Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 348

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 4-р багт оршин суух Б овогт М.Л-т холбогдох  үндсэн зээлийн төлбөр 8,393,988 төгрөг, хүү 3,429,741 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,127 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9000 төгрөг, эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, нийт 12,070,056 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн М.Л нь Х банктай 2018 оны 01-р сарын 05-ны өдөр 1120023312 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая/ төгрөгийг жилийн 21.93 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 01-р сарын 05-ний өдөр зээлдэгч Х.С-н Х банк дахь ... дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 1,606,011.35 төгрөг, зээлийн хүүд 1,962,289.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,823.79 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1120023312 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 614 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь М.Л-т зээл төлөх талаар утсаар байнга сануулан мэдэгдэж байсан боловч зээл төлөөгүй байна. Х.С нь оршин суугаа хаягдаа амьдрахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан учир Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны 11 сард гаргаж, тус шүүхийн ... оны ...-р сарын ...-ны өдрийн шүүгчийн захирамжаар Цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлах ажиллагааг даалгасан байна. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан хэдий ч Х.С-н оршин суугаа хаяг одоог хүртэл тогтоогдоогүй байгаа учир зээлийн төлбөрийг М.Л-с гаргуулж өгнө үү. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1120023312 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8,393,988 төгрөг, 2020 оны 10-р сарын 14-ны өдрийн байдлаарх хүү 3,429,741 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,127 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9000, Х.С-г эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, нийт 12,070,056 төгрөгийг М.Л-с гаргуулж өгнө үү. Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.

Хариуцагч М.Л нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х банк ХХК-ний нэхэмжилсэн 12,070,056 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч М.Л-т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 8,393,988 төгрөг, хүү 3,429,741 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,127 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9000 төгрөг, эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, нийт 12,070,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, бусад зардал 12,070,056 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК нь М.Л-т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 8,393,988 төгрөг, хүү 3,429,741 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,127 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9000 төгрөг, эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, нийт 12,070,056 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,071 төгрөгийн 50 хувь болох 104,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 104,035  төгрөгийг, хариуцагч М.Л-с 104,035  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч М.Л нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц