Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2023/0803/Э |
Дугаар | 2024/ШЦТ/07 |
Огноо | 2023-12-25 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч Н.*********, түүний өмгөөлөгч О.Баяржаргал, шүүгдэгч О.*********, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********* овогт *********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303005160441 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *********-д ээлжийн ахлах тогооч ажилтай, ам бүл 5, эх, хоёр хүүхэд, эгчийн хүүхдийн хамт ********* дүүргийн 30 дугаар хороо, 10 дугаар хороолол, 22-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, ********* овогт *********ын ********* /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.********* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их тэнгэрийн амны баруун замд Субару Форестор маркийн ********* УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,
10.9-т заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Хонда Сиби Ар-929 маркийн ********* УРА улсын дугаартай мотоциклыг мөргөж, мотоциклийн жолооч Н.*********гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:
Хохирогч Н.*********: “...Тухайн үед маршлын гүүр даваад уулын замаар явж байгаад мөргүүлсэн. Би өөрийнхөө урсгалаар явж байгаа, энэ хүн зогсоолд зогсож байсан, хөдөлгөөнд оролцоогүй машин. Тэгээд буцаж эргэхдээ хамаад унагаасан, би мөргүүлэхдээ хөл рүүгээ мөргүүлсэн учраас эсрэг талын урсгалд байсан хар өнгийн приус загварын урд талын гуперыг мөргөөд цаад талд гараад унасан. Би хажуугаас нь мөргөсөн бол машин мөргөөд унах байсан. Мөргүүлсэн даруйд мөргөсөн залуу гүйж гарч ирээд яасан, дажгүй юу гэж байсан. Би босох боломжгүй буюу хөлөө хөдөлгөх гэсэн чинь хөдлөхгүй байсан. Гэхдээ яс нь ил гарсан шархтай болсон, яс нь ил гарч ирсэн гэж мэдээгүй. Тухайн үед онцгой байдлын албаны хүмүүс явж таараад миний хөлийг боож өгсөн. Түргэн тусламжийн машин ирэх хүртэл 1 цаг 30 минут болсон. Тэгээд гэмтэлд хүргэгдэж ирээд өсгийгөө өрөмдүүлж, ил гарсан шархны арьсыг нь оёулсан. Би бодохдоо нэг, хоёр хоноод хагалгаанд ороод гарч ирэх юм байна гэж бодсон боловч нөхцөл байдал өөр болж миний шарханд бохир орж ургацаг гарч ирсэн. Тэгээд арьс нь харлаад байсан учраас үхэжсэн арьсыг ухаж авсан. Үүнээс болоод эмнэлэгт нэлээд удсан. 7 дугаар сарын 31-ний өдөр осолд ороод, 9 дүгээр сарын 20-ны өдөр эмнэлгээс гарсан. Тухайн шархыг эдгээх гэж бүтэн сар эмнэлэгт байсан. Сэтгэл зүйн байдал хүнд байсан. Эмч нар хөлийг чинь тайрч магадгүй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж байсан. Мөн ажил төрөл зогсох нь тодорхой болсон байсан. Тухайн үед өөрөө “00” орох боломжгүй байсан, 52 хоног орондоо бааж, шээж, орондоо хоол ундаа идэж, босож чадахгүй байдалтай байсан. Тухайн шарх эдгэрээд хагалгаанд орсон, 4 газар хадуулсан. Эмч нь нэлээд хүнд хугарал байна, битгий хөдлөөрэй гээд гипсдээгүй. Дахин гипсдэх юм бол дахиад 1 сар гаруй хугацаанд гипстэй байхаар чиний өвдөг шохойжоод нугалрахгүй гэж байсан. Эмнэлгээс гарахад маш хүнд байдалтай байсан. Ер нь 3 сарын хугацаанд бие нь яаж байна гэж асуугаагүй. Эмнэлэгт хэвтсэний дараа 4-5 хоногт бие нь яаж байна гэж залгаж ярьсан. Надад нойтон салфетка, витамин хэрэгтэй байна гэхээр авч ирээд сувилагчаар дамжуулаад өгдөг байсан. Гэртээ гараад витамин, эм тариаг өөрөө худалдаж авч ууж байсан гэсэн уг зардлыг баримтаар нэхэмжлээгүй. Миний сэтгэл зүйн байдал эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хүнд байсан. Гэртээ гараад 2 дугаар эмнэлэг дээр физик эмчилгээ хийлгэсэн. Мөн өнжөөд дүүргийн эмнэлэг орж боолтоо солиулж байсан. Энэ болгонд найзуудыгаа дуудаж, эсвэл такси бариад явдаг байсан. Мөн миний ээж өөрийнхөө ажлыг хаяад 2 сарын хугацаанд намайг сахиж байсан. Эмнэлгээс гараад сарын дараа гал тогоо руугаа орох хэмжээний болсон. Нэг таягтай болоод 10 орчим хонож байна, өмнө нь суга таягтай байсан. Миний хөл 90 градусаас илүү нугалрахгүй байгаа. Эмч нар урьдынх шигээ гуйж чадахгүй, цаашид ямар байх нь чамаас шалтгаална гэж байсан. Өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа. Би Америкт трак барьдаг жолооч нарыг хянадаг компанид оператор хийдэг. Тэгээд Монгол дахь төлөөлөгч нар руугаа цалинг шилжүүлж, тухайн хүмүүс нь бид нарт цалингаа өгдөг. Үүнийг Голомт банкны дансны хуулгаар нотлох зорилгоор уг дансны хуулгыг гаргаж өгсөн. Илүү цагаар ажиллах юм бол тогтмол цалин дээрээ нэмэгдэл цалин авдаг. Би 2-3 сая төгрөгийн орлоготой байсан. Мөн цаашид эмчилгээний зардал гарах байх, хэрхэн зохицуулахыг мэдэхгүй байна. Эмч нар жилийн дараагаас тодорхой хэмжээнд өвдөлт мэдрэхгүйгээр алхаж, гүйх хэмжээнд очно гэсэн. Би сэтгэл санааны хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн хагалгааны зардлыг нийгмийн даатгалаараа төлүүлж болно, эсвэл уг мөнгийг өөрөө төлөөд баримтаа авах юм уу гэхээр нь нийгмийн даатгалаараа төлүүлмээр байна гээд үлдэгдлийг нь өөрөө төлсөн. Шүүгдэгчээс нийт 2,006,400 төгрөг авсан. Одоо эмчилгээнд 993,600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 25,294,500 төгрөг, мотоциклийн үнэлгээгээр тогтоогдсон 5,303,000 төгрөг, 3 сарын дундаж олох ёстой байсан орлогод 14,856,400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэж 5,000,000 төгрөг, нийт 51,447,600 төгрөг нэхэмжилж байгаа..” гэв.
Шүүгдэгч О.*********: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд
Хохирогч Н.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн ********* УРА улсын дугаартай CBR929 загварын мотоциклийг жолоодон Хан-Уул дүүргийн нутагт найз дээрээ очих гээд уулын замаар явж байсан, замын ачаалал их байсан. Тэгээд замын хажуу талын зогсоолоос саарал өнгийн Субару Форестер загварын тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд намайг мөргөөд унагаасан. Тухайн машин миний баруун талын хөл хэсгийг мөргөсөн ба хөл хугарсан...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 339,000 төгрөгийн зардал гарсныг төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Субару Форестер загварын ********* УБР улсын дугаартай автомашиныг жолоодоод Их тэнгэрийн амны баруун талд байдаг тоглоомын талбайн хажуу талын зогсоолд машинаа байрлуулчхаад нэг ундаа авчхаад буцаад машиндаа суугаад төв зам руу орж буцаж эргэхээр хөдөлсөн бөгөөд тэр үед зүүн талаас ирж байсан автомашин зогсоод зам тавьж өгсөн, тэгэхээр нь би зорчих хэсэг дээр зүүн тийш эргэх үйлдэл хийхээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагшлахад зүүн талд зогсож байсан машины хажуугаар мотоциклтой хүн орж ирээд машины зүүн урд буфер хэсгийг мөргөөд унасан. Би машинаа зогсоогоод буугаад мотоциклын жолооч дээр очоод түргэн дуудсан...” /хавтас хэргийн 147 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9682 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.*********гийн биед баруун шаант ясны ил хугарал, шилбэний язарсан шарх, зүүн дал, бугалга, тохой, цээжинд зулгаралт, баруун дал, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /хавтас хэргийн 64-66 дахь тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 999 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт 1. Жолооч О.********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш нь эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 136 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-12 дахь тал/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтас хэргийн 19 дэх тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 21-24 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 71-73 дахь тал/,
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 681320 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 80-83 дахь тал/,
- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 101-128 дахь тал/,
- Шүүгдэгч О.*********ийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.Батхаан, Д.Батбаяр нарын мэдүүлэг /хавтас хэргийн 57-61 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 43 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 49 дэх тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 129 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 131-135 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч О.********* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их тэнгэрийн амны баруун замд Субару Форестор загварын ********* УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 10.9-т заасан Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Хонда СибиАр-929 загварын ********* УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч Н.*********гийн эрүүл мэндэд биед баруун шаант ясны ил хугарал, шилбэний язарсан шарх, зүүн дал, бугалга, тохой, цээжинд зулгаралт, баруун дал, бугалганд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.*********гийн: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн ********* УРА улсын дугаартай CBR929 загварын мотоциклийг жолоодон Хан-Уул дүүрэгт байх найз дээрээ очих гээд уулын замаар явж байсан, замын ачаалал их байсан. Тэгээд замын хажуу талын зогсоолоос саарал өнгийн Субару Форестер загварын тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд намайг мөргөөд унагаасан. Тухайн тээврийн хэрэгсэл миний баруун талын хөл хэсгийг мөргөсөн ба хөл хугарсан...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 339,000 төгрөгийн зардал гарсныг төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч О.*********ийн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Субару Форестер загварын ********* УБР улсын дугаартай автомашиныг жолоодоод Их тэнгэрийн амын баруун талд байдаг тоглоомын талбайн хажуу талын зогсоолд машинаа байрлуулчхаад нэг ундаа авчхаад буцаад төв зам руу орж буцаж эргэхээр хөдөлсөн бөгөөд тэр үед зүүн талаас ирж байсан автомашин зогсоод зам тавьж өгсөн, тэгэхээр нь би зорчих хэсэг дээр зүүн тийш эргэх үйлдэл хийхээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагшлахад зүүн талд зогсож байсан машины хажуугаар мотоциклтой хүн орж ирээд машины зүүн урд буфер хэсгийг мөргөөд унасан. Би машинаа зогсоогоод буугаад мотоциклын жолооч дээр очоод түргэн дуудсан...” /хавтас хэргийн 147 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9682 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.*********гийн биед баруун шаант ясны ил хугарал, шилбэний язарсан шарх, зүүн дал, бугалга, тохой, цээжинд зулгаралт, баруун дал, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 64-66 дахь тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 999 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт: Жолооч О.********* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана мөн дүрмийн 10.9, Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш нь эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” /хавтас хэргийн 136 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-12 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2. Шүүгдэгч О.********* нь хохирогчид учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялын хугацаанд оршин суух бүртгэлтэй ********* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.*********ий эрүүл мэндэд баруун шаант ясны ил хугарал, шилбэний язарсан шарх, зүүн дал, бугалга, тохой, цээжинд зулгаралт, баруун дал, бугалгад цус хуралт хүнд хохирол учирсан хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 2,006,400 төгрөг /хавтас хэргийн 21-24 дэх тал/ шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 25,294,500 төгрөг, мотоциклийн үнэлгээгээр тогтоогдсон 5,303,000 төгрөг, 3 сарын дундаж олох ёстой байсан орлогод 14,856,400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэж 5,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн. Шүүгдэгч О.********* нь шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.*********ий эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалтай холбоотой 2,006,400 төгрөг болон эрүүл мэндийн даатгалын сангийн хохиролд 339,000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг дөрөвдүгээр зэрэглэлд /хавтас хэргийн 19 дэх тал/ хамаарч байна гэж дүгнэсэн тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн буюу 16,500,000 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*********ий унаж явсан мотоциклийн эвдрэлд үнэлгээгээр тогтоогдсон 5,303,000 /хавтас хэргийн 71-72 дахь тал/ төгрөгийг хохирогчоос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.*********ээс хохирогчид учирсан сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16,500,000 (550,000 х 30 дахин = 16,500,000) төгрөг, эд хөрөнгийн хохиролд 5,303,000 төгрөг, нийт 21,803,000 төгрөг гаргуулж хохирогч Н.*********д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Н.*********ий нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөгийг гаргуулах боломжгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлбөрийн чадваргүй насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн байгууллагын тухайн жилийн төсөвт суулгаж, улсаас гаргуулсны дараа гэм буруутай этгээдээс гаргуулах тухай зохицуулалт бөгөөд хохирогч Н.*********ий хувьд дээрх шаардлагыг хангахгүй байх тул дээрх зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хохирогч цалин, олох ёстой байсан орлогод 14,856,400 төгрөг, эмчилгээний зардалд 993,600 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан баримтуудаар тогтоогдохгүй байх тул цалин хөлс болон эмчилгээтэй холбоотой дээрх зардлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон хэлэлцээгүй орхисон цалин хөлстэй холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2303005160441 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.********* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.********* гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********ын *********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.*********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*********т шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын ********* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.********* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*********ээс 21,803,000 /хорин нэгэн сая найман зуун гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.*********д олгож, хохирогч Н.*********ий нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд 5,000,000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.********* ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн 2303005160441 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.********* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.********* гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР