| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03724/и |
| Дугаар | 183/ШШ2020/02805 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2020/02805
2020 10 16 183/ШШ2020/02805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, байрлах, И.ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, оршин суух, Д.гийн П /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11 362 362 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ИББСБ ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д.Птай 20190401 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Тухайн өдрөө БГ/2018/0401 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .. 3 гудамж, .. тоот хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, .. 3 гудамж, .. тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцанд тавьсан. Д.П нь 1 128 877 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ хугацаанд бичгээр мэдэгдэл өгч, утсаар байнга холбогдож байсан ба удахгүй төлнө гэсээр огт төлөлт хийхгүй байсан. Иймд гэрээний үүргийн дагуу үлдэгдэл 7 551 300 төгрөг, зээлийн хүү 3 175 885 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 635 177 төгрөг нийт 11 362 362 төгрөгийг Д.Пгаас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч 2019 онд гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн атлаа жил гаруй хугацааны дараа шүүхэд хандаж, зээлийн хүүг ихэсгэж миний эрх ашгийг хохироож байна. Мэдэгдэл өгөх үед зээлийн гэрээний үүрэг 8 537 039 төгрөг байсан учраас энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үеийн хаяг, утасны дугаар хэвээрээ байхад намайг эрэн сурвалжлуулсан нь надад маш их хохирол учруулсн. Намайг нялх хүүхэд, жирэмсэн эхнэрийн минь хажууд гавлаад авч явсан. Хэл ам хийгээд яахав, нас барсан хүний ясийг өндөлзүүлээд яахав гэж бодоод огт хэл ам хийгээгүй. Намайг гэртээ байсныг мэдсээр байж, миний утсыг мэдсээр байж ямар учраас намайг эрэн сурвалжлуулсан байсан. Би хөдөө ажил хийхээр явсан, тухайн газарт сүлжээгүй байсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ИББСБ ХХК нь хариуцагч Д.Пд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 11 362 362 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, .. 3 гудамж, .. тоот хаягт байрлах, .. нэгж талбарын дугаартай, 368 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн Улсын бүртгэлийн Ү-.. дугаартай мөн хаягт байрлах 173,63 м.кв талбайтай амны орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Хариуцагч Д.П нь зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан, үйл баримтын талаар мараагүй ба харин ... 2019 онд гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн атлаа жил гаруй хугацааны дараа шүүхэд хандаж, зээлийн хүүг ихэсгэж миний эрх ашгийг хохироож байна. Мэдэгдэл өгөх үед зээлийн гэрээний үүрэг 8 537 039 төгрөг байсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2019 оны 04 сарын 01-ний өдөр 20190401 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ИББСБ ХХК нь 8 000 000 төгрөгийг хувийн хэрэгцээний зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Д.П нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд БГ/20190401 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн Улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, .. 3 гудамж, .. тоот хаягт байрлах, 173,63 м.кв талбайтай амны орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын .. дугаартай, 368 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус зээлийн барьцаанд бариулжээ. /хх-10-15/
Зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч Д.П нь гэрээ байгуулагдсан 2019 оны 04 сарын 01-ны өдрөөс 2019 оны 06 сарын 09-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 448 700 төгрөг, зээлийн үндсэн хүүд 680 117 төгрөг төлсөн ба 2019 оны 06 сарын 09-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 сарын 01-ний өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч ИББСБ ХХК тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий этгээд болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хавсралтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2019 оны 04 сарын 01-ний өдөр 20190401 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагчаас үндсэн зээл 7 551 300 төгрөг, хүү 3 175 885 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 635 177 төгрөг, нийт 11 362 362 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Д.П нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг хангах шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 04 сарын 01-ний өдөр 20190401 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.П /РД:/-гаас зээлийн гэрээний үүрэг 11 36 362 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ИББСБ ХХК /РД:/-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Д.П нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн Улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, .. 3 гудамж, .. тоот хаягт байрлах, 173,63 м.кв талбайтай амны орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын .. дугаартай, 368 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пгаас улсын тэмдэгтийн хураамж 267 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИББСБ ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ