Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Чинбат,

шүүгдэгч Г.Бямбажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт Г.Бямбажаргалыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012396 дугаар хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 35 дугаар гудамж, 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганганы Бямбажаргал /РД:УБ77122412/.

Шүүгдэгч Г.Бямбажаргал нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Алтан тариа” ХХК-ийн баруун талын шороон зам дээр Д.Амгаланбаатарын жолоодож явсан Б.Батбаярын эзэмшлийн Хово маркийн 54-90 УНЭ улсын дугаартай автомашины хаалга руу чулуу шидсэний улмаас хаалганы шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 330000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бямбажаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Түргэн зангаасаа болж ийм хэрэгт холбогдсон. Гэмшиж байна” гэв.   

 

201626012396 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.Батбаярын: “2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ харих гээд явж байтал миний 54-90 унэ улсын дугаартай Хово машиныг жолооддог жолооч Амгаланбаатар гэдэг залуу залгаад 4 залуу машины шил хагалчихаад явчихлаа гэж хэлсэн. ...Би жолоочоосоо асуухад “Алтан тариа”-гийн хажуугаар гэр хорооллын гудамжаар уруудаад явж байхад нь өөдөөс нь гарч ирээд тулаад зогссон гэсэн. Тэр гудамж нь 2 машин зөрөх боломжгүй, нарийхан замтай байсан учраас манай жолооч уруудаж яваа машинд зам тавьж өгнө гэсэн зарчмаар дуут дохио өгсөн гэсэн. Тэгтэл жижиг тэрэгтэй залуучууд уурласан юм уу шууд бууж ирээд нэг нь машины хаалга онгойлгох гэхэд нь дотроос нь цоожилсон гэсэн. Тэгсэн чинь нэг нь чулуу авч шидээд хаалганы шил хагалсан гэсэн. Тэгээд нөгөө залуучууд машиндаа суугаад ухраад явсан, ийм л зүйл болсон гэж надад ярьсан. Амгаланбаатар машиных нь дугаарыг хараад надад хэлсэн. Тэгээд машин дээрээ ирэхэд жолооч талын хаалганы шил хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-15-17/,

Гэрч А.Чулуундоржийн: “2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Алтан тариагийн баруун талаар бид нар өгсөж явтал гэр хорооллын гудамжны дунд өөдөөс нэг цагаан өнгийн Хово машин гараад ирсэн, тулаад зогссон. Тэгэхээр нь бид нар ухраад зам тавьж өгтөл өмнөөс дахин тулж ирээд сигналдаад байсан. Тэгээд зогссон чинь баруун тийшээ гараараа зангаад дохиод, дахин сигналдаад байхаар нь Лхагва-Очир, Оёкотой буугаад очсон. Жолоочийн хаалган дээр Лхагва-Очир, Оёко хоёр очтол нөгөө жолооч бууж ирээгүй, машин дотроосоо хэрэлдээд байсан. Тэгээд би очоод болиулах гэтэл аль хэдий нь жолоочийн хаалганы шил хагарчихсан байсан. ...Оёко чулуу шидээд хагалсан гэсэн, би тухайн үед хараагүй. Өөрөө ч гэсэн жижиг чулуу шидсэн чинь хагарчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-18-19/,

Гэрч Д.Найманжингийн: “...Тэр өдөр болсон хэргийн талаар зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан нэг Ховоны жолоочтой маргалдаад нөгөө жолооч нь өөдөөс ирээд мөргөчих гээд сигналдаад хараагаад эхэлсэн. Тэгэхээр нь бид нартай хамт явж байсан Оёко гэдэг залуу чулуу шидээд жолооч талын хаалганы шилийг нь хагалсан гэж байсан, би хараагүй” гэх мэдүүлэг /хх-20-21/,

Гэрч Ц.Цэнд-Аюушийн: “...Тэр өдөр 16 цагийн орчим дуудлага аваад удаагүй ...5-6 минутын дараа ахлагч Өлзийбатын хамт очсон. Очиход цагаан өнгийн Хово машины жолооч талын хаалганы шил хагарчихсан байсан. Машины жолоочийн хэлж байснаар нарийхан зам дээр өөд өөдөөсөө зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдсан гэсэн. Тэгээд  залуучууд зодох гээд байхаар нь машинаа түгжсэн чинь шилийг нь хагалчихаад яваад өгсөн гэж байсан. ...Шил бол шинээр хагарсан кабин дотор нь шилний үйрмэг байсан, жолоочид ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-76-77/,

Гэрч Д.Амгаланбаатарын: “2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үдээс хойш Толгойтоос уруудаад “Алтан Тариа” ХХК-ийн хажуугийн гэр хорооллын нэг нарийн гудамж байдаг юм, түүгээр явсан. Тэр гудамжны ихэнх талыг туулаад гудамжны талд хүрчихсэн явж байсан. Тэгтэл өөдөөс Тоёото Раум машин гарч ирээд тулаад зогссон. Тэр хүмүүс цонхоо нээх үед нь би машиныхаа сигналыг дарчихсан юм. Ер нь том машины сигнал маш чанга дуугардаг учир тэр хүмүүсийн уур нь хүрсэн юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө машины жолооч болон жолоочийн хажууд байсан 2 хүн бууж ирээд надтай хэрүүл хийж байгаад нэг нь газраас чулуу авах гэхэд нь би жолооч талын хаалганы шилээ дээш өргөөд хаатал тэр залуу чулуу шидээд хаалганы шил хагалсан. Тэгээд шил хагалсандаа тэгсэн үү нэг их зүйл бололгүй машиндаа суугаад яваад өгсөн. Би ардаас нь машины марк болон дугаарыг нь тэмдэглээд цагдаад хандсан. ...Тухайн үед миний толгойг чулуу оносон, гэхдээ миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-78-79/,

А.Лхагва-Очирын сэжигтнээр өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дүү А.Пүрэвсүрэнгийн 80-24 дугаартай Тоёото Раум маркийн машиныг унаад найз Найманжин, Чулуундорж, Оёко нарын хамт явж байсан. Тэгээд “Алтан тариа”-гийн хажуу замаар өгсөөд нарийн гудамжинд тулаад өөдөөс ирж байсан Хово машинд зам тавьж өгөөд хашаа руу шахаад зогссон. Тэгсэн чинь өөдөөс ирж байсан цагаан өнгийн Хово тулж ирээд сигналдсан. Жолооч руу нь хартал баруун гар тийшээгээ гараараа заахаар нь баруун тийшээ болох гээд бага зэрэг ухраад эргээд урагшлах гэсэн чинь дахин өөдөөс тулж ирээд сигналдсан. Тэгснээ жолооч нь цонхоороо “Пизда минь наанаасаа зайл” гэж орилсон. Тэгэхээр нь би буугаад очтол миний ард 3 машин  зогсож байсан. Би тэр Ховоны хажууд очоод хаалганаас нь таттал дотроос нь түгжчихсэн. Тэгсэн чинь манай найз Оёко жижиг чулуу аваад “наадах чинь яагаад байгаа юм бэ” гээд шидтэл жолооч талын хаалганы шилийг оноод хагалчихсан. ...Тухайн үед зам түгжрээд байсан болохоор хурдхан шиг замаа чөлөөлж өгчихөөд явсан. Цагдаад мэдэгдээгүй явсан нь бидний буруу” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Г.Бямбажаргалын яллагдагчаар өгсөн: “...Би тэр машины шилийг хагална гэж бодоогүй. Жолооч нь түрэмгийлээд өөдөөс шахаад байхаар нь манай найз Лхагва-Очир бид 2 гарсан. Лхагва-Очир жолоочийн хаалгыг нь таттал онгойлгохгүй байхаар нь би газраас жижиг чулуу аваад машины хаалга руу шидтэл шилийг нь оноод хагалчихсан. Шилний мөнгө болох 350000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-38-39/,

өргөдөл /хх-5/, Д.Амгаланбаатарын тайлбар /хх-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-11/, хохирогч Б.Батбаярын хүсэлт /хх-40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-87/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-94, 105/ зэргийг уншиж, шинжлэн судлав.    

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г.Бямбажаргал нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Алтан тариа” ХХК-ийн баруун талын шороон замд Д.Амгаланбаатарын жолоодож явсан Б.Батбаярын эзэмшлийн Хово маркийн 54-90 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалга руу чулуу шидэн хаалганы шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 330000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул Г.Бямбажаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батбаярын эд хөрөнгөд 330000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Б.Батбаяр нь “хохиролд 350 000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Одоо цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хх-40/ гэснийг үндэслэн шүүгдэгч Г.Бямбажаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэв.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Бямбажаргал урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганганы Бямбажаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Г.Бямбажаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Бямбажаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Бямбажаргал урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Г.Бямбажаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Г.Бямбажаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бямбажаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР