Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Прокуророос шүүгдэгч Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5-т заасан гэмт хэрэг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Агар, Х.Ермек нарын шүүгдэгч Б.Энхболдтой бүлэглэн И.Гомбо-Очирт мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан хэргээс шүүгдэгч Б.Энхболдтой бүлэглэсэн гэсэн үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

3. Шүүгдэгч Э.Агарыг урьдчилан үгсэж тохиолцон бүлэглэж, давтан мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан,

- урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,  

-   Шүүгдэгч Х.Ермекийг ганцаараа болон урьдчилан үгсэж тохиолцон бүлэглэж, давтан мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, борлуулсан,

- урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт,  

 - Шүүгдэгч Б.Явуухуланг урьдчилан үгсэж тохиолцон бүлэглэж, давтан  үйлдлээр мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулахад хамжигчаар оролцсон, 

- мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 

- Шүүгдэгч Э.Уянга нь мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг ганцаараа болон бүлэглэн, давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, 

- Шүүгдэгч Б.Энхболдыг ганцаараа болон бүлэглэж мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,    

- Шүүгдэгч И.Гомбо-Очирыг бүлэглэж мөс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 01 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарыг тус тус 10 жил 01 сар хорих ялаар,

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-д зааснаар шүүгдэгч Б.Явуухуланг 10 жил 01 сар хорих ялаар,  

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус тус 01 жил хорих ялаар,      

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Б.Явуухуланг 01 жил  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.      

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Б.Явуухуланд оногдуулсан 01 жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарт тус тус оногдуулсан 01 жил хорих ялыг,    

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар нарт тус тус оногдуулсан 10 жил 01 сар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй,   

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт тус тус оногдуулсан 10 жил 01 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Х.Ермекийн 571 хоног, Э.Агарын 481 хоног, Б.Явуухулангийн 442 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.           

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Х.Ермекээс 1.500.000 төгрөг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone 5 гар утсыг улсын орлогод тус тус оруулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаас уг тогтоолын үндэслэх хэсэгт бичсэнээр буюу “хавсралт-1”-т заасан нэр төрлийн эд зүйлсийг зохих журмын дагуу устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,        

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ермекээс хураан авсан Хаан банкны орлогын ордер 3 ширхэг, шүүгдэгч Х.Ермек, Э.Агар, Б.Оргил, Г.Тайванбаатар, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Г.Анхбаяр нарын мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест 7 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.     

9. Шүүгдэгч  нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Энхболд 168  хоног,  шүүгдэгч Э.Уянга 101 хоног, шүүгдэгч И.Гомбо-Очир 182 хоног тус бүр цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.         

10. Шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан Э.Агар нарын эдлэх ялыг 2016 оны  12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.          

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Х.Ермек, Б.Явуухулан, Э.Агар нарт цагдан хорих, шүүгдэгч Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ОТГОНБАЯР

 

                                ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ

 

                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ