Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 00049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Л.Билгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийж

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Билгүүнд холбогдох 201614000039 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-ын улс төр судлалын 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 2-23-10 тоотод оршин суудаг, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бандихүү овгийн Лхагвадоржийн Билгүүн /РД: ФА95062531/

Шүүгдэгч Л.Билгүүн нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс10-нд  шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-24 дүгээр байрны гадна Н.Ариун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Шүүгдэгч Л.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө найзуудтайгаа хөзөр тоглосон. Энэ үед найз Энхболд утсаар ярьж хаана байна гэхээр нь 1-5-р байранд байна гэсэн.  Би гараад байж байхад Энхболд, Ариун-Эрдэнэ 2 ирсэн. Тэгээд Нацагдорж бид 2 гарч таксинд нь суугаад 4-24-р байрны гадаа буухаар болж би түрүүлж буусан. Энэ үед таксины жолооч мөнгө нэхсэн чинь Ариун-Эрдэнэ өгөхгүй байгаад байхаар нь би “чи мөнгөө өгч чадахгүй бол би өгье” гэснээс болж маргасан. Ариун-Эрдэнэ эхэлж намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэнд нь 2 удаа цохисон. Ариун-Эрдэнэ замын боржуур дээр унасан. Тухайн үед бид 2 л маргалдаж муудалцсан.  Зодоон болох үед Ариун-Эрдэнэд цаг байсан үгүйг мэдэхгүй. Энэ талаар эмнэлэг дээр яригдсан. Эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нь нотлох баримтын хэмжээнд нь төлнө гэв.

            - Хохирогч Н.Ариун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагийн үед найз Энхболдтой хамт байрныхаа хажуу талын Сумо пабад нэг, нэг шил пиво ууж байгаад 21 цагийн үед Казино бааранд 1 цаг дижи хийгээд 22 цагийн үед  гарч яваад Хүрэнбулаг багийн Лофт бааранд Энхболдын хамт сууж  хоёр, хоёр Тайгер пиво,  0.75 граммтай “Болор” архи уусан. Архиа ууж дуусгаагүй баар хаах болоод гарсан. Тэгээд гараад бид 2 такси бариад явж байх үед жаахан унтсан байсан. Тэгээд сэрээд Билгүүнтэй маргалдаж, миний нүүр лүү цохисон. Билгүүнийг цохиход би ухаан алдсан. Нэг мэдэхэд би буудалд унтаж байсан. Буудлын жижүүр эгч буудлын өрөөнд орж ирээд намайг манай гэрийнхэнтэй холбогдуулж өгсөн. Сэрээд цаг, гар утас эд зүйлээ үзэхэд байхгүй байсан. Харин ээж ирээд миний цагийг манай найзуудаас олж авсан гэсэн. Мөн гар утсыг буудлын тооцооны барьцаанд үлдээсэн байсан. Харин түрүүвчийг сүүлд нь надад хүлээлгэж өгсөн. Цаг утас түрийвчээ олсон учир нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа гаргуулж авна. Би Билгүүнийг зодож цохиогүй гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/

            -Гэрч Б.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би Билгүүн, Ариун-Эрдэнэ нарыг сайн таньдаг. Гэхдээ Ариун-Эрдэний сайн найз байгаа юм.  ...Бид 2 хамт Казино бааранд 21 цагийн орчимд очсон юм. Би нэг пиво ууж байгаад нэг цаг орчим болоод бид 2 гарч яваад Лофт бааранд орж нэг нэг шил пиво ууж байгаад 1 шил 0.75 граммтай Болор архи авч уусан. Бид  2 баарны гаднаас нэг такси бариад хаачих уу гэж байтал Ариун-Эрдэнэ Билгүүнээ, Нацагдорж 2 луу залгачих гэсэн. Би Билгүүнээ рүү залгасан чинь 1-5-р байранд хүрээд ир гэсэн юм. Бид 2 нөгөө такситайгаа очсон юм. Бид 4 нөгөө такситайгаа  4-24-р байрны гадаа ирээд буухаар болоод таксины мөнгө нь 3 000 төгрөг гаргаад би Ариун-Эрдэнэд хандаж таксины мөнгийг нь өгөөрэй гэж хэлэхэд дуугарахгүй дуугай суугаад байсан. Билгүүн цаанаас нь таксины мөнгө байхгүй бол мөнгийг нь би өгчих үү гэсэн чинь Ариун-Эрдэнэ чамаар таксины мөнгө гаргуулах болоогүй шүү гээд маргалдсан. Би Ариун-Эрдэнээс таксины мөнгө авч өгөөд машинаас буутал Ариун-Эрдэнэ Билгүүнийг цохиж аваад байхаар нь Нацагдорж бид 2 салгасан. Билгүүн Ариун-Эрдэнийг нэг цохих гэсэн чинь хий цохиж аваад, дахиж нэг удаа гараараа цохиод авсан чинь Ариун-Эрдэнэ замын хажуугийн боржуур луу баруун шанаа хэсгээрээ саваад уначихсан гэх мэдүүлэг /хх 18 ху/

            - Гэрч Ж.Нацагдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Бид 4 нөгөө такситайгаа 4-24-р байрны гадаа ирээд буухаар болоод таксины мөнгө нь 3 000 төгрөг гараад Энхболд Ариун-Эрдэнэд хандаж таксиныхаа мөнгийг өгөөрэй гэж хэлэхэд юм дуугарахгүй дуугай суугаад байсан.  Билгүүн цаанаас нь таксины мөнгө байхгүй бол би өгчих үү гэсэн чинь чамаар таксины мөнгө гаргуулах болоогүй гээд маргалдсан. Энхболд Ариун-Эрдэнээс таксины мөнгө авч өгөөд машинаас буутал Ариун-Эрдэнэ нь Билгүүнийг цохиж аваад байхаар нь 2 тийш нь салгасан боловч дахин хэрүүл маргаан хийгээд байсан. Билгүүн Ариун-Эрдэнийг  нэг цохих гэсэн чинь хий цохиж аваад, дахин нэг удаа гараараа цохиод авсан чинь Ариун-Эрдэнэ замын хажуугийн боржуур луу баруун шанаа хэсгээрээ унах шиг болсон гэх мэдүүлэг /хх 20 ху/

            -Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...2016 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагийн орчимд манай бэр лүү залгаад надтай яриулсан юм. Ариун-Эрдэнэ надад хэлэхдээ Билгүүнээ намайг зодоод миний цаг, утас, түрийвч алга байна та хүрээд ирээч гэсэн юм. Тэгээд би 07:20 цагийн орчимд төрсөн дүү Долгорсүрэн, бэр Энхзулын хамт Зэст багийн нэг буудалд очсон юм. Бид гурвыг очиход  манай хүүхэд буудлын орон дээр хэвтэж байсан. Нүүр ам гар хөл нь цус болчихсон байсан. Цагийг  нь асуухад Энхболд кармаанаасаа гаргаж өгсөн. Түрийвчийг найз нь авсан байна лээ. Мөн байсан мөнгийг нь аваад буцааж  өгсөн юм. Гар утсыг нь Билгүүнээ буудлын барьцаанд тавьсан байсныг манай дүү авсан гэх мэдүүлэг /хх 21 ху/

            -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрэээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...1. Н.Ариун-Эрдэний биед баруун хацар ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны цууралт, нүүрэнд шарх, 2 нүдний алимны  салст, нүүр, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт үүсчээ.

            2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

            3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

            4. Дээрх гэмтлүүдийн баруун хацар ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэл, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана .

            5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 11 ху/

           - Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 802 дугаартай “Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 95 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Анхны үзлэг хийсэн эмч М.Алтанбек нь Ариун-Эрдэнэд тархины хүнд зэргийн няцрал гэсэн онош тавьсан нь үндэслэлгүй байна. Эмчлэгч эмч Сандуй нь тархины эдийн няцрал гэсэн онош тавьсан нь үндэслэлтэй байна. Анх үзлэг хийсэн эмч онош тодруулах нарийн шинжилгээнүүд хийгдээгүй байхад урьдчилсан байдлаар оношилсон байна. Онош тодруулах гавал тархины комьпютер томографийн шинжилгээ, нугасны усны шинжилгээ, нүдний уг харсан зэргийн хариу үзүүлэлт болон бодит үзлэгээр тархины дунд зэргийн няцрал байсан байна. Тархины эдийн хүнд зэргийн няцралын шинж тэмдэгүүд байхгүй байна. Н.Ариун-Эрдэний биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, баруун хацарт хугарал баруун чамархай ясны цууралт, нүүрэнд язарсан шарх, хоёр нүдний салст, хүзүүнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, баруун талын нүдний ухархайн дотор, доод гадна ханын хугарал, баруун талын гайморын хөндийн ард, урд ханын хугарал зэрэг гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчийг хэвтээ, суугаа, босоо ямар ч байрлалд байхад үүсч болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 7-8 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51 ху/

-Л.Билгүүнийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 79-82 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

          Шүүгдэгч Л.Билгүүн нь 2016 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд  шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-24 дүгээр байрны гадна Н.Ариун-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Н.Ариун-Эрдэний мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Энхболд, Ж.Нацагдорж, Д.Бямбасүрэн нарын мэдүүлэг, хохирогчийн биед баруун хацар ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, баруун чамархай ясны цууралт, нүүрэнд шарх, 2 нүдний алимны  салст, нүүр, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт үүссэнийг тогтоосон шинжээчийн 95,802 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.                                                                                                                                               

          Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Л.Билгүүнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Хохирогч Н.Ариун-Эрдэнэ нь хагалгааны зардал 5 000 000 төгрөг, цагны мөнгө 500 000 төгрөг, нэмэлт үзлэг оношлогоо хийлгэж нийт 6 578 500 төгрөгийн хохирол нэхэмжилсэнээс хохирогчид төлсөн 1 500 000 төгрөгийг хасч үлдэх 5 078 580 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хавтаст хэрэгт 1 053 112 төгрөгийн хохиролын баримт авагджээ.

          Хохирогч нь цагны мөнгө, хагалгааны зардал бүгд 5 078 580 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэргийн 16-17, 21,60-р талуудад хохирогч цаг утас түрийвчээ олсон учир нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэрч Д.Бямбасүрэнгийн...миний хүүхдийн цагийг найз нь кармаанаасаа гаргаж өгсөн, түрийвчийг найз нь авсан байна лээ, мөнгийг нь буцааж өгсөн гэсэн, гэрч Б.Энхболдын ...Лофт баарны гадаа Ариун-Эрдэнэ оосор нь тасарчихсан бугуйн цагаа би хаячихаж магадгүй,чи авчих гээд надад өгсөн гэсэн мэдүүлгүүд байх тул цагны үнэ 500 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

          Шүүгдэгч нь хохирогчид  1 500 000 төгрөгийг төлж, хохирлыг барагдуулсан болох нь хохирогч Н.Ариун-Эрдэнэ, шүүгдэгч Л.Билгүүн нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.  

          Шүүгдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар  251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Билгүүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бандихүү овгийн Лхагвадоржийн Билгүүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Л.Билгүүнийг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Л.Билгүүн нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

  4. Энэ хэрэгт хураагдсан эд  мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг, баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ