Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00874

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01343 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1761 дүгээр  магадлалтай,

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Э.Б-өд холбогдох

Э.Б-ийг “А х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очирын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Э.Б-өд холбогдуулан анх “А х”  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, санхүүгийн баримт бичгүүд болон компанийн тамга, тэмдгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Б-ийг “А х”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохоор өөрчилсөн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01343 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг үндэслэн хариуцагч Э.Б-ийг “А х”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Б-өөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1761 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.Ц-ийн хариуцагч Э.Б-өд холбогдуулан гаргасан Э.Б-ийг “А х” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөс өмнө илтгэгч шүүгч Д.Н-ын асуусан асуулт зэргээс дүгнэхэд зөвлөлдөхөөсөө өмнө урьдчилсан дүгнэлт хийсэн гэж ойлгогдохоор, магадлал уншиж сонсгосны дараа агуулгыг амаар тайлбарласан хурал даргалагчийн тайлбар магадлалд огт тусгагдаагүй, амаар тайлбарласан тайлбарт огт дурдагдаагүй дүгнэлтийг магадлалын Хянавал хэсэгт бичсэн зэрэг нь эргэлзээ төрүүлсэн бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.2. Шүүгч нь нэхэмжлэгч талаас “хэн нэгний тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болох уу, компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигч нь Э.Б болохыг нотлох ямар баримт байна” гэж асуусан ба үүнд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.10.04-ний өдрийн 2155 дугаар шийдвэр болон хурлын тэмдэглэлийг нотолгооны эх сурвалж болгосон талаар хэлэхэд шүүгчийн хариултыг сонсож байгаа байдал, биеийн хэлэмж, үйл хөдлөл нь магадлалаар ямар шийдвэр гарах нь тодорхой ойлгогдож байсан. Магадлалын агуулгаа тайлбарлахдаа “Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.10.04-ний өдрийн хурал дээр гаргаж байсан тайлбар нь үнэн зөв байх албагүй, шийдвэр, тэмдэглэлд тусгагдсан тайлбарыг нотлох баримт гэж үзэх боломжгүй” гэж дүгнээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар тайлбарласан ба энэхүү аман тайлбарт Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “ ... улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл ... үнэн зөв гэж тооцогдоно” гэсэн хууль хэрэглээний дүгнэлт огт дурдагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг ногдуулсныг үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр, тэмдэглэлээр хариуцагч нь “А х”  ХХК-ийн жинхэнэ хувьцаа эзэмшигч болохоо хүлээн зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүх түүнийг үнэлээгүй.

4.3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.10.04-ний өдрийн хурлын   тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт тусгагдсан ба уг тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өмнө гарсан шүүхийн шийдвэр, түүний тэмдэглэл нь хожим өөр хэрэг маргааныг шийдвэрлэхэд нотлох баримтын эх сурвалж болохгүй, түүнийг үнэлэх шаардлагагүй юм бол шүүх шийдвэр гаргаад, тэмдэглэл хөтлөх нь ач холбогдолгүй болно. Магадлалын Хянавал хэсэгт “Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар ... улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл ... үнэн зөв гэж тооцогддог тул ... Э.Б-ийн өмнө нь шүүхэд гаргаж байсан тайлбараар түүнийг ... хувьцаа эзэмшигч гэж тогтоосон нь ... улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл ... үнэн зөв байх зарчимтай нийцээгүй байна” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, хуулийн утга санааг гүйцэд ойлгоогүй, уг зүйл, заалтын заримыг зориуд хэрэглэхгүйгээр хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж хэрэглэсэн.

4.4. Давж заалдах шатны шүүх “тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасныг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг хэн нэгэн мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж хэн нэгэн эсэргүүцсэн буюу маргасан тохиолдолд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцогдохгүй гэж хуульд тодорхой заасан байхад магадлал энэ хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байх тул илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь “А х”  ХХК-ийн жинхэнэ хувьцаа эзэмшигчийн талаарх бүртгэл буруу ташаа гэж эсэргүүцэж буюу маргаж шүүхэд хандсан, нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь буруу ташаа тэмдэглэл хийлгэснээ хүлээн зөвшөөрснийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.10.04-ний өдрийн 2155 дугаар шийдвэр, тэмдэглэлээр нотолсон байхад “улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцогддог” гэж дүгнэсэн нь буруу.

4.5. Түүнчлэн магадлалд “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан аргаар иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах бөгөөд Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйг эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг ойлгохгүй байна. “А х”  ХХК-ийн жинхэнэ хувьцаа эзэмшигчийн талаарх бүртгэл буруу ташаа тэмдэглэгдсэн, жинхэнэ хувьцаа эзэмшигчээр Э.Б бус Ц.Ц бүртгэгдсэнээс бусдын хүлээх үүргийг үүрэх болсноор эрх нь зөрчигдөж байгаа нь тодорхой байхад “эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэснийг хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, шийдвэрлэсэн гэж үзэхээс өөрөөр дүгнэх боломжгүй юм. Иймд, дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Ц.Ц-ээс хариуцагч Э.Б-өд холбогдуулан “Э.Б-ийг “А х”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох”-оор шаардсаныг анхан шатны шүүх хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... “А х”  ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар Ц.Ц бүртгэлтэй боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд оролцоогүй. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.10.04-ний өдрийн 2155 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүлээ цуцлуулсан. Уг шүүхийн шийдвэрт хариуцагч “... компани Ц.Ц-ийн нэр дээр бүртгэлтэй боловч үйл ажиллагааг би явуулдаг, компанийн нэрийг шилжүүлэн авах гэтэл бага зэрэг өртэй болохоор болохгүй байгаа, өрөө төлөөд компанийг нэр дээрээ шилжүүлэн авна ...” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүйн улмаас би бусдын өмнөөс хариуцлага хүлээх, компанитай холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгууллага, татварын болон бусад байгууллагад дуудагдах, компанийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг хүлээж болзошгүй эрсдэл бий болоод байна, иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “...Улсын бүртгэлд үүсгэн байгуулах талаарх хүсэлт, үүсгэн байгуулагчийн шийдвэр, бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагаа, бүртгэлээс хойш бүртгэлд өөрчлөлт оруулсан байдал, банкнаас зээл авч байсан баримт, гэрээ байгуулсан өргөдөл, компанийг шүүхэд төлөөлж байсан зэргээс “А х”  ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ц.Ц байх бөгөөд үйл ажиллагааг бүхэлд нь удирдан чиглүүлж байсан нь нотлогддог... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... “А х”  ХХК-ийн “Хаан банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнээс бий болсон өр төлбөрийг нэхэмжлэгчийн хувийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байна. Тус компанийг хариуцагч Э.Б  үүсгэн байгуулсан байх ба өөр компанид ажилладаг гэх шалтгааны улмаас эхнэр Ц.Ц-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн ч түүнд “А х”  ХХК-ийн хувьцааг эзэмшүүлэх хүсэл зориггүй, нэхэмжлэгч Ц.Ц эдгээр хувьцааг хүлээн авах хүсэл зориггүй байсан нь түүний гэрлэлт цуцлах шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар эргэлзээгүй нотлогдож байх тул “А х”  ХХК-ийн гаргасан 100 хувийн энгийн хувьцааг хариуцагч Э.Б-ийн хуваарьт эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

9. Харин давж заалдах шатны шүүх “... Хэрэгт авагдсан баримтад Ц.Ц нь “А х”  ХХК-ийг нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага одоог хүртэл өөрчлөгдөөгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцогддог тул “А х”  ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Ц.Ц-ийг гэж үзнэ. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг зохигчийн тайлбараар тогтоох асуудал биш байтал хариуцагч Э.Б-ийн өмнө нь шүүхэд гаргаж байсан тайлбараар түүнийг “А х”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчимтай нийцээгүй байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс “тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хувьд тухайн эрх, эрх зүйн байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох субьектив эрх (шаардах боломж) байгаа эсэх, шүүхээр хамгаалуулах зайлшгүй шаардлага буюу хамгаалагдах эрх байгаа эсэх, тухайн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь сэргэх боломжтой эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай.

11. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн эрхийг бус харин бусад этгээдийн эрх, үүрэг буюу эрх зүйн байдлыг, тухайлбал хариуцагчийг өөрийн үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшиж буй компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг шүүхээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх анхаараагүй байх бөгөөд өөрийн зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ “бусдын компанийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг хүлээж болзошгүй эрсдэл бий болсон” гэж тодорхойлсон, үүнээс өөр үндэслэл заагаагүй байна.

12. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу өөрөө “А х”   ХХК-ийг үүсгэн байгуулах бичиг баримтыг бүрдүүлэн тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, үүнийгээ үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл компанийг үүсгэн байгуулах хүсэлт гаргаагүй, мэдээгүй, эсхүл хууран мэхлэгдсэн юм уу хүчээр хийсэн гэх зэргээр маргаагүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т заасны дагуу шаардах эрхгүй. Түүнчлэн компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхээр маргаагүй тул Компанийн тухай хуулиар ч шаардах эрх үүсэхээргүй байна.

13. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан “эрхийг хүлээн зөвшөөрөх” хамгаалалтын арга хэрэгслээр эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд бий болсон тодорхой бус байдлыг арилгах, тэдгээрийн эрх, үүргийг хэвийн үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг бий болгох, үүнд саад болж байгаа гуравдагч этгээдийн үйлдлийг таслах зогсооход чиглэгддэг, өөрөөр хэлбэл тодорхой этгээдийн эдлэх субьектив эрхийн тухай маргаан үүссэн буюу уг эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нөхцөл байдал бий болсон, бусад этгээдийн зүгээс энэ эрхийн хууль ёсны эзэмшигчийн хувьд эрхийн эзэмшлийн талаар ямар нэг эргэлзээ, маргаан бий болсон үед хэрэглэдэг.[1]  

14. Энэхүү маргааны тухайд зохигчийн хооронд хууль зүйн утгаараа компанийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул тэдний хооронд тодорхой бус байдал (тухайлбал компанийн хувьцаа эзэмшлийн хувь хэмжээ, хамтран болон дангаар хүлээх үүрэг, хариуцлага тодорхойгүй гэх мэт) болон тэдгээрийн эрх, үүргийг хэвийн үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бий болсон, эсхүл эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээдийн үйлдэл саад болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь өөрийнхөө бус харин хариуцагчийн эрхийг тогтоолгохоор шаардаж байх бөгөөд зорилго нь “компанийн хариуцлагаас чөлөөлөгдөхөд чиглэгдэж байгаа нь түүний “субьектив эрх” гэж үзэхээргүй байх тул дээрх хуульд заасан арга хэрэгсэлд хамаарахааргүй, энэ утгаараа “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан аргаар иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах бөгөөд Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээ сайн дураар хэрэгжүүлээгүйг эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байна.

15. Гэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-9.4.9-д заасан арга нь иргэний эрх зүйн хамгаалалтыг бүрэн тусгасан жагсаалт биш тул  (Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т зааснаар хуулиар тогтоосон бусад аргаар ч хамгаалж болно) тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд шүүхээр зайлшгүй хамгаалагдах ямар эрх байгааг тогтоох нь зүйтэй. Хэргийн үйл баримтаас үзвэл тухайн маргаан нь гэр бүл цуцалснаас болон компани өртэй болсноос үүдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс “... “А х”  ХХК-ийн “Хаан банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнээс бий болсон өр төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулснаар эрх ашиг нь хөндөгдсөн...” гэж, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар компанийн үйл ажиллагаанаас үүсэх аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй болсноор эрх нь сэргээгдэнэ гэж маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчтай гэр бүл байх үедээ үнэхээр тухайн компанийг үүсгэн байгуулах, хувьцаа эзэмших хүсэл зориг огт байгаагүй, анхнаасаа тухайн компанийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, тамга тэмдэгийг нь эзэмшдэггүй, хэрэглэж байгаагүй, компанийн авсан зээлийг огт мэдэхгүй, эсхүл зарцуулаагүй, хэрэглээгүй гэх зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна. Учир нь, хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гарын үсэг, компанийн тамга тэмдэг бүхий компанийн баримт бичиг, татварын тайлан, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг авагдсан байгаа нь эргэлзээ төрүүлж байгаагаас гадна нэгэнт эрх зүйн бүрэн чадамжтай иргэний хувьд хүлээсэн эрх, үүргээ (компани үүсгэн байгуулах баримт бичиг бүрдүүлэн бүртгүүлсэн) “тухайн үед хүсэл зориг байгаагүй” гэж үгүйсгэх нь хуулийн үндэслэлтэй болж чадахгүй байна.

16. Шүүх хувь этгээдийн хооронд сайн дурын үндсэн дээр байгуулагддаг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдлага зэргийг хөндлөнгөөс шууд тогтоох хууль зүйн боломж хязгаарлагдмал энэ тохиолдолд анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл буюу тухайн хэрэгт өгсөн хариуцагчийн тайлбарыг шууд үнэлэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн баримтыг үнэлэхгүй гэж дүгнэснийг буруутгахааргүй байна.

17. Иймд “... жинхэнэ хувьцаа эзэмшигчээр Э.Б бус Ц.Ц бүртгэгдсэнээс бусдын хүлээх үүргийг үүрэх болсноос эрх нь зөрчигдөж байгаа нь тодорхой байхад шүүх “эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.5-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд эзэмшиж буй компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах, бусад этгээдэд санал болгох, боломжгүй бол татан буулгах, дампууруулах зэрэг хуульд заасан аргаар өөрийн зөрчигдсөн гэх эрхээ хамгаалах боломжтой. Мөн компанийн үүсгэсэн өрийн тухайд буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь ч нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

18. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэсэн зохицуулалт нь тухайн тохиолдолд хамааралгүй, учир нь уг заалт нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бөгөөд үүгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа газар өмчлөх эрх, эсхүл газартай холбоотой өөр ямар нэгэн эрхийг эрхгүй этгээдээс шударгаар олж авах боломж юм. Давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгтээ уг заалтыг хэрэглэсэн нь оновчгүй боловч энэ нь тухайн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүй тул “... шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-ийг бүрэн дүүрэн хэрэглээгүй...” гэсэн агуулгатай гомдол нь (Тодорхойлох хэсгийн 4.3-4.4-т) нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

19. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхээс өмнө “урьдчилсан дүгнэлт хийсэн байсан” гэх гомдлын үндэслэл (Тодорхойлох хэсгийн 4.1) тогтоогдохгүй байх бөгөөд шүүх шийдвэртээ хууль зүйн үндэслэлээ дэлгэрүүлж бичих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй.

20. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1761 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА 

                                                                                                    Д.ЦОЛМОН

 

[1] Ё.Кают нар, Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар, х.19, (2010)