Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02946

 

2020 10 30 183/ШШ2020/02946

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, хаягт оршин суух, .. овогт Г.гийн Н /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо хаягт оршин суух, .. овогт С.гийн Б/РД:../-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.Н миний бие 2016 онд С.Бтай танилцаж 2017 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид амьдарч байх хугацаандаа том хүү Б.Э 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, бага охин Б.А 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. С.Бнь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, гэртээ ирэхгүй байгаа ба үр хүүхдүүдийнхээ өсөлт хөгжилд тавих анхаарал сул, гэр бүлдээ халамжгүй байдаг. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Э, охин Б.А нарыг Г.Н миний асрамжид үлдээж, хариуцагч С.Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчид 2016 оноос эхлэн дотносож, Г.Н, С.Бнарын дундаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Э., 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр охин Б.А нар төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч С.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Б.Э., Б.А нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүү Б.Э., охин Б.А нарт эцэг С.Б.аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

 

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.Эрдэнбилэг, охин Б.А нарыг эх Г.Нгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь: 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Э., Б.А нарыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, хүү Б.Э., Б.А нарыг эх Г.Нгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Н.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Баас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ