүйн боломжгүй байна.

Түүнчлэн шүүхээс уг дансны хуулга, хувийн дэвтрийг үндэслэн тооцоо, тооцооллыг гаргах боломжгүй талаар хариуцагчийн төлөөлөгч нь хуралдаанд тайлбарласан болохыг дурдав.

Иймд дээрхийг нэгтгэхэд хариуцагч Б.Б-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 4 691 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З- Р-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 90 010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Б.Баяржаралаас 4 691 248 /дөрвөн сая зургаан зуун ерин нэгэн мянга хоёр зуун найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З- Р-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 750 000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас  улсын тэмдэгтийн хураамжид 90 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З- Р-” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.САРАНТУЯА