| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03437/И |
| Дугаар | 183/ШШ2020/02898 |
| Огноо | 2020-10-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2020/02898
| 2020 10 26 | 183/ШШ2020/02898 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....................... тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Ц овогт Ж.Ө /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................. тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Б овогт Ц.А /рд:00000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2006 онд Ц.А-тай танилцаж, 2009 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний охин Ө.Х 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Сүүлийн 5 жилийн хугацаанд бидний зан харилцааны болон бусад таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч байгаа. Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Ө.Х-г өөрийн асрамжид үлдээх талаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бид ярилцаад эхийнх нь асрамжид үлдээхээр болсон. Харин дундын хөрөнгө болох газрыг охины нэр дээр шилжүүлж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“ гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:”... 2006 онд Ж.Өтай танилцан гэр бүл болж, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Сүүлийн 5 жил буюу 2015 оноос хойш тусдаа амьдарч, Ж.Ө эхнэр хүүхэдтэй болсон учир гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид тохиролцоод охин Ө.Х-г миний асрамжид үлдээхээр болсон. Бид хамт амьдарч байх хугацаанд бий болгосон эд хөрөнгийг охиныхоо нэр дээр болгохоор, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон. Ж.Ө хүүхдийн сургалтын төлбөр болон бусад зардлыг төлдөг” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч Ц.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ж.Ө, Ц.А нар 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин Ө.Х төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Ж.Ө, Ц.А нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин Ө.Хг эх Ц.Аын асрамжид үлдээж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Ө.Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ж.Ө-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Ж.Ө хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар, нэхэмжлэгч Ж.Ө нь өөрийн эзэмшлийн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-3-5 тоотод байрлах 334.83 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 332.12 м2 талбайтай газрын эзэмших, өмчлөх эрхийг тус тус охин Ө.Х-гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 56 787 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц овогт Ж.Ө /рд:00000000/, Б овогт Ц.А /рд:00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ө.Х /УЖ:00000000/-г эх Ц.А-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ө.Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ж.Ө-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Ж.Ө нь өөрийн эзэмшлийн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-3-5 тоотод байрлах 334.83 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 332.12 м2 талбайтай газрын эзэмших, өмчлөх эрхийг тус тус охин Ө.Х-гийн нэр дээр шилжүүлэхээр гэрлэгчид харилцан тохиролцсоныг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.Ө, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.А нарт тус тус даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ж.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 56 787 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ