Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 101/2018/00578/и |
Дугаар | 925 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 925
МАГАДЛАЛ
2018.04.16 Дугаар 925 Улаанбаатар хот
Н.Ц-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/00578 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Ө-д холбогдох,
8 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.П,
Хариуцагч: Т.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 7 сарын үед надад хандан дээд сургуулийн диплом хийдэг хүн байвал олж, өгч туслаач гэж ярьсан. Би тийм хүн мэдэхгүй гэтэл над дээр дадлага хийж байсан н.О гэх оюутан миний яриаг сонсоод эмчээ манай эгчтэй суусан Т.Ө гэдэг ах боловсролын яаманд ажилладаг. Тэр хүмүүст диплом гаргаж өгдөг. Та яриад үз гээд надад Т.Ө ийн эхнэр н.Ү-ийн утасны дугаарыг өгсөн. Энэ тухайгаа яриад диплом гаргаж өгөх эсэхийг асуухад болно гэсэн. Энэ байдлаа Н.Б-т хэлж, түүнийг Т.Ө тэй холбон өгч, хэд хэдэн удаа уулзуулж, тэдний хооронд зуучлах үүрэгтэйгээр уг харилцаанд орсон. Т.Ө нь Н.Б-т Н.О, Д.Б, Б.О, Ш.З нэртэй 4-н диплом гаргаж өгөхөөр болж хөлсөндөө 8 200 000 төгрөг авах болсон. Н.Б нь диплом гаргуулах хөлсөнд 5 200 000 төгрөгийг, зуучилж өгсний хөлсөнд 2 800 000 төгрөгийг, нийт 11 000 000 төгрөгийг миний болон нөхрийн дансаар шилжүүлсэн. Би дээрхи мөнгөнөөс 8 200 000 төгрөгийг н.Ү-ийн нөхөр Т.Ө-д бэлнээр хүлээлгэн өгч мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг үйлдэж авсан. Тэрээр 4-н ширхэг диплом гаргаж өгсний дараа одоо бүх ажил дууссан тул мөнгө авсан гэсэн баримтуудаа буцаагаад авья гэж шаардаад надаас буцаагаад авсан. Би тэр баримтуудыг өгөхөөс өмнө утсан дээрээ татаж авсан. Гэтэл Т.Ө ийн гаргаж өгсөн 4-н диплом нь онлайнд бүртгэгдээгүй, хуурамч байсны улмаас Н.Б нь надаас мөнгөө буцаан авахаар шаардаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч уг гомдлоо татан авч, тус дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын №3240 тоот прокурорын тогтоолд Эрүүгийн хуульд заасан хөнгөн хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гомдлыг шалгах явцад миний утсан дахь мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудад үзлэг хийж, мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудыг хураан авсан. Т.Ө авсан мөнгөө өгөөд хохиролгүй болгох талаар удаа дараа хэлсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй байна. Иймд Т.Ө ээс 8 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлдээ “Т.Ө нь Боловсролын яаманд ажилладаг, хүмүүст диплом гаргаж өгдөг" гэж худал гүтгэсэн байна. Н.Ц нь 2016 он гэж бас худал хэлсэн байна. Анх 2012 онд холбогдож 1 диплом гаргуулах гэсийн та гаргахуу гэж өөрөө утасдсан. Би тийм юм хийдэггүй ээ, мэдэх ч үгүй харин хамт ажилладаг хүн гаргадаг гэж хэлж байсан тэр хүнээс асууж үзий л гэж хэлсэн. Ингээд Н.Н-д хэлэхэд болно гэж хэлсэн тэр 2-т зуучилж өгсөн. Тэгээд 2016 онд өөрөө дахин холбоо барьж анх диплом гаргуулсан хүн маань ажилд орсон тэгээд дахиад өөр хүнд гаргуулах гэсийн нөгөө хүн чинь гаргаж байгаа юу гэж гуйсан. 7 хоногийн дараа Н.Ц нь дахин утасдаж З-ыг гаргуулмаар байна гээд түүнийг нь хийлгүүлж өгсөн. Бүх дипломоо гаргуулснаас хойш буюу 1 сарын дараа Н.Ц нь утасдаад нөгөө дипломоор ажилд орж чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд захиалагч Н.Б нь Н.Ц бид 2-г Сүхбаатар дүүргийн цагдаад 2017 оны 05 дугаар сард өргөдөл өгч шалгуулсан. Үүнд, Н.Нэргүй дипломны мөнгө болох 6 000 000 төгрөгийг 1 ш дипломыг 1 500 000 төгрөг төлж барагдуулахаар баримт үйлдэж гарын үсэг зурсан. Би мөнгийг нь аваагүй гэхэд яваад өгсөн. Сүүлд нь Н.Б-ын өргөдлөөр цагдаад тайлбар өгсөн. Улмаар Н.Нэргүйг авч очоод 7 200 000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Би дундаас нь 1 200 000 авсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Ө-ээс 8 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146 150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Ц нь нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Учир нь дээрх мөнгө бол Н.Б-нх бөгөөд түүнд н.Н 7 500 000 төгрөг өгнө гэдгээ нотариатаар баталгаажуулснаа бичгээр өгсөн байдаг. Гэтэл Н.Ц үүнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Би шүүхэд 7 500 000 төгрөгийг н.Нэргүйд өгсөн талаар тайлбарласан. Түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх түүнийг оролцуулаагүй шийдвэрлэсэн нь бодит байдлыг тогтоож чадсангүй. Хэн хэдэн төгрөг авсан талаар нэхэмжлэгч сайн мэдэж байгаа болно. Шүүх 7 500 000 төгрөгийг н.Н авсан талаар баримт байхад надаар төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Т.Ө-д холбогдуулан, 8 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...1 200 000 төгрөгийг зуучлалын хөлсөнд авсан, үлдэх мөнгийг хуурамч диплом гаргуулахаар Н.Н-д өгсөн, өөрөө хүлээн авсанаа зөвшөөрсөн баримт байдаг тул надаас нэхэмжлэх үндэслэлгүй юм.” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Ц нь хуурамч диплом гаргуулах зорилгоор Н.Б-аас 11 000 000 төгрөг авч, 2 800 000 төгрөгийг өөртөө үлдээж, үлдэх 8 200 000 төгрөгийг хариуцагч Т.Ө-дөгсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1829 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2223 дугаар магадлал, зохигчдын тайлбар хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 4-9 дэх талд/
Хариуцагч Т.Ө нь нэхэмжлэгч Н.Ц-ын даалгаврын дагуу нэхэмжлэгчээс 8 200 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй боловч тухайн мөнгөнөөс хуурамч диплом гаргуулахаар Н.Н-д шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Харин Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар “диплом нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа” байхад боловсрол эзэмшээгүй этгээдэд дипломыг гаргуулахад зуучлах талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иймд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу өгсөн мөнгөн хөрөнгө болох 8 200 000 төгрөгийг шаардах үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно. Учир нь нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу, давж заалдах гомдолд дурдсан Н.Н-г хариуцагчаар татаагүй байгаа тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/00578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 146 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
М.НАРАНЦЭЦЭГ