Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 184/шш2020/02735

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           09             09

                                  184/ШШ2020/02735

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, -... тоот хаягт оршин суух, Х- овогт Н-...гийн Л-...э /РД:-.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, -... хаягт оршин суух, Б-... овогт Д-...гийн Б-...а /РД:-.../-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л-...э, хариуцагч Д.Б-...а, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн нөхөр болох н.П-...н гэдэг хүнтэй анх зараар холбогдож уулзаад Тесо корпорацын хуурай гоймонгийн үйлдвэрийн гадна фассадны 720 м.кв талбайн ажлыг хийлгүүлэхээр тохиролцсон. Тухайн ажил нь замаскаар хийгддэг ажил бөгөөд хагарал, гадна пактур, гадна тэвш дээр хийгддэг. Мөн бороо хуримтлуулагчийн будаг, хаалганы будаг, эмульс, грунд, нарийн цагаан судал тавих, шавардах, гадна өнгөлгөө зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр н.П-...нтай анх тохиролцсон. Гэрээгээ хийхээр болоход манай эхнэр гээд хариуцагчийг дагуулж ирээд эхнэртэй маань гэрээ хийчих, би бичиг баримтгүй байна гэсэн. Тэгээд би итгээд Д.Б-...атай гэрээ хийсэн. Гэрээний ар талын материал бүрдүүлсэн дээр н.П-...н гарын үсэг зурсан. Гэрээг хийхдээ эхлээд урьдчилгаа 30 хувь дараа нь 30, 40 хувь гэж хийсэн. Ингээд ажил эхлээд 2 хоног болоод явахдаа гэрээний урьдчилгаа 30 хувь болох 1,200,000 төгрөгийг Д.Б-...а авсан бөгөөд урьдчилгаа мөнгөө аваад 3 дахь өдрөөс нь намайг залгахад миний утсыг блок хийгээд алга болцгоосон. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа шаварчин хийж байсан нэг хүн нь хуурай гоймонгийн үйлдвэрт ирж н.П-...наас 4 м.кв ховхорсон хананы шавар хийсэн мөнгөө аваагүй гэж байсан. Тэгэхэд би тэр шаварчин хийдэг хүнээс н.П-...ныг асуухад Д.Б-...атай хамт нэг гэрт амьдардаг гэж хэлсэн. Тухайн гүйцэтгэлийн ажлын объектын байрлах газар нь 5 шарын ТЭЦ-2-ын урд талд байдаг. 1,200,000 төгрөгийг би Д.Б-...агийн данс руу хийсэн. Ингээд ажлаа хаяад алга болсон. Гүйцэтгэл хугацаатай тул аргагүйн эрхэнд би дараагийн ажилчнаа авч ажиллуулсан. 30 хувийн урьдчилгаа мөнгө өгөхийн өмнө 2 хоног ажил хийхдээ ердөө 4, 5 цонхны булангийн амлагаа, замаскийг хийсэн бөгөөд ажлаа ч зөв дараалалтай хийгээгүй, маш буруу хийж гүйцэтгэсэн. Учир нь пактур хийлгүй хагархай ханан дээр шууд грунд түрхчхээд явсан байсан. Одоо хариуцагчаас ажил гүйцэтгэлийн урьдчилгаанд 1,200,000 төгрөг, алдангид 1,360,000 төгрөг, 15 шуудай гадна замаскны үнэ 120,000 төгрөг, 4 литрийн 10 сав эмульс грантны үнэ 298,000 төгрөг, цохилттой дрилл 150,000 төгрөг, нийт 3,128,000 төгрөгийг хариуцагч Д.Б-...агаас гаргуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх өөрийн танил П-... гэх залуугаас хийх ажил төрөл байна уу гэсэн чинь ийм гадна фасадны ажил байгаа чи туслаад ажиллахгүй юу гэсэн. Тухайн ажлыг хийсэн 5 залуу ханын материалын эцэст байдаг. Би н.П-...г л таньдаг. Н.Л-... болон н.П-... нар анх өөрсдөө уулзаж, ямар ажлыг хэдэн төгрөгөөр хийх талаар тохирсон. Би огт оролцоогүй. н.П-... тэр өдөр бичиг баримтгүй ирээд намайг гуйхаар нь би бичиг баримттайгаараа гэрээ хийсэн. Тэдгээр 5 залуу Н.Л-...ийн ажлыг 2-3 хоног хийсэн. Би тэр мөнгийг нь аваагүй. Би н.П-...н гэдэг залуутай харьцдаг байсан тул ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 1,200,000 төгрөгийг Н.Л-...э надаар дамжуулж н.П-...нд өгсөн. Нөгөө хүмүүс нь 1,200,000 төгрөгөө аваад ажлаа үргэлжлүүлэлгүй алга болцгоосон. Гэрээг 4,000,000 төгрөгөөр тохирсон. Эхлээд 30 хувь гэж л яриад байх шиг байсан. Ингээд ажил эхлээд 2-3 хоногийн дараа 30 хувийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа энэ Н.Л-...э өөрөө хийсэн ажлыг шалгаад эхний мөнгө 1,200,000 төгрөгөө өгсөн. Хийсэн ажилдаа таарсан мөнгөө л авсан. 1,200,000 төгрөг болон алдангийг зөвшөөрөхгүй. 15 шуудай замаск, эмульс энэ тэр аваагүй. Эдний талаас нярав нь гээд нэг залуу өдөр өдөрт нь материал өгөөд, бид өгсөн материалаар нь дор дор нь ажлаа хийгээд явдаг байсан. Би 150,000 төгрөгийн үнэтэй дрилл аваагүй. Надад өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Л-...э нь Д.Б-...ад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 568,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,128,000 төгрөг гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэгч нь “...Д.Б-...атай 2020 оны 05 сарын 21-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, урьдчилгаа төлбөр болох 30 хувь 1,200,000 төгрөгийг  05 сарын 23-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн боловч ажлыг гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөрт өгсөн 1,200,000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 1 хувиар тооцож 34 хоногийн алданги 1,360,000 төгрөг, цохилттой дриллний үнэ 150,000 төгрөг, самха эмульс грант 4 литрээр 10 ширхэг 298,000 төгрөг, гадна замаск 15 шуудай 120,000 төгрөг, нийт  3,128,000 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

Хариуцагч нь “...2020 оны 05 сарын 21-ний өдөр Н.Л-...этэй барилгын гадна фасадын ажлыг 4,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцож гэрээ байгуулан 05 сарын 21, 22, 23-ны өдрүүдэд ажилласан. Хийсэн ажлын гүйцэтгэлээр буюу ажлын 30 хувийг хийсний дараа 30 хувийн төлбөр, дахиад 30 хувийг хиймэгц 30 хувийн төлбөр, ажлаа 100 хувь бүрэн хийсний дараа үлдэх 40 хувийн төлбөрийг төлөхөөр тохирч эхний 1,200,000 төгрөгийг ажлаа хийгээд 3 хоногийн дараа авсан. Тиймээс энэ мөнгийг алдангийн хамт төлөхгүй. Надад цохилттой дрилл хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, 418,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал хүлээн аваагүй. Өгсөн материалаар дор дор нь ажлыг нь гүйцэтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

Н.Л-...э нь Ажил гүйцэтгэх гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г Д.Б-...атай 2020 оны 05 сарын 21-ний өдөр байгуулсан байна.

 

Гэрээний 1.1, 1.3, 2, 3.1, 4.1 дэх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь “Агь” үйлдвэрийн гадна фасадын засварын ажлыг хариуцагчаар хийлгэж, гэрээнд заасан ажлын хөлс 4,000,000 төгрөг төлөх үүргийг, хариуцагч ажлыг 2020 оны 05 сарын 21-нээс 29-ний өдөрт багтаан хийж гүйцэтгэн, хөлсийг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. Өөрөөр хэлбэл нэг тал нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээн авахаар талууд тохиролцсон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нийт 720 м.кв талбайг засуулахаар тохиролцсон гэх боловч гэрээнд ажлын тоо, хэмжээг тусгаагүй, “...үйлдвэрийн гадна фасад” гэсэн ерөнхий утгаар тусгасан тул тухайн барилгын гадна талыг бүхэлд нь засахаар тохиролцсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Нэхэмжлэгч нь Д.Б-...аг огт ажил гүйцэтгээгүй хэмээн анх шаардлагадаа тодорхойлсон боловч шүүх хуралдааны явцад “...ажлыг 2 хоног гүйцэтгэсэн, 720 м.кв талбайтай гадна фасадын ажлаас хувьчилж тооцвол 5 м.кв талбайн ажлыг хийсэн, хийхдээ чанарын шаардлага хангаагүй...” хэмээн тайлбарладаг боловч түүний энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Харин хариуцагчийн “...3 өдрийн хугацаанд ажилласны дараа Н.Л-...э ажлыг шалгаж үзээд 30 хувийн төлбөрийг төлсөн”  гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь гэрээний 2.2-т “гэрээний төлбөр болох 4,000,000 төгрөгийг нийт гэрээт ажлын 30% хийсэн тохиолдолд урьдчилгаа 30% болох төгрөгийг олгоно. Ажлын чанарын шаардлага хангасан түвшинд ажил бүрэн 100% гүйцэтгэгдсэний дараа, талуудын хооронд ямар нэгэн маргаангүй тохиолдолд ажил гүйцэтгэгч талд үлдэгдэл төлбөрийг төлнө” хэмээн заасан байна. Дээрх заалтаас үзэхэд ажлын гүйцэтгэлийн хувиар хөлс төлөхөөр тохиролцжээ. Тиймээс хариуцагч Д.Б-...а тохиролцсон ажлын 30 хувийг гүйцэтгэсний дараа 30 хувийн хөлс болох 1,200,000 төгрөгийг авсан гэж үзнэ.

 

Нэгэнт гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирсон хөлсийг нэхэмжлэгч хариуцагчид төлсөн тул энэ төлбөрийг буцаан шаардах боломжгүйн зэрэгцээ алданги тооцох үндэслэлгүй болно.

 

Цохилттой дриллний үнэ 150,000 төгрөг, самха эмульс 298,000 төгрөг, гадна замаскны үнэ 120,000 төгрөг, нийт 568,000 төгрөгийг мөн хариуцагчаас шаардах боловч Агь үйлдвэрийн ажилтны дриллний үнэ гэж шаардаж байгаа нь ойлгомжгүй, дээрх 3 нэр төрлийн багаж, барилгын материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь нотлох баримтаар нотлогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Д.Б-...ад холбогдох 3,128,000 төгрөг гаргуулах тухай Н.Л-...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.УРАНЗУЛ