| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00793/И |
| Дугаар | 138/ШШ2020/00899 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2020/00899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ******* сум, 2 дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 4 дүгээр баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, Баргачууд овогт ийн өд холбогдох,
Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.тэй үерхэж байхдаа болон хамтран амьдрах явцдаа 2016 оны 7 сарын 18-нд охин ийг төрүүлсэн. Тэр үед миний бие ЭМШУИС-ийн 4 дүгээр курст сурч байсан. Оюутан эмэгтэй хүнд хүүхэд төрүүлэх хүүхдээ сургууль төгсөх хүртлээ өсгөж бойжуулах асуудал хүн бүрт тулгардаг, зөвшилцөн тохирон, хүүхдээ эрүүл саруул өсгөх л чухал асуудал болдог юм байна лээ. Хүүхдээ төрүүлээд 2 хоног л ийн гэрт байгаад түүнээс хойш би өөрийн гар дээр байлгаж 2 сар 21 хоногтой болтол нь хөхүүлж нярай байхад нь өөрийн гараар асарч байсан. Хичээл эхлэхэд Дорноговьд очиж охиныг харалцсан. Тэр жил блок сургалттай байсан учир би чөлөө авах боломжгүй, чөлөө авахад дахиад 1-р курсээсээ эхлэх тийм эрсдэлтэй байсан учир арга буюу охиноо Дорнодод аав дээр нь авчирч үлдээсэн. ...Би салах сарних юм гэж анхнаасаа бодоогүй учир сургууль төгстөл өөрөө болон аав нь асрахад харшлаад байх юмгүй болоод байсан. Гэтэл нөхөр гэр бүлийн талаар тогтворгүй, төрөл садны хооронд шившигтэй харилцаа үүсгэснээс хөндийрсөн. Хувцас хэрэглээг 100 хувь би, ээж бид 2 хангаж байсан. Би сургуулиа төгсөх тэр үед охин аав дээрээ хэсэг байсан. Энэ хооронд 2019 оны 3 сарл ид шалгалтын үеэр нөхөр шүүхэд нэхэмжлэл гаргаад хүүхдийг өөрийн асрамжиндаа авах шийдвэр гаргуулж чадсан. Би ид шалгалттай байсан учир дорвитой хөөцөлдөж, өөрөө ч шүүх хуралд орж чадаагүй. Нөхөр 2019 оны 11 сард Цагаан-Овоогийн уурхайд ажилд орж 20 хоног байхгүй, 10 хоног амрахдаа ч охин дээрээ ирдэггүй, шинэ эхнэртэйгээ амьдардаг. Охин минь эмээ дээрээ байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдээ асран халамжлах үүргээ өөрөө нэг ч гардаж гүйцэтгээгүй. Өөрөө өөрийн гэсэн гэр оронгүй. Би 2019 оны 6 сард сургуулиа төгсөөд охиноо авсан. Охин минь *******т цэцэрлэгт явдаг. Бид өөрийн гэсэн орон сууцтай. Гэтэл 2020 оны 5 сарын 12-ны өдөр охины авга эмээ нөхөртэйгээ, ийн дүү 3 очоод охиноо авч явъя гээд шууд аваад явсан. Ингээд би эцэг дээрээ ч биш, эх дээрээ ч биш, эмээ өвөө 2 дээр л охин минь дэлгүүрийн гадаа, дотор байж, чихэр мэтээр хооллож, орой шөнөдөө өвөөгийн архи, хэрүүл 2-т согтож, дэлгүүр дээрээ унтаж байгаа нь дэндүү хүүхдийг минь хохироож байна. Нэгэнт эцэг нь өөрөө асрахгүй байгаа учраас, би сургуулиа төгсөж ажлаа хийж байгаа, охиноо эрүүл аюулгүй орчинд, эрүүл хүнс, аятай нөхцөлд амьдруулмаар байна. Намайг сургууль төгсөх үед охиныг минь харж өсгөж өгөлцсөнд баярлаж байгаа ч цаашдын ирээдүйнх нь төлөө илүү анхаарах, өөрөө өсгөж хүмүүжүүлж, төлөвшүүлэх шаардлагатай байна. Иймд хүүхдийн асран хамгаалалтыг өөрчлөн тогтоолгож, өөрийн асрамжинд охин ийг авах хүсэлтэй байна.
Сургуулиа төгсөх юм бол хүүхдээ тэжээх насан туршдаа хоолоо олж идэх ганц зүйл маань байсан. Одоо надад хүүхдээ харах, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд ямар ч асуудал алга. Ая тухтай орох орон гэр, өөрийн гэсэн ажил мэргэжил, хүүхэд тоглох тоглоом, өөрийн гэсэн хүүхдийн унтах ор, нойлдоо орохдоо хүртэл өөрийн гэсэн суултуур, сандал ширээ гээд бүх л юм нь миний охинд зориулагдсан ийм аятай тухай орчинг бүрдүүлж амьдарч байна. ийн ээж нь миний охиныг харж өгдөг байсанд нь маш их талархаж явдаг. Иймд миний туйлын хүсэл бол охиноо өөр дээрээ авах чин хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаарлагаа бүрэн дэмжиж байна. Хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 онд тус шүүхэд өөрийн төрсөн охин ийн ийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд миний гаргасан нэхэмжлэлийг бүрэн дүүрэн дэмжиж Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 416 дугаартай шүүхийн шийдвэрээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл А.******* нь ...намайг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргаж байгааг гардан авсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Би 2013 оноос А.*******тэй танилцаж дотно нөхөрлөж гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хамтын амьдралтай байсан. ...А.******* нь 2015 оны 10 сард хөл хүнд болсон хэдий ч өөрийн сургуульдаа сурч байсан. ...Миний охин 2016 оны 07 сарын 18-ны орой Дорнод аймгийн БОЭТ-ийн тасагт 21:50 минутанд 3400 гр жинтэй охин мэндэлсэн. ...Би охиноо төрөх үед 2016 оны 07 сарын 18-наас хойш 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд огт салаагүй. Ажлаа хийх, гэртээ байх, аль ч цаг хугацаанд охинтойгоо байнга хамт байсан. Одоо ч хамт байгаа. Би Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг Степ голд ХХК-д ажиллаж байгаа нь үнэн. Яагаад уурхайд ажилладаг хүн үр хүүхэдтэйгээ хамт байж болдоггүй гэж. ...багаас нь эхийн сүүнээс нь салгаад угжаар хүн болгох гэж байдаг чадлаараа хичээж ямар ч байсан охиноо хэнээс ч дутахааргүй өсгөсөн. Охиноо хаяж явсан асуудлаа ...жилийн чөлөө авбал эргээд 1-р курсээсээ суралцах байсан гэж бичсэн байна. Үүн шиг худал зүйл байхгүй. Ямар ч сургууль аль хүртэл сурсан тэр цагаасаа л хойш суралцаад явна. Ер нь эхнээсээ ч суралцах байсан ч яадгийн бэ. Яаж ч бодсон сургууль соёл үр хүүхдээс илүү байх уу. Тэргүүн ээлжинд үр хүүхэд байх ёстой. ...Бойжуулах тал дээр би ямар ч асуудал гаргаагүй, айж цочих, эцгийн хайраар дутах ямар ч асуудал байгаагүй. Зан төрхийн болон хүмүүжил төлөвшлийн ямар ч доголдолгүй өсгөсөн. Хүүхдийнхээ хэрэглээний бүх зардлыг би хариуцаж ирсэн. ...Охин минь ч аав, ээж бид 3-т дасаж бид бүхний инээд баясал, баяр хөөр болон өсөж торнисон. ...Миний аав архи уудаг ч гэсэн Шүр зах очиж архи уудаг хүн биш. Хааяа нэг уух зүйл эр хүнд байлгүй л яахав. Миний охины хүмүүжилд ямар ч сөрөг нөлөө үзүүлж байгаагүй, гэр орондоо агсан согтуу тавьж байгаагүй, харин ч охинд минь оньсого, тоо, шатар, даам гэх мэт бидний тэр бүр оролцоод байдаггүй зүйлүүдийг зааж байгаа. ...Шүүх хурлын дараа охиноо өөр дээрээ жаахан байлгаж байгаад явуулъя гэхээр нь 2019.05.24-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр орж байсан болохоор 416 дугаартай шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт ...эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй... гэсний дагуу би *******д охиноо өгч явуулсан. Ер нь *******ийн хувьд охиныг эд бараа мэт булаацалдаж байх нь утгагүй байна. Эцэг эх байх үүргээ гүйцэтгээд явж байхад л болмоор юм шиг санагдах юм. Гэтэл А.******* нь охиноо огт явуулахгүй 1 жил хэртэй уулзуулж учруулахгүй, утсаар яриулахгүй, миний утасны дугаар болон цахим хаягийг хаалт хийж надтай харилцах боломжгүй болгосон. ...Өөрөө ингэж хүүхдээ гуйж авч явчихаад энэ их хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу нэг ч удаа үүргээ гүйцэтгээгүй гэж байгаа нь огтын худал зүйл шүү. ...Би гэр оронгүй хүн биш Дорнод аймгийн ******* сумын 4-р баг ын тоотод оршин суудаг. Миний охин тэр л гэрт хүн болсон. ...Би охиноо аюултай газар орчинд өсгөөд хортой хүнсээр хооллож ундлаад, архичин хүмүүсээр харуулаад байгаа юм шиг ийм хачин хүний ой ухаанд ормооргүй юм ярьж бичиж байхаа болимоор байна. Зүгээр л шүүхийн шийдвэрээ сайн унш. Бидэнд хүүхдийн талаар маргах зүйл байхгүй. Энэ асуудал өр авлага биш. Хэн нэгнээ ялах ялахгүй тухай тэмцэл биш. Үүнийг дээд боловсролтой эмч хүн байж иймхэн зүйлийг ойлгох хэрэгтэй байх. Иймд А.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.өд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Тус шүүх өмнө нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2019/00416 дугаар шийдвэрээр 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.ийг эцэг Б.ийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, Арван долдугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь ...тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах нь чухал юм.
Мөн шүүхийн шийдвэрээр хүүхдийн асрамжийг тогтоож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай адилтгаж нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй бөгөөд ингэснээр хүүхдийн эцэг, эхтэйгээ хамт амьдрах, тэдний хайр халамжийг хүртэх эрх ноцтой зөрчигдөхөд хүрнэ.
Иймд нэхэмжлэгч А.*******ийн хүүхдийн арамжийг өөрчлөн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.
Мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эхийн хэн нэг нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хохироосон нь тогтоогдсон тохиолдолд эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах, улмаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж болох тухай заасан байх боловч хариуцагч Б. нь охин Б.ийг өсгөж хүмүүжүүлэх, асрамжлах үүргээсээ санаатайгаар зайлсхийсэн, түүний эрх ашгийг ноцтойгоор хохироосон гэх үндэслэл хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Б. нар нь 2014 оны 06 дугаар сараас гэр бүлийн дотно харьцаатай болж хамтран амьдарч, хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Б. төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүүхэд нь бүртгэлтэй гэр бүлийн дундаас гарсан хүүхдийн адил эрх эдэлнэ.
Нэхэмжлэгч А.******* нь охин Б.ийг өөрийн асрамжинд өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б. эс зөвшөөрч маргадаг боловч татгалзлаа нотолж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад хүүхдийн асрамжийн талаар маргаантай байгаа учраас хүүхэд эцэг, эхдээ ээнэгшин дассан байдал, эцэг, эхийн халамж, хүүхдийн өсөж хүмүүжих орчин нөхцөл гэх мэт бусад шаардлагатай зүйлүүд-ийн талаар дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн шинжээч томилуулах эрхтэй талаар тайлбарласан боловч хэн алин нь хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг, эх нь тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй боловч охин Б. нь бага насны /4 настай/ хүүхэд тул эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх боломжгүй байна.
Тус шүүхийн 2019 оны 138/ШШ2019/00416 дугаар шийдвэрээр охин Б.ийг эцэг Б.ийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс хойш охин Б. нь эцгийнхээ асрамжинд байж байгаад 2019 оны 6 сараас 2020 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл, мөн 2020 оны 08 сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл эхийнхээ асрамжинд байгаа болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч П.Ганбатын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Үүнээс гадна Б. нь шүүхийн шийдвэр гарснаас хойш охиныг өөрийн асрамжинд байлгах тодорхой хугацаандаа охинтойгоо ихэнхдээ хамт амьдраагүй, тэрээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Степ голд ХХК-д 20 хоног ажиллаад, 10 хоног амардаг, ажилтай байх хугацаанд нь охин түүний эцэг, эхтэй хамт амьдардаг байсан болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь хүүхдийг эцэг, эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлүүд болон нэхэмжлэгч А.******* нь охин Б.ийг өөрийн асрамжинд байлгах хугацаандаа түүнийг аятай таатай амьдрах, сурч хүмүүжих, хөгжихөд зайлшгүй шаардлагатай орчин нөхцөлийг хангаж, бүрдүүлж байсан байдал, цаашид энэ байдлаа үргэлжлүүлэн охинтойгоо байнга хамт амьдрах, түүний эрх ашгийг хамгаалах бүрэн боломжтой болох нь түүний нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан гаргасан дараах нотлох баримтууд болох:
1. Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Мөнгөнтуяа, тус сумын Холбоо 2 дугаар багийн Засаг дарга У.Пүрэвсүрэн нарын А.*******ийн гэрийн орчин нөхцөлийн талаар гаргасан танилцуулга,
2. Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 236 дугаартай А.*******ийн ам бүлийн болон оршин суух газрын Тодорхойлолт,
3. Хэнтий аймгийн ******* сумын Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай А.*******ийн ажил байдлын тодорхойлолт,
4. Охин Б. нь 2019 онд Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар цэцэрлэгийн ахлах-Б бүлэгт элсэн суралцаж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тус цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, мөн ангийн багш М.Отгонсарнайн Н. нь ...ангидаа ирэх дуртай, ангийн найзуудтайгаа эвтэй, тусч, цэвэр нямбай, багшийн заасан зүйлийг амархан ойлгож сурдаг хичээнгүй сурагч юм. Ар гэрийн зүгээс маш сайн анхаарч, хүхдийнхээ төлөө багштайгаа байнга хамтран ажилладаг шилдэг гэр бүл юм гэсэн тодорхойлолт,
5. А.*******ийг Хас банкинд зээлгүй болохыг тодорхойлсон тус банкны тодорхойлолт,
6. Хэнтий аймгийн ******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 48/534 дугаартай А.******* нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй талаарх тодорхойлолт зэргийг тус тус үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 4 нас 20 хоногтой охин Б.ийн асрамжийг өөрчлөн түүнийг эх А.*******ийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хүүхдийн асрамжийг өөрчлөн шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Б.өд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.******* нарт тус тус даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч Б. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэг зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд, түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.ийг эх ******* овогт *******гийн *******ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
3. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцогч тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй талд 14 хоногийн дотор шийдвэрийг гардуулахыг шүүгчийн туслах Х.Байгалмаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА