Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/02803

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                    

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.С холбогдох

Автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:         

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.А миний бие Э.Стэй 2018 оны 11 дүгээр сарын 30-наас эхлэн хамтран амьдардаг байсан. Хамт амьдарч байхад Э.Сийн төрсөн дүү Э.Б******* эхнэрийн хамт 5,000,000 төгрөг нэхэж ирсэн. Эгч дүү нарын хоорондох асуудал байсан. Э.Ст мөнгө байхгүй байсан тул А.А миний бие 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авч 3,000,000 төгрөгийг Э.Ст өгч дүү нартаа өгсөн. Үлдсэн 2,000,000 төгрөгөөр нь би Голомт банкны өрөө дарсан. Дүү нар нь өрөө нэхээд байсан тул Дархан-Уул аймаг, Хуушаатын 2-7 тоотод орших өөрийн өмчийн хашаагаа 2,000,000 төгрөгөөр зарж /дансны хуулга хавсаргав/ Э.Ст өгч, Э.С дүү нартаа өгсөн. Тухайн үед Э.С нь мөнгө буцааж өгнөө гэж байсан. Э.С нь 2019 оны 9 дүгээр сарын 30-нд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтансан хороолол, 1 дүгээр орц, 11 давхар 1105 тоот хаягт орших байраа 3,000,000 төгрөгөөр 6 сарын хугацаатай хүнд түрээслэсэн. Тэр мөнгөөр Э.С машин худалдаж авсан. Надад ямар ч мөнгө өгөөгүй. 2020 оны 3 дугаар сард бид 2 хоорондоо харилцан тохирч надад өгөх ёстой 5,000,000 төгрөгийн оронд ******* УБЧ улсын дугаартай Шурлууз Прүз маркийн хар өнгөтэй автомашиныг өгөхөөр болж худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Машины нэр шилжүүлэх гээд бүртгэлийн газар очиход мэргэжилтэн байхгүй байсан тул дараа шилжүүлье гээд явсан. Гэтэл одоо болтол машин өгөхгүй, нэр шилжүүлэхгүй байна. 2019 оны 3 дугаар сарын 27-ноос хойш цалингийн зээлийн хүүнд 200,000 төгрөг сар бүр төлж байгаа мөн, хүүхдийн тэтгэмж төлдөг. Одоо би түрээсийн байранд амьдарч байна. Машин таксинд явж байгаа, янз бүрийн эвдрэл гэмтэл гарвал надад хэцүү байна.

Иймд хариуцагч Э.Сээс худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулж ******* УБЧ улсын дугаартай Шурлууз Прүз маркийн хар өнгөтэй автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн, авч өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 11 дүгээр сараас эхэлж хамт амьдарсан. Би өнчин 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Амьдарч байх хугацаандаа би өрхийн хэрэглээндээ тэтгэмжийн зээл 4,900,000 төгрөг авсан. Энэ хүн 2019 оны 3 дугаар сард цалингийн зээлийг өрхийн хэрэглээнд зориулж 5,000,000 төгрөг авсан, би батлан даагчаар орсон. 2,000,000 гаран төгрөгөөр Голомт банкны зээлийг нь хаасан. Үдлэгдэл мөнгийг нь өрхийн хэрэглээндээ зарцуулсан. 7 дугаар сарын 2-нд газраа 2,000,000 төгрөгөөр худалдаж миний данс руу хийсэн. Би 9 дүгээр сарын 30-нд өөрийн өмчлөлд байдаг байраа түрээсэлж, түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг авч энэ машиныг авсан. 2019 оны 10 дугаар сард Архангай аймаг руу нүүхэд бүх зардлыг гаргасан. Очоод 2,000,000 төгрөгийн гэрийн тавилга авч өгсөн. Би яагаад машинаа шилжүүлсэн бэ гэхээр хүний нутагт таних хүн байхгүй, энэ хүн намайг дээрэлхэж, хардаж, хүүхдийг маань зодох гэж дарамт үүсгэсэн учраас би машинаа шилжүүлээд 3 хүүхдээ аваад хотод ирэхийн тулд машины бичиг баримтыг шилжүүлсэн. Гэхдээ энэ хүнд жолооны эрхийн үнэмлэх байгаагүй. Би нотариатаар орсон нь үнэн бөгөөд намайг дарамталж нотариатаар оруулсан. Энэ хүн 2020 оны 3 дугаар сард салсан гэж байгаа боловч бид 6 дугаар сарын 15-нд салсан. Манай байранд хамт байсан намайг 2, 3 удаа зодох гэж дарамтлаад, хүүхдүүдийг маань айлгаж сүрдүүлсэнээс болоод салсан. Манай аав одоо 60 гарч байгаа. Надтай хамт амьдардаг, аав маань мэдэж байгаа. 2020 оны 6 дугаар сарын 15-нд явахдаа миний машиныг авч яваад би цагдаад мэдэгдэж машинаа буцааж авсан. Би энэ хүнээс 2,000,000 төгрөг авсан тэр мөнгөөрөө гэрт нь модон тавилга, шкаф, ор, угаалтуур, угаалгын машин авч өгсөн. Би энэ хүнд өр төлбөргүй. Машин одоо надад байхгүй, зарчихсан байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Э.Ст холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулж, ******* УБЧ улсын дугаартай Chevrolet cruze маркийн хар өнгөтэй автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь бид хамтран амьдарч байсан бөгөөд энэ хүнээс айсандаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгчид ямар нэгэн төлөх өр төлбөргүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

А.А, Э.С нар нь 2018 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч байсан байх бөгөөд ийнхүү хамтран амьдарч байх хугацаанд буюу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А.А нь 5,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, үүнээс 2,000,000 төгрөгийг Голомт банкнаас авсан зээлээ хаасан, 2,000,000 орчим төгрөгийг Э.Ст өгсөн, мөн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “хайртай шүү” гэсэн утгаар 2,000,000 төгрөгийг Э.С рүү шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дансны хуулгуудаас үзэхэд Э.С нь хамтран амьдарч байхдаа А.Аын цалингийн зээлээс тодорхой хэмжээнд төлдөг байсан, мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...хэрвээ бид салаагүй байсан бол энэ мөнгийг /4,000,000 орчим төгрөг/ хариуцагчаас нэхэхгүй байсан ...” гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд эдгээрээс үзвэл зохигчид нь хамтран амьдарч байх хугацаандаа дээрх зээлийг өөрсдийн өрхийн хэрэгцээнд захиран зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тээврийн хэрэгсэл “Худалдах, худалдан авах гэрээ”-г хавсарган ирүүлсэн бөгөөд уг гэрээний зарим нь уншигдахгүй байх боловч зохигчид 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Э.Сийн эзэмшлийн ******* УБЧ улсын дугаартай, Chevrolet cruze маркийн хар өнгөтэй автомашины өмчлөх эрхийг А.Ат шилжүүлэхээр, машины үнийг 4,000,000 төгрөг гэж тохирч, гэрээ байгуулагдсаны хувьд маргаагүй болно.

Дээрх гэрээний үнэ болох 4,000,000 төгрөг нь А.Аын Э.Стэй хамт амьдарч байхдаа зээлдүүлсэн гэх цалингийн зээлийн 2,000,000 орчим төгрөг, хашаа байшин зарж шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн нийлбэр болохыг зохигчид шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Түүнчлэн Э.Сийн эзэмшлийн ******* УБЧ улсын дугаартай, Chevrolet cruze маркийн хар өнгөтэй автомашиныг зохигчид хамтран амьдарч байхдаа Э.С нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад түрээслүүлсэн мөнгөөр худалдан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл “Худалдах, худалдан авах гэрээ” бодитоор хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.    

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ст холбогдуулан гаргасан “худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулж, ******* УБЧ улсын дугаартай Chevrolet cruze маркийн хар өнгөтэй автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ